С.МӨНХ-АЛДАР
/Техникийн бодлого, стандарчлалын албаны дарга, техникийн ухааны магистер/
УБТЗ ХНН 2026 оныг “Байгууллагын хөгжил, бүтээмжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласан. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө байгууллагын хөгжлийн зорилтыг тодорхойлох ёстой. Байгууллагын хөгжлийн зорилт маань Монгол Улсын хөгжлийн зорилттой уялдах учиртай. Монгол Улсын хөгжлийн урт хугацааны стратегийн гол зорилго нь юу вэ? УИХ-аас 2020 оны тавдугаар сард батлан гаргасан “Алсын хараа 2050” хөтөлбөрт Монгол Улсын ойрын 30 жилийн хөгжлийн зорилтыг тодорхойлж, хэзээ, хаана, юу, яаж хийх тухай заасан. Энэ хөтөлбөр дөнгөж хэрэгжиж эхэлж байтал дэлхий дахинд Ковид19 цар тахал гарч, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан “Шинэ сэргэлтийн бодлого” гэсэн хоёр дахь баримт бичгийг 2021 оны арванхоёрдугаар сард УИХ-аас батлан гаргасан. “Шинэ сэргэлтийн бодлого” оор “Алсын хараа 2050” хөтөлбөрийн 2030 он хүртэлх эхний арван жилд хийх нэгдүгээр шатны зорилтыг тодорхойлж, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Эдгээр баримт бичгүүдэд улс орны эдийн засгийг хөгжүүлэх бүх том зорилт, асуудлууд тусгагдсан учраас үүнтэй уялдаж, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны, 2024 2028 оны мөрийн хөтөлбөрүүд гарсан. Эдгээр УИХ-ын болон Засгийн газрын бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэхийн тулд салбарын яамд төлөвлөгөөгөө гаргаж, харьяа байгууллагууддаа чиглэл хүргүүлдэг. Үүнд үндэслэн УБТЗ өөрийн хэтийн төлөвөө тодорхойлж, суурь бүтэц, эрчим хүчээ хэзээ, хэрхэн яаж, сайжруулах, тээх нэвтрүүлэх хүчин чадлаа яаж нэмэгдүүлэх гэх мэтээр нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргадаг.
Дараа нь УБТЗ-аас салбар, алба нэгжүүддээ төлөвлөгөөгөө хүргүүлж, тэд үүн дээр үндэслэн өөр өөрсдийн төлөвлөгөөгөө гаргаж ажилладаг. Ингэж зохион байгуулж, хийсэн ажлынхаа хэрэгжилтийн тайланг шат шатандаа нэгтгэн дүгнээд тухай бүрт Зам тээврийн яам, Засгийн газарт хүргүүлдэг зарчимтай. Ямар нэгэн ажлыг зохион байгуулахдаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заагдсан ажил, төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулах нь хялбар бөгөөд илүү үр дүнтэй байдаг. Өөрөөр хэлбэл бусад яам, агентлаг, байгууллагуудаас дэмжлэг авах, хамтран ажиллах боломжтой юм. “Шинэ сэргэлтийн бодлого”-д “Боомтын сэргэлт” гэсэн хэсэг бий. “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд Төмөр замаар холбох Гашуунсухайт, Ганц мод, Тавантолгой-Цогтцэций төсөл, Төмөр замын сүлжээг шинэчлэн сайжруулах Эрээнцав-Баянтүмэн чиглэлийн төмөр зам, Сүхбаатар-Замын-Үүд чиглэлийн төв коридорын хос замтай болгох төсөл, Шинэ төмөр замын сүлжээ барих Зүүнбаян-Ханги, Чойбалсан Хөөт-Бичигт, Сайншанд-Баруун Урт-Хөөт, Арцсуурь-Нарийнсухайт Шивээхүрэнгийн төсөл, Хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминал байгуулах төслүүд хэрэгжих ёстой. “Байгууллагын хөгжил бүтээмжийг нэмэгдүүлэх жил”-ийн зорилтын арга зүйг боловсруулахдаа УБТЗ ХНН-ийн бодлогын баримт бичиг, төлөвлөлтийг удирдлага болгосон. УБТЗ ХНН-д “2030 он хүртэлх техникийн шинэчлэл, хөгжлийн хөтөлбөр” гэж стратегийн баримт бичиг бий. Баримт бичигт хаана зам тавих, хаана депо байгуулах, хаана шинэ суурьшлын бүс байгуулах гэх мэт бүх асуудлыг төлөвлөсөн байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний 2018 2024 оны төлөвлөгөөг УБТЗ ХНН ийн Ерөнхий хорооны шийдвэрээр баталсан. Энэ төлөвлөгөө хэрэгжиж дуусаад одоо II шатны төлөвлөгөө хэрэгжиж байна.
Монгол, Орос, Хятад гурван улсын баталсан эдийн засгийн коридорын төмөр замын төв шугам байгуулах протоколын дагуу гурван улс тус тусдаа үүрэг хүлээсэн байгаа. УБТЗ ХНН-ийн хувьд 2030 он гэхэд Улаан Үдээс Жинин хүртэл 50 сая тонн ачаа тээвэрлэнэ гэж хэмжээг тогтоосон. 2050 он гэхэд 90 сая тонн ачаа тээвэрлэнэ гэж төлөвлөсөн. Ингэж ирээдүйн төлөв харагдаж байна. Тэгвэл 2030 оны үед 50 сая тонн ачаа тээвэрлэхийн тулд суурь бүтцээ яаж сайжруулах юм, хаана хаана хөрөнгө оруулалт хийх юм, ямар технологи бий болгох вэ? Үүнийг хэрэгжүүлж, хянахын тулд төлөвлөлт хамгийн чухал юм. Энэ удаа “Байгууллагын хөгжил бүтээмжийг нэмэгдүүлэх жил”-ийн зорилтыг тодорхойлохдоо өмнөхөөс өөр зарчим баримталсан Хуучин бид жилийн зорилтуудыг тодорхойлохдоо тухайн жил нь ХАБЭА-ын асуудал анхаарал татаж, осол хохирол их гараад байвал дараагийн жилийн зорилтоо ХАБЭА-ыг бууруулахаар, технологийн зөрчил их гараад байвал дараагийн жилийг технологийн сахилга хариуцлагыг сайжруулахаар төлөвлөдөг байсан. Энэ бол эрсдэл биднийг удирдаад яваад байгаагийн илэрхийлэл, эрсдэлийг бид удирдаж чадахгүй байгааг хэлж байна. Иймд бид сүүлийн 15 жилийн зорилтуудыг судалж үзээд өмнө нь бидэнд тооцоо судалгаанд суурилсан, өөрөөр хэлбэл эрсдэлд суурилсан бүтээмж рүү чиглэсэн ажил дутмаг байжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн. Замын Удирдлагын асуудал хариуцсан орлогч даргын хүрээнд ярилцаад дараа жилийнхээ зорилтыг өмнөх жилд нь тодорхойлдог байя гэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл энэ оны зорилт өмнөх оныхтой яаж уялдах юм гэдгийг системтэй гаргаж, ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг тодорхойлсон баримт бичгээ бүх ажилчдад нээлттэй санал болгодог болсон. Үүний үр дүнд УБТЗ бол Монгол Улсын төмөр замын нүүр царай учраас үйлчлүүлэгч болон хэрэглэгч рүүгээ чиглэсэн, хамтын ажилллагаа дотоод уялдаа холбоогоо сайжруулж, ААН-үүд хоорондоо хамтарч ажилламаар байна. “Хүний нөөц тогтвортой хөгжлийн жил”-ийг үргэлжлүүлмээр байна, үр ашигтай, хүртээмжтэй, бүтээмжтэй, цахим буюу дижиталд шилжиж, цаас үйлдвэрлэхээ багасгаж, удирдлагын зөв тогтолцоотой, аюулгүй байдлыг анхаарсан өрсөлдөх чадвартай байж, ашиг орлого нэмэгдэнэ гэх мэт олон санал гарсан. Анзаарч байхад УБТЗ-ын 2020 оноос хойш гаргасан бүх жилийн зорилтууд менежментийн нэгдсэн тогтолцоо руу хандсан, удирдлагын менежмент, хөдөлмөрийн менежмент, хүний нөөцийн менежмент, бүтээмжийн менежментийг сайжруулахад чиглэгдсэн байна. Энэ нь бүхэлдээ байгууллагын тогтолцоог бэхжүүлэх, шийдвэр гаргагч ажилтан хоорондын харилцааг удирдахад зориулагдсан байна. Иймд 2025 оныг “Хүний нөөц тогтвортой хөгжлийн жил” гэж зарлаж, тодорхой зорилтуудыг авч хэрэгжүүлсэн. Эдгээр зорилт хэрэгжсэнээр дараагийн жилийн зорилтыг тодорхойлох нөхцөл бүрдэж, 2026 оныг “Байгууллагын хөгжил бүтээмжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласан. УБТЗ ХНН-ийн хувьд байгууллагууд харилцан адилгүй хөгжилтэй байна. Уг нь улсын бүртгэл, татварын байгууллагад нэг л бүртгэлтэй байгууллага учраас хамтдаа хөгжих ёстой. Иймд бусад байгууллагуудаасаа яг юунаас нь суралцах вэ гэдгээ тодорхойлоод газар дээр нь очиж суралцах ёстой. Нөгөө байгууллагууд туршлага судлах боломжийг нээж өгөх ёстой. Ингэж байж байгууллагууд маань нэг түвшинд хамтдаа хөгжинө. Ер нь байгууллагуудыг хөгжүүлэхэд ямар суурь боломж байна вэ гэдгийг судлах хэрэгтэй. Бид юу хийх вэ гэж биш, харин ямар үр дүнд хүрэх вэ гэдэг зорилго тавих ёстой. Маш олон, том ажил хийх нь гол биш, харин цөөн бөгөөд үр дүнтэй ажиллах нь чухал. Нөөцөө хэрхэн зөв, оновчтой хуваарилж, ашиглах вэ гэдэг нь чухал.
Ингэснээр жилийн эцэст байгууллагын ажлын байрны нөхцөл сайжирч, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, байгууллагын соёл дээшилж, урт удаан хугацаанд хөгжих чадвар нэмэгдэнэ. “Байгууллагын хөгжил бүтээмжийг нэмэгдүүлэх жил”-ийн зорилтыг хэрэгжүүлснээр,
•Менежментийн нэгдсэн тогтолцоо төлөвшиж, төлөвлөлт, тайлагнал, хяналт-шинжилгээ, үнэлгээний үр нөлөө нэмэгдэнэ.
•Нөөцийн ашиглалт оновчтой болж, бүтээмж, хөрөнгө оруулалтын үр өгөөж нэмэгдэн, гүйцэтгэлд суурилсан удирдлага бэхжинэ.
•Цахим шилжилт эрчимжиж, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт хөгжиж, үйл ажиллагааны автоматжуулалт нэмэгдэн, гар ажиллагаа болон мэдээллийн давхардал буурна.
•Эрсдэлд суурилсан удирдлага төлөвшиж, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо бэхжин, эрсдэлийг урьдчилан илрүүлэх, хянах, урьдчилан сэргийлэх чадавх нэмэгдэнэ.
•Үндсэн үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, найдвартай ажиллагаа дээшилж, хэрэглэгчийн сэтгэл ханамж, байгууллагын өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.
•Байгууллагын урт хугацааны хөгжлийн чадавх нэмэгдэж, нийгмийн бодлого, хүний нөөцийн хөгжил, байгууллагын урт хугацааны хөгжлийн чадавх нэмэгдэнэ.
•Ажлын зохион байгуулалт сайжирч, ажил үүргийн уялдаа холбоо, гүйцэтгэлийн тодорхой байдал нэмэгдэнэ.
•Мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх боломж өргөжиж, хэрэгцээнд суурилсан сургалт, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт тогтмол хамрагдана.
•Цахим шийдэл нэвтэрснээр гар ажиллагаа, тайлагналын ачаалал буурч, ажлын бүтээмж нэмэгдэнэ.
•Аюулгүй ажиллагааны соёл төлөвшиж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадвар дээшилж, ажиллах орчин илүү аюулгүй болно.
•Бүтээлч санал, санаачилгыг дэмжих тогтолцоо бүрдэж, ажилтан өөрийн санал санаачилгаа байгууллагын хөгжилд хэрэгжүүлэх боломж нэмэгдэнэ.
•Нийгмийн баталгаа, ажилтны хөгжлийг дэмжих бодлого хэрэгжиж, сургалт, орон сууц зэрэг дэмжлэгийг үе шаттайгаар хүртэх боломж нэмэгдэнэ. Энэ зорилт, хүрэх үр дүнг хэрэгжүүлэхийн тулд ямар зорилтод түвшинд хүрсэн байх ёстой вэ гэдгийг байгууллага тус бүрээр төлөвлөгөө гаргаж, үйл ажиллагаа зохион байгуулж, хяналт үнэлгээг тухай бүрт нь хийх ёстой.
Засгийн газраас “Чөлөөлье” гэсэн аян өрнүүлж байна. Үүний гол зорилго нь бүтээмжтэй ажиллахад чиглэгдсэн. Тухайлбал, цаас үйлдвэрлэдэгээ больё. Үүнд зарцуулж байгаа цагаа өөр үр дүнтэй ажилд зориулъя гэх мэт зорилт дэвшүүлсэн. Иймд замын хэмжээнд тайлан, мэдээг цаасгүй технологид шилжүүлэхээр ажиллаж байгаа. Одоо цахим төлөвлөгөө тайлангийн программын төсөл байгууллагууд дээр туршигдаад явж байна. Дараа нь холбогдох санал, үнэлгээ авсны дараа 2027 оны нэгдүгээр сараас тушаал шийдвэр гарч, хэрэгжиж эхэлнэ. Тайлан мэдээгээ хэрхэн өгөхийг журмаар зохицуулна. Тэр журамд тайлан гаргах бэлэн цахим загвар бий. Тэр загварын дагуу дээд шатны бүх байгууллагуудад явуулах тайлангаа бөглөөд явуулна. Ингэснээр цаг хугацаа хэмнэж бүтээмжид тулгуурласан тогтолцоо бий болох юм.
