Далантайн Лхагва УБТЗ-ын Замын II ангид 30 жил замчин, сүүлийн зургаан жил тор засагчаар ажиллаад өдгөө гавьяаны амралтдаа гарч байгаа аж. “Иртэй тонгорог” шиг явсан идэр залуу насаа төмөр замдаа зориулж, эргээд дурсах дурсамжтай, ээнэгшин хоргодох хамт олонтой ахмад замчин 36 жилийнхээ түүхийг ийнхүү хүүрнэв.
Тэрбээр, Архангайн Хотонт сумын уугуул аж. Сумандаа дунд сургуулийн наймдугаар ангийг төгсөөд Төмөр замын Техник мэргэжлийн сургуулийн замын ангийн хуваарь авч, анх хотод хөл тавьж байжээ. Оюутны гурван жил нэг л мэдэхэд ард үлдэж, улс орон даяар нийгэм солигдож, хамаг бүхэн эргэж хөрвөж байсан 1990 онд Замын II ангийн энэ л хэсэгт замчнаар хуваарилагдан иржээ.
Арван есхөн настай залууг сургуулиа төгсөөд ирэхэд нь мастер Пүрэвдорж, бригадын дарга Шархүү, Жиха тэргүүтэй хэсгийн хамт олон нь халуун дотноор, сайхан хүлээж авчээ. Хэсгийн мастер нь залуу замчныг туршлагатай ахлах замчин Ө.Ганболдтой багш шавь болгон төмөр замчин болох замд нь дөрөөлүүлжээ. Багшаасаа анх дэр мод солихоос эхлээд замчин хүний хийдэг бүхий л ажлыг нэг бүрчлэн сурч, өдөр өдрөөр ажилдаа дадаж, гараас нь ажил гарахыг харах урамтай сайхан байсан тухай тэрбээр бахархан дурслаа.
Замчны ажил гэдэг мэргэжлийн бус хүнд бол нүх ухах, дэр модны хадаас сугалах гээд их энгийн, бяраар хийчихмээр ажил харагдаж магад. Гэхдээ энэ бол маш нарийн мэргэжил, чадамжийн ажил гэдгийг замчин хүн л мэднэ дээ.
Оюутан байхдаа уртын дадлагад гарч, багагүй ажлын дөр суусан нь ахмадуудын заавар зөвлөгөөтэй хоршиж, хурдан хугацаанд ажилдаа дадахад нөлөөлсөн хэмээн тэрбээр хүүрнэв. Замчин хүн нар салхинд гандаж, цас бороонд цохиулж, халуунд халж, хүйтэнд хөрдөг амаргүй ажилтай ч, ажлынхаа үнэ цэн, үүрэг хариуцлагыг ухамсарлах бүр бахархмаар сайхан ажил юм шүү гэж Д.Лхагва гэж ярилаа. Тийм ч учраас энэхүү ажил мэргэжилдээ үнэнч, тууштай үлдсэн бололтой.
Нийгэм зах зээлд шилжин, дэлгүүрийн лангуу хоосорч амьдрал амаргүй байсан л гэдэг. Гэхдээ тэр он жилүүдэд харин ч манай төмөр замчдын ажил хэвийн үргэлжилж, амьдрал ахуй доройтоогүй юм шүү. Би анх ажилд ороод 300 гаруй төгрөгийн цалин авч байлаа. Цалингаараа бид хоол хүнс, хувцас хунар гээд амьдралын бүхий л хэрэгцээгээ болгоод л байдаг байлаа. Тэр үеийн 300 төгрөг өдгөөгийн хоёр сая төгрөгтэй бараг тэнцэх байх шүү. 1992 онд би гэргийтэйгээ танилцсан юм. Заяаны хань зам дээр гэдэг шиг автобусны буудал дээр нүдэнд дулаахан хөөрхөн охин харцыг минь булааж, араас нь дагаж явсаар долоон буудалд гэрт нь хүргээд танилцаж байлаа. Тухайн үед гэргий маань Эрүүл мэндийн долдугаар төвд ариутгалын сувилагч байлаа.
1993 онд бид гэр бүл болсон. Өрх тусгаарлан гэр бариад хуримаа хийхэд хэсгийн маань 24 хүн бүгдээрээ хүрэлцэн ирж, их сайхан найрлаж билээ. Тэр үе амьдралын минь дурсамжтай сайхан мөч болж үлджээ.
Эхнэр маань 1998 онд мэргэжлээ сольж замчин болсон. Цагаан халадаа, замчны шар хантаазаар солиод төмөр замд 27 жил сум цэвэрлэгчээр ажиллаад 2019 онд хүнд нөхцөлөөр гавьяаны амралтандаа гарсан. Тухайн үедээ төсвийн байгууллагын цалинтай харьцуулахад төмөр замын цалин арай ахиу байсан юм. Тиймээс ч амьдрал ахуйгаа бодож хийсэн сонголт өдгөө бодоход маш зөв шийдвэр байж дээ. Бид хоёр хүүхэдтэй. Хүү минь Дотоод хэргийн их сургууль төгсөөд замын цагдаад ажиллаж байгаа бол охин минь хувиараа хөдөлмөр эрхлээд явж байна. Ах нь хоёр ачтай хэмээн гэр бүлээ даруухнаар товчхон танилцууллаа.
Замчин хүнд байх ёстой хамгийн чухал чанар юу вэ гэхэд “Намайг анх ирэхэд ахмад замчид замаа л сайн харж яв, галт тэрэгний дугуйг сайн анзаарч бай” л гэж их захидаг байсан. Энэ захиас миний ажил, амьдралын хэвшил болж дээ. Замдаа сэтгэлээ өгч, бүх анхаарлаа л замд хандуулж явдаг даа. Залуу байхад ажлаа аархаж хийдэг байлаа. Нэг удаа бид гурвуулаа өдөрт 45 дэр мод сольчихоод, бас болоогүй маргаашийнхаа ажлаасаа дундалъя хэмээн нэмж таван дэр солиод ажлаас бууж байлаа. Нэг нь миний шавь, нөгөө нь ажилд ороод удаагүй жаахан залуу байсан сан. Ганц өдөрт багтаан 50 дэр солино гэдэг ч бас л чанга ажил шүү дээ. Тэр үед эргэж хараад өөрөөрөө бахархах сэтгэл төрж байсан санагдана. Замчны ажил гэдэг бяраар биш эвээр хийдэг ажил даа.
Ажил яг сайхан гарт ороод ирсэн үед ажиллах ч урамтай сайхан шүү. Харин сүүлийн үед хөл минь муудаад тор засагчаар ажиллаж байна.
Ах нь ажилдаа хоёргүй сэтгэлээр зүтгэж ажилласан. Төмөр зам маань ч миний зүтгэлийг үнэлсэн. Залуу байхад байсхийгээд л мөнгөн шагнал хүртдэг байлаа. Түүндээ их урамшина аа. Өдгөө “Тэргүүний төмөр замчин”, “Төмөр замчны алдар” гээд төмөр замынхаа шагналуудыг хүртэж, хайр хүндэтгэлийг нь мэдэрч явна. Өнгөрсөн хугацаанд ах нь таван ангийн дарга, долоо дахь мастерийн үед ажиллалаа. Ингээд тэтгэвэртээ гарч байгаадаа “сэтгэл цалгиж” байна. Харин сайхан хамт олноосоо холдоно гэхээр жаахан хоргодох маягтай байна хэмээн сэтгэлээ уудаллаа.
Залуучууддаа хандаж та юу хэлэх вэ гэхэд тэрбээр “Хариуцлагатай, ажилдаа тууштай зүтгэлтэй байгаарай. Арван хуруугаа хөдөлгөж, хөлсөө дуслуулж олсон мөнгө л үнэ цэнтэй, хүнд хоол болдог юм. Харин арга саам хайж, зүгээр сууж байгаад мөнгө олох гэсэн хөнгөн бодолтой бол хол явахгүй шүү л гэж захья. Яахав, хэдийгээр үнийн өсөлтийг замчдын цалингийн нэмэгдэл гүйцэхгүй, залуу замчдад хэцүү л байгаа. Цалин мөнгө, ажлын хүндээс халшраад залуучууд тогтохгүй ажлаас гарах нь цөөнгүй болж. Гэхдээ энэ цаг зуурын хүнд үеийг давчихвал төмөр замчид маань сайхан амьдрах цаг ойрхон байх гэж боддог. Төмөр замын минь буян их шүү дээ. Өдрөөс өдөрт замчдын ажил хөнгөрч, ажил ажиллагаа багасаж байгаа. Биднийг залуу байхад дан модон дэртэй болохоор дэр мод маш их сольдог байлаа. Одоо төмөр бетон дэртэй болсноор ажил хамаагүй хөнгөрч байгаа шүү. Д.Лхагва “Төмөр замчдын минь үйлс нь өөдөө, галт тэрэг нь хурдан байг” гэж ерөөлийн сайхан үгээ яриагаа өндөрлүүллээ.
Б.Гүнжинлхам
