УБТЗ ХНН нь нийгмийн хариуцлагын хүрээнд бүхий л үйл ажиллагаандаа хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй орчин бүрдүүлэхэд анхаарч, ажилтан бүр хүүхэдтэй ажиллах хүмүүжлийн эерэг аргаас суралцаж, хүүхдээ хэрхэн дэмжиж, сайн үлгэрлэн дагуулагч болох, гэр бүлийн таатай уур амьсгалыг төлөвшүүлэх, эцэг, эхийн ажлын газар, ажил мэргэжлээр бахархах, бусадтай сайн дадал, туршлагаа хуваалцах, соён гэгээрүүлэх арга хэмжээг үр нөлөөтэй зохион байгуулахыг эрмэлздэг. Энэ жилийн хувьд хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжиж, ажилтны болон түүний гэр бүлийн гишүүдийн нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд хувь нэмэрээ оруулахаар Замын даргын 2022 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн А/208 дугаар тушаалаар баталсан “Хүүхэд хөгжил, хамгааллын бодлого”, “Эцэг эхийн зөвлөлийн ажиллах журам”-ын хэрэгжилтийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Ажилтан бүр хүүхдийнхээ хайртай аав ээж, халамжит дотны асран хамгаалагч ах, эгч нь байх зорилгоор тавдугаар сарын 15-ны өдөр “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг УБТЗ ХНН-ийн Хүүхэд хамгааллын бодлогын хүрээнд зангилаад, цэцэрлэгүүдэд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэхүү үйл ажиллагаанд Дархан, Зүүнхараа, Улаанбаатар, Толгойт, Замын-Үүд, Сайншанд зангилаадын болон Хүүхдийн секторын харьяа 27 цэцэрлэг, Дотуур байрны 3000 гаруй хүүхэд, 4000 гаруй эцэг эх, багш, ажилтнууд оролцсон байна.
Сургалт, зөвлөгөө, туршлага солилцоо:
Дархан зангилаа, “Улиасхан” цэцэрлэг хамтран эцэг, эхчүүдийг хамруулсан “Хүүхдийн хөгжилд гэр бүлийн оролцоо” сэдэвт сургалт зохиож, залуу эцэг эхчүүдэд сэтгэл зүйн болон харилцааны чиглэлээр үр дүнтэй мэдлэг олголоо. Сайн туршлага түгээн дэлгэрүүлэх үүднээс “Сайн аав, ээжийн туршлага” арга хэмжээг зохион байгуулж, хүүхдүүдийн онцлох амжилтуудыг танилцуулснаараа онцлог байлаа.
Уран бүтээл, тэмцээн уралдаан:
Цэцэрлэгүүд “Миний хайртай гэр бүл” гар зургийн уралдаан, эсээ бичлэг, бие бялдрын буухиа тэмцээн, АХА тэмцээн зэрэг олон төрлийн үйл ажиллагааг эцэг эх, хүүхдүүдийн хамтын оролцоотойгоор зохион байгууллаа. Энэ нь гэр бүлийн гишүүдийн харилцаа, уялдаа холбоог сайжруулахад тодорхой хувь нэмэр оруулсан ажил болов.
Гэр бүлийн үнэт зүйлсийн төлөө хамтдаа:
Сайншанд зангилаа, “Хараацай”, Замын-Үүд зангилаа, “Алтанхаргана” цэцэрлэгүүд гэр бүлийн үнэ цэнийг сурталчилсан сургалт, уулзалт, эрүүл мэндийн зөвлөгөө, “Нэг гэр бүл-Нэг мод” санаачилга зэрэг олон талт нийгмийн үйл ажиллагаа өрнүүлсэн нь гэр бүлийн тухай ойлголтыг гүнзгийрүүлж, хамтын хөгжилд хөшүүрэг болжээ. Эдгээр өдөрлөг нь зөвхөн нэг өдрөөр хязгаарлагдалгүй гэр бүлийн хөгжлийг дэмжих тасралтгүй ажлын эхлэл, хамтын нэгдлийн илэрхийлэл болсон билээ.
Тухайлбал, Сайншанд зангилааны 11 байгууллагын оролцоотой “Онцлох гэр бүл”, “Идэвхтэн гэр бүл”-ийг шалгаруулсан бол Замын-Үүд зангилаа “Хүүхдийн хөгжилд гэр бүлийн оролцоо” сургалт зохион байгуулж, урлаг, спорт, сурлагын өндөр амжилт гаргасан 13 хүүхдийг алдаршуулж, тэдний гэр бүлийн хүмүүжлийн туршлагыг түгээн дэлгэрүүлсэн байна.
Хүүхдийн хөгжилд гэр бүлийн оролцоо:
Дархан зангилаа, “Улиасхан” цэцэрлэгийн “Хүүхдийн хөгжилд гэр бүлийн оролцоо” сэдэвт сургалтад эцэг эхчүүд оролцож, хүүхэдтэйгээ зөв харилцах, хөгжлийг нь дэмжих талаар мэргэжлийн зөвлөгөө авлаа. Залуу эцэг эхчүүдэд зориулсан сургалтаар “Хүүхэдтэйгээ хамт тоглоцгооё”, “Хүүхдээ сонсоё, ойлгоё, хайрлая” уриатай зөвлөмж тараав. Мөн “Сайн аав, ээжийн туршлага” солилцоо, хүүхдийн амжилт ололтыг сурталчилсан онцлог үйл ажиллагаа боллоо.
Гэр бүлийн үнэ цэн:
Зүүнхараа зангилаа, “Моносхон” цэцэрлэгийн “Миний гэр бүл” сэдэвт өдөрлөгт хүүхэд, гэр бүлийн хүрээнд гар зургийн уралдаан, асуулт хариултын АХА тэмцээн, буухиа уралдаанаар гэр бүлийн идэвхтэй оролцоог дэмжив. Энэ үеэр “Гэр бүлийн үнэ цэн” сургалт зохион байгууллаа.
100 гаруй хүүхдэд гарын бэлэг өгөв:
Толгойт зангилаа, “Яргуй”, “Янзага” цэцэрлэгийн Аршаант өртөөнд зохион байгуулсан гэр бүлийн өдөрлөгт бүх төмөр замчин гэр бүл оролцлоо. Тэд гар зургийн уралдаан, хөгжөөнт тэмцээн, шагнал урамшуулалтай арга хэмжээнд идэвхтэй оролцсон байна. Энэ үеэр цэцэрлэгийн 100 гаруй хүүхдэд гарын бэлэг өглөө.
Миний аавын ажил:
Улаанбаатар зангилааны “Гэр бүлийн уулзалт зөвлөгөөн”-д ажилтнууд гэр бүлтэйгээ хамт оролцож, сэтгэл судлаачийн сургалтад хамрагдав. Энэ үеэр “Миний аавын ажил” сэдэвт гар зургийн уралдаан болон спортын тэмцээн зохион байгуулсан нь гэр бүлийн ойлголцлыг нэмэгдүүлж буйг эцэг эхчүүд онцоллоо.
Зангилааны цэцэрлэгүүд “Хайр дүүрэн гэр бүл” сэдэвт гар зургийн болон эсээ бичлэгийн уралдаанд тэргүүлсэн хүүхдүүдийг урамшуулж, бүтээлүүдээр нь үзэсгэлэн гаргав. Тухайлбал, “Ирээдүй” цэцэрлэгийн “Хүүхэд хөгжил хөдөлгөөн-2025” төсөлд гэхэд л 320 гаруй гэр бүл хамрагдсан байна.
Гэр бүлийн өдөрлөг зохион байгуулах үеэр ажилтнуудаас гаргасан санал хүсэлтийг судлан үзэж, ажилтан хүүхэдтэйгээ чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх, өсвөр насны хүүхдүүдэд мэргэжил сонгох, ажил хөдөлмөрийн баримжаа чиг олгох, хүүхдийг төмөр замд ээлтэй хүн болгон төлөвшүүлэх, эцэг, эхийн ажлын байрны онцлог, давуу талаар бахархах, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон олон талт арга хэмжээг зохион байгуулахад салбар нэгжийн Эцэг, эхийн зөвлөлийг цаашид дэмжин ажиллана.
Ц.Ариунаа
