Зөвхөн хүн төрөлхтөнд төдийгүй цэнхэр гаригт оршин буй амьтай бүхэнд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл хамгийн их сэтгэл түгшээсэн асуудал болоод буй. Тэгвэл уур амьсгалын өөрчлөлтөд хүн төрөлхтний өөрсдийнх бий болгодог хог хаягдал маш муугаар нөлөөлж байна. Энэ ч утгаараа ХАБЭА-н сарын аяныг “Уур амьсгалын өөрчлөльийн байдалд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Аяны хүрээнд УБТЗ-ын Экологийн хэлтсээс “Ундны усаа хайрлая” хөдөлгөөнийг өрнүүлж, энэ сарын 27-нд Туул гол орчмын хог хаягдлыг цэвэрлэлээ. Амралтын өдрөөр өрнүүлсэн тус аянд нийт 16 байгууллагыг төлөөлөлж 190 гаруй хүн оролцсон юм. Энэ талаар Экологийн хэлтсийн дарга Ц.Болдоо “Бид Маршлын гүүрнээс “Хаан хилс” хотхон хүртэл зүүнээс баруун тийш гурван км газар алхаж хог түүлээ. Түүсэн хогоо дахин боловсруулах боломжтой, боломжгүйгээр нь ангилан ачсанаараа онцлогтой байлаа. Цаг агаар ч тогтуун байгаа учраас хүмүүс идэвхтэй оролцлоо. Цаашид энэ аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулах төлөвлөгөөтэй байна” хэмээн ярьсан юм.
Дээрх аяныг өрнүүлэхийн өмнө УБТЗ-ын Экологийн хэлтэс БОАЖЯ, “Өнгө нэмье” ТББ-тай хамтран хог хаягдлыг ангилан ялгахын ач холбогдол, Хог хаягдлын талаар төрөөс баримталж буй бодлогыг танин мэдүүлэх зорилгоор шугам замын хэмжээнд 560 гаруй ажилтныг хамруулсан цахим сургалтыг хийжээ. Ингээд төгсгөлд нь Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын ундны усны чухал хэсэг болсон Туул голынхоо ойр орчмыг цэвэрлэхээр шийдсэн байна. Туул гол нь Хан Хэнтийгээс эх авч Орхонтуулд цутгах хүртэл 882.8 км урт, таван аймгийн 37 сумыг дайран урсаж өнгөрдөг байна.
Мөн энэ үеэр Туул голын сав газрын засаг захиргааны усны нөөц, ус ашиглалтыг зохицуулах албаны дарга П.Энхбаяр “Манай сав газрын захиргаа таван аймгийн 37 сумын 49.2 ам км газрыг хариуцан ажилладаг. Бүх нийтийн цэвэрлэгээг бид жил бүр хавар, намрын улиралд зохион байгуулж ирсэн. Өмнөх жилүүдэд оюутан залуус, сайн дурын иргэн, аж ахуйн нэгжүүдтэй хамтраад “clean up” аяныг зохион байгуулсан. Маш үр дүнтэй ажил болсон. Энэ жилийн тухайд БОАЖ-ын сайдын албан даалгавартай холбогдуулан “Хамжихгүй бол амжихгүй” сэдэвт аяныг өрнүүлж байна. Энэ жил усны сан бүхий газруудад хог хаягдлаас гадна малын сэг зэм ч их гарсан учраас зайлшгүй цэвэрлэх шаардлага бий болсон. Энэ ч утгаараа УБТЗ-ын хамт олон өөрсдийн санаачилгаар нийслэлийн цэвэр усны нөөцийн чухал хэсэг болсон газрын хог хаягдлыг цэвэрлэж буйд маш их баяртай байна. Энэ дашрамд усан сан бүхий газрынхаа эрүүл орчныг хамгаалахад иргэн, аж ахуйн нэгжүүд өргөнөөр оролцохыг уриалж байна. Бид цэвэрлэх шаардлагатай газрыг зааж өгөхөөс гадна аюулгүй байдлыг хангаж, түүсэн хог хаягдлыг харьяа дүүрэгтэй нь холбогдон ачуулах зэрэг ажлыг зохион байгуулж өгнө” гэв.
