Өнөөдөр УБТЗ ХНН, БНСУ-ын “Кореа нейшнл рэйлвэй”, “Бексон пауэр” ХК-тай “Төмөр замын хөгжлийн чиг хандлага” сэдэвт хамтарсан уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин, УБТЗ-ын даргын зөвлөх Р.Раш нээж үг хэлэхдээ энэхүү зөвлөгөөнд Солонгосын төмөр замын хөгжилд чухал хувь нэмрээ оруулсан “Кореа нейшнл рэйлвэй” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан, “Бексон пауэр” ХК-ийн зөвлөх доктор, профессор Ким Санг Гюүнь хүрэлцэн ирж оролцож байгаад гүнээ талархаж байгаагаа илэрхийллээ.

Уулзалт зөвлөгөөнд доктор, профессор Ким Санг Гюүнь өөрийн бэлтгэсэн илтгэлийг хэлэлцүүлж, БНСУ-ын төмөр замын өнгөрсөн, одоо, ирээдүй болоод “Зүүн Азийн төмөр замын хамтын нийгэмлэг”, Монгол Улсын төмөр замын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар өөрийн санал, бодлыг хуваалцан оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.

БНСУ-ын төмөр замын техник, технологийн хөгжил нь дэлхийд тавдугаарт ордог бөгөөд нийт 5020 км урт төмөр замынхаа 72 хувийг цахилгаанжуулсан. 64.4 хувь нь хос замтай. Мөн нийт төмөр замын 658 км нь хурдных, хот хоорондын зорчигчийн галт тэрэг нь 250 км/цаг хүртэл хурдалдаг талаар мэдээлэл өглөө. БНСУ-ын хувьд бие даасан тусгаар улс болон хөгжихөд төмөр замын гүйцэтгэсэн үүрэг өндөр гэдгийг тэрбээр дурдав. Мөн 1962 онд БНСУ-ын нэг хүнд ноогдох ДНБ 100 ам.доллар байсан бол өнөөдөр 35.000 ам.доллар болтлоо өссөн нь техник, технологи, дэд бүтцийн салбартай шууд хамааралтай хэмээн ярьсан юм.