Нүүр Хөндүүр цэг, шүүмж Б.Алтанхуяг: Цалинг хэрхэн нэмэх талаар нэмэлт хэлэлцээр хийж эхэлнэ
Хөндүүр цэг, шүүмж

Б.Алтанхуяг: Цалинг хэрхэн нэмэх талаар нэмэлт хэлэлцээр хийж эхэлнэ

G.Press 19 цагийн өмнө 20 үзэлт 0 сэтгэгдэл

 

Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуягтай уулзаж ярилцлаа.

-Наадмын өмнөхөн УИХ-аар нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулахаар шийдвэр гарлаа. Үүнээс өмнө саналын зөрөөтэй асуудлаар МҮЭ-үүдийн холбооноос байр сууриа илэрхийлж байсан. МТЗ-дын ҮЭ-ийн хувьд ямар байр суурьтай байсан бэ?

-Өнгөрсөн онд УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүн Нийгмийн даатгалын багц хууль болон дагаж мөрдөх журмын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Үүний дараа А.Ариунзаяа гишүүн тэргүүтэй тодорхой гишүүд бас энэ хуульд өөрчлөлт оруулъя гэж санал гаргасан. Ингээд энэ оны зургадугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас УИХ-ын хаврын чуулганд яаралтай горимоор Нийгмийн даатгалын ерөнхий хуульд болон бусад дагалдах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн төслийг МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо нэг бүрчлэн авч үзээд анхан шатны хороодоос санал хүсэлтийг нь авч нэгтгээд, маш тодорхой байр суурь илэрхийлсэн. Үүнд:

Нэгдүгээрт, манай төмөр замчдын нийт ажилтнуудын дийлэнх хэсэг нь ажилладаг хэвийн бус нөхцөл, тэр дундаа хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилтнуудын тэтгэврийн насыг нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд зохицуулалт орсон байсан. Уг нь одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар бол хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмэгтэй ажилтан 50,  хүнд нөхцөлд ажиллаж байгаа эрэгтэй ажилтан 55 настайдаа тэтгэвэрт гардаг байсан бол шинэ хуулийн төсөлд тэдгээр хүмүүсийн насыг үе шаттайгаар нэмэгдүүлээд эмэгтэйг 55-тайд нь, эрэгтэйг 60 настайд нь тэтгэвэрт гаргана гэж тусгасан. Энэ нь галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой өндөр эрсдэлтэй, хүнд нөхцөлд ажилладаг хүмүүсийн хувьд маш хүнд учраас үүнийг МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо эрс буруушааж эсэргүүцлээ илэрхийлсэн.

Хоёрдугаарт, манай Төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны ажилтнууд  нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар 25 жил ажиллаад нас харгалзахгүй шууд тэтгэвэртээ гардаг байсан. Энэ зохицуулалтыг хасна гэж шинэ зохицуулалт орж ирсэн. Энэ хоёр дээр МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо маш хатуу байр суурь илэрхийлж, 2026 оны зургадугаар сарын 25-ны өдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм.

Энэ хэвлэлийн бага хурлын дараа УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаар ахлуулсан ажлын хэсгийг яамдууд болон Нийгмийн Даатгалын Ерөнхий газар, МҮЭ-үүдийн холбоо, МАОЭНХ-ны төлөөллийг оролцуулан өргөн бүрэлдэхүүнтэй байгуулж, яаралтай горимоор ажиллуулсан. Ажлын хэсэг өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 2 хүртэл маш эрчимтэй ажиллаж, талуудын зөвшилцсөний үр дүнд 2026 оны долдугаар сарын 2-ны өдөр  УИХ-аар Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон бусад дагалдах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

-Нийгмийн даатгалын ерөнхий хуульд болон бусад дагалдах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуульд МТЗ-чдын ҮЭ-ийн холбооноос тавьсан санал хэр тусгагдсан бэ?

-Эдгээр хуулийн өөрчлөлтөөр хэвийн бус буюу хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилтнуудын тэтгэврийн насыг хөндөхөө больж, хуучин хэвээр үлдээхээр болсон. Мөн төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны  ажилтан 25 жил ажиллаад тэтгэвэртээ гардгийг хуучнаар нь авч үлдэж чадлаа.

-Шинээр батлагдсан хуульд ямар гол өөрчлөлт орсон бэ?

-Сая батлагдсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд болон бусад дагалдах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан хууль бол өөрөө 2023 онд батлагдсан нийгмийн даатгалын багц хуулийн хоёр дахь шатны реформын хүрээнд хийж байгаа ажил юм. Энэ реформын хүрээнд одоо тэтгэврийн тогтолцоо маань суурь тэтгэвэр, нийгмийн даатгалын сангийн тэтгэвэр, хуримтлалын тэтгэвэр гэсэн гурван шатлалтай болж байна.

Хуулийн өөрчлөлтөөр ажил олгогчийн зүгээс үйлдвэрлэлийн ослын даатгалын санд төлөх шимтгэлийн хувь хэмжээг тодорхой хэмжээгээр бууруулахаар болсон.

Мөн тав хүртэлх ажилтантай, шинээр гарааны бизнес эрхэлж байгаа жижиг аж ахуйн нэгжүүдийн гурав хүртэлх ажилтныг ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөхөөр болж байна. Энэ бол ажил олгогч нарт эдийн засгийн дэмжлэг болохуйц үр өгөөжөө өгсөн шийдвэр боллоо.

Оюутан суралцагчид цагийн ажил хийж байхдаа өөрөө хүсвэл НДШ төлөхгүй байж болно гэх мэт нэлээд өөрчлөлт орсон хууль болж чадлаа.

- Нийгмийн даатгалын ерөнхий хуульд болон бусад дагалдах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслөөр төр засаг, ҮЭ, ажил олгогчдын хувьд хэлэлцээр хийж, зөвшилцөхөд учирч байсан гол бэрхшээл л юу байв, гол саналын зөрүү юу байв?

-Сая болж өнгөрсөн хэлэлцээр, зөвшилцлөөс харахад манай МҮЭ-үүдийн холбоо их мэргэшиж,  маш чадавхтай болжээ. Ялангуяа хэлэлцээрт эрх тэгш оролцож, шударга ёсыг баримталж, маш сайн ажилладагаа энэ богино хугацаанд харууллаа. Энэ удаагийн хуулийн төслийн талаарх хэлэлцээр, зөвшилцлийг хийхэд хамгийн их хүндрэл үүсгэсэн гол хүчин зүйл нь эдийн засгийн нөхцөл байдал. Учир нь нийгмийн даатгалын сан, тэтгэврийн сан, тэтгэмжийн сан, ажилгүйдлийн сан болгоны цаана мөнгөний асуудал яригддаг. Энэ хууль өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2027 оны улсын төсөвт  ойролцоогоор 1.2 их наяд төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай болж байгаа.

Ажлын байрны шалтгаант хүнд нөхцөлийг үүсгээд байгаа хүчин зүйл нь арилаагүй байхад ажилтны тэтгэвэртээ гарах насыг нэмэгдүүлэх нь хууль бус гэдэг дээр ҮЭ хатуу байр суурьтай байсан. Үүн дээр бид зөвшилцөлд хүрэхдээ ямар ч байсан тэтгэвэрт гарах насыг нэмэхээ больё, гэхдээ энэ хүнд нөхцөлийн ажлын байр бий болгоод байгаа тэр шалтгаан хүчин зүйлийг бууруулах Үндэсний хэмжээний стратеги төлөвлөгөө боловсруулъя гэдэг дээр Засгийн газар, МҮЭ-үүдийн холбоо, МАОЭНХ санал нэгдэж ярьсан.

Үүнтэй холбогдуулан өмнө нь өргөн баригдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн төслийг УИХ-ын Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороо эргүүлэн татаж, ирэх намар Засгийн газраас дахин өргөн барихаар боллоо. Энэ хуулийн төсөлд хүнд нөхцөлтэй ажлын байруудтай ажил олгогчдын ажлын байрыг хэвийн болгохын тулд ямар үүрэг, хариуцлага, хөрөнгө оруулалт байх талаар нэмж тусган цогцоор шийдэхээр УИХ-д оруулж ирэх болов уу гэж харж байгаа.

-Сая батлагдсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд болон бусад дагалдах хуулиудад нэмэлт өөрчлөлт орсноор манай төмөр замын зүгээс гарах нэмэлт зардал, хөрөнгө оруулалт хэр байх бол?

- Энэ хамгийн чухал асуудал. Эрсдэл өндөртэй ажлын байранд ажилтныг ажиллуулсныхаа төлөө ослын даатгалын санд зөвхөн ажил олгогч шимтгэл төлдөг. Өмнөх хуулиар цалингийн 0.5 хувь, 1.5 хувь, 2.5 хувиар буюу бага эрсдэлтэй, дунд эрсдэлтэй, өндөр эрсдэлтэй ажлын байр гэдгээр гурван интервалтай шимтгэл төлдөг байсан. Одоо шинэ батлагдсан хуулиар 0.5 хувийг 0.2 хувийн функтээр бууруулж 0.3 хувь, 1.5 хувийг 0.3 хувийн функтээр бууруулж 1.2 хувь, 2.5 хувийг 0.3 хувь функтээр бууруулж 2.2 хувь болгож чадсан. Энэ бол ажил олгогчийн хувьд манай УБТЗ ХНН-ийн зүгээс ослын даатгалын санд төлж байгаа шимтгэлийн төлбөрийг тодорхой хэмжээгээр бууруулж буйгаараа эдийн засгийн хувьд үр өгөөжөө өгч байна. Хамгийн гол нь бид энэ хэмнэсэн хөрөнгөө хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилтнуудынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын байрыг нь сайжруулах чиглэлд зарцуулах нь чухал. Энэ тухай саналаа МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо тун удахгүй ажил олгогч талдаа хүргүүлнэ.

-Хүнд нөхцөл гэхээр л Зүтгүүрийн депод ажиллаж байгаа бүх хүнийг хамруулж авч үздэг байсан. Одоо ялгавартай хандахаар болсон тухай сонсогдсон?

-Хуучин ослын даатгалын санд ажил олгогчийн төлдөг байсан шимтгэлийг байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр нь шууд тогтоочихдог байсан. Жишээлбэл, манай Улаанбаатар татах хэсэг гэхэд мянган ажилтантай байлаа гэхэд шууд бүгдийнх цалингийн 2.5 хувиар тооцоод шимтгэл авчихдаг байсан. Гэтэл Улаанбаатар татах хэсэгт засварчин, машинч, туслах машинч, зааварлагч гэх мэт яг эрсдэл өндөртэй ажлын байрууд бий. Үнэхээр эрсдэл өндөртэй ажлын байранд дээрээ ослын даатгалын шимтгэл төлж болно. Гэтэл нярав, нягтлан гэх мэт эрсдэл багатай оффисын ажилтны орон тоонд ослын даатгал төлөх шаардлагагүй. Ингэж төлөхгүй байлаа гээд тухайн ажилтанд ямар нэгэн хор хохирол байхгүй. Ингэснээр яг зорилтот эрсдэл өндөртэй ажлын байранд ажиллаж байгаа ажилтнууддаа л төмөр зам илүү өндөр шимтгэл төлнө. Бусад ажилтнууддаа энгийн шимтгэл төлдөг болно гэсэн үг. Үүний үр дүнд төмөр замын зүгээс төлөх шимтгэлийн хэмжээ буурч, эдийн засгийн хувьд багагүй үр өгөөж өгнө.

Энэ ташрамд хэлэхэд энэ сард бид Хамтын гэрээнд заасны дагуу хагас жилийн санхүүгийн тайлан гарсны дараа ажилтнуудынхаа цалинг хэрхэн нэмэх талаар нэмэлт хэлэлцээр хийж эхэлнэ.

-Ярилцлагын төгсгөлд нэмж хэлэх зүйл байна уу?

-Бид эрх зүйт төрийн дор амьдарч байгаа. Аливаа хууль тогтоомж хүн болгоны ажил, амьдралд шууд нөлөөлдөг учраас ҮЭ-ийн байгууллага хэрэгжилтэд нь байнга хяналт тавьж ажиллана. Гэхдээ манай ажилтнуудад тодорхой санал, хүсэлт байвал ҮЭ-дээ өгч байгаарай. МТЗ-чдын ҮЭ-ийн холбооноос зохион байгуулж байгаа сургалт, мэдээллүүдэд идэвхтэй оролцож,  ажлын байран дээрх хөдөлмөр эрхлэлтийн харилцааны явцад үүсэж байгаа хүндрэлтэй асуудлуудаа мэдээлж байгаарай. Ингэснээр бид гуравласан тогтолцооныхоо хүрээнд ажлын байран дахь эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд хяналтаа сайжруулж, илүү таатай, аюулгүй, үр дүнтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлж чадна.

- Баярлалаа.

 

Г.Энхбаатар 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.