Ахмад төмөр замчин Очирын Бадамсэд гуай саяхан манай редакциар орж ирлээ. Тэрбээр, 2001 онд тэтгэвэрт гарсан цагаасаа уламжлалт анагаах ухаан, эмийн өвс ургамлын талаарх судалгаа хийж, энэ тухайгаа хэд хэдэн ном бичиж, төмөр замчдадаа бэлэг барьсан хүн билээ. Энэ удаад ч О.Бадамсэд гуай бас л “ганзага дүүрэн” иржээ. “Домчийн увидас” гурван цуврал номоо хэвлүүлж, шинэ номынхоо дээжээс авчирч өгсөн буурал төмөр замчны төрөлх хамт олон, төмөр замчдаа гэсэн чин сэтгэлээр хийж бүтээсэн үйл хэргээс нь товчхон хүргэе.
-Та ер нь яагаад уламжлалт анагаах ухаан, эмийн өвс ургамлыг судалж эхлэв?
-Миний бие 2001 онд өндөр насны тэтгэвэрт гарсан үеэсээ л төмөр замдаа, төмөр замчиддаа хэрэг болох юм хийнэ бүтээнэ гэсэн итгэл сэтгэлээр ажиллаж эхэлсэн билээ. Тухайн үед одоог бодоход эрч хүчтэй байжээ. Овоо ч юм хийж амжуулсан. Гол нь төмөр замчдынхаа эрүүл мэндийг дэмжих чиглэлээр юм хийнэ гэсэн бодолтойгоор ургамлын эмчилгээг сонирхож эхэлсэн. Энэ талын ном сэтгүүл болон мэдээллийн бусад материал цуглуулж, судлан боловсруулалт хийхийн сацуу эмчилгээ, эмнэл зүйн асуудлыг ч бас сонирхон өөрийн болгохын тулд чамгүй цаг зав гаргасан. Надад УБТЗ-ын Төв эмнэлгийн тухайн үеийн удирдлага Бямбасүрэн, С.Еркегул, эмч нараас Бадамханд, Цэрэнжав, Сэржмядаг, Энхбаяр зэрэг олон хүн мэргэжлийн зүгээс ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Ингээд анх “Уламжлагдсан эмчилгээ” номыг 2012 онд, “Настангууд улам урт наслах болтугай” номыг 2014 онд тус тус бичиж хэвлүүлж, төмөр замчдадаа хүртээсэн билээ. Түүнээс хойш бас зүгээр суусангүй. Өмнөх хоёр номоо баяжуулан, хүмүүс хэрэглэхэд илүү хялбар болгон найруулан бичиж, УБТЗ нийгэмлэгийнхээ 75 жилийн ойн өмнө хэвлэхэд бэлэн болгосон боловч мөнгө санхүүгүйн улмаас хэвлүүлж чадаагүй юм.
-Эрүүл мэнд бол хамгийн том баялаг гэдгийг хүн бүр ухаарч эхэлж байна. Яг энэ цаг үед таны ном их хэрэгтэй бүтээл болжээ?
-Нийгэм хөгжиж хүмүүсийн хэрэглээ хязгааргүй болж байна. Үүний нөгөө талд ажлын ачаалал нэмэгджээ. Үүний цаана өвчин үүсэх шалтгаан ч ихсэж, нян вирус нь ч бэхжиж байх шиг байна. Нөгөөтэйгүүр бидний амьдарч буй XXI зуунд амьдрал будлианаар бялхаж, тархи бухимдлаар дүүрч хүмүүс аливаа зүйлсийн сайн муу нөлөөллийг ялгаж салгаж дийлэхгүй болж, өвчин эмгэгт баригдах нь их болж. Энэ маш ноцтой асуудал. Гайгүй байх, болох л байлгүй гэсэн шиг гэнэхэн бодлоо орхиж, хүн бүр эрүүл мэндийн мэдлэгээр өөрийгөө цэнэглэхийг эрмэлзэн биеэ болон оюун ухаанаа энэ асуудалд зориулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зөвхөн эмч нарт, эмнэлэгт биеэ даатгадаг хэвшсэн заншлаасаа татгалзаж, тулгарсан асуудлыг өөрөө шийдэх, өөрийн бие, эрүүл мэнддээ жинхэнэ эзэн нь байж, ирж болзошгүй өвчлөлөөс өөрийгөө хамгаалж сурах хамгийн чухал. Эрсдэлийг урьдчилан тооцоолж, аюулаас тойрч сурах хэрэгтэй. Энэ үүднээс төмөр замчид та бүхэндээ тус дэм болоосой гэсэндээ шинэ номондоо хүний биеийн эрхтнүүд, тэдгээрийн ажиллах зарчмын талаар товч ойлгоц өгч, аливаа өвчний илрэх шинж, тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх, нэгэнт өвчилсөн тохиолдолд хэрэглэх уламжлалт эмчилгээний арга хэлбэрийн талаар оруулахыг хичээлээ.
-Та судалгааны ажлаа төрсөн нутагтаа хийдэг гэсэн байх аа?
-Тиймээ. Би эмчилгээний ургамлаар судалгаа хийж, энэ талаар байгальтайгаа харьцан ажиллах боломжийг бодолцон 2010 оны хавраас өөрийн төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд шилжин суурьшаад 17 жил болж байна. Нутаг хол, дээр нь жил ирэх тусам нас өндөр болж байгаа тул нааш цааш явахаас эхлээд хүндрэл байна. Гэхдээ цаг хугацаа алдалгүй төмөр замчдынхаа хүртээл болгохын тулд “Домчийн увидас” номоо яаравчлан хэвлүүлэхээр шийдэж, хөрөнгө мөнгөний боломж бололцооноос хамааран гурван дэвтэр болгон цувуулан хэвлүүллээ. Номынхоо эхний дэвтэрт зүрх судас, цусны өвчин, мэдрэл сэтгэцийн өвчлөл, дотоод шүүрлийн системд хамаарах өвчлөл, витамины дутагдал, бодисын солилцоо, харшлын өвчнийг хамруулан оруулсан бол хоёр дахь дэвтэрт амьсгалын замын эрхтнүүдийн өвчин, хоол боловсруулах эрхтнүүдийн өвчин, элэг цөсний өвчлөл, бөөр шээсний замын өвчнийг оруулсан ба харин гурав дахь дэвтэрт үе мөчний өвчин, бэлгийн замын болон хүйсийн онцлогийн өвчин, арьсны өвчин, мэдрэхүйн эрхтнүүдийн өвчлөл, хорт хавдрыг илааршуулах боломж зэргийг нийтэд нь багтаан оруулсан болно.
-Төмөр замчид таны номыг хаанаас авч болох вэ?
-“Интерном”, “Азхур” номын дэлгүүрүүдээр зарагдах тул үзэж танилцах боломжтой. Дэвтэр нэг бүрийн үнэ 5000, багцаараа 15000 төгрөг. Төмөр замчид маань байгууллага хамт олноороо захиалж авбал нэг бүрийг нь 3500 төгрөг, багцаараа 10000 төгрөгөөр аваарай.
Төмөр замчид маань [email protected], утас: 96330190, 89115819 дугаарт холбогдож, ном аваарай.
-Танд баярлалаа. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
