Төмөр замын сэдэвтэй маркны үзэсгэлэнд дэлхийн хамгийн анхны шуудангийн маркийг хүртэл дэлгэн тавьжээ
Эрчим хүч, ус хангамжийн төвийн их барилга, их засвар хариуцсан инженер Ө.Ууганжаргал Монгол-Оросын Хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн 74 жилийн ойг тохиолдуулан “Төмөр замын хөгжил” үзэсгэлэнг Төмөр замын музейд гаргалаа. Уг үзэсгэлэнд түүний олон жил цуглуулсан төмөр зам, галт тэрэгний зурагтай шуудангийн марк, дугтуй, ил захидлууд багтжээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш, Замын Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр тэргүүтэй алба, хэлтсийн удирдлагууд, төмөр замчид оролцлоо.
Энэ үеэр Р.Раш дарга “Монгол-Оросын Хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийг байгуулах хоёр улсын алдарт хэлэлцээр байгуулагдаад 74 жил болж байна. Төмөр замчид бид энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.Ойтой холбогдуулаад манай төмөр замын инженер Ө.Ууганжаргал маш сайхан үзэсгэлэн гаргажээ.Энэхүү үзэсгэлэнг төмөр замчид маань үзвэл маш их сонирхолтой юм. Төмөр замын чиглэлээр ийм олон марк цуглуулсан хүн Ө.Ууганжаргалаас өөр бараг байхгүй л болов уу” хэмээгээд баяр хүргэж, илүү их амжилт хүслээ.
Уг үзэсгэлэнд дэлхийн төмөр замын түүх, төмөр замтай холбоотой буюу хамгийн анх төмөр зам, галт тэргийг санаачилсан хүмүүсийн зурагтай маркнууд, түүгээр ч зогсохгүй дэлхийн хамгийн анхны шуудангийн маркийг хүртэл дэлгэсэн нь сонирхол татаж байлаа. Мөн ОХУ, Хятад, Япон... зэрэг олон улс орны онцгой ой, тэмдэглэлт үйл ажиллагааг тохиолдуулан хэвлэж байсан төмөр зам, галт тэрэгний зураг бүхий олон арван марк дэлгэжээ. Үүнээс гадна Монгол оронд төмөр зам тавих талаар маршал Ю.Чойбалсангийн И.В.Сталинд тавьсан хүсэлт, энэ тухай хэлэлцээр, төмөр зам тавьсан тухай, анхны галт тэрэг хойд хөршөөс орж ирсэн зэрэг түүхэн баримт, гэрэл зураг зэргийг цуглуулгадаа тавьсан байв. Харин манай улсад 1921 оныдолдугаарсарын 19-нд Ардын Засгийн газрын тэргүүлэгчдийн VI хурлын тогтоолоор “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо” байгуулагдаж, анхны дарга М.Бат-Очирын санаачилгаар Ардын Засгийн газрын 1923 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 44 дүгээр тогтоолын дагуу “Элдэв-Очир” хэмээх сэдвээр долоон нэрийн марк гаргахаар шийдвэрлэж байжээ. Ингээд 1924 оны долдугаар сарын 1-нд 1, 2, 5, 10, 20, 50 цент, 1 долларын нэрлэсэн үнэтэй таван өнгө ялгасан нэгэн багц маркийг хэвлүүлсэн байна. Энэ талаар Ө.Ууганжаргал инженер зочдод танилцуулж, “Төмөр замын сэдэвтэй маркны хувьд манай улсад хамгийн анх 1956 онд хэвлэсэн байдаг. Түүнээс өмнө ямар нэгэн байдлаар Монгол марканд галт тэрэг дүрслэгдээгүй. Харин хоёр дахь нь 1961 онд Улс тунхагласны 40 жилийн ойгоор Улс ардын аж ахуйн чиглэлээр гарсан нэг багц марканд галт тэрэг дүрслэгдсэн. Энэ мэтчилэн тэмдэглэлт ой, онцгой тохиолдлуудад төмөр зам, галт тэрэг марканд гарсныг бүгдийг нь цуглуулсан” хэмээв. Энэ мэтчилэн түүний 10 гаруй том самбарт дэлгэсэн маркны үзэсгэлэн үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байлаа.
