Хүний амьдрал дундуур дүүрэн байвал явах зам чинь өлзийтэй байдаг юм, охин минь. Хэт их халгиж цалгисан хангалуун амьдралд хүн барьц алдаж, амьдралаа үрэх, амь насаа алдах ч тохиолдол бий. Хэтийдсэн шунал хүнийг дотроос нь идэж бардаг жамтай. Шуналгүй хүн гэж үгүй. Ухаантай хүн шуналаа дарж, амьдралын зорилгоо эрхэм болгодог. Амьдралд зовлон, жаргал ээлжилнэ. Зовлон нүүрлэсэн үед бүү сөхөр туулаад барагдахгүй зовлон гэж байдаггүй. Жаргал ирсэн үед бүү эрд, мөнхөд жаргадаг хүн гэж байдаггүй. Мөнгийг олоход ч учир бий, үрэхэд ч учир бий шүү. Уураа битгий урдаа барьж байгаарай. Уурласан хүний ухааны сүв битүүрчихдэг юм. Аливаад ухаанаа дэвсэж сураарай. Зоогийн саваа хүртэл хэт дүүртэл битгий ид. Хэтрүүлж идсэн үед бие амардаггүй, хэтдээ өвчний урхаг болно гэж эмээ минь захьдаг байж билээ. Эргэцүүлээд бодоход эмээгийн зөв байж гэдгийг өдий насан дээрээ л ухаарч байна даа. Залуу байхад эмээгийн хэлсэн үг чихний хажуугаар зөрдөг байж. Бас ч тийм биш юм. Чихний хажуугаар хийсгэчихэлгүй, тархины хаа нэгтээ далдын далд дарж орхиж. Одоо л эргэцүүлж сууна. Залуу байхад бодохоосоо өмнө үйлдэл хийдэг хойно. Бүхэл бүтэн сарынхаа хэрэгцээний бүх мөнгийг шавхаад жигтэйхэн үнэтэй хэтэвч авчихаад хэдэн буудал газар өндөр өсгийттэй гэрээдээ алхаж хүрч билээ. Маргааш нь хөлийнхөө цэврүүнд эм тавьж боочихоод шүд зуугаад өсгийт жийгээд ажил руугаа алхаж л явлаа. Тэгэхдээ хоосон хэтэвчтэй ч сэтгэл цатгалан явж дээ. Одоо бол хэзээ ч тийм үйлдэл гаргахгүй насандаа иржээ. Бүх зүйл цаг хугацаа, хэмжээ хязгаартай ажээ. Чиний хувь заяаны саванд байх ёстой бүхэн цаг нь ирэхээр өөрөө ирдэг л юм билээ. Шунал, атаархлаас ангид бол та дүүрэн амьдарч, тайван нойрсож, амьдралаас аз жаргалыг амтална. Манайхан “Улны цалин...” гээд л амны уншлага шиг шаагих юм. Саяхан нэг ахмад төмөр замчинтай уулзахад залуусын “Улны цалин...” гэдэг үгэнд ихэд эгдүүцэж “Хэдийг олох нь чухал биш, хэрхэн зарцуулахад учир бий дээ. Төмөр замын буян багадахгүй. Би есөн хүүхдээ төмөр замынхаа хүчинд хүний зэрэгт хүргэсэн. Бид ганц ганц модон авдартай л амьдралаа эхлүүлж байлаа. Цалингаа аваад амьдралд хэрэгтэй зүйлсээ чимх чимхээр нь цуглуулсан. 10 аяга авсан ч гэр дүүрчих шиг хичнээн сайхан санагддаг байв. Одоогийн та нар байр, машин, хаус, зуслан, гар утас гээд бүгдийг нь нэг дор авах шуналтай даг шүү. Юм бүхэнд адгана. Даахааргүй их новш хураана. Ядахад л нүүж суухад ч их тээртэй дээ...” гэнэ билээ. Дундуур дүүрэн амьдрахын учрыг ухвал сэтгэлийн ачаа хөнгөрөөд амар амгалантай золгоно доо ... гэх ахмадуудын үгийг эргэцүүлж сууна.
Б.Лхам
