УБТЗ-ын Худалдааны албаны хамт олон 2023 он гарснаас хойш 122 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна. Энэ нь ашгийн үзүүлэлт сүүлийн хоёр жилд өмнөх онуудаасаа 40 хувиар үзүүлэлт юм аж. УБТЗ-д ийм хэмжээний ашгийг оруулахад үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байгаа “Худалдагч нарын анхдугаар зөвлөгөөн”-ийг өчигдөр буюу Даваа гарагт Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд УБТЗ-ын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга А.Батболд, Худалдааны албаны дарга Б.Анхбаяр нарын албаны хүмүүс болон Дархан, Улаанбаатар, Сайншанд худалдааны төвийн худалдагч нар оролцсон юм.
Замын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга А.Батболд зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ төмөр замын худалдааны салбарын түүхийг бүтээлцэж ирсэн ахмад, дунд залуу үеийн төлөөлөл болон тэдний ар гэрийнхэнд мэндчилгээ дэвшүүлээд, “Төмөр замын худалдагч гэдэг хувь хүнээс багагүй тэвчээр, авхаалж самбаа, ур ухаан шаарддаг ажил. Нөгөө талаасаа байнгын хүнд нөхцөлд ажиллаж байгаа төмөр замчдыг эрүүл, аюулгүй, баталгаатай хүнсээр хангах нь их буянтай үйлс. Өнөөгийн хэцүү бэрх цаг үед төмөр замчид тэр бүр бэлэн мөнгөөр худалдаа хийгээд байж чадахгүй. Цалингаа авах хүртэлх хугацаанд зээлээр худалдан авалт хийнэ. Зээлийн тодорхой лимит байдаг ч хүний амьдрал учраас лимитийг хэтрүүлэх тохиолдол ч бишгүй гардаг. Гэвч эцсийн дүндээ хариуцлага нь худалдагч дээр ирдэг. Нэг талаасаа захиргаа, нөгөө талаас төмөр замчид гээд худалдагчид амаргүй нөхцөлд ажиллаж байна. Тийм ч учраас энэ салбарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр сүүлийн жил гаруй хугацаанд Замын захиргаа онцгой анхааран ажиллаж байна. Үр дүнгүүд нь ч эхнээсээ гарч байгаа. Гэхдээ цаг үеийн энэхүү сорилтыг амжилттай даван туулахад дарга удирдлагууд гэхээсээ илүүтэйгээр эгэл жилийн худалдагч та бүхний идэвх санаачилга чухал юм. Эдийн засгийн хүндрэл бол цаг зуурын асуудал. 2030 он гэхэд Монгол Улсын эдийн засаг наад зах нь хоёр дөрөв дахин тэлэх, 2050 онд 16 дахин нэмэгдэх төлөвтэй байгаа. Энэ бол хийсвэр тоо бус олон эрдэмтний тооцоо судалгаанд үндэслэн гаргаж, улсын бодлогын хэмжээнд дэвшүүлсэн баримт” гэв.
Мөн энэ үеэр УБТЗ-ын худалдааны албаны дарга Б.Анхбаяр салбарынхаа хэтийн зорилтын талаар илтгэл хүргэж, худалдагч нарт тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар чөлөөт хэлэлцүүлэг өрнүүллээ.
