Нүүр Томилолт Өдгөө ч"Бригад аа" хэмээн дуудах нь хүндэтгэл юм
Томилолт

Өдгөө ч"Бригад аа" хэмээн дуудах нь хүндэтгэл юм

G.Press 18 цагийн өмнө 45 үзэлт 0 сэтгэгдэл

Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул Л.Шинэхүү 1976 онд Төмөр замын техник мэргэжлийн сургуулийг төгсөж, Дорноговь аймгийн Өргөн сумын төмөр замын хэсэгт хуваарилагдан иржээ. Тэр үеэс түүний амьдралын зам төмөр замтай салшгүй холбогджээ... Залуу бүсгүй төмөр замын хүнд хүчир ажлыг сонгосон ч хэзээ ч харамсаж байгаагүй гэнэ. Тэр үеийн замчдын ажил өнөөдрийнхөөс тэс өөр. Хамгаалах хувцас, багаж хэрэгсэл хомс, бүхнийг гарын хүчээр хийдэг байжээ. “Тэр үед маск, хамгаалалт сайн байгаагүй. Гэхдээ бид ажлаасаа айж бэрхшээж байсангүй. Хүнд жинтэй багажаар л ажлаа нугална. Сураад авсан байхад төмөр замын ажил үнэхээр сайхан” хэмээн тэрбээр инээмсэглэн өгүүллээ.

 Л.Шинэхүү гуайн төмөр замчны амьдрал зөвхөн ажил хөдөлмөрөөр хязгаарлагдсангүй. Амьдралынхаа ханьтайгаа ч энэ л зам дэрээ учирсан. Замын мастер Д.Жаргалсайхантай ажлын талбарт танилцаж, 1977 онд гэр бүл болж, нэгэн өрхийг нэмжээ . Хань Жаргалсайханых нь ижий аав хоёр ч мөн төмөр замд ажиллаж байсан нь тэдний холбоог улам бат бөх болгожээ. Л.Шинэхүү дөрвөн сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн нэгэн. Тэдний хоёр хүү нь төмөр замд ажиллаж, замчны мэргэжлийг нь өвлөн үргэлжлүүлсээр явна.

Түүний залуу насны хамгийн тод дурсамжийн нэг нь хамт ажиллаж байсан дөрвөн охины нөхөрлөл ажээ. Б.Нямаа, Ш.Должинсүрэн, Н.Эрдэнэчимэг нартайгаа төмөр зам дах анхны жилүүдээ хуваалцан өнгөрүүлжээ. Тэд хамтдаа нэг байранд дөрвүүлээ амьдарч, өглөө эрт ажилдаа гарч, орой нь хамтдаа инээлдэн хөгжилдөж суудаг байв. Тэдний тарьсан мод хүртэл залуу насны дурсамж болон үлджээ. Л.Шинэхүү анхны мастер Н.Дашмаагаа ч талархан дурсаж байв. Анхны мастер нь ажилдаа чамбай, орос хэлийг сайтар эзэмшсэн чадварлаг нэгэн байжээ. Түүний заавар зөвлөгөө  залуу замчин бүсгүйн ажил амьдралд ч их нөлөө үзүүлсэн аж. Тэрбээр ахлах замчин, бригадын даргаар ажиллаж, Замын IV, V хэсгүүдийн ажил үйлсэд ч өөрийн хувь нэмрээ оруулжээ.

“Би чинь бага залуу насандаа говьд ирж ажиллаад, хөгширтлөө амьдарлаа. Одоо нутагтаа очихоороо даардаг болсон байна билээ. Говьдоо ихэд дасчихсан байна аа” хэмээн тэрбээр инээмсэглэн өгүүлнэ. Төмөр зам гэдэг том айл хүний амьдралын мөр, нөхөрлөлийн холбоо, үе үеийн замчдын дурсамжийг холбосон он цагийн хэлхээс юм. Тэр түүхийн нэгэн хэсэгт ахмад замчин Л.Шинэхүүгийн амьдралын 32 жилийн хөдөлмөр, сэтгэлд, дуу хуур шингэн үлджээ. Тэрбээр хамт олныхоо дунд урлаг, соёлын идэвхтэй нэгэн байжээ. Одоо ч хэвээр цангинатал инээж, тод чанга ярьсаар бусад ахмадаа манлайлан, удирдан зохион байгуулж Өргөн сумандаа аж төрж буй.

2025 онд “Соёлын тэргүүний ажилтан” цол хүртсэн нь түүний олон жилийн урлагийн замнал, авьяас хөдөлмөрийн үнэлгээ юм. Залуу насандаа тэрбээр урлагийн соёлын арга хэмжээ хөтөлж, концертын тайзнаа гарч, хамт олныхоо баяр цэнгэлд өнгө нэмдэг байв. Өдгөө ч дуу хуураасаа холдоогүй, дуулсаар явна.

Замын IV анги тухайн үедээ урлаг, соёлын ажил, уралдаан тэмцээнд идэвхтэй оролцдог, нэр хүндтэй хамт олон байжээ. Тухайн үеийн ахмад замчид залуустаа зөвхөн ажиллаж хөдөлмөрлөхийг заагаад зогсохгүй амьдралын ухаан, мэдлэг, хүн байх чанарыг үлгэрлэн зааж байж дээ. Түүний хөдөлмөрийн гарааг эхлүүлэхэд түшиг болсон хүмүүс ч олон байв. Анхны багш, ахлах замчин А.Довдон түүний сэтгэлд тод үлдсэн хүмүүсийн нэг. “Довдон гуай их сайхан хүн байсан. Миний ажил болоод  амьдралын эхлэлд их нөлөө үзүүлсэн” хэмээн өгүүллээ. Цаашлаад Чойжилсүрэн, Ц.Ёндон, Шинэдамба, Жамбалдорж, Д.Санзай, Баатарчулуун зэрэг олон сайхан ахлах мастерын гар дээр ажиллаж, замчны мэргэжлийн нарийн ухаанд суралцжээ.

Замын хэсгүүд солигдож, мастер багш нар өөрчлөгдөж байсан ч нэг зүйл өөрчлөгдөөгүй нь түүний ажилдаа хандах чин сэтгэл байв. Тэрбээр 22 жил бригадын даргаар ажиллажээ. Үлдсэн жилүүдэд нь замчин, ахлах замчин болж, нийт 32 жил төмөр замдаа хүчин зүтгэсэн байна. Бригадын дарга болсон түүх нь ч түүний зориг, итгэлийн илэрхийлэл байв.

Л.Шинэхүү анх 1006 дугаар хэсэгт бригадын даргын ажлыг авчээ. Тухайн үед энэ шийдвэрийг хэлэлцэхээр хурлаар орох болоход МХЗЭ-ийн үүрийн дарга Даваацэрэн түүнийг дуудаж, “Чамайг бригадын дарга болгохоор ярилцсан. Чадахгүй гэж болохгүй шүү” хэмээн захижээ. Л.Шинэхүү “Би чадахгүй” гэж хэлэх бодолтой байсан ч ахмадынхаа итгэлийг дааж “Чадна” гэж зоригтойгоор хэлсэн гэдэг. Ингээд залуу бүсгүй шинэ үүрэг хариуцлагыг хүлээн авч, олон жилийн туршид замчдыг удирдсан бригадын даргаар ажиллав. Бригадын даргын ажил амар байгаагүй нь мэдээж. Ялангуяа, тухайн үеийн замчдын ажил бүхэлдээ л гар ажиллагаатай, хүнд хүчир ажил байв. Гэхдээ Л.Шинэхүү ажлаа зөвхөн шаардлага тавих биш, хүнээ сургах, хүмүүжүүлэх үүрэг гэж ойлгодог байжээ. Түүний гараар хүмүүжсэн Д.Чинзориг, Д.Баянмөнх, М.Батзориг зэрэг залуус замчнаас бригадын дарга болсон нь түүний хөдөлмөрийн  том үнэлгээ юм. Дөрвөн хүүхэдтэй ээж хүний хувьд ажил, амьдралаа зэрэг авч явна гэдэг амаргүй байсан байж таарна. Өглөө эрт хүүхдүүдээ хувцаслаж, цэцэрлэгт нь хүргэж өгөөд, 07:30 гэхэд багажийн сарайг нээсэн байх ёстой. Заримдаа амжихгүй хоцрох үедээ мастерынхаа зэмлэл, шаардлагыг үг дуугүй хүлээж авна. Тухайн үед гэрийн цэцэрлэгт ажилчдынхаа хэдхэн хүүхдийг нэг ажилтан нь хардаг байжээ. Хөдөлмөрийнхөө үр шимээр өдгөө тэр олон шавьтай болжээ. Түүний гараар дамжсан олон замчин өнөөдөр төмөр замын салбарт ажиллаж байна. Д.Чинзориг, Д.Баянмөнх, Д.Алдар, М.Батзориг зэрэг залуус түүний заасан ажлын арга барилыг өвлөн авчээ. Өвлийн хүйтэнд толгой нүцгэн ажилдаа ирсэн залууг хараад, “Малгайгаа өмс. Чихээ хөлдөөчихвөл хэн хариуцах юм” хэмээн загнадаг байсан нь хатуу мэт боловч цаанаа хүний төлөө гэсэн сэтгэл байжээ. “Одоо тэд минь тэтгэвэрт гарах насандаа дөхөж явна. Миний гараар хүмүүжсэн шавь нар ч олон” хэмээн тэр бахдал дүүрэн ярьж суух нь сайхан. Төмөр замын хамт олны нэг сайхан уламжлал нь албан тушаал биш, хүний хөдөлмөрийг хүндэлдэг ёс юм. Түүний шавь нар өнөөдөр ч түүнийг “Бригад аа” хэмээн хүндэтгэн дууддаг нь олон жилийн хөдөлмөр, хүндлэл, нөхөрлөлийн илэрхийлэл гэлтэй. Л.Шинэхүү Н.Даваасүрэн мастерынхаа тухай ярихдаа нүд нь гэрэлтэнэ. “Манай мастер их дөлгөөн, уур уцааргүй хүн байсан. Хүнтэй их эвтэй, уриалгахан. Урлагийн үзлэгт бүх замчдыг хамруулна гэхэд “За тэгье, тэгье” гээд л дэмждэг байсан” хэмээн дурсан ярив. Ийм л хүмүүсийн ачаар төмөр замын ажил зөвхөн ажил хөдөлмөрийн талбар бус ах дүүсийн холбоо мэт халуун дулаан орчныг бүрдүүлдэг.

Л.Шинэхүү гуай 2006 онд "Онц хөдөлгөөнчин” тэмдгээ авчээ. Харин “Хүндэт төмөр замчин”-ыг тэтгэвэрт гарсных нь дараа, Ахмадын байгууллагын 40 жилийн ойн үеэр болсон урлагийн тоглолтод оролцож явахад хүртээсэн байна. Замын IV ангийнхаа 70 жилийн ойд зориулсан урлагийн тоглолтод ч тэр оролцоно. Соёлын тэргүүний ажилтан болсон дөрвөн уран бүтээлч ахмад нийлж, шугам зам дагуу тоглолт хийхээр бэлтгэж байна. Зөвхөн тоглолт бус олон жил хөдөлмөрлөсөн хүмүүсийн дурсамж, залуу үедээ үлдээж буй өв соёл болох нь дамжиггүй. Өдгөө тэрбээр Ахмадын хороондоо ч идэвхтэй нэгэн. Ахмад замчид өөрсдийн хүчээр хийж чадах ажлаа хийх чин хүсэл нь хэвээр. “Бидний хийж чадах ажил байвал хийнэ. Тор бөхлөх, янзлах зэрэг ажлыг хийчихнэ” хэмээн ярьж байсан. Учир нь төмөр замчин хүнд ясны нэг чанар байдаг. Нас ахисан ч ажил хийх сэтгэл зүрх нь хэвээр цохилно. Л.Шинэхүү гуайн амьдрал говийн салхи, ган зам, дуу хуур, хөдөлмөр дөрвийг нэгтгэсэн түүх юм.

 

П.Түмэндэмбэрэл

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.