Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Замын II ангийн Засварын газрын “Тоонолж сэргээн засварлах цех”-ийг албан ёсоор нээлээ. Уг нь энэ цехийн үйл ажиллагаа аль 2022 оны гуравдугаар сард эхэлжээ. Замын хөрөнгө оруулалтаар Францын “Translamatic” технологийн автомат нуман гагнуурын аппарат худалдан авч суурилуулснаас хойш 237 ширхэг тоонолжийг сэргээн засварлаад байна. Замын аж ахуйн албаны хэмжээнд нэвтрүүлээд байгаа энэхүү шинэ технологийг тэд өөрийн нөхцөлд нутагшуулж, бодит үр дүн, эдийн засгийн үр өгөөжийг гаргачихаад ийнхүү шинэ цехийн нээлтийг хийснээрээ онцлогтой байлаа.
Ер нь, Замын II ангийн Засварын газарт 20 гаруй жилийн өмнөөс Шведийн гар аргаар тоонолж сэргээн засварлах технологийг ашиглаж байсныг бид мэднэ. Гэхдээ тэрхүү технологиор сэргээн засварласан тоонолж гурван сар орчим ашиглагддаг байжээ. Тиймээс Замын аж ахуйн албаны инженер техникийн ажилтнууд түүнээс илүү үр дүнтэй шинэ технологийн талаар эрэл хайгуул хийж, “Translamatic” технологийг сонгон нэвтрүүлээд байгаа нь энэ аж.
Тоонолж сэргээн засварлах цехийн нээлтэд УБТЗ-ын Ерөнхий инженер С.П.Старцев, түүний орлогч Ч.Мөнхцоож, Замын суурь бүтэц хариуцсан орлогч дарга К.Р.Белош, Замын аж ахуйн албаны орлогч дарга Ж.Борхүү нарын албаны хүмүүс оролцлоо.
Замын аж ахуйн албаны орлогч дарга Ж.Борхүү тус цехийг нээж хэлсэн үгэндээ “Замын аж ахуйд суман шилжүүлэг бол нэлээд том байр суурь эзэлдэг. 2000-аад оны эхээр Замын II анги Швед улсын технологиор тоонолж, суман шилжүүлгийн эд ангиудыг сэргээн засварлах ажлыг эхлүүлж байсан. Энэ нь тухайн цаг үедээ үр ашгаа өгсөн ажил болсон ч өнөөгийн шаардлагын хэмжээнд хүрэхгүй байсан. Translamatic” автомат нуман гагнуурын аппаратыг хөрөнгө оруулалтаар авч, шинэ технологийг нэвтрүүлээд байгаа нь Замын аж ахуйн албаны хэмжээнд суман шилжүүлэг, тоонолжийн аж ахуйд ихээхэн дэвшил авчирлаа. Өмнөх технологиор сэргээн засварласан тоонолж 2-3 сар ашиглагддаг байсан бол одоо шинэ технологиор сэргээн засварласан тоонолж, өртөөний замд 1.6-2, салбар замд гурав хүртэл жил ашиглагдаж байгаад баяртай байна” хэмээн онцоллоо.
Замын II ангийн дарга Д.Алтангэрэлээс шинэ цехийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ цех ашиглалтад орсноор ямар үр дүнгүүд гараад байна вэ?
-Замын хэмжээнд нийт 1500 гаруй суман шилжүүлэг байгаагийн 65 орчим хувь нь Р50, үлдсэн нь Р65. Эдгээр суман шилжүүлгийн тоонолж, зүрхэвчний элэгдлийг шавах, сэргээн засварлах ажлыг уг цехэд гүйцэтгэж байна. Нэг тоонолжийг сэргээн засварлахад дунджаар 1.2 сая төгрөгийн зардал гардаг. Харин зах зээлээс шинэ тоонолж худалдан авахад 20-30 сая төгрөгийн ханштай байдаг. Үүний зэрэгцээ шинэ тоонолжийн олдоц ховор, дээр нь худалдан авалтын гэрээ хэлцэл хийхээс эхлээд цаг хугацаа ихээхэн шаарддаг хүндрэлүүд гардаг гэж тооцвол Тоонолж сэргээн засварлах цехийн үр өгөөжийг зөвхөн мөнгөн дүнгээр хэмжих нь өрөөсгөл юм.
Шинэ тоонолжийн насжилт хамгийн багадаа нэг жил зургаан сар байна. Манайд сэргээн засварласан тоонолж дунджаар нэг жил зургаан сарын насжилттай байна. Дээрээс нь, 2022 онд тавьчихаад одоо хүртэл солигдоогүй ашиглаж байгаа тоонолж ч бий. 24 сарын хугацаанд нийт 237 ширхэг тоонолж тавьж сэргээн засварласны 10 хувийг нь эргэж сольсон.
-Энэ онд хэдэн тоонолж сэргээн засварлах вэ?
-243 ширхэг тоонолж сэргээн засварлахаар төлөвлөсөн.
-Танай цехэд сэргээн засварласан тоонолжийн ашиглалтын хугацаа шинэ тоонолжтой адил байна гэхээр Замын хэмжээнд тоонолжийн асуудлыг бүрэн шийдвэрлэлээ гэж үзэж болох уу?
-Замын хэмжээнд үүсдэг тоонолжийн асуудлыг бүрэн шийдвэрлэж чадсан уу гэвэл хараахан үгүй юм. Үүнээс гадна жилдээ 80 орчим шинэ тоонолжоор хангагдаад байвал элэгдэлтэй тоонолжуудаа авч, шинэ тоонолж сэлгүүлэн тавьж, сэргээн засварласнаа буцаагаад хажуугийн замууд руугаа тавьж сэлгээд байх боломжтой.
-Замын бүх ангийн тоонолжийг хүлээж авч байгаа юу?
-Тиймээ, Замын ангиудаас сэргээн засварлуулахаар ирүүлж байгаа тоонолжийг элэгдэл нь хэр байна, засварлах боломжтой юу гэдгийг шалгаад, хаанаас ямар маркийн хэдэн тоонолж ирэв гэдгийг нарийн бүртгэж авдаг.
Засварласан тоонолжийг Зам оношилгооны төвийн инженерүүд тусгай багажаар далд цав гэмтэл байна уу, үгүй юу гэдгийг шалгаад ашиглалтад тэнцэх эсэхийг нь баталгаажуулаад Замын ангиуд руу илгээдэг.
Энэ завшааныг ашиглаад Замын аж ахуйн хэмжээнд өртөө зөрлөгийн суман шилжүүлгүүдийн тоонолжийн элэгдэл маш эрсдэлтэй нөхцөл байдалд байсан үед Замын захиргаанаас оновчтой хөрөнгө оруулалт хийж энэ цехийг байгуулсанд нийт замчдынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Мөн нээлтийн үеэр Замын ерөнхий инженер С.П.Старцев “Цаашид ийм цехийг Замын III ангид байгуулж урд хэсгийн тоонолжийг сэргээн засварладаг болох нь зүйтэй байх. Мөн зам засварын үед газар дээр нь очиж тоонолжийг сэргээн засварладаг болох талаар та бүхэн судалж, хэрэгжүүлээрэй” гэлээ.
Тус цехийн мастер Б.Ууганбаяр:
-2022 онд шинэ тоног төхөөрөмж ирж, нийлүүлсэн компани нь бидэнд сургалт хийсэн. Тэр үед багш нартайгаа анхны тоонолжоо 2022 оны гуравдугаар сарын 2-нд шавж, сэргээн засварласан. Тэр тоонолжоо гуравдугаар сарын 14-нд нь Улаанбаатар-1 өртөөний 57 дугаар суман дээр тавьсан. Хамгийн эхэнд багш нартайгаа шавсан тэр тоонолж одоо хүртэл буцаж ирээгүй ашиглагдаж байгаа.
Харин 2, 3, 4 дэх тоонолж буцаж ирсэн. Гараар шавсан тоонолж 3-6 сарын насжилттай байдаг байсан. Шинэ технологиор шавж байгаа тоонолж доод тал нь нэг жил зургаан сар болж байна. Хоёр жил гаруй ашиглагдаж байгаа тоонолжууд ч байгаа. Мөн манай цех тоонолжоос гадна зам төмрийн үзүүрийг сэргээн засварладаг. Зам төмрийн хувьд зарим нь хоёр үзүүр нь, зарим нь зөвхөн нэг үзүүр нь элэгдэлтэй ирдэг. 2023 онд зам төмрийн 302 үзүүрт сэргээн засварласан.
-Нэг тоонолжийг хэдий хугацаанд сэргээн засварладаг вэ?
-Энэ аппарат 12 цагт нэг тоонолж шавах хүчин чадалтай. Тиймээс манай ажилчид ээлжийн хуваариар ажиллаж байгаа. Нэг ээлжинд гагнуурчин, өнгөлгөөчин, мастер гэсэн гурван хүн ажилладаг. Цех нийтдээ таван хүний орон тоотой.
-Та бүхний сэргээсэн тоонолжийг дахин сэргээн шавах боломжтой юу?
-Бидний шавсан 237 тоонолжоос одоогийн байдлаар 30 тоонолж эргэж ирсэн. Үүнээс 10 ширхэгийг нь бид дахин шавж, сэргээн засварласан. Бусад 20 тоонолжид сэргээн засварлах боломжгүй гэмтэл гарсан байсан тул акталсан.
Түүнчлэн, энэхүү нээлтийн үеэр мэргэжилтнүүд тоонолжийн элэгдлийг 6-8 мм байх үед нь сэргээн засварласан тохиолдолд ашиглалтын хугацаа нь илүү урт байгаа талаар ярьж байлаа.
Ер нь, тоонолжийн элэгдэл 6 мм-ээс хэтэрсэн тохиолдолд галт тэрэгний хурдыг хязгаарладаг байна. Тиймээс Замын ангиуд тоонолжийн элэгдлийг галт тэрэгний хурд хязгаарлах хэмжээнд хүргэлгүй сэргээн засварлуулах нь хаа хаанаа ашиг тустай гэдгийг тэд Замын удирдлагуудад тайлбарлаж байлаа.
Замын аж ахуйн албаны механик инженер Л.Лхагвасүрэн “Энэ бол маш ашигтай төсөл болсон. 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд энэ цехийг байгуулсан. Одоогийн байдлаар, 237 тоонолж сэргээгээд байна. Гэтэл зах зээлээс 300 сая төгрөгөөр 15 орчим л шинэ тоонолж худалдаж авна. Тиймээс бид Замын III ангид дахин ийм цехийг байгуулахаар төлөвлөж байна” гэсэн юм.
Замын оношилгооны төвийн инженер Ц.Мөнхтуяа “Энэ онд 243 тоонолж сэргээн засварлах төлөвлөгөөтэй. Үүнээс Замын III анги 66, Замын IV анги 82 тоонолж сэргээн засварлуулах шаардлагатай байна” хэмээлээ.