УБТЗ-ын дарга Х.Хэрлэн БНХАУ-ын “Төмөр замын 20 дугаар товчоо групп Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Жао Чиан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус компани нь манай улсад Яармаг, Олимпийн гудамжны гүүрэн гарц, БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар хэрэгжсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэндийн төв, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын гүүрэн гарц барих ажлыг амжилттай гүйцэтгэн хүлээлгэж өгсөн юм. Мөн олон улсад 18 томоохон төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд эдгээр нь Ангол, Мозамбик, Малави, Перу, Бразил, Казахстан, Киргизстан, Тайланд, Индонези зэрэг 12 улсад хэрэгжиж байгаа юм байна. “Төмөр замын 20 дугаар товчоо групп Монгол” ХХК нь БНХАУ-ын Төмөр замын 20 дугаар товчоо компанийн охин компани бөгөөд 2015 онд Монгол Улсад байгуулагдсан. Төмөр зам, авто замын барилгын тусгай зөвшөөрөлтэй. Олон улсад хэрэгжсэн төмөр замын томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хамтран ажиллаж, амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай гүйцэтгэгч компани аж. Уулзалтын үеэр “Төмөр замын 20 дугаар товчоо групп Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Жао Чиан Монгол Улсад хэрэгжих төмөр замын томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.