Нүүр Цаг үе Төмөр замын тээврийн тухай шинэ хууль сурталчилах уулзалт хийлээ
Цаг үе

Төмөр замын тээврийн тухай шинэ хууль сурталчилах уулзалт хийлээ

G.Press 2 жилийн өмнө 79 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

УИХ-ын хаврын чуулганаар өнгөрсөн долдугаар сарын 7-нд Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан билээ. Уг хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм. Түүнээс өмнө уг хуулийг дагалдаж гарах дүрэм, журмуудыг боловсруулж, түүндээ төмөр замын байгууллага, үйлчлүүлэгчдээс санал авч байгаа ажээ. Тиймээс ЗТХЯ, “ГТХЗНТ” УТҮГ, “МТЗ” ТӨХК, “УБТЗ” ХНН, Таван толгой төмөр зам ХХК хамтран Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төмөр замын салбарын ажилтнуудад сурталчлан таниулахын зэрэгцээ хуулийг дагалдан гарах дүрэм, журмуудад санал авах зөвлөгөөнийг өнгөрөгч Пүрэв гарагт “Ган зам палас”-т зохион байгууллаа. Хууль сурталчилах үйл ажиллагаанд УБТЗ-аас Замын I Ерөнхий инженер С.П.Старцев болон Тээврийн хяналтын албаны дарга М.Цогт тэргүүтэй алба, хэлтсийн удирдлагууд, төвийн болон шугам замын төмөр замчид цахимаар оролцлоо. Шинээр батлагдсан хуульд өмнөх хуулийн төсөлд тодорхой заагаагүй байсан төмөр замын нийтийн зориулалттай болон тусгай зориулалтын зам, салбар замын өмчлөл, эзэмшлийн асуудлыг нарийн тусгасан байна. Мөн төмөр замын зориулалттай газрыг тодорхойлж, аюултай бүс, зурвас газар, хамгаалалтын бүсийн талаарх зохицуулалтыг тусгаж, төмөр замын суурь бүтцийн зураг төсөл, барилгын ажил, суурь бүтцийг ашиглалтад оруулах талаар тодорхой тусгажээ. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдын, ялангуяа хувийн хэвшлийн болон төрийн оролцоотой төмөр замуудын төлөөллийн сайшааж буй гол заалт нь тээвэрлэгч, суурь бүтэц эзэмшигч тусдаа байх тухай аж. Тиймээс зарим компани суурь бүтцээ хариуцах тусдаа охин компани байгуулж байгаа юм байна. Харин  УБТЗ-ын хувьд тээвэрлэгч, суурь бүтцээ хамтад нь эзэмшдэг бөгөөд энэ нь хуультай зөрчилдвөл олон улсын гэрээгээ мөрдлөг болгоно гэж заажээ. Харин “МТЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Сүхбаатар, “Талын хишиг майнинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Хонгор нар “УБТЗ” нь  хуульл тусгасны дагуу хоёр салах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийллээ. О.Хонгор “Шинэ хуульд давуу тал ч, сул тал ч байна. Давуу тал нь гэвэл төмөр замын тээврийг зохицуулах агентлаг шинээр байгуулах. Мөн тээвэрлэгч, суурь бүтэц эзэмшигч тусдаа эзэмшигчтэй байснаар тээвэрлэгчдийн тэгш оролцоог хангана. Энэ бол хувийн хэвшлийнхний мөрөөдөл байсан зүйл. Тэгэхээр энэ маш зөв заалт болсон. Хувийн хэвшил зүтгүүр эзэмших боломжгүй, зөвхөн вагонтой байсан. Одоо харин өөрийн гэсэн зүтгүүртэй болоод тээвэрлэлт хийх боломжийг нээж өглөө. Зах зээлд нээлттэй, тэгш орох боломжоор хангасан гэхэд болно. Гэтэл ШӨХТГ-аас “МТЗ” ТӨХК-ийн  Цогтцэций-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замд зүй ёсны монополь байгууллагаар батламжилснаа зарласан байна. УИХ тэгш оролцоог хангах либералчилсан хууль баталлаа гэж сурталчилаад байхад доогуураа төр захиргааны байгууллагууд нь давуу эрхтэй байж болохгүй. Энэ бол хуулиа зөрчсөн шийдвэр болжээ гэж харж байгаа. Түүнчлэн, хөдлөх бүрэлдэхүүний эзэмшлийн талд тээвэрлэгч түрээсийн болон өмчийн аль ч хэлбэр байж болно гэчихээд нарийн журамлаагүй байна. Би хувийн хэвшил талаасаа ярьж байгаа шүү. Тэгэхээр зах замбараагүй вагон оруулж ирэх нөхцөл бүрдэхвий гэж болгоомжилж байна” гэв.

 

 

Х.Итгэлт: Тээврийн компаниуд тарифаараа өрсөлдөж эхэлнэ

ЗТХЯ-ны Төмөр замдалайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Төмөр замын тээврийн хэлтсийн дарга: 

 

-Нэг суурь бүтэц дээгүүр олон тээвэрлэгч явж эхэлнэ. Суурь бүтцийн тариф тогтоон үйлчилнэ. Тээврийн компаниуд тарифаараа өрсөлдөж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдэд хамгийн таатай нөхцөлөөр, хямд тээврийг санал болгоно гэсэн үг. Ийм сайн талтай. Тээвэрлэгч олон компани бий болохоор жишээ нь А гэдэг компани өдөрт олдсон нэг ниткээрээ аль болох их ачаа татахыг эрмэлзэнэ. Үүний тулд хамгийн хүчин чадал өндөртэй зүтгүүрүүдийг компаниуд сонгож эхэлнэ. Вагонуудын ч нэг голын даац өндөрсөж, нэг таталтаар 10 мянган тонн ачаа татдаг байдал руу орно. Суурь бүтэц дээр хэрэв тээвэрлэгчийн техник саатаж, ямар нэгэн байдлаар цаг хугацаа алдвал торгууль өндөр байна. Тиймээс тээвэрлэгч найдвартай ажиллагааг маш өндөр түвшинд хангадаг болно. Тээвэрлэгч компаниуд суурь бүтцийнхээ даацыг нэмэх шаардлагыг буцаагаад тавьдаг болно. Энэ бол шударга өрсөлдөөн.

 

М.Цогт: Цаашид бид гологдол гэдэг үгийг ашиглахгүй

Тээврийн хяналтын албаны дарга:

-УБТЗ-ын зүгээс шинэ хуулийг сурталчилах, санал авах ажлыг хоёр үе шаттай зохион байгуулж ирсэн. Одоо бид хуулийг дагаж гарч буй 22 журам, гурван дүрэм, нэг аргачлал зэрэгт саналаа өгөх хэрэгтэй байна. Энэ журам, дүрмээр тээврийн үйл ажиллагаанд төмөр замчид хэрхэн оролцох юм. Суурь бүтцийн байгууламжийг хэрхэн засварлаж, бусад төмөр замтай яаж харилцан ажиллах вэ гэдэг чухал заалтууд явж байгаа. Хуучин хуулийн холбогдох дүрэм, журмуудад ХАБ-тай холбоотой сүйрэл, осол, гологдол гэж байсан. Шинэ хуульд осол, зөрчил гэж тусгасан. Тиймээс цаашид бид гологдол гэдэг үгийг ашиглахгүй. Гологдлын заалтууд зөрчил рүү орчихоор Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр Техник ашиглалтын дүрэм, Аюултай ачаа тээвэрлэх дүрэм, журмуудаа нягт мөрдөж, ХАБ-ыг маш сайн хангаж ажиллах хэрэгтэй.

 

Д.Банзрагч: Тэгш оролцоог хангах нөхцөл бүрдсэнээр тээврийн үр ашиг нэмэгдэнэ

“МТЗ” ТӨХК-ийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга:

 

-Төмөр замын тээврийн тухай хуультай уялдуулж “МТЗ” ТӨХК-ийн 2024-2050 он хүртэлх дунд, урт хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулж байна. Хууль хэрэгжиж эхэлснээр зах зээлийн өрсөлдөөнийг бий болгох, төмөр замын тээврийн болон суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгчдийн тэгш оролцоог хангах нөхцөл бүрдүүлснээр үйлчилгээ сайжирч тэр хэмжээгээр тээврийн үр ашгийг нэмэгдүүлнэ гэж харж байна. Үүнийг дагаад хөдлөх бүрэлдэхүүний засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл, үйлдвэрлэл гэх мэт импортыг орлох бүтээгдэхүүнийг бид дотооддоо хийх нөхцөл бүрдэж байна. Мөн Төрийн захиргааны төв байгууллагын дэргэд тарифыг оновчтой болгох зорилгоор орон тооны бус зөвлөл байгуулахаар хуульчлан зааж өгсөн нь онцлог юм. Манай компанийн хувьд Монгол Улсын хэмжээнд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлж байна. Гадаад болон дотоодын хөрөнгө оруулагч нартай хамтран томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд явж байна. Шинээр батлагдсан хуульд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулах төмөр замын суурь бүтцийн зураг төслийг гадаадын хуулийн этгээд боловсруулах тохиолдолд Монгол Улсын тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдтэй хамтран гүйцэтгэнэ гэж заасан. Мөн зураг төсөл боловсруулах ажлын төсөвт өртгийн 0.4 хувиар тооцсон орлого бүрдүүлж стандартын санд бүрдүүлэх зэрэг асуудлууд тусгагдсан байгаа.

 

 

Д.Сүхбаатар: “УБТЗ” суурь бүтэц, тээвэрлэгчээ салгавал сайн алхам болно

“МТЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал:

 

-2007 онд батлагдсан хуулийн 19.3 дугаарт суурь бүтэц эзэмшигч тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж байгаа тохиолдолд суурь бүтэц болон тээвэрлэлтийн үйл ажиллагааны санхүүгийн тооцоо тусдаа байна гэж заасан байсан. Энэ шинэ хуулийн дагуу УБТЗ маань суурь бүтэц, тээвэрлэгчээ салгавал сайн алхам болно. Өөрөөр хэлбэл, ачаа илгээгч буюу Монгол Улсын экспортын ачаа тээврийн 70 гаруй хувийг гүйцэтгэдэг төмөр замын улсын эдийн засагт үзүүлдэг нөлөө нь зөв болно. Ачаа илгээгч буюу зөвхөн тээврийн үйл ажиллагаа явуулсан зардлыг нь төлөх хэмжээнд очих сайн талтай.

 

 

М.Наранболд 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.