Тайланд улсын нийслэл Бангкок хотноо хоёрдугаар сарын 15-ны өдөр болсон Ази тивийн  залуучуудын жюү жицүгийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын баг тамирчид амжилттай оролцсон билээ. Тэр дундаа ахмад төмөр замчин З.Гүенбаатарын зээ охин, нийслэлийн СХД-ийн ЕБ-ын XII сургуулийн аравдугаар ангийн сурагч “Thunder Bjj Academy”, УБТЗ-ын тамирчин Тамирын Эгшиглэн -70 кг-ын жинд хүч сорин өрсөлдөж алтан медалийн эзэн болжээ. Багийн ахлагч Л.Чинзориг “Манай тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, нэг алт, дөрвөн мөнгө, найман хүрэл медаль хүртсэн амжилт гаргалаа” хэмээн мэдээлсэн юм. Тэрбээр, Азийн аварга болж ирснийхээ дараа буюу энэ сарын 22-нд Улаанбаатар хотноо зохиогдсон Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний U18 насны 70 кг-ын жинд дахин аваргалж, алтан медалийн эзэн болжээ.