Б.Юлхарсүрэн: Манайх 1000 бүсгүйтэй байгууллага
Мянган бүсгүйтэй байгууллагын даргаас ОУ-ын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнө таарч цөөн асуултад хариулт авлаа.
-Зорчигчийн вагон депо УБТЗ-ын хамгийн олон бүсгүйчүүдтэй байгууллага гэдэг гарцаагүй?
-Тийм ээ, УБТЗ-ын Зорчигчийн вагон депогийн нийт ажиллагсдын 80 хувь буюу 1000 орчим ажилтан нь бүсгүйчүүд гэдгээрээ үнэхээр онцлогтой байгууллага. Манай вагоны үйлчлэгч нар бол УБТЗ-ын нэрийн хуудас болж, зорчигч үйлчлүүлэгчидтэй нуур тулж ажилладаг. “Айлд гэрийн эзний нэрээр орж, гэргийн нэрээр гардаг” гэдэг ардын үг бий. Өөрөөр хэлбэл, УБТЗ-аар үйлчлүүлсэн хүмүүс манай үйлчлэгч нарын ажил үйлс, ааш аягаар төмөр замын нэрийг дүгнэдэг. Тиймээс манай бүсгүйчүүд энэ үүргээ бүрэн ухамсарлаж, төмөр замчны нэр төрөө өндөрт өргөж явдаг. Зорчигчийн галт тэргээр сард дунджаар 250 мянга, жилд 3.0 сая орчим зорчигч аялж байна. Манай бүсгүйчүүд зорчигч бүрт хүрч, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, сэтгэл ханамжид нийцсэн үйлчилгээг үзүүлэхийн төлөө өөрсдийн мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллаж байна.
-Бүсгүйчүүдийн “арми” командлах амаргүй юу?
-Манай бүсгүйчүүд сахилга хариуцлагаа бүрэн ухамсарласан, багаар ажиллах чадварыг эрхэм болгосон бахархмаар хүчирхэг хамт олон шүү.
Дээр нь манай хамт олон дунд манлайлагч, алдартнууд олон. Урлаг спортын салбарт нэрээ дуурсгасан бүсгүйчүүд ч бий. Жишээлбэл, харваач гүйлтийн тамирчин, хөгжимчин, бүтээлч хүүхнүүд байна.
-Танай хамт олон жил бүр ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг манай байгууллага ҮЭ-ийн хороотойгоо хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил ч гэсэн уламжлал ёсоороо ажил үүргээ гүйцэтгэж байгаа ажилтан бүсгүйчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлэхээр бэлтгэж байна.
-Та депогийнхоо бүсгүйчүүдэд та мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Юун түрүүнд ийм сайхан завшааныг олгож байгаад баяртай байна. Удахгүй тохиох Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний нэрлэж заншсанаар “Мартын-8”-ны баярын мэндийг нийт эмэгтэйчүүддээ, тэр дундаа Зорчигчийн вагон депогийнхоо ажилсаг, бүтээлч, үзэсгэлэнт бүсгүйчүүддээ хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.
Миний ээж далай шиг өгөөмөр сэтгэлтэй
/Дохиолол холбооны II ангийн хангамжийн техникч Б.Ууганбаяр/
-Ээжийн тань хамгийн хайр татам чанар?
-Миний ээжийг Г.Пүрэвдулам гэдэг. Төмөр замын Төв эмнэлгийн Бактериологийн тасагт автоклавчинаар ажилладаг. Миний ээж хүнд их тусархуу, дэндүү өгөөмөр сэтгэлтэй хүн дээ. Хүнд туслахын тулд өөртөө байгаа бүхнээ тавиад туучихдаг. Ийм өгөөмөр нинжин сэтгэлтэй ээжийн хүү гэдгээрээ би бахархдаг.
-Ээжийгээ хамгийн их баярлуулсан үе хэзээ вэ?
-Би багадаа зуны амралтаараа Баянбууралд өвөөгийндөө очдог байсан. Нэг удаа ээж намайг эргэж ирээд буцахдаа өрөөсөн монетан ээмгээ галт тэрэгний буудлын хавьцаа гээчихээд их харамссан. Тэр үед би зургаан настай байсан байх. Ээмгийг нь өглөөнөөс орой хүртэл хайж байгаад олж өгөхөд ээж минь жигтэйхэн их баярлаж байсан нь санаанаас гардаггүй. Ер нь, ээж минь миний жижигхэн амжилтад ч баярладаг. Цэцэрлэгт байхдаа янз бүрийн уралдаанд багахан амжилт гаргахад л жигтэйхэн баярладаг нь надад их урам өгдөг байсан.
Энэ завшааныг ашиглаад хайртай ээждээ, халамжит хань Э.Уянга, охиндоо, дүүдээ Мартын 8-ны баярын мэнд хүргэе. Та нартаа маш их хайртай шүү. Мөн Дохиолол холбооны II ангийн чимэг болсон ажилч, хичээнгүй, хүчирхэг холбоочин бүсгүйчүүддээ бүгдэд нь эрчүүдээ төлөөлөөд баярын мэнд хүргэе.
Баянтүмэнгийн бүсгүйчүүд тал шигээ уужим сэтгэлтэй
/Төв эмнэлгийн харьяа Баянтүмэн тасгийн ерөнхий их эмч Г.Болод/
-Баянтүмэн тасгийнхаа төмөр замчин бүсгүйчүүдээ маш товч, тодорхой тодорхойл гэвэл...?
-Баянтүмэн тасагт нийт 238 төмөр замчин ажилладаг. Тэднээс 72 нь эмэгтэй. Алс хязгаар нутагт ажилладаг төмөр замчин эмэгтэйчүүд олон ажил хавсарч хийдэг онцлогтой. Өөрөөр хэлбэл, хэд хэдэн ажлын байранд хөрвөж ажилладаг чадварлаг, ажлын ачаалал даадаг, хөдөлмөрч бүсгүйчүүд байдаг. Манай Баянтүмэнгийн бүсгүйчүүд тал шигээ уужим сэтгэлтэй дээ.
-Танд ОУ-ын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан төмөр замчин бүсгүйчүүддээ хандаж мэндчилгээ дэвшүүлэх боломж олгож байна.
-Энэ завшааныг ашиглаад хайрт ээж Б.Цэцэгмаа, гэргий Д.Уянга, цэцэг шиг гурван охиндоо Мартын 8-ны мэнд хүргэе. Мөн төмөр замчдынхаа эрүүл энхийн манаанд мөр зэрэгцэн ажиллаж байгаа их эмч Б.Эрдэнэзул, бага эмч Т.Наранцацрал хоёртоо болон Төв эмнэлгийн үзэсгэлэнт бүсгүйчүүддээ, мөн Баянтүмэн тасгийн болон УБТЗ-ын нийт бүсгүйчүүддээ
Наран ургах зүгийн Дорнодын тал нутгаас
Наян таван жилийн түүхтэй Баянтүмэнгийн төмөр замаас
Наашлан ирж буй хавар цагийн эхэнд
Найраг, эгшиг хослуулсан Хэрлэн голын хөвөөнөөс
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе. Энэхүү сайхан баярт өдрөө дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй!
Бүсгүйчүүдийг өгөөмөр сэтгэл, хурц ухаан нь чимдэг
/Сайншанд татах хэсгийн Засварын цехийн засварчин Б.Огторгуй/
-Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, сэтгэл татам чанарын нууц юундаа байдаг гэж боддог вэ?
-Миний хувьд эмэгтэйчүүд чин сэтгэлээсээ инээмсэглэж, аз жаргалаар гэрэлтэж байхдаа хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн хөөрхөн харагддаг. Тийм ч учраас “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай” гэдэг дуу хүртэл байдаг шүү дээ.
Бас эрдэм мэдлэг, өгөөмөр сэтгэл, хурц ухаан эмэгтэй хүнийг яасан сайхан чимж, бас хүчирхэг болгодог юм бэ гэдгийг би ачлалт эгч нараасаа харж өссөн. Тийм учраас би эмэгтэйчүүдийг их хүндэлдэг.
Ерөөсөө инээмсэглэл бол бидний бие биедээ өгч чадах үнэ төлбөргүй хэрнэ авч буй нэгэндээ туйлын их эрч хүчийг бэлэглэдэг шидтэй зүйл. Би хайр хүндлэлээр цэнэглэгдэж, эрч хүчээр хөдөлмөрлөж, үр дүнгээрээ бахархаж амьдардаг УБТЗ гэх том айлын нэгэн хүү болон амьдарч байгаадаа баяртай явдаг.
-Мөр зэрэгцэн хөдөлмөрлөж буй зүтгүүрчин бүсгүйчүүддээ хандаж мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Манай Сайншанд Татах хэсэг нийт 900 гаруй ажилтантай. Тэдний маань ердөө 110 нь эмэгтэйчүүд. Зүтгүүрчин бүсгүйчүүд минь нарийн мэргэжилтэй, хариуцлагатай, шударга гэх мэт зөндөө давуу талтай цоглог хүмүүс байдаг. Сайншанд Татах хэсгийн эрчүүдийнхээ өмнөөс хөгжил дэвшлийн цэцэг нь болсон үзэсгэлэнт бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг дэвшүүлж эрүүл энх сайн сайхныг хүсье. Эмэгтэйчүүд бол эцэг эхийнхээ амин сүнс, ханийнхаа түшиг үр хүүхдүүдийнхээ амьд бурхан нь болсон мөнхөд хүндлэгдэж хайрлагдаж хамгаалуулж явах эрхтэй агуу хүмүүс юм шүү.
Ж.Отгонжаргал: Говийн бүсгүйчүүд ажлын хүндээс бэрхшээдэггүй, дайчин
Улаан-Уул өртөөний жижүүр
- Ээж минь энэ л өртөөнд ажил амьдралын гараагаа эхлүүлж, Улаан-Уул өртөөний жижүүрээр 33 жил ажиллаад одоо гавьяаны амралтдаа гарсан. Би ч бас ажил мэргэжлийг нь үргэлжлүүлэн эндээ суурьшин ажиллаж байна. Миний эхнэр Б.Уранчимэг Дохиолол холбооны III ангид монтёроор ажилладаг төмөр замын хүн. Бид хоёр ханилан суугаад зургаан жил болжээ. Бид дөрвөн нас хүрч байгаа бяцхан охинтой.
-Та тэгвэл бүсгүйчүүдийн хүрээлэлд ажиллаж амьдардаг байх нь ээ? Эмэгтэйчүүдтэй ажиллах ямар байдаг вэ?
-Тийм ээ. Манай өртөөнд дарга, жижүүр, кассир,үйлчлэгч гээд наймуулхнаа цомхон ажилладаг. Бидний тав нь эмэгтэй, гурав нь эрэгтэй. Би олон сайхан эмэгтэйтэй мөр зэрэгцэн ажиллаж, тэднээрээ их бахархдаг. Ер нь, манай говийн бүсгүйчүүд их гүжирмэг, тэвчээртэй, ажлаас огт шантардаггүй. Би сургуулиа төгсөөд анх энд ирэхдээ хамт олноосоо ажлаас хойш суудаггүй, элдэв ажил гарлаа гэхэд халуун хүйтнийг ажралгүй хөдөлмөрлөдөг занг нь их анзаарч байсан. Манай бүсгүйчүүд их дайчин. Би ч энэ зан чанараас суралцаад явж байна. Манай говь зундаа маш халуун, ажил хийх нь байтугай зүгээр суухад ч бэрх их халдаг. Харин манай хүүхнүүд тэр халууныг огт ажралгүй, ажлаа түүртэлгүй хийж гүйцэтгэдэг. Ээж минь ч эхнэр минь ч тэр, эмэгтэй хүн гэж цэмцэгнэж ялархалгүй ажлаа хийж ар гэрээ халамжилж байгааг хараад өөрийн эрхгүй хайр хүрдэг. Эмэгтэйчүүдтэй газар их аядуу зөөлөн, бас цэвэр цэмцгэр байдаг.
- Бүсгүйчүүддээ зориулаад та мэндчилгээ дэвшүүлээч?
-Хайрт ээж И.Жаргалсайхан, сайхан хань Б.Уранчимэг, энхрийхэн охин О.Анир нартаа баярын мэнд хүргэж танай сониноор дамжуулан “Та гуравтаа хайртай шүү” хэмээн дамжуулья. Мөн ажилд минь урам зориг өгдөг ажлын хамт олон, Улаан-Уул өртөөний бүсгүйчүүддээ Мартын 8-ны баярын мэнд хүргэж, ажил амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та нар минь үргэлж эрчүүддээ урам зориг бэлэглэдэг шүү.
Б.Батбилэг: Замчин бүсгүйчүүд минь эрчүүд бидэнтэй эн зэрэгцэн ажилладаг
Замын I ангийн бригадын дарга
- Манай бригад 20 хүнтэй, тэдний хоёр нь л эмэгтэй. Төмөр замчны ажил хичнээн хариуцлагатай бөгөөд хүнд хөдөлмөр билээ дээ. Гадаа гандаж, хөдөө хөхөрч явахад бүсгүйчүүд маань эрчүүд бидэнтэй эн тэнцүү л ажлаа хийгээд явдаг. Эрчүүд биднээс дутахгүй хөдөлмөрлөж, дээр нь ар гэр үр хүүхдээ ч асарч энэрдэг эмэгтэй хүн их агуу. Бидний ажил хүнд учраас ихэнх нь эрчүүд. Хүүхнүүд ер нь цөөхөн.
- Та гэргийтэйгээ хамт ажилладаг юмуу?
- Ах нь УБТЗ-д 27 дахь жилдээ ажиллаж байна. Миний хань Т.Мөнгөнтуяа бас замчин. Бид хамтдаа ажилладаг.
- Хамт ажиллахын давуу болон дутуу талыг нэрлээч?
- Хамт хөдөлмөрлөхийн давуу тал гэвэл ажлын онцлог, хөдөлмөрийн үр шим, жаргал зовлон, хүнд хүчрийг ойлгож бие биедээ хүндэтгэлтэй ханддаг явдал. Харин сул талыг нэрлэвэл ажил, ажил гэсээр хүүхдүүд л их орхигддог юм билээ. Одоо ч хүүхдүүд минь нэг үеэ бодвол том болжээ. Энэ завшаанд гэргий Т.Мөнгөнтуяа, охин Б.Аясаа нартаа хайртай шүү гээд баярын мэнд хүргэе. Мөн ажлынхаа бүсгүйчүүдэд Мартын 8-ны баярын мэнд хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.