БНХАУ-ын эдийн засаг 2022 оны хоёрдугаар улирлаас хойш удааширсан нь барилга, бүтээн байгуулалтын гол түүхий эд болох төмрийн хүдрийн үнэ буух нөхцөлийг бүрдүүлсэн. Үүнийг дагаад өнгөрсөн оны сүүлчээр манай экспортын хэмжээ ч аажим буурлаа. Сэлэнгэ, Дарханы бүс нутгаас олборлон экспортод гаргаж буй төмрийн хүдрийн орд газрууд нь хойноос урагш төмөр зам дагуу сунаж тогтсон онцлогоос хамаараад 100 хувь төмөр замаар экспортод гардаг. Жилдээ зургаа орчим сая тонн. Энэ нь, УБТЗ-ын 2021 оны бүтэн жилийн ачаа эргэлтийн 1/5. Өөрөөр хэлбэл, төмрийн хүдэрУБТЗ-ын тээврийн орлого болоод төлөвлөгөөт үзүүлэлтэд ихээхэн жин дардаг тээвэр юм.Харамсалтай нь, өнгөрсөн 11, 12, энэ оны нэгдүгээр сарын галт тэрэг солилцоог харвал, 11 дүгээр сард төмрийн хүдэр ачсан галт тэрэг хоногт хоёр, 12 дугаар сард хоногт нэг болж буурсаар нэгдүгээр сард экспортод гаргах галт тэрэггүй өдрүүд ч олон гарлаа. Урд хөршийн зах зээлд төмрийн хүдрийн ханш хэвийн тогтвортой үед УБТЗ хоногт тогтмол гурван галт тэрэг БНХАУ-д хүлээлгэн өгдөг. Гэтэл зах зээл дэх үнийн энэхүү хөдөлгөөнөөс шалтгаалаад экспортлогчид тээврийнхээ хэмжээг бууруулсан нь УБТЗ-ын тээврийн төлөвлөгөөт үзүүлэлтэд бага гэлтгүй нөлөө үзүүлэв. Мэдээж, үүнийг дагаад санхүүгийн үзүүлэлтүүдэд ч өөрчлөлт гарсан.

Уг нь, 2022 оны эхэнд цар тахлын дараа дэлхийн эдийн засаг сэргэж, дэд бүтэц, барилга, эрчим хүч гэх мэт бүтээн байгуулалт руу чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдэх хүлээлт байсан. Металлын биржээр дамжуулсан фьючерс арилжаанд аж үйлдвэр хөгжсөн орнууд болон товарын гол нийлүүлэгч компаниудын үйл ажиллагаа идэвхжих хандлага ч байв. Гэвч аж үйлдвэрлэл, түүхий эдийн гол худалдан авагч БНХАУ-д“Тэг ковид” бодлого хэрэгжиж, нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдалдсанаас гадна европын аж үйлдвэрлэлийн төв ХБНГУ-ын эдийн засаг Орос-Украины дайнаас болж удааширсан нь гангийн хэрэглээ буурахад голлон нөлөөлсөн юм. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан түүхий эдийн зах зээлийн чиг хандлага тодорхой бус байсаар 2022 оныг үдлээ. Харин 2023 он гарсаар БНХАУ “Тэг ковид” бодлогоо сулруулсан нь удааширсан байсан эдийн засгаа эрчимжүүлэх, түүхий эд тэр дундаа төмрийн хүдрийн үнийг өсгөх таатай нөхцөлийг бүрдүүлээд байна.

Олон улсад төмрийн хүдрийн үнэ өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр тонн тутам нь 80 ам.доллар байсан бол 50 гаруй хувиар өсөж, энэ оны эхээр тонн тутам нь 120 ам.долларыг давлаа. Үнэ ингэж өсөхөд гол нөлөөлсөн хүчин зүйл нь БНХАУ “Тэг ковид” болдогоосоо татгалзаж, эдийн засгаа нээсэнтэй холбоотой.Хятадын эдийн засагчид ч цар тахлын хөл хорио, хязгаарлалтуудыг сулруулснаас үүдэн 2023 оны дотоодын нийт бүтээгдэхүүнийнхээ өсөлтийн төлөвийг 5 хувь болгон шинэчлэн гаргажээ. Мөн тус улс гангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нэг чухал шийдвэр гаргасан нь үл хөдлөх хөрөнгийн салбараа бодлогоор дэмжих шийдвэр гаргасан явдал. Тодруулбал, үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдэд олгох зээлийн дээд хязгаарыг цуцалж, өрийн хугацааг хойшлуулах замаар зарим томоохон фирмүүдэд боломж олгов. Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар нь тус улсын нийт гангийн хэрэглээний бараг 40 орчим хувийг бүрдүүлдэг.

Эрх баригчдын энэхүү шийдвэртэй холбоотойгоор БНХАУ-ын зарим томоохон хотууд /Женжоу, Венжоу/ үл хөдлөх хөрөнгийн салбарын компаниудаа дэмжсэн бодлогын шийдвэр гаргасан байна. Тухайлбал, орон сууц худалдан авах сонирхолтой иргэдэд хөнгөлөлтийн эрх тарааж, тэдгээр хүмүүст борлуулалт хийсэн үл хөдлөхийн компаниудад хөнгөлөлтийн зөрүүг төрөөс олгож эхэлжээ. Дээрх мэдээллээс үүдээд Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын компаниудын хувьцаа өндөр өсөлт үзүүлсэн. Жишээлбэл, Country Garden 7.2, China Resources Land 8.4, Yuzhou Group, KWG Property, ZhenroProperties зэрэг бэлэн мөнгөний хомсдолд орсон компаниудын хувьцаа 13 хувиар өсчээ. SPI Asset Management-ийн сангийн менежер Стивен Иннес“Хятадын эрх баригчид үл хөдлөх хөрөнгийн салбараа дэмжиж байгаа ч тэднээс зах зээл илүү ихийг хүлээж байна. Цар тахлын хөл хорио дуусаж, эдийн засаг өндийж эхлэхэд үл хөдлөхийн салбар илүү их дэмжлэг авах боломжтой” хэмээн онцлов.

Коммунист намын удирдлагууд дуусаагүй барилгын төслүүдийг дуусгахад дэмжлэг үзүүлэх нь асуудлыг шийдэх бас нэг шийдэл хэмээн үзэж байна. Засгийн газраас 2022 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн салбарыг дэмжих 16 арга хэмжээг танилцуулсны нэг нь тодорхой барилгын компаниудад ойролцоогоор 256 тэрбум ам.долларыг зээл хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн. Үл хөдлөх хөрөнгийн салбарт борлуулалтаараа тэргүүлэгч, том бүтээн байгуулагч болох Country Garden компанид бага хүүтэйгээр зээл олгох нөхцөлийг бүрдүүлсэн тухай мэдэгджээ. 2022 оны арванхоёрдугаар сарын 10-нд зохион байгуулсан БНХАУ-ын эдийн засгийн бага хурал дээр коммунист намын өндөр албан тушаалтнууд үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулах ажлыг хурдасгах тухай онцолсон байдаг.

Ирэх гуравдугаар сард болох “Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал”-аар үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдэд илүү их хөнгөлөлт урамшуулал олгож, томоохон дэд бүтцийн зарцуулалтыг танилцуулж магадгүй гэсэн хүлээлт бий.Хэрэв бүх зүйл санаснаар болвол түүхий эдийн эрэлтийг нэмэгдүүлэх болно. Тэр утгаараа гангийн эрэлт энэ онд сэргэх магадлалтай. Хятадын гангийн нийгэмлэгийн дарга Цю Шиули энэ сарын эхээр хэвлэлд ярилцлага өгөхдөө, энэ онд Хятадын төмрийн хүдрийн импорт нэмэгдэж, гангийн хэрэглээ нэмэгдэх төлөв байна. Ковидын хязгаарлалтыг цуцалж, эдийн засгийг нээж буй бодлогын үр нөлөөний ачаар 2023 онд эрэлт нэмэгдэх төлөвтэй байгааг хэллээ. Хятад улс өнгөрсөн онд нэг тэрбум тонн түүхий ган үйлдвэрлэсэн нь 2021 онтой харьцуулахад 2.3 хувиар буурсан гэж тус нийгэмлэгээс мэдээлэв. Хятадын гангийн нийгэмлэгээс гаргасан судалгаагаар өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлийн 10 хоногт овоолгын хэмжээ 13.1 сая тонн болж буурсан нь сарын хоёр дахь 10 хоногтой харьцуулахад ойролцоогоор 18 хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Арванхоёрдугаар сарын сүүлийн 10 хоногт томоохон үйлдвэрүүдийн түүхий гангийн үйлдвэрлэл өмнөх үеэс 2.4 хувиар буурч өдөрт 1.92 сая тоннд хүрчээ.

Дэлхийн №2 эдийн засаг болсон БНХАУ бол төрийн хатуу зохицуулалттай гэдгийг мартаж болохгүй. Тиймээс түүхий эдийн үнийн өсөлтийг төрөөс зохицуулж магадгүй юм. Учир нь, төмрийн хүдрийн үнийн огцом өсөлт нь зохицуулагчдын анхаарлыг татаад эхэлсэн. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос сүүлийн үеийн үнийн өөрчлөлтөд ихээхэн анхаарал хандуулж, нөхцөл байдлыг сайтар хянаж байх болно гэдгээ энэ сард мэдэгдсэн. Товчхондоо, үнэ тогтооход хатуу хяналт тавихаа хэлсэн. Өмнө нь, тус хороо зах зээлийн хөөсрөлийг намжаахын тулд арилжаанд хязгаар тогтоох, үйлдвэрлэлийн хүчин чадлыг бууруулах гэх мэтээр тушаал баталж байсан. Ийм дүр зураг ахин ажиглагдвал зах зээлд оролцогчдод сөрөг нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Гэхдээ цаашид төмрийн хүдрийн үнэ Хятадын эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогын цөм байсаар байх болов уу. Цаг хугацааны хувьд тус улсын цагаан сарын баярын өдрүүд тохиож байгаа энэ үед улирлын чанартай гангийн үйлдвэрлэл буурч эрэлт багасдаг хэдий ч I улиралд төмрийн хүдрийн үнэ тонн тутамдаа 115 ам.долларт хэлбэлзэх төлөвтэй. Харин II улиралд 120 ам.доллар, III улирал буюу БНХАУ-ын хувьд ид барилгын ажил хийгддэг үеэр 135 ам.доллар болж өсөөдIV улиралд 120 ам.доллар руу буух таамаглал байна.

БНХАУ-ын эрх баригчид 2023 оны эхэнд л “Тэг ковид” бодлогоо сулруулах шийдвэрээ танилцуулсан. Уг шийдвэрийн дараа халдвар дахин огцом нэмэгдэнэ гэсэн айдас олон улсад үүсээд байна. Хатуу хөл хорионы дараа халдварын тархалт огцом нэмэгддэгийгөнгөрсөн хугацаанд бид харсан. Улмаар хүйтний улирал дуусах хүртэл үргэлжлэх магадлалтай. Тиймээс Хятадын ковидын халдвар дунджаар дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэх байх. Хөл хориог сулруулснаар халдварын тархалт нэмэгдэж өвчлөл ихсэх тусам тус улсын аж үйлдвэрлэлийн индекс 50 нэгжээс доош орох нь тодорхой. 2022 оны арваннэгдүгээр сард 47.8 нэгж, арванхоёрдугаар сард 47 нэгж болж буурсан. Учир нь, аж үйлдвэрлэлийн индекс үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаа хэр идэвхтэй байгааг тодорхойлдог чухал индикатор. 50 нэгжээс доош орсон тохиолдолд аж үйлдвэрийн гарч багасч байна гэсэн ойлголт өгдөг. Ийнхүү гарц буурахын хэрээр түүхий эдийн эрэлт багасна. Энэ нь, төмрийн хүдэр, зэс тэргүүтэй металлын ханшид сөргөөр нөлөөлдөг.

Гэхдээ бодлогын арга хэмжээ авч түүхий эдийн зах зээлийг өсгөх хэд хэдэн боломж байна. Нэгдүгээрт, дөрөвдүгээр сараас өмнө аж үйлдвэрийн индекс 50 нэгжээс дээш гарах, Хоёрдугаарт, Хятадын Ардын банкнаас эдийн засгаа дэмжих зорилгоор мөнгөний зөөлөн бодлого баримталж эхлэх, Гуравдугаарт, тус улсын эрх баригчид гуравдугаар сард болох 2023 оны эдийн засгийн төлөвлөгөөг танилцуулахдаа дэд бүтэц болон бүтээн байгуулалын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тохиолдолд түүхий эдийн зах зээл өсөх боломжтой.

БНХАУ-ын эдийн засаг нээлттэй болж байгаа нь түүхий эдийн зах зээлийг хурдтай сэргэхэд нөлөөлнө гэсэн нь ийнхүү эерэг хүлээлтийг бий болгоод байгаа юм. Хэрэв та бүхэн санаж байгаа бол цар тахлын дараа хөгжингүй улс орнууд мөнгөний зөөлөн бодлого баримталж, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн. Энэ алхмыг Хятадын эрх баригчид хэрэгжүүлэх магадлалтай бөгөөд Ардын банкнаас бодлогын хүүгээ 2023 оны I улиралд бууруулж магадгүй. Ингэснээр юанийн ханш бусад валютын эсрэг суларч, хөрөнгө оруулалт, экспорт нэмэгдэх боломжтой. Юанийн ханш сулрах нь богино хугацаанд эдийн засгаа сэргээх зорилготой БНХАУ-ын эрх баригчдын хувьд хамгийн үр дүнтэй бодлого байх магадлал өндөр. Дээрх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн тохиолдолд БНХАУ-ын эдийн засаг 2023 оны эхний улиралд удааширч, сүүлчээр илүү хүчтэй сэргэнэ. Эдийн засагчдын дунд явуулсан судалгаагаар БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг 2023 онд 4.8 хувиар өснө хэмээн таамагласан байна.

Тус улс энэ онд дотоод эрэлтийг дэмжих, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх чиглэлд түлхүү анхаарахаа мэдэгдсэн нь нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2035 он гэхэд хөгжингүй орны түвшинд хүргэх зорилт дэвшүүлсэнтэй холбоотой юм. Үүний тулд эдийн засгийн өсөлтийг таван хувиас бууруулахгүй байх шаардлагатай. Тэгвэл “Тэг ковид” бодлого болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралаас шалтгаалан эдийн засгийн өсөлт энэ онд таван хувиас бага түвшинд хадгалагдах эрсдэл үүсээд байжээ. Иймээс шинжээчид Хятадын төсвийн алдагдал түүхэн дээд түвшинд хүрч, Засгийн газрын өрийн тогтвортой байдал алдагдах эрсдэл өндөр байгаа тул төсвийн тэлэх бодлого хэрэгжүүлэх орон зай бага байгааг анхааруулсан нь энэ. Хэдийгээр БНХАУ-ын Засгийн газраас үл хөдлөх хөрөнгийн салбараа дэмжих шат дараатай арга хэмжээг авсан хэвээр байгаа ч асуудал бүрэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаа шаардлагатайг шинжээчид онцолжээ.

“Номура” судалгааны байгууллагын ахлах эдийн засагч Тинг Лугийн мэдээлснээр, өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхний хагаст орон сууцны борлуулалт томоохон 30 хотын хувьд сайжирсан ч үл хөдлөх хөрөнгийн салбар дахин сэргэхэд олон сар шаардлагатай байгаа тухай өгүүлсэн. Сүүлийн үеийн статистик мэдээллээс дүгнэхэд үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрөнгө оруулалтын түвшин арваннэгдүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар буурчээ. Мөн үл хөдлөх хөрөнгийн боруулалтын хэмжээ арваннэгдүгээр сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гурав дахин буурлаа. Улмаар орон сууцны үнэ 11 дэх сардаа дараалан буурч байгаа юм. 

Дээрх олон хүчин зүйлийн нөлөөгөөр манай төмрийн хүдрийн экспорт нэмэгдэх, тэр дундаа төмрийн хүдрийн тээврийн хэмжээ өсөх хандлага байна. Бидний нийлүүлдэг хэмжээ өчүүхэн бага гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ урд хөршийн эдийн засагт тохиож буй сорилт, бэрхшээл, улс төрийн бодлого, шийдвэрийн тусгал нь манай улсын эдийн засагт шууд болон дам байдлаар нөлөөлдгийг тооцож, зах зээлийн судалгаанд үндэслэсэн тээврийн бодлого барих нь чухал болоод байгаа юм. Ялангуяа, цар тахлын үед үүссэн ачаа, тээврийн хямрал үүний тод жишээ болов. Тиймээс тээврийн бизнес эрхлэгч компаниудын хувьд урд хөршийн эдийн засгийн нөхцөл байдлыг тандан харж, түүнд зориулсан бодлогын арга хэмжээ авч байх нь учирч болох эрсдлийг зөөллөнө гэдэгт итгэлтэй байна.

 

Б.МӨРӨН