Монголчууд нэр төрөө эрхэмлэн дээдэлдэг ард түмэн. Тиймдээ ч шинэ төрсөн хүүхдэд нэр өгөхдөө төрсөн өдөр, гарагийн сайныг харж, өлзий учрал, эрүүл энх, амар амгаланг билгэддэг. Монгол хүн нэрээ ихэд эрхэмлэн дээдэлж ирсэн. “Дуудах нэрийг эцэг эх өгдөг, дуурсах алдрыг өөрөө олдог” гэж үг бий. Энэ удаад бид УБТЗ ХНН-ийн 16 мянган ажилтны дотроос “Ганзам” нэртнүүдийг онцолж байна. Монгол Улсын хэмжээнд “Ганзам” нэртэй хүн 171 байдаг бол өдгөө тэднээс зургаа нь бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж явна. Тэдэнтэй шинэ оны босгон дээр ярилцлаа. “Ганзам” нэрээс үүдсэн сонирхолтой түүхүүдийг та бүхэндээ хүргэж байна.
Төөрөг тавилангаар төмөр замчин болсон нь
Зүтгүүрийн аж ахуйн албаны засварын байцаагч Гомбын Ганзам УБТЗ-д 28 дахь жилдээ ажиллаж байна. Г.Ганзам нь Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгонд төрж, өсжээ.

-Би 1976 оны хоёрдугаар сарын 29-нд Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн галт тэргэнд эхээс мэндэлсэн болохоор надад Ганзам нэрийг хайрласан юм билээ. Тухайн үед галт тэргээр явж таарсан бага эмч намайг эх барьж, ээж бид хоёрыг Улаанбаатарт ирэхэд түргэний машинаар Нэгдүгээр төрөх эмнэлэгт шууд хүргэсэн гэнэ лээ. Ээж маань амаржих арай болоогүй байсан ч гэнэт өвдөөд төрсөн гэж ярьдаг. Тэгэхээр би галт тэргэнд л төрөх төөрөгтэй байж /инээв/. Ээж бид хоёрыг эмнэлгийн бус газар төрсөн гээд эмнэлэгт бүтэн сар хэвтүүлсэн гэнэлээ. Төрсний гэрчилгээн дээр Улаанбаатарт төрсөн гээд бичсэн байдаг.
-Тэр үед галт тэргэнд төрсөн хүүхдүүдэд галт тэргээр үнэгүй явах эрх өгдөг байв уу?
-16 нас хүртлээ галт тэргээр үнэгүй явах үнэмлэх олгодог байсан юм билээ. Би тэр эрхээ маш цөөхөн эдэлсэн байх өө. Социализмын үед хүүхэд тэр болгон галт тэргэнд суугаад нааш цааш явах биш. Явах шаардлага ч гардаггүй байсан байх. Тэр талаар сайн санадаггүй юм.
-Төмөр замчин болсон тань таны хувьд төөрөг тавилан байв уу?
-Ёстой л тийм байх. Аав, ээж хоёр маань Дулаанхааныхаа Мод дамжуулах баазад ажилладаг байсан. Манайхнаас төмөр замд ажилладаг нэг ч хүн байгаагүй. Би өөрөө ч төмөр замчин болно гэж бодоогүй. Цагдаагийн дээд сургуульд орно гэж бэлтгэдэг байсан. Тэр үед Цагдаагийн дээд сургуульд элсэлт өгөхийн тулд материалаа хороогоороо дамжуулж дүүрэг рүү өгдөг байсан. Материалаа өгчихөөд хүлээгээд байдаг хариу нь ирдэггүй. Хорооноос асуухаар ирээгүй гээд байдаг. Сургуулиудын элсэлтийн шалгалт ч дууслаа. Дүүрэг дээрээ очтол хороо руу явуулчихсан гэж байна. Хороон дээр ирээд хайлгатал бичиг цаасан дундаас нь гарч ирсэн. Угаасаа тэнд хаягийн шилжилт хийлгээгүй учраас татгалзсан хариу ирсэн юм билээ. Хотод ес, аравдугаар ангид сурахдаа хаягийн шилжүүлэг хийлгээгүй байсан юм. Тэгээд одоо сургуульгүй яах вэ гээд судалтал Төмөр замын коллеж эхлээд орон нутгаас элсэлтээ аваад хамгийн сүүлд хотоос авдаг юм байна. Тэгээд сонголтгүй, элсэлт авч байгаа ганц сургууль нь Төмөр замын коллеж болж таарсан. Ингээд зүтгүүрийн ангид орсон түүхтэй. Техникт сонирхолтой учраас удалгүй мэргэжилдээ дуртай болсон доо. Сургуулиа төгсөөд Улаанбаатар Татах хэсгээс ажлын гараагаа 1997 онд засварчнаас эхэлсэн. Түүнээс хойш ээлжийн мастер, мастер, хүлээн авагч, инженерээр ажиллаж байгаад Замын даргын тушаалаар 2005 онд Сайншанд Татах хэсгийн засвар эрхэлсэн орлогч даргаар томилогдсон. Тэнд 12 жил ажиллаад, 2017 оны намар албандаа байцаагчаар ирээд өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
-Нэртэй чинь холбоотой сонин түүх бий юу?
-Танихгүй хүмүүс танилцахдаа нэрийг маань их лавлаж асууна. Тэгээд дараа нь яагаад ийм нэртэй болсныг сонирхоно. Тэгээд төмөр замчин гэхээр дуу алдах нь олонтаа шүү. Саяхан Сайншандын депо руу залгаад “Ганзам байна” гэтэл шинэ ажилтан бололтой цаашаа “Ган замаас залгаад байна” гэж билээ. Ган зам нэртэй аль нэг байгууллагаас л ярьж байна гэж бодсон байх.
Гандаваа Ганзам болсон нь
УБТЗ-ын Зүүнхараагийн Мод боловсруулах үйлдвэрийн мод хураагч Буяннэмэхийн Ганзам УБТЗ-ын ажилтан болоод өдгөө хагас жилийн нүүр үзэж буй шинэхэн төмөр замчин. Тэрбээр, энэ оны зургадугаар сард гэргийтэйгээ хамт Мод боловсруулах үйлдвэрт ажилд оржээ. Тэр өөрийн нэрний талаар ийн ярилаа.
-Ганзам нэртэй болсон минь их хөгтэй. Аав ээж минь малчин хүмүүс. Ээж минь эмнэлэгт очиж чадалгүй, намайг гэртээ төрүүлсэн гэдэг. Намайг нутгийн Даваа гэдэг эгч эх барьж авсан юм билээ. Дээр нь Даваа гарагт төрсөн, ахыг минь Ганзориг гэдэг учраас аав ээж хоёр надад Гандаваа гэдэг нэр өгч л дээ. Гэхдээ сумын төв рүү явж төрсний гэрчилгээг минь авч амжихгүй байсаар нэг нутгийн настай 
хүнийг төв рүү явахад нь миний гэрчилгээг аваад ирээч гэж захьж л дээ. Тэгэхдээ миний нэрийг хэлэхээ мартаад, нөгөө хүн ч асуулгүй яваад өгч. Төрсний гэрчилгээ авах болтол улсын бүртгэлийн ажилтан нь “Хүүхдийн нэр хэн бэ?” гэхэд нутгийн ах нэрийг маань асуугаагүйгээ санаж, ахыг нь Ганзориг гэдэг юм чинь Ган орсон нэр байж таарна гээд эргэн тойрноо харж байснаа “Ганзам” гээд бичүүлчихсэн юм гэнэлээ. Би ээжийнхээ 37-ны жил дээр гарсан, айлын бага хүү.
-Аав ээж хоёр чинь хүүгийнхээ Ганзам нэрийг яаж хүээж авсан бол...?
-Өөрсдөө нэрийг нь хэлж явуулаагүй, тэгээд нутгийн настай хүн өгсөн юм чинь гээд өнгөрсөн гэдэг. Гэхдээ дараа нь нэг ламаас асуутал яг оносон нэр байна гэсэн юм гэнэлээ. Би ч өөрийн нэрээ ерөөлөөр ирсэн нэр гэж боддог.
-Чамайг хожим төмөр замчин болохыг чинь бэлгэдсэн нэр байж дээ?
-Тэгж л таарлаа. Би өмнө нь хувиараа ажилладаг байсан юм. Мод боловсруулах үйлдвэрийн мастер Даваасүрэн эгч эхнэр бид хоёрт ажилд орохыг санал болгосноор хоёулаа нэг өдөр төмөр замд орсон. Гэргийг маань Б.Нарангоо гэдэг. Манайх хоёр хүүтэй. Энэ сайхан хамт олон дунд орж ирсэндээ баяртай байна. Энэ ташрамд Мод боловсруулах үйлдвэрийнхээ хамт олонд шинэ оны мэнд хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Алдраа өндөр өргөж яваа ажилсаг бүсгүй
Замын IV ангийн 17 хэсгийн замчин Дашбалжирын Ганзам өдгөө УБТЗ-д 16 дахь жилдээ ажиллаж буй удам дамжсан төмөр замчин ажээ. Тэрбээр, тун удахгүй гурав дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байна. Замчин бүсгүй маань 2019, 2020 онд хэсгийн аварга, 2024 онд Замын-Үүд зангилааны аваргаар шалгарсан ажилсаг хичээнгүй нэгэн юм.

-Миний нэрийг өвөө өгсөн гэдэг. Өвөө минь тээврийн жолооч хүн байсан. Аав ээж хоёр минь Замын IV ангид замчнаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүс. Аавыг минь Ц.Дашбалжир, ээжийг минь О.Цэцэгмаа гэдэг. Намайг төрөхөд өвөө аав, ээж хоёрын ажил мэргэжлийг бодож байгаад ууган охинд нь Ганзам гэдэг нэр хайрласан юм билээ. Би 2006 онд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын сургуулийн наймдугаар анги төгсөөд аймгийнхаа МСҮТ-ийг тогооч мэргэжлээр төгссөн. 2009 онд 19 настай Замын IV ангид замчнаар ажилд ороод 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Нөхрийг маань Э.Сүхтөмөр гэдэг. Бас удам дамжсан замчин, одоо 18 дахь жилдээ ажиллаж байна.
-Өвөө нь зээ охиндоо Ганзам гэдэг нэр өгсөн учраа чамд ярьж байсан уу?
-Аав ээжийнх нь ажил мэргэжлийг бэлгэдэж ийм нэр өгсөн гэж хэлж байсан. Би дороо таван дүүтэй. Манай дүү нарт өвөө бүгдэд нь “Ган” орсон нэр өгсөн. Дүү нарыг маань Ганхолбоо, Гантуяа, Ганхөлөг, Ганбаяр, Ганжаргал гэдэг. Ганц эрэгтэй дүү минь харин 275 дугаар галт тэргэнд 1996 онд төрж, машинч нь Ганхөлөг гэдэг нэр өгсөн.
-Эмэгтэй хүнд ховор л нэр байхдаа...?
-Тийм шүү. Ганзам нэртэй эрэгтэй хүмүүс олон. Эмэгтэй хүн надаас өөр байдаг, үгүйг мэдэхгүй байна. Би нэрээ эрэгтэй хүний нэр гэж бодож байгаагүй. Найзууд минь намайг Замаа гэж дууддаг. Өвөөгийнхөө өгсөн нэрэнд хайртай. Нэр минь намайг төмөр замчин болохыг ерөөсөн юм болов уу. Би л аав, ээжийнхээ ажлыг залгаж замчин болсон.
Гурав дахь үеийн төмөр замчин Ганзам
Замын VI ангийн токарьчин Батхуягийн Ганзам 1985 оны наймдугаар сарын 1-нд төмөр замын баяраар 57 дугаар галт тэргэнд мэндэлжээ. Б.Ганзам 2016 онд хэсгийн, 2020 онд байгууллагын аварга ажилтнаар шалгарч байжээ. Мөн МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медальтай, шагайн харвааны аймгийн гоц мэргэн цолтой залуу юм.

-Хүмүүс унасан газар, угаасан ус гэж ярьдаг. Өөрийн тань хувьд төрсөн нутаг гэхээр юу гэж хариулдаг вэ?
-.../инээгээд/ Харин тиймээ, төрсний гэрчилгээн дээр 57 дугаар галт тэргэнд төрсөн гэж бичсэн байдаг. Хүмүүс төрсөн нутаг хаана вэ гэхээр яг юу гэж хэлэхээ мэддэггүй. Ээж минь Салхитаас Дархан орох гэж явахдаа гэнэт өвдөөд төрсөн гэдэг. Галт тэрэгний дарга нь эх барьж авсан гэдэг. Сүүлд эмээтэй эх барьж авсан галт тэрэгний дарга таараад надтай уулзахсан гэж хэлсэн юм билээ. Дахиж холбогдож чадаагүй.
-Галт тэргэнд төрөхийн давуу тал гэж байдаг байхаа?
-18 нас хүртлээ галт тэргээр үнэгүй явах эрхтэй байсан. Хүүхэд байхдаа төрсний гэрчилгээгээ үзүүлээд явчихдаг байсан. Жаахан том болоод ичээд байдаг болчихсон. Шугам замын хүүхдүүд хот руу сургуульд явахаар есөн номерын маягт өгдөг байсан. Наймдугаар ангиа төгсөөд Барилгын коллежид сурч байхдаа есөн номерын маягтаа үзүү
лж явдаг болсон. Токарьчин мэргэжлээ эзэмших гээд явж байгаа нь тэр.
-Сургуулиа төгсөөд Замын IV ангидаа ажилд орсон уу?
-Төгсөөд цэрэгт явсан. Халагдаж ирээд хотод барилгын компанид хоёр жил ажиллаад 2008 онд Замын VI ангид ажилд орсон. Би гурав дахь үеийн төмөр замчин. Миний өвөө, эмээ нар бүгд Замын VI ангид ажиллаж байсан. Аав гүүр хоолойн мастераар, ээж гармын жижүүрээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Хүүхэд байхаасаа төмөр замчин болно гэж боддог байсан. Мөрөөдөл минь биелсэн. Гэргийг минь А.Батчимэг гэдэг Салхитын Үе угсрах баазад ажилладаг. Манайх гурван хүүхэдтэй.
-Нэртэй холбоотой гоё дурсамж байна уу?
-1998 онд Монгол Улсад төмөр замын тээвэр үүсэж хөгжсөний 60 жилийн ойгоор Р.Раш дарга галт тэргэнд төрсөн хүмүүсийг хүлээж авч уулзаж байсан. Тэгэхэд 50 гаруй хүн ирсэн байсан. Аавыгаа дагаад тэр уулзалтад очиж байлаа. Хамгийн бага нь хоёр настай хүүхэд ирж байсан санагдана. Ганзам нэртэй хүн нэлээд байсан. Бас Мөнхцуваа гэж байсан. Зүтгүүрт болон критий вагонд хүртэл төрсөн хүн байсан. Тэнд ирсэн хүмүүсийн ихэнх нь Ган-аар эхэлсэн нэртэй юм билээ.
Дөрөв дэх үеийн төмөр замчин Ганзам
Багш Ганбатын Ганзам ТЗДС-ийг 2022 онд төгсөж, улмаар Оросын Тээврийн их сургууль (хуучнаар Москвагийн Зам тээврийн их сургууль)-д магистр хамгаалж, тус сургуульд өнгөрсөн намраас багшаар ажиллаж байна. Түүний багын мөрөөдөл төмөр замчин болох байж. Мөрөөдлөө биелүүлж яваа залуу багш оюутан ахуй үедээ ангийн дарга, “Залуу инженер клуб”-т ахлагч зэрэг сонгуульт ажлыг хийж, ТЗДС-ийн 2021 оны манлайлагч оюутнаар шалгарчээ. Төгсөх курстээ ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, 2022-2025 онд магистрын зэрэг хамгаалаад иржээ.

-Би 2001 оны гуравдугаар сарын 5-нд зорчигчийн 271 дүгээр галт тэргэнд төрсөн. Тэр өдөр ээж минь эмнэлэгт хэвтэхээр Үнэгт зөрлөгөөс Зүүнхараа өртөө орохоор Ж.Соёлоо гэх эмчтэй хамт галт тэргэнд суусан юм билээ. Цас ихтэй, машин явах боломжгүй болохоор галт тэргэнд сууж л дээ. Намайг төрөхөд Ж.Соёлоо эмч эх барьж авч, галт тэрэгний дарга н.Эрдэнэбилэг гэдэг хүн надад нэр өгсөн юм гэнэлээ.
-Төмөр замын мэргэжил сонгосон нь нэртэй чинь холбоотой юу?
-Нэр гэхээсээ илүү би дөрөв дэх үеийн төмөр замчин. Миний аав Хүүхдийн секторт 36 дахь жилдээ ажиллаж байгаа. Өвөө Ж.Норовханд Зүүнхараагийн Ачааны вагон засварын депод засварчнаас ерөнхий инженер хүртэл ажилласан хүн. Өвөөгийн аавыг М.Жамъян гэдэг. М.Жамъян өвөө Зүүнхараагийн Мод боловсруулах үйлдвэрт жолооч байсан гэдэг. Тийм болохоор багаасаа төмөр замчин болно гэж боддог байсан. Миний бага нас Үнэгт зөрлөгт өнгөрсөн. Дунд сургуульд 1-4 дүгээр ангид Зүүнхараагийн нэгдүгээр арван жилийн сургуульд сурч байгаад, хотод 105 дугаар дунд сургуулийг төгссөн. Төгсөөд ЭЕШ-таа өгчихөөд ганцхан сургуульд бүртгүүлсэн нь ТЗДС. Вагоны аж ахуйн инженер мэргэжлийг ямар ч эргэлзээгүй сонгосон.
-Галт тэргэнд төрсөн хүүхдүүдэд 18 нас хүртэл нь үнэгүй зорчих эрх олгодог гэсэн?
-Миний төрсний гэрчилгээн дээр 271 дүгээр галт тэргэнд төрсөн гэж бичсэн байдаг. Багадаа их баатарлагаар гэрчилгээгээ үзүүлээд явдаг байсан. Хотод сургуульд явдаг болохоор амралтын өдрүүдэд Үнэгт рүү гэртээ харихаар байнга л галт тэргэнд сууна. Кассирууд сүүлдээ таньдаг болсон байх өө. Өсвөр насанд хүрээд жаахан ичээд байсан. Гэхдээ 18 нас хүртлээ үнэгүй зорчсон.
-Нэртэй чинь холбоотой хөгжилтэй дурсамж бий юу?
-Оюутан болоод хэд хэдэн анги нийлээд лекц ороход хүүхдүүд намайг танихгүй болохоор ард юм уу, хажууханд суугаад миний тухай ярихаар нь ичдэг байсан.
-Юу гэж ярьдаг байв?
-Вагоны ангид вагонд төрсөн, Ганзам нэртэй хүүхэд байдаг гэнэ гэж их нэг нэгэндээ сонин болгож их ярьдаг байсан. Саяхан Ш.Баяраа захиралтай хамт Улаан-Үдийн коллежоос туршлага судлахаар яваад ирсэн. Тэнд очоод өөрийгөө танилцуулахдаа галт тэргэнд төрсөн гэдгээ хэлээд, миний нэрийг орчуулбал төмөр зам гэсэн утгатай гэхэд тэд бүгд гайхсан. Бүгд “Тийм зүйл байдаг аа” гэж дуу алдсан. Би нэрээрээ бахархдаг, үргэлж өндөрт өргөж явна гэж боддог.
-Сургуулиа төгсөөд ирэхэд тань инженер болох, эсвэл багш болох гэсэн хоёр сонголт байж дээ?
-Тиймээ. Би өөрөө судалгаа шинжилгээний ажилд илүү сонирхолтой учраас багш болохыг сонгосон. Оюутан байхдаа “Ачааны вагоныг Монголд угсрах төсөл” дээр ажиллаж байсан.
-Залуу хүнд ирээдүйн төлөвлөгөө байгаа байх?
-Байгаа. Магистр хамгаалчихаад үргэлжлүүлээд докторт сурах төлөвлөгөөтэй байсан. Гэхдээ гэрийнхэн маань Монголдоо ирээрэй гэсэн болохоор докторт сурахаа түр хойш тавьсан. Миний мөрөөдөл бол ачааны вагоныг Монголдоо үйлдвэрлэх юм.
Нэрнээс үүдсэн багын мөрөөдөл
Дархан Татах хэсгийн дуудлагын жолооч Мөнхжаргалын Ганзам УБТЗ-д гурав дахь жилдээ ажиллаж байна. Тэрбээр, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх байгууллагад гал сөнөөгчөөр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ.

-Намайг төрөхөд манайд төмөр замд ажилладаг нэг ч хүн байгаагүй. Надад нэр өгөхөд манай хамаатнууд тус бүрдээ нэр бичиж будаанд хийгээд шигшихэд, Ганзам гэдэг нэр гарч ирсэн юм гэнэлээ. Хожим сонсох нээ, Ганзам гэдэг нэрийг өвөө бичиж хийсэн гэж байсан. Өвөөгийн талынх бүгд “Ган”-тай нэртэй л дээ. Би өвөөгөөс юу бодож надад Ганзам нэр өгснийг тодорхой асууж байсангүй.
Нэр маань надад нөлөөлсөн юм болов уу, багаасаа машинч болно гэж мөрөөддөг байлаа. Дунд сургуулиа төгсөөд төмөр замын сургуульд элсэлтийн шалгалт өгөөд орж чадаагүй л дээ. Тэгээд аавынхаа мэргэжлийг өвлөөд гал сөнөөгч болсон. Харин багадаа гал сөнөөгч болно гэдэг М.Баярбат дүү минь дунд сургуулиа дүүргээд төмөр замын мэргэжил сонгосон. Сургуулиа төгсөөд туслах машинчаар ажлын гараагаа эхэлж, депогийн орлогч дарга болтлоо тууштай ажиллаж байна. Ингэж бид хоёрын багын мөрөөдөл солигдсон. Одоо дүү минь Дархан Татах хэсгийн ашиглалт хариуцсан орлогч даргаар ажилладаг. Би Онцгой байдлаас тэтгэвэрт гараад Дархан татах хэсэгт жолооч ажилд авна гэсэн зараар очиж, сонгон шалгаруулалтад орж, ажилд орсон. Хожуу ч гэсэн төмөр замчин болсондоо баяртай байна. Машинч болох хүсэл минь биелээгүй ч одоо машинч нараа зөөгөөд л явж байна даа.
-Дуудлагын жолоочийн ажлын онцлог юу вэ?
-Дуудлагын жолооч дуудсан цагт нь бэлэн байдаг нь гал сөнөөгч нартай адилхан. Цаг хугацаатай уралддаг л ажил. Тийм болохоор надад хүндрэл гардаггүй.
Ийнхүү УБТЗ-д ажиллаж буй зургаан Ганзамын түүхийг сонирхлоо. Бүгд л өөр өөрийн сонин түүхийг хүүрнэлээ. УБТЗ-д “Ган зам” нэртэй байгууллагууд ч бий. Тэгэхээр энэ нэр төмөр замчдын хувьд эрхэм нэр юм.
Ган зам зурайж, галт тэрэг жирийсээр... Алдар суугаа дуурсгасан төмөр замчид өнгөрснийг дархалж, өнөөдрийг бүтээж, маргааш руу тэмүүлж байна.
Б.Гүнжинлхам

Сэтгэгдлүүд
1 сэтгэгдэл байна.