Зуны дэлгэр цагийн төгсгөл ирж, хичээл сургууль орохоос өмнө амралт сувиллын эрэлт хэрэгцээ нэмэгддэг билээ. Иймд “Булагтай” сувилалд ахмадууд нийгмийн халамжийн буцаан олголтоо ашиглан хэрхэн амарч сувилуулж болохыг эмч Г.Хонгорзулаас тодрууллаа.
-Булагтай сувиллын үйл ажиллагаа, үйлчилгээний талаар манай уншигчдад танилцуулна уу?
-УБТЗ-ын Төв эмнэлгийн харьяа “Булагтай” сувилал нь анх 1986 онд Төв аймгийн Архуст сумын нутаг “Ноён шанд” гэх газар байгуулагдан өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Улаанбаатар хотоос 130 км зайтай. Сувилал маань доорх эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна. Бариа засал:
Хэсэг газрын бариа, бүтэн биеийн бариа, халуун тосон бариа
• Тогтмол гүйдлийн аппарат (поток) • Цахилгаан соронзон орноор эмчлэх аппарат (искра)
• Хувьсах гүйдлийн аппарат (тенс, хөлийн цахилгаан массаж) • Гэрлийн туяаны аппарат (импра)
• Лазер эмчилгээний аппарат (рикта, милта) зэрэг есөн нэр төрлийн аппаратаар эмчилгээ хийж байна.
Усан эмчилгээ: Таван төрлийн шимт рашааны ванн
-Халгайн ванн: Цусны эргэлт сайжруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй
-Барагшуунтай ванн: Үе мөчний өвдөлт, арьсны асуудалд сайн нөлөөтэй
-Шилмүүстэй ванн: Булчинг сулруулж, сэтгэл санааг тайвшруулдаг
-Далайн давстай ванн:
Арьс болон мэдрэлийн системийг тайвшруулж, стресс бууруулна
-Цайны ванн: Арьсны өнгийг сэргээж, антиоксидант үйлчилгээ үзүүлдэг
Шавар эмчилгээ:
Байгалийн эмчилгээний улаан, цагаан, хар шавар
Хоол эмчилгээ, сувиллын үйлчилгээ үзүүлдэг, мэргэжлийн туршлагатай хамт олонтой байгууллага юм. УБТЗ-ын Төв эмнэлгийн харьяанд 2023 оноос шилжин ирсэн бөгөөд долоо хоног бүрийн Даваа гарагт сувиллын автобус Төв эмнэлгийн зогсоол дээрээс амрагчдаа авч явдаг.
-Шавар эмчилгээгээрээ олны дунд алдартай гэж сонссон?
- Булагтай сувиллын гол онцлог болсон Бөөрөлжүүт нуурын шавар нь судлаачдын томьёолсон эмчилгээний шаврын олон улсын ангиллын шаардлагад нийцсэн дараах шавруудаар үйлчилгээ үзүүлдэг:
Цагаан шавар: Толгойн хаван хөөнгө, тархины даралт, хуян, тархины судасны нарийсал, мэдрэлийн өвчин анагаадаг
Хар шавар: Үе мөч, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин, хоолойн өвчнийг анагаана
Улаан шавар: Харшилын гаралтай бүх төрлийн өвчин эдгээх, эмчлэх увидастай нь батлагдсан байдаг.
-Танай сувиллаар төмөр замчид болон ахмадууд хэрхэн үйлчлүүлэх боломжтой вэ?
-Тус сувиллаар шинжилгээнүүдээ бүрдүүлсэн насанд хүрсэн бүх хүн үйлчлүүлэх боломжтой. Тэтгэврийн насны буюу эмэгтэй 55, эрэгтэй 60 -аас дээш насны иргэд харьяа аймаг, дүүрэг, сум хорооны халамжаасаа 50 хувийн буцаалт авах боломжтой. Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт хамаарахгүйг сануулъя.
-Ямар шинжилгээ өгсөн байх шаардлагатай вэ?
- Биохими, ОАМ, ОАК, хэвлийн эхо, зүрхний цахилгаан бичлэг-ЭКГ үзүүлсэн байх ёстой. Эдгээр шинжилгээг сүүлийн нэг сарын дотор хийлгэсэн бол хүчинтэй гэж үзнэ. Эдгээр шинжилгээг Төв эмнэлэгт эрүүл мэнийн даатгалаараа өгөх боломжтой.
-Төлбөрийн талаар мэдээлэл өгнө үү?
-Долоо хоногийн төлбөр 525000 төгрөг. Сувиллын автобусаар үйлчлүүлэх бол 30000 төгрөг нэмэгдэнэ.
Утас:80704995 дугаараас 08.00-16.00 цагийн хооронд дэлгэрэнгүй мэдээлэл авах болон Төв эмнэлгийн 212 тоот өрөөнд биеэр ирж уулзах боломжтой.
-Баярлалаа
М.Жаргалмаа
