Нэгэн зорчигч байсхийгээд л вагоны дундуур босон алхаж, ямар нэг юм хайгаад яваад байх шиг холхино. Ажигласны эцэст би түүнийг хулгайч байх нь хэмээн таамаглав.
Наталья Сергеевна 23 жилийн турш галт тэрэгний үйлчлэгчээр ажиллажээ. Энэ хугацаанд тэрбээр зорчигчдоо анхны харцаар л таньдаг туршлагатай болсон байв. Хэн нь шөнөжин шуугиулж, хэн нь илүү хөнжил гуйх, хэн нь хөршөө муулахыг бараг хараад мэдэрдэг байлаа. Түүний зөн совин ер нь ховорхон л алддаг байсан юм. Москва–Эрхүү чиглэлийн галт тэрэг цагтаа хөдөллөө. Наталья бүх вагоноо тойрч, тасалбараа шалгаж, орны цагаан хэрэглэл тараав. Бүх зүйл ердийнхөөрөө үргэлжилж байлаа. Гэтэл шөнө дундаас хойш нэгэн хачирхалтай зүйл анзаарагдлаа. Тавдугаар купенд сууж явсан хар хүрэм, жижиг үүргэвчтэй дөч орчим насны эр купенээсээ гарч ирээд вагоны нэг захаас нөгөө зах хүртэл удаанаар алхав. Цонхны дэргэд хэсэг зогссоноо буцлаа.
Наталья түүнийг зүгээр л нойр нь хүрэхгүй яваа хүн байх гэж бодлоо. Гэвч цагийн дараа тэрбээр дахин гарч ирэв. Дахиад л вагоноор дундуур алхаж, бүүр хагас онгорхой купе бүр рүү өнгийн харж байв.
Ингээд Наталья сэрэмжилж эхлэв. Өглөөний гурван цагийн үед тэр гурав дахь удаагаа гарч ирэхэд Наталья бүр ч ихээр сэжиглэв. Сайхь эр удаанаар алхаж, унтаж буй хүмүүсийн царайг ажиглан, хаалганы дээрх суудлын дугаарыг шалгаж байлаа.
"Хулгайч байна..." гэж Наталья бат нот бодлоо. Иймэрхүү хулгайч нарыг өмнө нь ч харж байсан. Хэний гар утас ширээн дээр байгааг, хэний цүнх түгжээгүйг ажиглаж, бүгдийг унтахыг хүлээдэг хүмүүс.
Тэр өөрийн өрөөний дэргэд мөнөөх эрийг зогсоогоод, -Та ямар нэг юм хайж байгаа юм уу? хэмээн асуулаа. Залуу цочин эргэж харав.
- Үгүй ээ... Зүгээр л алхаж байна.
-Шөнөжин, гурав дахь удаагаа юу? Залуу хэсэг дуугүй болж, харцаа буруулаад, - Нойр хүрэхгүй байна гэв.
Наталья түүнийг анхааралтай ажиглав. Тайван харагдах хэдий ч нүд нь тогтож өгөхгүй байлаа. Согтуу биш, түрэмгий ч биш. Гэхдээ ямар нэгэн зүйл нуугаад байгаа нь илт байв.
-Та өрөө рүүгээ буцаад ороорой. Дахин вагоноор битгий дэмий сэлгүүцээд бай. Хэрэв хэрэгтэй зүйл байвал надад хэлээрэй хэмээн Наталья түүнд анхааруулав.
Эрэгтэй толгой дохин буцав.
Наталья унталгүй хөрш вагоны үйлчлэгч Ирина руу залгав.
-Ира, танайд бүх зүйл тайван уу?
- Тайван. Яасан бэ?
-Манайд нэг сэжигтэй хүн байна. Вагоноор эргэлдээд, хүмүүсийг ажиглаад л байх юм. Танай вагонд орвол шууд над руу залгаарай.
- За ойлголоо.
Натальягийн нойр хүрсэнгүй. Хоёрдугаар купед явсан настай хос, долдугаар купед байсан бага насны хүүхэдтэй ээж, аравдугаар купед суусан оюутнууд... Хэн нь хохирогч болж мэдэх бол гэж бодсоор байлаа.
Өглөө нь өнөөх эр тамхи татан вагон хоорондох тавцан дээр зогсож байв.
Наталья - Та үнэнээ хэлэхгүй бол би галт тэрэгний даргыг дуудна шүү.
Эрэгтэй тамхиа унтраагаад эргэж харав. -Уучлаарай, би хэнийг ч айлгах, юу ч хулгайлах гээгүй.
-Тэгвэл юу хайгаад байгаа юм? Залуу эр хэсэг дуугүй байснаа намуухнаар.
- Би нэгэн хүнийг хайж байгаа юм.
- Хэнийг тэр вэ?
-Вера Ивановна гэдэг настай эмэгтэйг. Гэвч би зөвхөн нэрийг нь л мэднэ. Бас тэр жил бүрийн аравдугаар сарын сүүлээр Москва–Эрхүү чиглэлээр явдаг байсан гэдгийг.
Наталья гайхаж хоцров.
- Яагаад?
Мөнөөх эр гүнзгий амьсгаа аваад, - Хорин таван жилийн өмнө би асрамжийн газрын хүүхэд байсан. Эрхүүд байдаг авга ах дээрээ очиж техникумд сурахыг мөрөөддөг байлаа. Гэвч тасалбар авах мөнгөгүй учраас нууцаар энэ галт тэргэнд суугаад явж байтал, цагдаа намайг бариад буулгах гэж байхад нэгэн эмэгтэй миний миний өмнөөс тасалбарыг төлсөн юм. Тэр эмэгтэй "-Хүү минь, сайн сураарай. Том болоод чи ч бас хэн нэгэнд туслаарай." гэсэн
Наталья юу ч хэлж чадсангүй.
-Би овгийг нь мэддэггүй. Зөвхөн нэрийг нь, царайг нь, бас охин дээрээ Эрхүү рүү явдаг гэж ярьсныг нь л санаж байна. Эрэгтэй халааснаасаа хуучирч үрчийсэн хар цагаан зураг гарган ирэв.
-Энэ юм уу?
-Үгүй. Энэ бол миний ээж. Намайг таван настай байхад нас барсан. Вера Ивановна түүнтэй бага зэрэг адилхан байсан болохоор би мартаж чадаагүй.
Наталья түүний хоолойноос худал хуурмаг зүйл огт олж сонссонгүй.
- Та жил бүр хайдаг юм уу?
- Үгүй. Өнгөрсөн жил анх удаа оролдсон. Олоогүй. Магадгүй өдрөө андуурсан байх гэж бодоод энэ жил дахин яваа юм. Уучлаарай. Би үнэхээр юуг ч хулгайлах гээгүй шүү. Зүгээр л тэр эгчийг олоод "баярлалаа" гэж хэлэхийг хүссэн.
Тэр мөчид Наталья өөрөөсөө ихэд ичив. Тэр хулгайч биш байлаа. Амьдралыг нь өөрчилсөн хүнд талархлаа л илэрхийлэхийг хүссэн нэгэн байжээ.
- Таныг хэн гэдэг вэ?
- Олег.
- Олег, би тэр эмэгтэйг манай вагонд байгаа эсэхийг мэдэхгүй. Гэхдээ чамайг хүсвэл зорчигчдоос сураглаж үзье.
-Танд маш их баярлалаа.
Наталья түүнд цай санал болгож, зорчигчидтой ярилцсаар явлаа.
Зургадугаар купенд дал орчим настай, буурал үсээ боосон туранхай эмэгтэй сууж байв.
-Та цай уух уу?
- Үгүй ээ, охин минь, баярлалаа.
-Хаашаа явж байна. Хол явах уу?
-Эрхүү. Охин дээрээ.
-Та байнга явдаг уу?
- Жил бүрийн өдийд, аравдугаар сарын сүүлээр явдаг юм. Хорин найман жил болж байна даа.
Натальягийн зүрх хүчтэй цохилов.
- Таныг хэн гэдэг вэ?
- Вера Ивановна.
Тэр гүнзгий амьсгаа аваад асуулаа. -Та хорин таван жилийн өмнө нэг хүүд тасалбар авч өгч байснаа санаж байна уу?
Эмэгтэй хэсэг бодсоны дараа инээмсэглэв.
- Санаж байна. Байдгаараа айчихсан, туранхай жаал байсан. Тасалбаргүй явж байхад нь би тасалбар авч өгсөн юм.
- Тэр таныг хайсаар өнөөдөр олжээ.
- Юу?
- Тэр одоо энэ суудлаар явж байгаа. Таныг хайгаад л.
Арваад минутын дараа Олег хаалган дээр зогсож байлаа.
- Энэ үнэхээр чи гэж үү? гэж Вера Ивановна аяархан асуулаа. Олег толгой дохив.
- Би таныг эртнээс олохыг хүсдэг байсан. Гэхдээ яаж гэдгээ мэдээгүй юм.
- Харин одоо олчихлоо шүү дээ. Тэрбээр Олегийг яг л төрсөн хүүгээ тэвэрч байгаа мэт халуун дотноор тэвэрлээ.
- Баярлалаа... гэж Олег шивнэв.
- Би техникум төгссөн. Дараа нь дээд сургуульд сурсан. Одоо инженерээр ажилладаг. Эхнэртэй, хоёр хүүхэдтэй болсон. Энэ бүхэн таны л ач шүү дээ.
Вера Ивановна инээмсэглэн толгой сэгсэрлээ.
-Үгүй дээ, минийх биш. Чи өөрөө их хичээсэн байна.. Би зөвхөн чамд боломж олгосон. Харин чи тэр боломжоо л ашигласан.
Тэд бүтэн цаг гаруй ярилцав.
Наталья хаалганы цаанаас тэднийг харан зогсоод өөрөөсөө ичиж байлаа.
Олег буухын өмнөхөн Наталья түүнээс уучлалт хүслээ.
- Би чамд хэтэрхий ширүүн хандсанд уучлаарай. Олег инээмсэглэв.
-Та зөв зүйл хийсэн. Та зорчигчдоо хамгаалах ёстой. Энэ бол таны ажил хэмээгээд гараа сунган, тусалсанд баярлалаа хэмээв. Наталья гарыг нь чанга атгав.
- Аз жаргал хүсье.
Орой нь Эрхүүд ойртох үед Вера Ивановна Натальяд дөхөж ирээд, - Түүнийг олж өгсөнд баярлалаа.
Наталья инээмсэглэн:
- Үгүй дээ, тэр өөрөө таныг олсон. Би зүгээр л тусалсан юм.
Эмэгтэй цүнхнээсээ жижигхэн цаасан уут гарган түүнд өгөв.
- Ав даа. Гэрийн боов. Замдаа идээрэй.
Наталья уутыг гартаа атгахад сэтгэл нь дулаацах шиг болов.
Боовноос биш... Харин энэ урт галт тэргэнд, танихгүй олон зуун хүний дунд ч гэсэн сайхан сэтгэл, хүнлэг зан оршсоор байдаг гэдгийг мэдэрсэндээ.
Тэр ажлынх нь утга учир зөвхөн тасалбар шалгах, дэг журам сахиулахаас гадна хүмүүсийг дахин уулзуулахад ч оршдог байжээ.
Галт тэрэг зогсов.
Зорчигчид бууж эхлэхэд Вера Ивановна вагоноос бууж түүн рүү гараа даллав.
Наталья ч мөн инээмсэглэн хариу даллав.
Тэгээд тэр буцах чиглэлийнхээ бэлтгэлийг хийхээр вагон руугаа эргэн орлоо.
Орчуулсан Энхбор Дуулга
