Нүүр Нийгэм Төмөр замчин залуус үндэсний зөвлөлд дуу хоолойгоо илэрхийлэв
Нийгэм

Төмөр замчин залуус үндэсний зөвлөлд дуу хоолойгоо илэрхийлэв

G.Press 2 жилийн өмнө 99 үзэлт 0 сэтгэгдэл

 

Монгол Улсын хувьд 15-34 насны хүн амыг залуучууд хэмээн албан ёсоор тодорхойлсон. Одоогоор манай улсын нийт хүн амын 28 хувийн дээрх насны иргэд эзэлдэг. Үүний 44 хувь нь нийслэлд, 51.5 хувь нь орон нутагт, 4.5 хувь нь гадаад улс оронд амьдарч байна. Мөн залуучуудын 44.5 хувь нь дотоодын ажиллах хүчийг бүрдүүлдэг. Хөдөө аж ахуйн салбарын 29.8 хувийг, уул уурхайн салбарын 45.2 хувийг нь, барилгын салбарын 44.6 хувийг, харилцаа холбооны салбарын 60.9 хувийг, боловсролын салбарын 34.2 хувийг, эрүүл мэнд, нийгмийн салбарын 40.1 хувийг тус тус 34 хүртэлх насны залуучууд эзэлж байна. “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогодоо Монгол хүний хөгжлийн индексийг 09 үзүүлэлтэд хүргэх зорилтыг дэвшүүлсэн билээ. Улмаар дэлхийн 118 орны залуучуудын хөгжлийн индексийг тодорхойлоход Монгол залуусын индекс 58-д эрэмбэлэгджээ. Тиймээс Монгол Улсын хамгийн том бүлэг болох нийт залуусын хөгжлийг дэмжих, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, санаа бодлыг нь төрийн бодлогын хэмжээнд тусгах зайлшгүй шаардлага тулгарч буй юм.

Чухамдаа энэ агуулгын хүрээнд Залуучуудын үндэсний зөвлөлийн анхдугаар чуулганыг “Youth Mongolia” нэрийн доор энэ сарын 17-нд Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Соёлын яам, Цахим харилцаа холбооны яам, Залуучуудын үндэсний зөвлөлийн ажлын алба, Event.mn цахим платформ хамтран зохион байгуулж буй тус чуулганд Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргийн залуучуудын төлөөлөл оролцсон юм. Чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын илгээлтийг сонордуулав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, ХНХ-ын сайд Х.Булгантуяа, “GO MONGOLIA” Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн дэд тэргүүн, Соёлын сайд Ч.Номин, “E-MONGOLIA” Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар залуучуудын хөгжлийн талаар төрөөс баримталж буй бодлогын талаар илтгэл тавилаа. Түүнчлэн, нийт оролцогчдын дунд залуучуудын хөгжил, түүнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн  билээ.

Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл нь 2021 оны нэгдүгээр тогтоолоороо улсын болон орон нутаг, төрийн бүх шатны байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагуудад залуучуудын сайн дурын үүсэл, санаачилгаар нэгдсэн Залуучуудын хөгжлийн зөвлөлүүдийг байгуулах шийдвэрийг гаргажээ. Одоогийн байдлаар тус зөвлөл байдлаар 21 аймаг, найман дүүрэг, 56 сум, 124 хороо, Төрийн захиргааны байгууллагуудын дэргэд 78, аж ахуйн нэгж, байгууллагын дэргэд 133, сонирхлын гурван зөвлөл, нийт 436 зөвлөл байгуулагдан 7000 гаруй залуусыг нэгтгэн ажиллаж буйг чуулганы зохион байгуулагчид онцолсон юм.

 

Ц.ЗОЛБААТАР:ТӨМӨР ЗАМЧИН ЗАЛУУЧУУД БУСАД САЛБАРЫН ЗАЛУУСТАА ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ БОЛДОГ

 

“Youth Mongolia” чуулганд төмөр замчин залуусаа төлөөлж Залуучуудын төв байгууллагын тэргүүн Ц.Золбаатар нарын найман хүн оролцсон юм. Энэ үеэр Залуучуудын төв байгууллагын тэргүүн Ц.Золбаатараас цөөн асуултад хариулт авлаа.

 

-Залуучуудын үндэсний зөвлөлийн анхдугаар чуулганд төмөр замчин залуусаа төлөөлөн оролцож буйн хувьд ач холбогдлыг нь хэрхэн үнэлэв?

 

-Нэн тэргүүнд залуучуудын санаа бодлыг төрийн бодлого шийдвэрт тусгах замаар тэдэнд тулгамддаг асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага манай улсын хэмжээнд тулгарсан юм байна гэдгийг олж харлаа. Ингэхгүй бол ахмадуудын, эмэгтэйчүүдийн, зорилтот бүлгийн гэхчлэнгээр салбар бүр өөрийн гэсэн хууль эрх зүйн орчин бодлоготой боловч нийгэмд болоод улс орны ирээдүйн хөгжилд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг залуусын асуудал өнөөг хүртэл орхигдож ирсэн. Тиймээс залуучууд өөрсдөө үг хэл, үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж, өмнө нь тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо илэрхийлдэг, идэвхтэй оролцдог байя гэдэг нь энэ удаагийн чуулганы үндсэн агуулга оршиж байна.

 

-УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага шинэчилсэн бүтцээр байгуулагдаад ердөө найман жил л болж байна. Бусад салбарын залуустайгаа харьцуулахад танай байгууллагын зохион байгуулдаг ажлуудын чанар, залуучуудын нь хувь хүний хөгжил хэр багцаанд байна вэ?

 

-Миний хувьд  төмөр замчин залуучуудынхаа дуу хоолой, түүчээлэх хүч болж, нэг санаа зорилгын доор нэгдсэн үеийн нөхдөө би үйл хэргээр нь болоод ур чадвараар нь улсын хэмжээнд тэргүүн эгнээд зүй ёсоор эрэмбэлэгдэнэ гэж боддог. УБТЗ-ын хувьд дээд үеийн ах эгч нар нь залгамж халаа болсон залуустаа зааж сургадаг, чиглүүлдэг, дэмждэг. Замын захиргаа ч залуу ажилтнуудаа хөгжүүлэх чиглэлд маш сайн дэмжлэг үзүүлдэг, үйл ажиллагаанд хамтран оролцдог сайхан уламжлалтай. Дээрээс нь залуус маань өөрсдөө олон нийтийн ажилд маш идэвхтэй оролцдог гээд олон жилийн тогтсон соёлоороо бусад салбараа илт ялгардаг. Энэ ч утгаараа манай төмөр замчин залуусын дуу хоолой Үндэсний залуучуудын зөвлөлд зайлшгүй багтах ёстой.

 

-Залуучуудын байгууллагын ажлын зохион байгуулалтад орсноороо хувь хүнд ямар өгөөж гардаг вэ?

 

-Хэдийгээр залуучуудын байгууллагын санаачилсан олон нийтийн ажилд оролцлоо гээд цалин урамшуулал авдаггүй, зарим тохиолдолд үндсэн ажлаасаа хөндийрлөө гэж бусдад зэмлүүлдэг ч гэсэн тухайн хүн алхам бүртээ сурч, хөгжиж байдаг. Багаар ажиллах, зохион байгуулах, хувь хүний цагийн менежментээ сайжруулахаас эхлээд олон ур чадварыг ямар ч үнэ төлбөргүйгээр олж авдаг. Энэ бол тухайн хүнд очих хамгийн бодитой үр өгөөж нь гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй болов уу.

 

-УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын хувьд үлдсэн хугацаанд ямар үйл ажиллагаа зохион байгуулахаар төлвөлж байна вэ?

 

-Бид одоогоор үйл ажиллагаагаа түр завсарлаад байна. Сонгуулийн үеэр манай байгууллага олон нийт рүү чиглэсэн аливаа ажлыг хумидаг журамтай. Харин гишүүд рүүгээ чиглэсэн дотоод үйл ажиллагаа явдгаараа явж байна. Тухайлбал, “Технологийн шийдэл AI” сэдэвт уралдааныг төмөр замчин залуусынхаа дунд зарласан. Зургадугаар сарын 1-нд уралдаанаа дүгнэнэ. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар техникийн эвдрэл гэмтэл төдийгүй хүний эрүүл мэндийн оношилдог болсон энэ цаг үед дээрх уралдаан болж байгаа нь өндөр ач холбогдолтой. Үргэлжлүүлээд “Эх үрсийн баяр”-т зориулсан үйл ажиллагаа зохион байгуулна.

 

Б.Дэлгэрхишиг

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.