УБТЗ-ын төв эмнэлгийн хамт олон ХАБЭА-н сарын аяны хүрээнд ажлын байрны сэтгэл зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор “Халамж-Хандлага-ХАБЭА” уриан доор “Ажлын байран дээрх 1C3S” зорилтот хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа. Тус хөтөлбөр нь дөрвөн долоо хоногийн турш тус эмнэлгийн бүх тасаг, нэгжийн хэмжээнд өрнөсөн бөгөөд энэ хугацаанд тэд ажлын байрандаа эерэг хандлагыг бүрдүүлэх чиглэлийн нийт 62 видео контентыг дотоод нөөц бололцоогоороо хийж өрсөлдсөн байна. Тодруулбал нэгдүгээр долоо хоногт 1С буюу “Хамт олноо ХАБЭА-н мэдлэг, эерэг хандлагаар Care-лэе(халамжлъя)”, Хоёрдугаар долоо хоногт “Тасаг нэгжүүдийн санаачилсан ХАБЭА-н хамгийн сайн хандлагыг бусад тасгууд руугаа болон өөрсдийн тасгууд руугаа Share-лэе(түгээе)”, гуравдугаар долоо хоногт “Бүх тасгийн дэвшүүлсэн шинэ санаачилгуудаас хамгийн шилдгүүдийг нь Төв эмнэлгийн нэгдсэн хэмжээнд байгууллагын соёл болгон Save-лэе(хадгалъя)”, дөрөвдүгээр долоо хоногт байгууллагын соёлын хэмжээнд төлөвшүүлсэн санаачилгуудаа УБТЗ-ын бусад байгууллагууд рууд Send-лэе(илгээе) гэсэн дөрвөн зорилтыг дээрх аяны хүрээнд дэвшүүлсэн аж.
Энэхүү зорилтуудын утга, агуулгыг багтаасан санаачилгуудыг долоо хоног бүрээр тасаг нэгжүүдэд хэрэгжүүлж, түүнээ богино хэмжээний видео контент болгон Төв эмнэлгийн дотоод сүлжээнд нийтлэх байдлаар хоорондоо өрсөлдсөн байна. Ингэснээр тухайн хамт олон өдөр бүр 10-20 минутыг зөвхөн өөрсдөдөө зориулан эерэг хандлагыг бүтээхэд зарцуулдаг байх. Тухайн хугацаанд өглөөний цай, ажлын дараах хөгжилтэй яриа, өдрийн дасгал, үйлчлүүлэгчидтэйгээ ойр дотно харилцах, хоорондоо эв найртай байх зэрэг сэтгэл зүйн таатай орчныг бүрдүүлэхэд сэтгэл нэгдэн ажиллажээ.
Төв эмнэлгийн хамт олон дөрөвдүгээр долоо хоногийн зорилтынхоо хүрээнд Улаанбаатар өртөөний ХАБЭА-н зөвлөлийг урьж, туршлага солилцох уулзалт зохион байгуулахын зэрэгцээ “1C3S” хөтөлбөрөө заавар, удирдамж, хэрэглүүрийн хамт гардуулан өгсөн бол шинэ долоо хоногийн эхний өдөр буюу дөрөвдүгээр сарын 05-нд шилдгүүдээ тодруулж шагналыг нь гардуулан өглөө. Энэ удаагийн ХАБЭА-н сарын аяны тэргүүн байрыг Лабораторийн тасаг эзэлсэн бол дэд байрыг Статистик мэдээллийн тасаг, гутгаар байрыг Хүүхдийн тасаг эзэллээ. Түүнчлэн, тусгай байранд Сайншанд их эмчийн тасаг шалгарсан байна. Ташрамд дурдахад төв эмнэлгийн хамт Монголын хөдөлмөрийн их сургууль, ГБХНХЯ-тай хамтран зохион байгуулдаг “ХАБЭА-н сайн туршлага” форумд оролцож “ХАБЭА-н соёлын сайн туршлага, үр дүнгээр тэргүүлэгч хамт олон” өргөмжлөлийн эзэд болсон билээ.
Д.Дөл
