Нүүр Дугаарын сурвалжилга Төмөр замчин бүсгүйчүүдийн диваажин
Дугаарын сурвалжилга

Төмөр замчин бүсгүйчүүдийн диваажин

G.Press 6 сарын өмнө 75 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Эмэгтэй хүн ямар үед хамгийн жаргалтай байдаг вэ?

Уншигчид маань дээрх асуултад янз бүрээр хариулах бизээ. Гэхдээ “хайрлагдсан эмэгтэй” гэдэгтэй олонх нь санал нийлэх байх. Тэгвэл төмөр замчин бүсгүйчүүдийг хайр халамжид бөмбөрүүлэх нэгэн газрыг зорин очлоо.

Энэ бол Зорчигчийн вагон депогийн харьяа “Balance health wellness center юм. УБТЗ ХНН “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг хангах жил”-ийнхээ хүрээнд төмөр замчин бүсгүйчүүддээ зориулан энэ төвийг өнгөрсөн зургадугаар сард нээснийг манай сонин тухайн үед мэдээлсэн. Харин одоо эмчилгээ, үйлчилгээнийх нь талаар уншигчдадаа дэлгэрэнгүй танилцуулахыг зорилоо.

Үүдээр нь ороход л цэвэр цэмцгэр орчин, намуухан хөгжим, анхилам үнэр угтах ажээ. “Эмэгтэйчүүдийн сэргээн засах эмчилгээний тасаг” нэртэйгээр үүдээ нээсэн тус төв өдгөө “Balance health wellness center гэх нэртэй болжээ. Төвийн эрхлэгч Д.Пунсалмаа угтан авч, эмчилгээ сувилгааны тасаг, тоног төхөөрөмж, үйлчлүүлэгчдийн хэвтэн эмчлүүлэх өрөө тасалгааг үзүүллээ.

Бүх зүйл нь шив шинэхэн... Тохь тух, өнгө үзэмж, интерьер дизайн гээд ярих юм алга, тансаг. Дээр нь сэргээн засах эмчилгээний хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжүүдээр тоноглож, эрүүл мэнд, гоо сайхны цогц үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн багийг бүрдүүлснийг харахад энэ төслийг санаачилсан УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан, Хүний нөөцийн албаны дарга С.Цэвээндорж тэргүүтэй Эмэгтэйчүүдийн зөвлөлийнхөнд, санхүүжилтэд гар татаагүй Замын удирдлагуудад, бүтээн байгуулалтыг хийсэн багийнханд өмнөөс талархахаас аргагүй.

Хэдийгээр Зорчигчийн вагон депогийн харьяанд гэгдэх ч энэ төвийн үүд УБТЗ-д ажиллаж буй 6500 орчим бүсгүйд нээлттэй шүү гэдгийг дуулгахад таатай байна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд нээлтийн үеэр эрхийн бичгээр шагнуулсан 100 эмэгтэйн 60 гаруй хувьд нь үйлчилжээ. Анхны үйлчлүүлэгчид нь тун сэтгэл ханамжтай байсныг төвийн эрхлэгч баяртайгаар танилцуулав. Аравдугаар сарын 1-нээс төмөр замын салбар нэгжүүд эмэгтэй ажилтнуудаа тус төвөөр үйлчлүүлэх эрхийн бичгээр шагнаж эхэлсэн гэдгийг ч дуулгав.

 

Хайр халамжинд бөмбөрөх тав хоног

 

Төмөр замчин бүсгүйчүүд даваагаас баасан гарагийн хооронд өдрөөр болон хоногоор эрүүл мэнд, гоо сайхны цогц үйлчилгээ авах боломжтой. Гол нь эмчилгээ сувилгааг таван өдөр, эсвэл таван хоногоор үзүүлэх аж. Ингэж байж үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, гоо сайханд бодит үр дүн гардаг гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна билээ. Сэргээн засахын их эмч, клиник хоол зүйч, таваас дээш жилийн туршлагатай бариа засалчдаас бүрдсэн хамт олон, танд 12 төрлийн физик эмчилгээ, мэдрэл булчин бариа засал, гоо заслын төхөөрөмж ашиглан үзүүлж буй  үйлчилгээнээс сэтгэлд хүрсэн үр дүн гарах нь тодорхой.

Тодруулбал, сэргээн засах физик эмчилгээ, хөдөлгөөн засал буюу иог, эмчилгээний хоол засал, гоо засал, бариа засал гэсэн төрлүүдээр үйлчилгээ үзүүлдэг юм байна.

Тэр дундаа тунгалгийн судас, мэдрэл, согог заслын бариа, хүзүү нурууны суулт, шохойжилт зэрэг мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг бууруулах эмчилгээний бариа заслууд нь үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээгээд байгаа аж.

Гол нь өвчлөлийн суурь шалтгааныг эмчлэх тоног төхөөрөмжүүд ашиглаж байгаа учраас үр дүн нь өндөр байгаа аж.

Төмөр замчдын ажлын нөхцөл хүнд. Тэр тусмаа бүсгүй хүний турьхан мөрөнд ахадмаар ачаа цөөнгүй. Алслагдсан өртөө, зөрлөгийн бүсгүйчүүд санаан зоргоор хотод ирж эмчлүүлж, сувилуулаад, гоо сайханд орох боломж, цаг зав хомс. Бүсгүйчүүд минь эрүүл мэнд гоо сайхны цогц үйлчилгээнд оръё гэвэл хэдэн газраар дамжиж, хичнээн мөнгө төгрөг зарцуулдгийг бид мэднэ. Тэгвэл шугам замын бүсгүйчүүд маань энэ төвд ирээд хүссэн бүх үйлчилгээгээ нэг дороос зах зээлийн үнээс даруй 50-60 хувь хямдаар авах боломж бүрдсэнийг дуулгахад нэн таатай байна. Жишээ нь, бариа засал, сэргээн засах тоног төхөөрөмжүүд, иог буюу хөдөлгөөн засал, эмчилгээний өдрийн гурван хоол, гоо сайхны талаасаа нүүрний иллэг, массаж, үсний спа, маникюр, педикюр, вакс гэх мэт... Энэ төвийнхөн” Бүсгүй та тав хоног өөртөө цаг гарга!

Бусдыг нь бидэнд даатга” гэж байна билээ шүү. Үүнээс гадна ажилтай бүсгүйчүүдээ бямба гарагт 10.00-17.00 цагийн хооронд өдрийн эмчилгээ, саун, гоо сайхан, бариа заслаар үйлчилж байгаа юм байна.

 

Эмчилгээ үйлчилгээний бодит үр дүн

 

Энэ төвийн анхны үйлчлүүлэгчид ямар сэтгэгдэлтэй гарсныг сонирхлоо.

Өдрийн эмчилгээний гурван хоол, хордлого тайлах детокс (ногоо жимсний шүүс) хөтөлбөртэй тул тав хоногийн дотор бүсгүйчүүдийн маань биеийн хаван нь хөөгдөж, хордлого нь тайлагдаж, галбиржиж, эрүүлээр жингээ хасаад гарчээ. Тав хоногийн дотор 2-3 кг-аар жингээ бууруулж, арьс нь 1-2 тоноор цайрсан нь наад захын нүдэнд харагдах үр дүн гэлээ.

Ер нь, бүсгүйчүүдийн хувьд жингийн илүүдэл хамгийн их санаа зовоодог асуудал. Тэгвэл биеийн дотор болон гадар өөх, цусан дахь өөх тос, сахарын хэмжээг бууруулах эмчилгээг хийж байгаа аж. Монголд энд тэнд тун цөөхөн харагддаг гадар өөх целлюлит задалж тураах “био капсул” аппаратаар үйлчилж байгаа аж.

Сэргээн засахын тоног төхөөрөмжөөр суурь өвчнөө эмчлүүлж, нуруу, бөөр, үе мөчний үрэвслүүдээ анагаасан гэв. Бүтэн биеийн шарлага, оношилгоо, ICT гэдэг сүүлийн үеийн гүний мэдрэл, булчингийн үйл ажиллагааг сэргээдэг, ажлын ачааллаас үүдсэн булчингийн болон мэдрэлийн гаралтай өөрчлөлтүүдийг сууриар нь эмчилж байгаа гэлээ. Үйлчлүүлэгчид тав хоног эмчлүүлэхэд өвчлөлийн түвшин нь  20-40 хувиар буурч, зовуурь нь арилсан гэж тун ам сайтай гардаг ажээ.

Усан эмчилгээ, халуун болон уурын, мөн давсан сауны үйлчилгээнээс гадна рашаан, сүүний шавшлага, шар сүүтэй ваннд хэвтэх боломжтой гээд бод доо.

Мөн нуруу, нугалмай, үе мөч, гар, хөлийн хурууны үенд ургасан ясны ургалтыг зогсоох лазерын шарлага хийдэг аж. Тулай өвчнийг илааршуулах шарлагын аппарат хүртэл суурилуулжээ.

Үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээдэг бас нэгэн үйлчилгээ нь бариа засал гэлээ. Бариа засал нь дотроо суваг судлын, тунгалгийн судасны, аарцаг нурууны бариа гэх мэтээр төрөлжиж хийгддэг юм байна.  

 

Чанар-хямд үнэ

 

Энэ бүх эмчилгээ үйлчилгээг төмөр замын ажилтан бүсгүйчүүдэд зах зээлийн ханшаас хамаагүй хямд өртгөөр хийж байгааг дээр дурдсан. Өдрийн эмчилгээний багц үйлчилгээний нэг өдрийн тарифт үнэ 100 мянган төгрөг. Таван өдрийнх нь 500 мянган төгрөг. Харин хоногоор буюу хэвтэн эмчлүүлбэл хоногийн 200 мянга буюу таван өдөрт нэг сая төгрөг болох юм. Гэхдээ эдгээр багцад маш олон төрлийн үйлчилгээ багтаж байгааг онцлов. Хэрэв эдгээр үйлчилгээ бүрийн үнэ ханшийг зах зээлийн ханшаар тус бүрд нь бодвол өдрийн үйлчилгээний үнэ 250 мянган төгрөг, хоногийн үйлчилгээний өртөг 500 орчим мянган төгрөг байх тооцоо гарчээ. Гэхдээ УБТЗ ХНН-ээс төмөр замчин эмэгтэйчүүдийнхээ эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл ханамжид ийнхүү хөрөнгө оруулалтыг хийж байгааг төвийн эрхлэгч Д.Пунсалмаа онцолж байлаа.

Бүсгүйчүүд маань уг төвийг зорин ирснээр эрүүлжиж, гоо үзэсгэлэнгээ тодотгохоос гадна эрүүл амьдралын дадал хэвшилд суралцах, эрүүл зохистой хоололтын талаар мэдлэгээ зузаатгах, ажлын стресс ядаргаагаа тайлж, сэтгэлээ сэргээж, эрч хүчээ сэлбээд авах юм. Ингэж байгууллагаасаа нь хайр халамжийг мэдэрсэн ажилтнуудын биемйн болоод сэтгэл зүйн эрүүл мэндэд эерэг өөрчлөлтүүд гарч, ажлын бүтээмж дээшлэх, улмаар гэр бүлийн харилцаанд ч сайхан уур амьсгал бүрдэж мөнгөөр хэмжих боломгүй олон үр дүн гарна гэдэгт Д.Пунсалмаа эрхлэгч итгэлтэй байна.

Үнэхээр хүүхнүүд бид чинь жижигхэн зүйлд баярлаж, багахан өөрчлөлтөөр сэтгэлээ сэвхийлгэдэг шүү дээ. Заримдаа ажил бүтэмжгүй, сэтгэл тавгүй үед үсчин, гоо сайханд очиж үс зүсээ тордож, хуруу хумсаа гоёод л сэвхийтэл сэргэчихдэг дээ. Тэгвэл энэ төвд ирж цогц үйлчилгээ авбал эрч хүчээ бүрэн дүүрэн сэлбээд авна даа гэж бодогдлоо. Бүсгүй та УБТЗ-д ажилладгийнхаа хувьд ийм хайр халамжийг хүртэх эрхтэй гэж бодохоор сайхан байгаа биз.

 

Хамгийн гоё шагналын эзэн олон тодроосой

 

Эцэст нь, төмөр замчин бүсгүйчүүд минь энэ төвөөр үйлчлүүлэхийн тулд хэрхэхийг асуулаа.

Төмөр замын харьяа байгууллага, шугам замын өртөө, зөрлөгүүд ажилтнуудаа амраахыг хүсвэл энэ төвд албан бичгээр хандаж, үйлчилгээний цагаа авч, төлбөрийг хоорондын тооцоогоор хийхэд л болох юм байна. Үүнээс гадна төмөр замчин бүсгүйчүүд ажлын үнэмлэх, байгууллагын тодорхойлолтоо авч ирээд хөнгөлөлттэй үнээр хүссэн үйлчилгээгээ авах боломжтой аж. Ингэхэд Дохиолол холбооны II  анги, Замын-Үүд өртөө зэрэг байгууллагууд бүсгүйчүүдээ энэ төвөөр үйлчлүүлэх эрхээр шагнасан тухай “чих дэлсэж, цагаахан атаархал төрснийг нуугаад яах вэ. Ийм л зүйл дээр тухайн байгууллагын соёл, удирдах ажилтнуудын мэдрэмж гардаг даа. Хүнээ дээдэлсэн ийм гоё шагналын эзэд ар араасаа олон тодрох болтугай.

Ажлаа хойш тавиад амарч тухалмаар энэ сайхан газраас гарахдаа тун удахгүй үйлчлүүлэгчийн хувиар эргэн зочилъё гэж шийдснээ нуух юун.

Эцэст нь, Д.Пунсалмаа эрхлэгч “Төмөр замчин бүсгүйчүүдэд зориулан цогц үйлчилгээтэй ийм сайхан велнесс төвийг байгуулсан УБТЗ-ын удирдлага, хамт олонд үйлчлүүлэгч нарынхаа талархсан сэтгэгдлийг танай сониноор дамжуулан хүргэе. Ийм сайхан газарт ажиллаж буй манай олон ч өдөр бүр талархал дунд, урмаар тэтгэгдэн ажиллаж байгаадаа баяртай байна” гэв.  

Төмөр замын тээврийн тасралтгүй, хэвийн ажиллагааг хангахаар эрчүүдтэй эн тэнцүү зүтгэж яваа өртөө зөрлөгийн жижүүр, замчин, холбоочин, вагоны үйлчлэгч, кассир, ачаа вагон хүлээлцэгч, холбоочин, вагончин бүсгүйчүүд төдийгүй төмөр замын арын фронтод ажиллаж буй нийгмийн салбарын мянга мянган эмэгтэйд “Balance health wellness center”-т амрах бүрэн эрх бий. Төмөр замчин бүсгүйчүүд минь ямар азтай юм бэ гэж бодсоор хайр, халамж дүүрэн энэ газраас гарахад бүх зүйл нэг л тунгалаг, өнгөлөг харагдаж, сэтгэл өөдрөг гэж жигтэйхэн.

 

 

Б.Гүнжинлхам

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.