УБТЗ ХНН-ийн төвийн бүсийн Хөдөлгөөнчдийн зөвлөгөөн “Ган зам палас”-т боллоо. Зөвлөгөөнд УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан, Тээврийн хяналтын албаны төвийн хэсэглэл хариуцсан хяналтын ахлах байцаагч бөгөөд албаны орлогч дарга Д.Батдорж, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн албаны дарга А.Энх-Амгалан, Техникийн бодлого, стандартчиллын албаны дарга С.Мөнх-Алдар болон Улаанбаатар, Толгойт, Багануур өртөөний хөдөлгөөнчид оролцлоо.
Хөдөлгөөнчдийн зөвлөгөөний 2024 оны төлөвлөгөөний биелэлтийг Улаанбаатар зангилааны дарга Б.Удамбуян танилцуулсан юм. Төвийн хэсэглэлийн Улаанбаатар, Толгойт, Багануур зангилааны хэмжээнд 14 заалт бүхий хийх ажлаас арван заалт нь биелжээ. Тухайлбал, Улаанбаатар вокзалын баруун, зүүн гарамд алсаас удирддаг хаалт хийх ажил энэ онд дуусах аж. Мөн вокзалын баруун, зүүн талын хашааны суурь муудсаныг “Барс” ХХК-д албан бичиг хүргүүлж хашааг засварлах ажил хийсэн ч нэмж 65 метр хашааг засах шаардлагатай болжээ. Амгалан өртөөний I, III замын хоорондох гэрэлтүүлгийг сайжруулахаар хуучныг нь 20 ширхэг лед гэрлээр сольсон байна. Гармын ПАШ хаалтыг автомашин мөргөж гэмтээх тохиолдол удаа дараа гарч байгаа тул 452 дугаар км-ийн гармын А,Б талын хаалтыг нэмэлтээр улаан лед гэрлээр тоногложээ. ТЭЦ-3 явах чиглэлийн Говийн гармыг алсын удирдлагатай хаалттай болгох ажил энэ онд дуусах бол “Говь трест”-ийн гармыг камержуулжээ.
Багануур өртөөний 5,13,14 дүгээр замд уулзварын тросс тавьж зам төмөр хэлхээний найдвартай ажиллагааг хангах ажлыг бүрэн хийсэн байна. Багануур, Булагтай, Багахангайг шилэн кабельд шилжүүлэхэд хуучин төхөөрөмжүүдийг шинэчлэх ажил хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдээгүйгээс хойшлогджээ. Мөн Багануур-Улаанбаатар чиглэлд “2ТЭ25Км” тэрэг ажилласнаар ачааны хуримтлал багасаж вагон эргэлт сайжирсан байна. УБТЗ ХНН-ийн хэмжээнд санамжийг цахим руу шилжүүлэн ажиллаж байна.
Энэ үеэр “Өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгцээг хөдөлгөөнчид бид аюулгүй, түргэн шуурхай, найдвартай хэрхэн тээвэрлэх вэ” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Модератораар Тээврийн хяналтын албаны төвийн хэсэглэл хариуцсан хяналтын ахлах байцаагч бөгөөд албаны орлогч дарга Д.Батдорж, панелистуудаар Улаанбаатар өртөөний сэлгээний диспетчер Д.Хүрэлбаатар, Толгойт өртөөний жижүүр Э.Ган-Өлзий, Улаанбаатар татах хэсгийн дөрөвдүгээр цувааны машинч Г.Лхагвасүрэн, Замын II ангийн бригадын дарга Н.Отгонбаяр, Дохиолол холбооны II ангийн Толгойт шугамын хэсгийн инженер Х.Анхбаяр, Вагон ашиглалтын депогийн вагон үзэгч Б.Доржхорол, Зорчигчийн вагон депогийн ашиглалтын технологийн инженер М.Золзаяа, Зам засварын машинт станцын механик, инженер Б.Баатархүү нар оролцов. Зөвлөгөөнд оролцогчид үйл ажиллагааны үеэр QR кодоор өгсөн саналыг нэгтгэн УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгаланд хүлээлгэн өгсөн. Замын удирдлагад санал хүсэлтээ цаасаар, цахимаар өгөх нь үргэлж нээлттэй. Төмөр замчид өртөө, анги, байгууллагын даргаар дамжилгүйгээр саналаа өгөх эрхтэй. Замчдын саналыг ажилдаа мөрдлөг болгож тусгаж ажиллах нь бидний үүрэг гэдгийг Д.Амарбаясгалан дарга зөвлөгөөний үеэр онцолж байсан.
Улаанбаатар зангилаанаас ирүүлсэн зарим саналыг дурдвал, 275 дугаар галт тэргийг Улаанбаатар-1 өртөөний хоёрдугаар замаар авч байгаа. Тухайн замын ашигтай урт 725 метр. Харин 275 дугаар галт тэрэг 691 метр урттай явж байгаа нь өндөр эрсдэлтэй тул дөрөвдүгээр замаар авдаг болгох. Төв вокзалын хоёр талын гарц гармын өнгө үзэмжийг сайжруулах, тэмдэг тэмдэглэгээг засварлах, байршуулах. Шатан, Ногоонтолгой зөрлөгөөр хажуугийн замаар зогсолтгүй шууд өнгөрч байгаа галт тэргэнд 190Б цахилгааны тавдугаар заалтын дагуу хурд авалт удаашралт зарцуулсан түлшийг тооцох. Зорчигчийн галт тэрэгний машинчид, вагоны үйлчлэгч дохио өгөх байдлыг галт тэрэг тус бүрээр авч үзэх зэрэг саналуудыг ирүүлжээ.
Багануур өртөөний ачилт жил болгон нэмэгдэж вагон хуримлалд ихэсэж, хоногт дунджаар 500 вагон байнгын зогсдог. ВОХР буюу паркийн харуулгүй үед нүүрсний хулгай гардаг асуудлыг таслан зогсоохын тулд хяналтын иж бүрэн камержуулах шаардлагатай. Улаанбаатар-Багануур хэсэглэлд аялах тэгш/чётны/ галт тэрэг урт бүрэлдэхүүнтэй өртөөний замын ашигтай уртад багтахгүй шалтгаанаар вагоны халуун үзлэг чанаргүй болсон. Хоёр зам дээр хэсэгчлэн үзлэгт өгч байгаа тул ТАЖ-д нийцүүлэн Багануур өртөөний замын ашигтай уртад багтахаар буюу томьёолсон 70 вагоноос хэтрэхгүй урттай найруулж явуулах санал дэвшүүлжээ.
Толгойт өртөөнөөс ачааны эрчимжилт нэмэгдэж галт тэрэг хүлээх авч, явуулах үед Замын даргын А-607 тоот тушаалыг мөрдөж ажиллахад өртөөний замд нэг сэлгээний илчит тэрэг барьж ажиллуулах шаардлагатай болжээ.
Толгойт өртөө нь аюултай ачаатай вагон болон нийт нефтийн бүтээгдэхүүний 65-70 хувийг буулгадаг. Өртөөнд хуримлалт 400-500 вагон байнгын зогсдог. Хяналтын камерын хяналт байхгүй тул иж бүрэн камержуулах шаардлагатай. Орон нутгийн эрчимжилт жилээс жилд нэмэгдэж байгаа тул Аршаант өртөөний зэргийг нэмэгдүүлэх, мөн өртөөнд технологийн орон сууц хүрэлцээгүй багаа тул 24 айлын технологийн орон сууц барих зэрэг саналыг гаргасан байна.
Төвийн бүсийн хөдөлгөөнчдийн зөвлөгөөний үеэр ажил үйлсээрээ тэргүүлж ажиллаж байгаа төмөр замчдыг шагнаж урамшуулсан. “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр Улаанбаатар өртөөний жижүүр Ж.Баянжаргал, Улаанбаатар татах хэсгийн туслах машинч Б.Цэрэндорж, Тээвэр зохион байгуулалтын албаны Ачаа тээвэр хариуцсан хоёрдугаар хэсгийн байцаагч У.Тунгалаг нарыг шагнав. Замын II ангийн хоёрдугаар хэсгийн замчин К.Мухамед, Вагон ашиглалтын депогийн Улаанбаатар дахь техник үйлчилгээний газрын вагон үзэгч Б.Доржхорол нар “Хүндэт үнэмлэх”-ээр, Зорчигчийн вагон депогийн галт тэрэгниий дарга О.Батхуягийг мөнгөн шагналаар тус тус урамшууллаа.
П.Түмэндэмбэрэл
