Замын III ангийн орлогч дарга Б.Баярцэнгэлийг урьж ярилцлаа. Түүнтэй тогтож сууж ярилцах боломж тун муу юм байна. Учир нь дөнгөж яриагаа эхэлж байтал хэн нэг нь утасдаж, ямар нэгэн асуудлыг шийдэх хэрэг гарна. Удирдах газраас утасдаж, үүрэг даалгавар өгнө. Засварын бригадыг зохион байгуулж ажилд нь гаргана. Цахим хурал зөвлөгөөнд сууна гээд л ажил ер мундахгүй. Тэр бүхний завсраар ярилцлага авах гэж хэчнээн ч удаа оролдов. Залуу хүний эрч, хүч, хүсэл мөрөөдөл дүүрэн түүний яриа уншигчдын маань сонирхлыг татах нь дамжиггүй.
-Юуны өмнө та өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Батмөнхийн Баярцэнгэл гэдэг. Төв аймгийн Зуунмод суманд 1978 онд айлын гурав дахь хүүхэд болж мэндэлсэн. Манай аавыг Дагвацэрэнгийн Батмөнх гэж Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, зураг хөдөлмөрийн багш хүн байсан. Намайг 11 настай, гуравдугаар ангийн хүүхэд байхад бурхан болсон. Манай аавын талын удмынхан жүжигчид, соёл урлагийн мэргэжилтэй хүмүүс байдаг. Хамгийн алдартай нь гэвэл “Хөхөө гэрлэх дөхлөө” гэж киноны гол дүрд тоглосон жүжигчин Д.Дашдаваа гуайг нэрлэх байна. Манай аавын төрсөн ах байсан. Манай ээж Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат Шалцавын Шижээ гэж хүн байсан. Ээж маань 2016 онд талийгаач болсон. Манай ээжийг Төв аймгийнхан бол бариачийн охин гээд андахгүй, уламжлалт эмчилгээний сувилагч хийж байсан. Би эцэг эхээс бол дөрвүүлээ.
-Та тэгэхээр Төв аймгийн 10 жилийн сургууль төгссөн байх нь ээ?
-Тийм ээ. Дунд сургуульд сурч байхдаа чөлөөт бөхөөр хичээллэж, аймгийн болон улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, нутаг орныхоо нэр усыг гаргаж гайгүй сайн барилдаж, цаашдаа спортын хүн болж, тамирчин болно гэсэн зорилготой байлаа. Ингээд намайг аравдугаар ангиа төгсөхөд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цогтбаяр манай “Алдар” нийгэмлэгт тамирчнаар ажиллаач гэсэн хүсэлт тавьсан. Тэгээд би тэнд нэг жил ажиллаж байгаад Улсын Багшийн Дээд Сургуулийн биеийн тамирын ангид элсэн орсон.
-Хэдэн кг-ын жинд барилдаж байсан бэ?
-Анх наймдугаар ангийн хүүхэд байхдаа 54 кг-ын жинд барилдаж эхэлсэн. Энэ жинд олон жил барилдсан. Дараа нь 56 кг, 58 кг, 63 кг-ын жинд барилдаж байгаад 2007 оноос барилдахаа больсон.
- Бөхөөр хэр амжилт гаргасан бэ?
-Хамгийн анх арван жилд байхдаа Сэлэнгэ аймагт болсон Сүхбаатарын нэрэмжит олон хотын тэмцээнд нэг ангийн найз Энхбаяртай хамт оролцож, Энхбаяр маань алтан медаль, би хүрэл медаль авч байсан. Энхбаяр хожим нь Төв аймгийн Биеийн тамир, спорт хорооны ахлах дасгалжуулагч, Улсын шигшээ багийн ахлагч дасгалжуулагч хийж байсан. Дараа нь би Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, Борис Будаевын нэрэмжит олон улсын тэмцээн, Шанхайн олон улсын тэмцээнээс тус хүрэл медаль тус тус хүртсэн. Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд хэд хэдэн удаа түрүүлсэн. Харин энэ ташрамд дурсахад би дөрөвдүгээр курсийн оюутан байхдаа “Тайхар” клубт бодибилдингийн дасгалжуулагчаар давхар ажилладаг байлаа. Надтай хамт хожим гавьяат тамирчин болсон Дорж бас ажиллаж байсан. Бид хэд хамтраад “Монголын мистер” тэмцээнд хамт ордог байлаа.
-За яаж яваад төмөр зам руу орох болов?
-Намайг арван жилд сурч байхад Цэрэндулам гээд багш байсан. Тэднийх манай арын гудамжинд байдаг, би Тогтох-Эрдэнэ, Цог-Эрдэнэ гээд хоёр хүүхэдтэй нь тоглож өссөн юм. Дээд сургуулиа төгсөөд удаагүй байтал Тогтох-Эрдэнэтэй тааралдсан чинь Замын-Үүдэд төмөр замд ажиллаж байгаа гэнэ. Намайг төмөр замд орооч гэж ятгалаа. Ингээд би найзынхаа дэмжлэгээр, бараг л арын хаалгаар шахуу Замын-Үүдэд элсний бригадад дагалдан замчнаар ажилд орсон юм. Ажлын эхний хоёр хоног маш хүнд байсан. Төмөр замаас гармаар санагдсан ч найзынхаа нэрийг бодоод шүд зуугаад ажилласан. Аажимдаа ажилдаа дасаж, 15 хоног ажиллаад байтал урьдчилгаа гэж 27 мянган төгрөгийн цалин авсан. Үүнд учиргүй их баярлаж, ямар их мөнгө вэ, боломжийн юм байна, цаашид ажилладаг хэрэг гээд сэтгэл шулуудсан.
-Таны анхны багш хэн байсан бэ?
-Элсний бригадад элс цэвэрлэхэд нэг их багш шавь гээд байх зүйлгүй. Харин үүний хажуугаар дэр мод солих гэх мэт туслах ажлыг нэлээн хийдэг байсан. Надад дэр модыг ингэж сольдог, чигийг ингэж татдаг гэдгийг анх зааж сургасан хүн бол одоо Замын IV ангийн 14 дүгээр хэсгийн бригадын даргаар ажиллаж байгаа Баянмөнх гэж хүн бий. Бид хамтдаа дэр модоо солиод, нормоо хийгээд явдаг байсан. Харин төмөр замын нарийн мэргэжил эзэмшихэд түлхэж, намайг Замын III ангийн орлогч дарга болтол зааж сургасан багш бол Монгол Улсын гавьяат тээвэрчин Дарьсүрэнгийн Сандаг гуай юм.
-Төмөр замын нарийн мэргэжлийг яаж эзэмшив?
- Тэр үед хэсэг болгоноос нэр авч замчдын конкурсыг зохион байгуулдаг байсан. Шалгарсан ажилтнуудтай замын гэрээ хийж сургуульд сургадаг байсан. Тэр жил хоёр хуваарь ирсний нэгэнд нь би тэнцэж Төмөр замын дээд сургуулийн анхны инженерийн ангид элсэн орж, Замын IV ангитай гэрээ хийж суралцсан. Ингэж сургалтын төлбөрөө даалгаж, дээр нь 50 мянган төгрөгийн стипендтэй оюутан болсон. Дараа нь дөрөвдүгээр курс төгсөхөд 80 мянган төгрөг болж нэмэгдсэн. Гэрээний дагуу зундаа ангидаа очиж ажилладаг байлаа. Гэрээнд нэг чухал “нууц” заалт байсан юм. Төгсөөд ирэхдээ таваас доошгүй хүүхдийг “уруу татаж” авчрах ёстой байлаа. Ингээд би тоо ёсоор таван хүүхдийг татаж, өөртэйгээ нийлээд зургуулаа Замын IV ангид томилогдож ирсэн. Манай ангийн даргаар томилогдоод байсан А.Оргодол дарга биднийг сайхан хүлээж авч, намайг шууд бригадын даргаар, нөгөө хэдийг маань шууд IV зэргийн замчнаар томилсон. Шинээр ажилд томилогдсон тушаалаа аваад гарч ирэхэд үүдэн дээр Д.Сандаг гуай намайг тосож аваад “За миний хүү манай хэсэгт бригадын даргаар томилогдлоо. Одоо чамайг би авч явна даа” гээд хөнжил пүүгээ, цаасан хайрцагтай номыг мааньачаад хөдөлсөн. Ингээд маргааш өглөө нь бид хоёр шууд ажилдаа гарсан. Тэгэхэд Д.Сандаг гуайн надад “За миний хүү бригадын дарга гэдэг чинь өөрийнхөө удирдлагад байгаа арван хэдэн хүнийг ажиллуулсан гээд цалин авч байгаа хүн шүү дээ. Тэд бол чамд ажил хийж өгсөн гээд цалин авч байгаа хүмүүс. Ингэж бодож ажлаа хийж байгаарай” гэж захиж билээ. Би захиасын дагуу ажиллаж эхэлсэн. Одоо ч гэсэн би шинэ төгсөөд ирж байгаа хүүхдүүдээс бригадын дарга, мастер томилохдоо энэ үгийн хэлж, захидаг.
Ингэж шинэхэн төгссөн, нэгэн үеийн залуу инженерүүд бөөнөөрөө нэг газар ажилласнаар хамт олны уур амьсгалд шинэ агаар оруулж, өрсөлдөөн бий болгож, шинэ санал, санаачилга өрнүүлдэг сайн талтай. Удалгүй бид бүгдээрэй мастер, бригадын дарга, инженер, хэсэглэл хариуцсан инженер гэх мэтээр дэвшин ажиллах болцгоосон.
-Таныг анзаараад байхад сургууль соёлоор их олон жил явжээ. Ингэж олон жил халшралгүй суралцахад юу нөлөөлсөн бэ?
-Намайг УБДС-д сурч байх үед зах зээлийн шилжилт дуусаагүй, хэцүү үе байсан. Ээж маань зай завсаргүй ажиллаж байлаа. Би сургуулиа төгсчихөөд “Тайхар” клубт хэсэг багшиллаа. Ингээд эргэн тойрныг ажиглаад “За Баярцэнгэл ээ, ямар дүнтэй төгсөх нь сонин биш. Харин өндөр шаардлагатай байж, өөрөөс шалтгаалах хүч чадал, идэвх зүтгэлээ бүрэн гаргах нь чухал шүү” гэж дотроо бодсон. Би УБДС-ийг төгссөндөө маш баярладаг. Манай сургууль надад суурь хүмүүжил сайн олгож, сэтгэлийн тэнхэл, хат суулгаж өгсөн болохоор цаг хугацааны хувьд алдаагүй гэж боддог.
Ингээд Төмөр замын дээд сургуульд дөрвөн жил суралцаж, Зам, зам барилгын инженер мэргэжил эзэмшсэн. Дараа нь Санкт Петербургийн Зам харилцааны Их Сургуулийн магистрантурт хоёр жил суралцсан. Ерөнхийдөө бүтэн 10 жил өдрөөр суралцсан байна.
-Ингэж олон жил суралцахад төлбөр мөнгөний асуудал хүнд биз дээ?
- УБДС-д өөрийнхөө хоббигоор суралцаж, спортоор хичээллэж “Алдар” нийгэмлэгээс цалинжиж, ээжээсээ дэмжлэг туслалцаа авч байгаад төгсчихсөн. Дараа нь Төмөр замын дээд сургуулийг Замын IV ангийн тэтгэлгээр төгссөн. Харин Санкт Петербургийн Зам харилцааны Их Сургуулийн магистрантурт Путины тэтгэлгээр орж, байр унааны зардлыг маань УБТЗ-аас гаргасан. Тэгэхээр надад тийм их хүндрэл гараагүй. Би маш их азтай хүн.
-Хүн аз хийморь гэж яах аргагүй байдаг. Сургуулиа төгсөөд л шууд бригадын дарга хийсэн гээд бодохоор л?
-Анх намайг бригадын даргаар томилохдоо жирэмсний амралттай хүний оронд түр авсан байж. Гэтэл нөгөө хүн маань ажилд орохоор боллоо. Тэгтэл нэг өдөр манай мастер Д.Сандаг гуай “За миний хүү хоёулаа тайлан өгнө шүү” гэж байна. Урьд нь би тайлан хийж үзээгүй, бичиг цаастай ажиллаж байсангүй. Уг нь манай ангийн төгсөгч Мөнгөнзаяа тайлан гаргадаг байсан юм. “Одоо Мөнгөнзаяагаар хийлгэхгүй ээ, чамаар хийлгэнэ” гэж байна. “За” гэлээ. Нухаж байгаад тайлангаа хийгээд Д.Сандаг гуайд өгтөл “Одоо чи тайлангаа хамгаал” гээд намайг дагуулаад явлаа. Яг ангийн үүдэн дээр очтол нөгөө тайланг Д.Сандаг гуай өөрөө аваад орчихлоо. Гадаа нь хүлээгээд байдаг, харанхуй боллоо, санаа зовоод байдаг, 23 цагт Д.Сандаг гуай гарч ирээд намайг үнслээ. “За миний хүү ажлаа сайн хийгээрэй” гэж байна. Бүүр гайхчихлаа. “Даргын өрөө рүү яваад ор” гэж байна. Замын ангийн дарга А.Оргодол “За чи II хэсэглэлд хэсэглэл хариуцсан инженерээр явна аа” гэж байна. “Дарга аа, би чадахгүй байх аа” гэж хэлтэл “Тэгвэл үхсэнээ хийж дөрвөн жил дээд сургуульд сурсан юм” гээд шууд томилчихсон. Ингээд би тэр хүний итгэл найдварыг би алдахгүйг хичээж ажилласан.
-Ажил удирдаж байгаа хүний одоо гол шинж чанар юу вэ?
-Манай Монголд гурван хүний нэгийг нь удирдагч гэнэ, тэр хүнийхээ үгнээс гарахгүй бол амжилттай байна гэж үг бий. Гэхдээ би өөрийгөө удирдагч гэж боддоггүй. Яахав, анх бригадын дарга болоод 10-15 хүн хариуцаж байсан. Тэднийхээ ажил, амьдралыг хариуцаж, зохицуулах ёстой гэсэн сэтгэлээр ажиллаж эхэлсэн. Дараа нь хэсэглэл хариуцсан инженер болоод 120 хүний асуудлыг зохицуулах ёстой боллоо. Би дандаа ажил ярихгүй, ар гэр, ахуй амьдрал, үр хүүхэд гээд зохицуулах олон асуудал гарч ирнэ. Ангийн инженер болж дэвшихээр гурван, дөрвөн хэсэглэлийн асуудал болж нэмэгдэнэ. Анх арван хэдэн хүн хариуцаж байсан бол одоо 360 гаруй замчны ажил, амьдралыг зохицуулах үүрэг хүлээдэг боллоо. Би тэр олон хүний ажилд шууд орохгүй ч гэсэн тэдний тухай маш сайн мэдэж байх ёстой. Энэ хүнд ямар хүндрэлтай асуудал байна вэ? Түүнийг хэрхэн яаж шийдвэрлэж байгаагаас удирдагч хүний чадвар харагддаг. Хэрвээ тэгэж чадахгүй бол ажилчид маань миний мэдлээс гарна шүү дээ.
Ер нь хүмүүс ар гэртээ ямар нэгэн асуудалгүй амьдрах маш сайхан. Нийгмийн асуудал нь шийдэгдчихсэн байвал хүмүүс ажлаа маш сайхан хийдэг. Би бригадын дарга байхаасаа л замчдадаа “Өглөө надаас битгий чөлөө гуйгаарай, өглөө битгий өвдөөрэй, асуудал байвал урьд орой нь хэлж байгаарай. Учир нь би урьд шөнө нь зааварчилгаагаа бичдэг учраас зохицуулж чадахгүй шүү” гэж хэлдэг.
-Төмөр замын хамгийн гол зүйл нь хөдөлгөөний аюулгүй байдал. Үүнд хөтөлдөг гол зүйл нь юу байдаг вэ?
-Төмөр замын ажлыг мм, секундын зөрүүгүй хэмжиж хийх ёстой. Ингэж мэдрэмжтэй хөдөлгөх хүч нь хүн юм. Ажил хүнд байна, үүнийг би хийхгүй гэвэл ажил явахгүй. Гол нь энэ хүнийг яаж ажиллуулах вэ, яаж дуртай болгох вэ гэдэг сэдлийг ажлыг удирдаж байгаа хүмүүс, Замын ангийг авч явж байгаа хүмүүс төрүүлэх ёстой. Тиймээс өнөөдөр гэхэд л оюутны отрядад ажиллаж байгаа залуучуудыг манайд ирж ажиллаач, бид та бүхнийг сайхан төмөр замчин болгоё гээд санал тавьж байх жишээний. Хүнгүйгээр хэзээ ч ажил явахгүй. Хүн сайн ажиллаж болно, муу ажиллаж болно. Гол нь энэ хүн энэ ажлыг хийж үзээд дуртай байх уу, дургүй болох уу гэдэг нь тухайн үеийн л асуудал, тэр үеийн сэтгэгдлээр шийдэгддэг.
Миний багш Д.Сандаг гуай надад “Замыг сайн заслаа, муу заслаа гэж зам чамд өөрөө хэлэхгүй. Харин өөдөөс чинь хүн үг хэлдэг юм шүү” гэж захиж байсан. Үүнийг би өөртөө зарчим болгож ажилладаг.
Би удам дамжсан төмөр замчин биш. Цаг хугацаа явах тусам удам дагасан төмөр замчин хүүхдүүдийг харахад улам дотно санагддаг. Эмээ өвөө, аав ээжийнхээ мэргэжлийг өвлөөд ажиллаж байгаа дөрөв дэх үеийн төмөр замчин манайд ажиллаж байна. Миний хань ч гэсэн гурав дахь үеийн төмөр замчин. Одоо манай ангид хүний нөөцийн албанд ажиллаж байгаа.
-Шугам замын фэйсбүүк групп дээр Замын даргын үзлэг, Ерөнхий инженерийн үзлэг, Улирлын үзлэг гээд олон шалгалтаа цөөрүүлээч гэж бичээд байдаг. Энэ нь үнэхээр их дарамттай юм уу, ажилд ер нь нэмэр болж байна уу, үгүй юү?
-Шалгалт хийгээд түүний үр дүн заавал гарч ёстой. Миний хувьд хэрэгтэй л гэж үздэг. Бид шалгалтад бэлтгэж аж ахуйгаа эмхэлж цэгцэлж авдаг. Хаа хол Улаанбаатар хотоос ирсэн дарга, удирдлагууддаа хүндрэлтэй асуудлаа үнэн зөв тайлбарлаж чадвал хөрөнгө санхүүг шийдүүлэх бас нэг боломж байдаг. Тийм учраас би үүнийг зөв гэж боддог.
-Та говьд их олон жил ажиллажээ. Сэтгэлд юу уяатай байна вэ?
-Хүнд асуулт байна. Би бол хангайн хүүхэд. Говийн төмөр замд 20 жил ажиллалаа. Энд намайг манай удирдах ажилтнуудын сэтгэл урин дуудсан. Би олон хүмүүстэй ажиллаж байна. Би эндээс хань ижилтэй болж, үр хүүхэдтэй болж, сайхан амьдарч байна. Намайг удирдаж байсан дарга, инженер техникийн ажилтнууд зөв чиглүүлэн залсан учраас л би говьд олон жил болсон болов уу.
-Хоёр ч дээд сургууль төгсчихлөө. Магистраа хамгаалчихлаа. Цаашид эрдмийн зэрэг хамгаалах бодол байна уу?
-Одоо миний хэмжээ болсон байх гэж боддог Учир нь эхнэрийнхээ цаашдын карьерыг харъя гэж бодож байгаа. Намайг дагаж арван хэдэн жил явлаа. Өртөө, зөрлөгийн жижүүр, Замын ангид диспетчер, сүүлдээ замчин хийж явсан. Одоо эхнэрийнхээ саналыг хамгийн түрүүнд харгалзаж үзнэ гэсэн бодолтой байгаа.
-Маш гоё хариулт байна. Ихэнх хүмүүс ингэж хэлдэггүй юм шүү. Амжилт хүсье баярлалаа.
Г.Энхбаатар
