Мэндэлсний 100 жилийн ойд зориулав
Зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудал буюу биднийхээр “Вокзал”-ын орчин нааш цааш сүлжилдэх түмэн олны хөлд дарагдан машин тэрэгний цухалдуу дохио ирэх, явах суудлын галт тэрэгний цагийн хуваарь зарлах бүсгүйн уянгалаг дуу үе үехэн цуурайтана. Вокзалын арын хананд байрлуулсан том дэлгэцнээ жар шахам жилийн тэртээ Улаанбаатар өртөөнд орж ирсэн анхны уурын тэрэгний дүрс, бүхний мэдэх ‘Ган зам” дууны цоглог аялгуу чимээ шуугианыг даран цог жавхлантай эгшиглэнэ. Өдөрт хэдэнтээ давтагдах энэ дууны дүрсжүүлсэн бичлэгийг шавилхан биетэй, мөнгөн буурал тэргүүнтэй ч гал цог нь огтхон ч буураагүй сэргэлэн нүдтэй нэгэн өвгөн хаяахан ирж харан, амандаа даган аялж саатан зогсдогийг талбайн цэвэрлэгч бүсгүйгээс өөр хэн ч үл анзаарна.
... Уудам орны дундуур
Уул ус говийг гатлаад
Ган зам зурайн гялалзаад
Галт тэрэг хурдалж явна аа...
Энэ л аялгуу амьдралынх нь он жилүүд, учрал тохиол бүрийг эргэн дурсуулж, идэр залуу насны эрч хүч, оргилуун хүсэл мөрөөдлийг эгүүлэн авчрах шиг болно.
Амьдралыг уртаар нь бус агуулгаар нь хэмждэг гэж нэгэн мэргэн ухаантан айлдсан нь бий. Тэгвэл Санжийн Дамбадаржаа хэмээх энэ буурал урт агаад утга төгөлдөр амьдралын замыг туулж яваа хүн. Хорь гаруйхан насандаа эдүгээ мөнхийн зогсоолдоо зогсож өнөөгийн бидний кино, телевизийн дэлгэцнээс л утаа хаялж уухилан давхиж буйг нь харах уурын тэрэгний машинч болж улмаар Замын нэгдүгээр орлогч дарга, орлогч дарга, хэлтсийн даргын нэн хариуцлагатай албанд хичээн зүтгэж мэдлэг чадвар, хөлс хүчээ шавхан хөдөлмөрлөж асан намтар түүх зузаантай ахмад төмөр замчдын нэгэн билээ.
ИХ АМЬДРАЛЫН ОРШИЛ
Тэрбээр, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын уугуул. Таван настай тарлан даахьтай бяцхан хүү Бүгсийн хийдийн номтой гэгдэх Намжил ламд шавь орж, бүтэн “а”, хагархай “га”-гаас эхлэн тангад номыг өдөр шөнөгүй цээжлэн бас ч үгүй цээжтэй банди гэгдэх... Гэсэн ч, лам багшдаа шалих шалихгүй шалтгаанаар торлогдохын аяыг тэсвэрлэж чадалгүй 12 настайдаа хийдээс зугтан хажууханд нь шинээр байгуулагдсан тэнхим “бага сургууль”-д элсчээ.
Төдхөн 1932 оны “эсэргүү” бослого гарч Самбуу дүвчингийн удирдсан шарын цэрэг Төмөрбулаг сумыг идэхэд (Төв суурин газрыг эзлэн түйвээх) тэнхим бутран арчигдав.
Хүү хөдөө гэртээ харьж хонь хурга хариулан шинэхэн сурч эхэлсэн монгол бичгээ нүдлэн үе, үсэг холбосон шиг хаврын урт өдрүүдийг үдэв. Шарын цэрэг Мөрөнгийн хүрээг (Одоогийн Мөрөн хот) идэх гэж хоёр ч удаа довтлоод нутгийн олонд Хар морьтой даргынхаа алдар цуугаар Хар морьтын цэрэг гэж нэрлэгдсэн улаан цэрэгт бут цохигдон ухаан сэхээгүй зугтсаар Төмөрбулаг сумын нутагт орж ирэн сая амсхийжээ. Тэд Шивэртийн голд хуарагнан бага шиг наадам маягийн юм хийж бөх барилдуулан морь уралдуулах зар тараасан нь хохирол багатай зугтан гарснаа тэмдэглэх, нутгийн олны санаа сэтгэлийг засах гэсэн хэрэг биз ээ. Дамбадаржаа хүү хязаалан бор үрээгээ уралдуулахаар наадмын талбайд очсон ч санасандаа хараахан хүрч чадсангүй. Үрээгээ зайдан унасан хүү морины уяа руу дөхөж явтал чанга чанга дуугаран бужигнах хэсэг хүмүүс анхаарлыг нь татаж сониучирхсандаа тэр зүг жолоо залав.
Лам хар нийлсэн буу зэвсэгтэй олон хүн хоёр гараа шилэн дээрээ авч, сөгдөн суусан сумын нэгэн албан хаагчийг тойрон хараал зүхэл болцгооно. Нөгөө эр ч мөчөөгөө өгөхгүй өндөр дуугаар хариу барих аж. Төдхөн олны дундаас зүс үл таних нэгэн лам гарч ирж орхимжныхоо цаанаас хүүхдийн тоглоом шиг жижигхэн буу гаргаж ирэн мөнөөх эрийн ар шил рүү хоёронтоо буудах нь тэр. Нөгөө хүн үхэдхийн унасан ч цусаа савируулан урагшаа нэг хоёр мөлхөх аядахуйд нутгийн олны Гүртэн чойжин хэмээн ихэд хүндэлдэг идэрхэн лам зүүсэн сэлмээ сугалан хоёр далных нь хооронд хүчтэй дүрж гүйцээгээд цус болсон сэлмээ хэн нэгнийх нь ойртуулан өгсөн шар туганд арчиж тачигнатал хөхрөв.
Айж балмагдсан хүүгийн зүрх цээжиндээ багтахгүй дэлдэж, тугалга цутгасан мэт хүндэрсэн хөлөө арай ядан зөөж хэдэн алхам холдоод мориндоо хам хум мордон эргэж харалгүй үсэргэв.
Төдхөн бослого хөдөлгөөн ч дарагдаж орон нутаг амар тайван болохуйд Дамбадаржаа хүү ойр дотныхоо шахалт шаардлагаар хийддээ дахин шавилан суужээ. Эр өсөж эсгий сунахын үлгэрээр арван найман нас хүрч тэр цагийн төр засгийн хуулийн дагуу хар болж эр цэргийн алба хаахаар шар шувтлав.
Гэсэн ч, бурхан багшийн сургаалыг шимтэн судалж буяны үйлсийг дээдлэн явсан хүүхэд насны гэгээн цайлган тэр жилүүд, түүний зан чанарт хүнлэг энэрэнгүй байх их ухаарлын үрийг тарьсан билээ. Дамбадаржаа цэргийн албанд бие жижигдэж тэнцсэнгүй. Их л гомдолтой хоцорчээ. Тэрээр, газар үзэж нүд тайлах гэсэн чин хүсэл, өөрт нь тун шалихгүй санагдах шалтгаанаар цэргийн албанаас чөлөөлөгдсөн хор шарандаа хөтлөгдөн өвөртөө хоёрхон төгрөгтэйгээр Улаанбаатар хотыг зорьж Зам барилгын ангид ажилчнаар элсэв.
Ийнхүү Туул голын хуучин гүүр, Хэрлэнгийн дээд гүүр, Баян-Өндөр-Тамсагбулагийн цэрэг дайны зориулалттай авто замыг барилцан алгаа цэврүүттэл элс хайрга зөөн зүтгэж, бие жижигтэй ч ажилсаг хөдөлмөрч жинхэнэ эр хүн болохоо харуулж чаджээ. Цалин гэж тэр үед тун ч ховорхон байсан аравт, тавьтын далбагар том дэвсгэртүүд гардан залуусын жишгээр өргөн хүрээтэй бүрх малгай халхгар костюм авч өмсөн хөдөөнийхний нүдээ унагадаг халтар манан хөөрөг хармаалж, хэрэндээ л жигтэйхэн ганган амьтан болов. Гэхдээ “Ажил хийвэл ам тосдоно” гэсэн ардынхаа цэц мэргэн үгийн утга учрыг идэр залуу ой ухаандаа тайлан ойлгож чаджээ.
Тэрбээр, хүүхэд, идэр насныхаа эдгээр дурсамжийг ажил амьдралынхаа оршил хэсэг хэмээн нэрлэсэн. Үнэхээр ч түүний туулж өнгөрүүлсэн түүх намтрын арвин баялаг үнэ цэнэтэй зузаан хуудсууд ард нь хүлээж байлаа.
ЗӨӨЛӨН Ч ХАТУУ ХҮН
Нэгэн үе шанам малгай духдуулж, шар орхимж хөдрөн, сан тавьж, маань мэгзэм тэргүүтэй төвд ном дүнгэнэтэл уншин, хонх дамар тачигнуулж асан Дамбадаржаа алс холын алтан Москвад бас л “ном унших” болов. Тэгэхдээ уурын тэрэг хэмээх үлгэрийн юм шиг, урьд өмнө төсөөлж байгаагүй хүчирхэг оньсон хөдөлгүүрт “амьтны” тухай орос ном.
Хувь тавилан түүнийг нарийн төмөр зам гэдэг таньж мэдэхгүй шинэ айлын босгыг алхуулж уурын тэрэгний машинчийн курсэд суулгахаар, гүрэн дамжуулан “шидэж” орхисон нь энэ байлаа.
1940 оны 11 дүгээр сард зургаан сарын курсээ онц дүнтэй дүүргэж эх орондоо ирсэн Дамбадаржааг бусад төгсөгчдийн хамт дахин гурван сарын курсэд суралцуулав. Төгссөний дараа зургаан сар дагалдан тэгээд арайхийн Лапшин хэмээх орос машинчийн туслахаар анхны аялалд гарчээ. Харин тэр ангийнхнаасаа хамгийн түрүүнд машинч болсон гэдэг. 1949 оны 11 дүгээр сард өргөн төмөр зам буюу УБТЗ-ын анхны хэсэг ашиглалтад оров. Шинэ замд мэдлэг чадвар, дадлага туршлагатай, мэргэжилтэн тэр тусмаа монгол мэргэжилтэн алтнаас ч үнэтэй байсан цаг. Нарийн төмөр замын зүтгүүрийн депод техникчийн алба (Одоогийнхоор бол замын ерөнхий инженер) хашиж асан Дамбадаржааг өргөн төмөр замд шилжүүлэх тухай дээд газрын шийдвэр гарлаа.
Ийнхүү тэрээр Зүүнхараагийн уурын тэрэгний депод ашиглалт эрхэлсэн орлогч даргаар томилогдов. Ашиглалт эрхэлсэн нэртэй ч үнэндээ бол засвараа ч хариуцна. Депогийн даргаар Зөвлөлтийн мэргэжилтэн Демьянченко ажилладаг байв.
Чухам энд л хүнтэй ажиллахын дөртэй болсон гэж тэрээр өгүүлсэн. Уг депо уурын тэрэгний нэртэй ч ачааны вагон засварыг бас хариуцдаг байж. Тэгэхээр ажлын хүрээ өргөнтэй гэсэн үг.
Хамт ажиллаж асан нөхөд нь Дамбадаржааг олон таван үггүй, төлөв түвшин зантай, ажилсаг зүтгэлтэй хүн хэмээн үнэлдэг. Тэрбээр, хүнтэй ажиллах өөрийн гэсэн арга барилтай харьцааны соёл өндөртэй, ямар ч үед дуугаа өндөрсгөдөггүй, дутагдал доголдол гаргасан нэгнийг ухааруулж ойлгуулахыг чухалчилдаг байж. Энэ нь мөнөөх бага наснаасаа шашин номын мөр хөөсөнтэй нь холбоотой байж болох. Түүнийг Зүүнхараад цөөн жил ажиллуулаад галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан Замын ерөнхий байцаагчийн орлогчийн хариуцлагатай албанд томилжээ. Түүнийг дүрэм зааврын мэдлэг өндөртэй, нягт нямбай зан чанартайг удирдлагууд олж харсных.
Тэрээр, “Төмөр зам гэдэг чухам л цагийн механизм шиг ажиллаж байх учиртай газар” гэж хэдэнтээ давтсан. Аргагүй л ерөнхий байцаагчийн орлогчийн үг. Энэ албанд зурвасхан хугацаанд ажиллахдаа хөдөлгөөнтэй холбоотой дүрэм заавар, Замын захиргааны шийдвэрийн хэрэгжилтийг яв цав шалгаж “цагийн юм цагтаа” гэсэн зарчмыг ягштал баримталдаг байж. Ямартаа л төмөр замчдаас зөөлөн мөртлөө хатуу хүн гэсэн үнэлгээ авч байхав. Тухайн үед төмөр замын үндсэн үйл ажиллагаа ачилт буулгалт, экспорт, импортын болон орон нутгийн ачаа, зорчигч тээврээр л хязгаарлагдаж байв. Гэсэн ч, 1955 онд л гэхэд 1119.9 мянган тонн ачаа 79.9 мянган зорчигч тээвэрлэж, 20 гаруй сая төгрөгийн ашигтай ажиллажээ. Тээврийн цоо шинэ салбар ийнхүү хөгжиж төмөр замчдын эгнээ шинелээ тайлсан цэрэг эрс, шилбүүрээ тависан малчдаар өргөжив. Яг л 1970-аад оны сүүлчээр дэлгэцнээ гарсан “Газрын жигүүр” кино шиг. Төмөр замын тухай ойлголтоор маруухан, уурын тэрэг утаа савсуулан орж ирэхэд айж зугтах нь холгүй хүмүүст шинэ мэдпэг олгож, ажилд нь сургана гэдэг хүнд бэрх ч сонирхолтой зорилт байлаа. Тэдэнтэй тухайн үед манайд ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтнүүд л жинхэнээсээ тулж харьцах. Шавь нарынх нь боловсрол нимгэний дээр хэл мэдэхгүй. Орчуулагчаар дамжуулах ч орчуулагч нь төмөр замын нэр томъёог мэдэхгүй гацаанд орох ч энүүхэнд. Ийнхүу хүндрэл бэрхшээл түмэнтээ тохиолдовч ажил амьдрал зогсолтгүй урагшилсаар. Ерөнхий байцаагчийн орлогч С.Дамбадаржаагийн ажил ч энэ бүхний дунд өрнөнө.
1956 оны намар Замын намын хорооны бүгд хурал хуралдаж Замын I орлогч дарга А.Цогтсайханыг төмөр замын мэдлэг муутай, хоцрогдсон гэх зэргээр зад шүүмжлэн ажлаас нь өөрчлөх шийдвэр гаргасан аж. Хөл дээрээ тэнцэж ядан байсан төмөр замын ажлын төлөө өдөр шөнөгүй өөрийгөө мартан зүтгэж асан тэр хүн энэ шийдвэрт гомдож, төмөр замын сургуульд суралцуулж өгөхийг Намын Төв Хорооноос хүсчээ.
Тэр үед НТХ-ны I нарийн бичгийн даргаар ажиллаж асан Д.Дамба уг хүсэлтийг хүлээн авч Алма-Ата хот дахь Төмөр замын техникумд суралцуулах шийдвэр гарган, хэлний мэдлэгтэй С.Дамбадаржааг хамт явуулах чиглэл өгөх нь тэр.
Чухамдаа л, аз нь “шовойсон” хэрэг. Ийнхүү Зөвлөлт улсыг хоёрдахь удаагаа зорьж ашиглалтын техникийн ангид суралцаж эхэллээ. Том хүний нөмөр нөөлөг, нэр сүр их болохоор тусгай байранд гэрийн тогоочтой, гэрийн багштай бараг л сайдын зиндааны хангамжтай сурапцаж эхэлсэн аж. Харамсалтай нь Цогтсайхан дарга эхний хагас жилийн амралтаар нутагтаа ирээд буцаж очоогүй гэсэн. Техникумаа амжилттай дүүргэсэн Дамбадаржааг мөнөөх л Зүүнхараагийн уурын тэрэгний депод орлогч даргаар, улмаар хэдхэн сар болгоод даргаар томилов. Тэр үед тус депо Ел, Ес, С, Ок, Ов серийн уурын тэрэгнүүд ачааны вагонуудад засвар үйлчилгээ хийдэг нэлээд ачаалалтай газар байсан ажээ. Анх удаа Монгол хүн тэр тусмаа сайн мэдэх хүн нь дарга болсонд ажилчид ч сэтгэл хангалуун байж. Гэсэн ч ганцхан жилийн дараа Замын I орлогч даргын өндөр албанд томилогдов. Энэ тухайгаа, намар оройн нэгэн өдөр Замын дарга Г.П.Запорожцев утасдаж,
“-Өнөө шөнийн дотор гэрээ нүүлгэн, Улаанбаатарт орж ир. Өөрөө өглөө найман цагт миний өрөөнд бэлэн бай...” гэв. Ямар учиртайг нь лавлахад “Ирээд мэд” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Маргааш нь яаран сандран Замын даргын өрөөнд орвол Замын намын хорооны I нарийн бичгийн дарга С.Болд гуайтай хамт сууж байв. Мэнд усаа мэдэлцсэний дараа С.Болд дарга:
-Чамайг Замын I орлогч даргаар томилох болсон. Одоо надтай хамт явж Улс төрийн товчоогоор орно доо... гэв. Айх ч шиг, сүрдэх ч шиг болж, бараг л хормой чичирч байсан байх. Засгийн газрын ордонд давхиж хүрэхэд харуул нь ёслоод л оруулж байна. Зөвлөлгөөнийх бололтой том өрөөнд зургаар нь таних төдий Улс төрийн товчооны гишүүд ширээ тойроод суучихсан эхэнд нь Ю.Цэдэнбал дарга харагдав.
Бал дарга С.Болд даргын хийсэн товч танилцуулгыг анхааралтай сонсож сууснаа:
-За, нөхөр минь чадна биз хэмээн зөөлөн асуулаа. Би үг хэлэх гэсэн ч хоолой дээр гарч ирсэнгүй тул дэмий л толгой дохив. Дарга урам өгсөн байртай инээмсэглэн:
-За хө, Зөвлөлтийн нөхдийг байхад алзах юу байхав. Сайн ажиллана шүү гэлээ. Ингээд хурал дуусаж, бид ч гарсан даа. Түүнээс хойш ажил төрлийн шугамаар Ю.Цэдэнбал даргатай олон ч удаа уулзсан. Нөгөө л дөлгөөн сайхан зангаараа угтаж оновчтой цөөн асуулт асуухад л, төмөр замын ажлыг асуудал танилцуулсан биднээс ч илүү ойлгож байгаа нь мэдрэгддэг сэн. Үнэхээр эгэлгүй удирдагч байсан шүү” хэмээн хуучилсан. Тэрээр, бас Замын даргаар ажиллаж асан Г.П.Запорожцев, Н.Т.Солодкий нарын тухай халуун дотноор дурссан. “Энэ хоёр хүн УБТЗ-ыг хөгжүүлэхэд бүхнээ зориулж Монголчуудад гүн хүндэтгэлтэй хандан мэдлэг чадвар арга туршлагаасаа харамгүй хуваалцдаг жинхэнэ орос ах нар байж. Хувийн зан чанарын хувьд бол Запорожцев нь элэгсэг дөлгөөн зантай тайвандуу хүн. Солодкий нь зарчимч өндөр шаардлагатай хатуудуу.Тэдний хөдөлмөр зүггэлийг манай төр өндрөөр үнэлж “Сүхбаатарын одон”-гоор шагнасан нь чухам л нүдээ олсон хэрэг байсан” гэж С.Дамбадаржаа гуай өгүүлсэн. 1959-1962 онд социалист хөдөлмөрийн хөдөлгөөн ид өрнөж төмөр замчдын нэр алдар улс орон даяар цуурайтан, төмөр замын тээвэр урьд өмнө байгаагүйгээр эрчимжиж бүтээлч хамт олон бүрэн утгаараа төлөвшиж байлаа.
Тухайн нийгмийг удирдан чиглүүлэгч хүч МАХН-ын ээлжит их хурлаас гаргасан шийдвэрийн дагуу улс ардын аж ахуй, соёлыг 1958-1960 онд хөгжүулэх гурван жилийн төлөвлөгөөний туүхэн он цагуудад тэрээр УБТЗ-ын I орлогч даргын хариуцлагатай албыг хашиж байв. Энэ гурван жилийн дунджаар вагоны ачилт 1957 оныхоос 20.4, вагон буулгалт 29.6 хувь тус тус нэмэгджээ. Нийт тээвэрлэсэн ачаа 1960 онд 3.9 сая тонн болсон нь 1957 оныхоос 25.39 хувиар өссөн хэрэг байв. Зорчигч тээвэрлэлт 1960 онд 1957 оныхоос 2.5 дахин өсөж, ашиглалтын ажилчдын хөдөлмөрийн бүтээмж мөн онтой харьцуулахад 20.8 хувь өсөж, тээврийн нийт ашиг гурван жилийн дүнгээр 270 сая төгрөг болов. МАХН-ын Төв Хороо 1960 оны хоёрдугаар сарын 26-нд 49 дүгээр тогтоолоо гаргаж Наушки-Улаанбаатарын төмөр зам байнгын ашиглалтад орсны арван жилийн ойг мөн оны 12 дугаар сарын 20-нд тэмдэглэхийг УБТЗ-ын нам захиргааны байгууллагад зөвшөөрчээ. Арван жил гэдэг түүхийн тооллоор бол асар богино хугацаа ч төмөр замчдын хувьд хийсэн ажилтай хэлэх үгтэй амжилт бүтээлийн он жилүүд байлаа. Төмөр замын хэмжээнд ой угтсан өндөр бүтээлийн 11 сарын аян эхэлж нөр их ажил өрнөв. 1960 оны эхний 11 сарын ачаа эргэлтийн төлөвлөгөөг 12.7 хувиар давуулан биелүүлж, хөдөлмөрийн бүтээмжийг 17.5 хувь өсгөн, тээврийн өөрийн өртөгийг 11.9 хувиар хямдруулж тээврийн ашгийн төлөвлөгөөг 15.7сая төгрөгөөр давуулсан амжилтаар ойгоо угтав. Нам төрийн дээд байгууллага ч төмөр замчдын зүтгэл хөдөлмөрийг үнэлж, машинч Л.Ойдовням, Социалист хөдөлмөрийн хөдөлгөөнийг санаачлагч инженер Г.Мандах нарт “Хөдөлмөрийн баатар” цол хүртээж, Замын дарга Г.П.Запорожцев, Замын II ангийн бригадын дарга А.Чимидрэгзэн нар Сүхбаатарын одонгоор шагнуулав. Тэдний тодорхойлолтод Замын I орлогч дарга С.Дамбадаржаагийн гарын үсэг дурайж буй. Энэ он жилүүдийн ололт амжилтын гэгээн хуудас бүхэнд түүний нэр хамгийн тодоор бичигдэх учиртай билээ. .
Үүний зэрэгцээ, төмөр замын үндэсний мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх ажил шинэ шатанд гарч ЗХУ-д сургууль төгссөн анхны монгол инженерүүд ажил хэрэгтээ сурч дадлагажин эрийн цээнд хүрлээ. Чухам энэ үед эрхэлсэн ажлаа эзний ёсоор хийж, унтаж амрахаа мартан зүтгэж асан С.Дамбадаржаа Зөвлөлтөд сургууль дүүргэсэн мэдлэг чадвартай авьяаслаг залуу инженер Н.Цэрэнноровт халаагаа өгсөн нь цаг үе, нийгмийн шаардлагыг зөв мэдэрч чадсаных байлаа. Дөчин гурван нас хүрсэн тэрээр мэдлэг боловсролоо дээшлүүлэх шаардлагатай болсныг ухааран дахин суралцахаар шийдвэрлэв. Энэ удаа ЗХУКН-ын ТХ-ны дэргэдэх Намын дээд сургуулийг зорьжээ. “Оросод сурч ханадаггүй, ромбо авч чаддаггүй” хэмээн дотно нөхдөдөө шоолуулж явсан хүн нэг л өдөр сургуулиа төгсөж, улс төрийн дээд боловсролын диплом өвөртөлж, ромбо зүүсээр ирэв.
Түүнийг Замын даргын ашиглалт, авто тээвэр, худалдааны асуудал эрхэлсэн орлогчоор томилов. Мэддэг ажил, дасаж сурсан хамт олон. Энэ он жилүүдэд Монголын төмөр замын дотоодын ачаа тээвэрлэлт тууштай нэмэгдэж Дархан-Шарын голын салбар зам баригдан нүүрс тээвэрлэлт эхлэв. Дотоодын тээвэр ийнхүү нэмэгдсэнтэй холбогдуулан 295, 144, 96 дугаар км-үүдэд шинэ зөрлөг нээгдэж төмөр замын тээврийн үйл ажиллагааны бүтцэд гүнзгий өөрчлөлт орлоо. Өртөөдийг гүйцэтгэж байгаа үүргээр нь зэрэглэх арга хэмжээ авч хөдөлгөөнчдийн цалин хөлсний системд урамшууллын хөшүүрэг нэвтэрч эхлэв. С.Дамбадаржаа энэ бүх үйл явдлын төвд нь ямагт байж мөнөөх л идэвхтэй дайчин, шинийг эрэлхийлэгч бүтээлч зан чанараараа багагүй үүрэг гүйцэтгэсэн. Дараа нь тэрбээр Варшав дахь Төмөр замын олон улсын байгууллагад Монголын төлөөлөгчөөр зургаан жил ажиллав. Ийнхүү төмөр замын төлөө бие сэтгэлээ зориулан зүтгэж асан энэ хүн Замын боловсон хүчин сургалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 1981 онд гавьяаныхаа амралтад гарчээ.
ЗҮГЭЭР СУУДАГГҮЙ ХҮН
С.Дамбадаржаа гуайн гэрт зочлоход юуны түрүүнд хананд хүндэтгэлтэйгээр байрлуулсан Чингис хааны дэлхийн академийн гоёмсог гэрэгэ нүдэнд тусна. Монголын төмөр замын хөгжил дэвшлийн талаар туүхэн, томоохон бүтээл буюу Монголын төмөр замын түүхийг бичсэний учир 1999 онд нэр хүндтэй энэ байгууллагын академич цолыг хүртжээ. Төмөр замдаа анхдагч нь.
Тиймээс түүнийг төмөр замын түүхийн нэвтэрхий толь гэцгээдэг. Нарийн болон өргөн төмөр замын олон арван хүний нэр ус, олон үйл явдлын он сарыг алдаагүй хэлнэ. Тэрээр тэтгэвэрт гарснаасаа хойш Н.Цэрэнноров, Намын хорооны I нарийн бичгийн дарга Д.Чулуундорж нарын саналаар түүхийн музейн эрхлэгчээр томилогдов. Музейн одоогийн барилгыг бариулах, үзмэрийн сан хөмрөгийг баяжуулахад угийн нягт нямбай, ажилч хичээнгүй чанар, төмөр замын түүхийн талаарх өргөн мэдлэг нь үнэлж баршгүй тус дэм болсон гэж Н.Цэрэнноров гуай нэгэнтээ хуучилсан билээ.
1999 онд намайг чуулгад ажиллаж байхад нэгэн өдөр мань хүн хавтастай цаас барьсаар орж ирээд “Тэтгэвэрт гарснаасаа хойш нууц авьяас задарч, шүлэг бичдэг болсон шүү” хэмээн хөгжилтэй инээгээд, “Үүнийг л нэг юм болгож өг” хэмээн дууны үг өгч намайг сандаргасан сан. Юм болгоно гэдэг нь аялгуу оруулна гэсэн үг л дээ. Ингээд би түүнийг хөгжмийн зохиолч С.Батмөнхтэй уулзуулж “Хүрээ хот” нэртэй сайхан дуу мэндэлсэн. Түүнээс хойш хөгжмийн зохиолчидтой хамтран гурван ч дуу бүтээсэн гэнэ. Бас мөнөөх хавтас нь зузаарч 30 гаруй шүлэг бичсэнээ надад уншуулсан. Нэг ном гаргачих санаатай гэж сууна билээ. Ер бусын хөдөлмөрч шургуу зүтгэлтэй энэ буурал төмөр замын түүхийн талаар бас нэг ном бичиж, Замын орлогч дарга В.Отгондэмбэрэлд уншуулахаар өгснөө дурссан. Түүний оюуны хөдөлмөр эртнээс эхтэй ажээ. Аль нарийн төмөр замд ажиллаж байхдаа л шинэ бүтээл оновчтой санал гаргагчдын тэргүүн эгнээнд явдаг байж. 1965 онд Замын дарга Г.П.Запорожцевийн бичсэн “Төмөр замын ерөнхий курс” номыг орчуулан хэвлүүлсэн нь олон жилийн турш үе үеийн төмөр замчдын ширээний ном, гол сурах бичиг болж байв.
Тэрбээр, өөрийгөө зүгээр сууж чаддаггүй дутагдалтай хүн гэж тодорхойлсон.
Ийм дутагдалтай хүн мөдхөн бас нэг бүтээл туурвиж төмөр замчдадаа хүргэх буй за.
Наян зургаан насны сүүдэр зооглосон гэхэд итгэмээргүй хөнгөн шингэн, гэгээлэг энэ буурлын дурсамж бүхэн төмөр замын түүхийг өгүүлдэг.
Л.Сэнгээ МУСГЗ
2006 он "Их нүүдлийн хөтөч" номноос
