УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага, Удирдах зөвлөлийн хурлаа энэ сарын 21-нд зохион байгуулж, Удирдах зөвлөлийн дарга Ш.Нямсүрэн, тэргүүн Ц.Золбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга А.Энх-Амгалан тэргүүтэй албаны хүмүүс болон Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүн, бусад салбар зөвлөлийн тэргүүнүүд оролцов. Энэ үеэр тэд 2023 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа тавьж, 2024 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа хэлэлцүүлэн баталлаа. Удирдах зөвлөлийн дарга Ш.Нямсүрэн хурлыг нээж хэлсэн үгэндээ, залуу төмөр замчдын сурч, хөгжих боломжийг бүрдүүлэхийн төлөө үндсэн ажлаа цалгардуулалгүй, чөлөөт цаг, гэр бүлдээ зарцуулах цаг заваа зориулан хичээл зүтгэлтэй ажиллаж байгаа манлайлагч залуустаа талархал илэрхийлээд, “УБТЗ-ын залуус өмнөө тавьсан зорилт бүрээ амжилттай биелүүлж, үр дүн нь гарч байна. Энэ бол бид бүхний хамтын хичээл зүтгэлийн хариу юм. Залуучууд сэтгэлтэй, зүтгэлтэй, идэвх санаачилгатай байгаа учраас Замын удирдлага ч залуу төмөр замчид руугаа чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд өндөр ач холбогдол өгч, бидний үйл ажиллагаанд шаардлагатай санхүүгийн болон бусад дэмжлэг туслалцааг цаг тухай бүрд үзүүлж байгааг энэ ташрамд онцолъё. Нөгөө талдаа бид гишүүддээ үйлчлэх зорилготой ашгийн төлөө бус ТББ. Тийм ч учраас гишүүдийнхээ итгэл найдварыг хүлээж сонгуульт ажил хүлээж авсан л бол цаг баримтлахаас эхлээд сахилга баттай, өөрөө өөртөө шаардлага тавьдаг байх нь чухал. Хэрэв хариуцсан ажилдаа хайнга, салбар зөвлөлөө чадварлаг удирдаж чадахгүй байгаа тохиолдолд үндсэн дүрэмд заасны дагуу хариуцлага тооцох, арга хэмжээ авах эрх нь Хяналтын зөвлөлд бий. Тиймээс залуучуудаа манлайлж ажиллаж байгаа хүмүүс өндөр үүрэг хариуцлагатай, үргэлж үлгэрлэгч нь байгаарай” гэв.
Үүний дараагаар ЗТБ-ын ЕНБД А.Энх-Амгалан 2023 оны үйл ажиллагааны тайлан, гүйцэтгэлийн үнэлгээг танилцуулж, ЗТБ-ын тэргүүн Ц.Золбаатар 2024 оны төлөвлөгөөний төслийг танилцуулж, Хяналтын зөвлөл болон гишүүдээс асуусан асуултад тайлбар, тодруулга өглөө. 2023 онд тус байгууллагын хэмжээнд нийт 34 ажил гүйцэтгэхээр төлөвлөснөөс 21 нь биелж, 13 нь биелээгүй буюу 61.7 хувийн гүйцэтгэлтэй ажиллажээ. Мөн 37 төслийн хүрээнд 53 үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан амжилттай ажилласан байна. Харин 2024 онд сургалт олон нийтийн чиглэлээр 10, гадаад харилцааны чиглэлээр дөрөв, дотоод үйл ажиллагаа 10 гээд нийт 24 ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөснөө Удирдах зөвлөлд танилцуулж, санал асуулга өрнүүллээ. Төгсгөлд нь 2023 онд амжилтай ажилласан залуусаа шагнаж урамшуулсан юм. Үүнд, 2023 оны "Түүчээ салбар зөвлөл"-өөр Замын-Үүд зангилааны салбар зөвлөл тодорлоо. Мөн 2023 оны "Тэргүүний сургагч багш"-аар Г.Бүрэн-Итгэл, "Бүтээлч залуу"-аар Ж.Элдэвсайхан, "Манлайлагч эмэгтэй гишүүн"-ээр О.Ариунбилэг, "Манлайлагч эрэгтэй гишүүн"-ээр Г.Лхагвасүрэн, "Соёл урлаг, спортын шилдэг залуу"-гаар Г.Нямгэрэл нар шалгарав. Энэ үеэр, "Соёл урлаг, спортын шилдэг залуу" Г.Нямгэрэл “Би чөлөөт цагаараа сагсан бөмбөгөөр хичээллэх дуртай. Хамт ажилладаг найз нөхөдтэйгөө 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд удаа дараа амжилт гаргасныг минь үнэлж энэхүү хүндтэй шагналаар шагнасанд баяртай байна. Энэ спортоо төмөр замчин залуусынхаа дунд түгээн дэлгэрүүлэх, цаашлаад улс, олон улсын чанартай тэмцээн уралдаанд УБТЗ-ын нэрийг гаргахын төлөө хичээллэх болно” гэв. Эдгээрээс гадна “УБТЗ-д Залуучуудын хөдөлгөөн үүсэж хөгжсөний 70 жилийн ойн медаль”-аар Б.Азжаргал, Г.Цогтбаатар, Б.Мөнхтулга, Д.Цолмон, П.Баяржаргал нар энгэрээ мялаалгасан юм.
УБТЗ-ын залуус ийнхүү хуучин оныхоо алдааг дүгнэж, амжилтыг бататгаж, шинэ оны зорилтоо тодорхойлсныхоо дараа Зам, тээврийн салбарын “Хөгжлийн зам” зөвлөлөөс зохион байгуулсан шинэ жилийн үдэшлэгт оролцов. Төмөр зам, авто зам, агаарын тээвэр, авто тээвэр гээд тээврийн салбарын манлайлагч залуусыг нэгтгэсэн энэхүү баярын цэнгүүнд төмөр замчин залуус мөн түүчээлэх үүрэгтэйгээр оролцлоо. Тухайлбал, энэ үеэр “Хүндэт төмөр замчин” тэмдгээр Д.Наранбаяр энгэрээ мялаалгаж, А.Туулсайхан, Д.Хорлоо нар ЗТХЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр шагнуулсан амжилттайгаар 2024 оноо угтаж байна.