Шинэ оны хамгийн эхний Замын даргын нэгдсэн хурлыг Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков удирдаж ажиллалаа. Оны эцсийн дүнгээр төмөр замчид 2025 онд 33 сая 694 мянга 700 тонн тонн буюу үндсэндээ 33.7 сая тонн ачаа тээвэрлэсэн дүнтэй шинэ оныг угтсан байна. Энэ нь төлөвлөгөөг 104.6 хувиар биелүүлсэн үзүүлэлт юм. Мөн онд 23 сая 801 мянга 600 тонн ачаа ачиж төлөвлөгөөг 105.1 хувиар биелүүлжээ.
Хурлын эхэнд Тээврийн хяналтын албаны дарга Д.Батдоржийн танилцуулснаар 2025 онд 61 гологдол гарсан нь өмнөх оноос хоёроор буурсан үзүүлэлт ажээ. Гэвч 2024 оноос галт тэргэнд мал дайрагдсан гологдол тав, тээврийн хэрэгсэл дайрагдсан хоёр, хос дугуй гацсан гурван нэгжээр тус тус нэмэгдсэн нь онцгой анхаарах асуудал гэдгийг онцлов. Харин дутагдлын хувьд өнгөрсөн онд 576 бүртгэгдсэн нь өмнөх оноос 147 нэгжээр буурсан үзүүлэлт юм. Судалгаанаас үзэхэд Вагоны аж ахуйн алба, Баянтүмэн тасаг хоёроос /тус бүр нэгээр нэмэгдүүлсэн/ бусад бүх алба дутагдлын тоог бууруулж ажиллажээ. Эдгээр үзүүлэлтээрээ төмөр замчид 2025 онд маш өндөр үр дүнтэй ажилласныг Замын нэгдүгээр орлогч дарга онцоллоо.
2025 оны 12 дугаар сарын 26-наас энэ сарын 1 хүртэл Зүтгүүрийн аж ахуйн албанд тав, Замын аж ахуйн албанд нэг, бусдаар нэг, нийт долоон дутагдал бүртгэгдсэн байна. Үүнээс хоёр дутагдал нь хоорондын замд зүтгүүр эвдрэн тусламж авсан байгааг Тээврийн хяналтын албаны дарга онцолж, энэ талд онцгой анхаарах ёстойг холбогдох албаныханд хэллээ. Энэ хугацаанд 49 радио галт тэрэг аялсны нэг нь саатжээ.
Орон нутгийн 222900, транзит 113700, экспорт 251400, импорт 94700 тонн буюу нийт 682700 тонн ачаа тээвэрлэсэн байна.
Тайлант долоо хоногт төлөвлөгөөний дагуу “Багануур” ХК 6789, “Эрдэнэт” үйлдвэр 797 вагон тус тус ачсан байна. Харин “Шивээ-Овоо” ХК 10 вагон илүү буюу 3931, “Шарын гол” ХК 18 вагон илүү буюу 2518 вагон ачжээ.
Хэсгийн хурдын 39 км/цагийн төлөвлөгөөг 1.25 км/цагаар давуулсан бол зурмагийн тасалдлаас шалтгаалсан 17 галт тэрэг 1500.5 минут зогсож, хэсгийн хурдыг 0.01 км/цагаар удаашруулжээ.
Галт тэрэгний дундаж жинг мөн төлөвлөгөөнөөс 136.36 тонноор давуулан 3336.36 тоннд хүргэсэн байна.
Галт тэрэг солилцоо Замын-Үүд-Эрээний өргөн царигаар тайлант долоо хоногт 112 галт тэрэг /727.8 вагон/ хүлээн авч, 113 галт тэрэг /731.8 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 16-16.1 галт тэрэгт хүрчээ.
Нарийн царигаар 52 галт тэрэг /406.5 вагон/ хүлээн авч, 53 галт тэрэг /406.1 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 7.4-7.5 галт тэрэг болж өмнөх долоо хоногоос буурав.
Сүхбаатар-Наушкиар 55 галт тэрэг /375.4 вагон/ хүлээн авч, 55 галт тэрэг /364.7 вагон/ хүлээлгэн өгчээ.
Тайлант долоо хоногт чингэлгийн 72 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос гурваар илүү, оны эхнээс нийт 3850 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 706 галт тэргээр давуулсан байна. Замын-Үүд Шилжүүлэн ачих анги транзитын 1913, импортын 530 чингэлэг шилжүүлэн ачсан нь өмнөх долоо хоногоос импорт 211 чингэлгээр давж, транзит 378 чингэлгээр буурчээ. Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх транзит 554 чингэлэг, 1842 вагон ачаа байгааг Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Б.Мөнхтулга танилцууллаа.
Мөн оны эцсийн байдлаар Эрээн өртөөнөөс 86 галт тэрэг /4182 вагон/ 198121.5 тонн хөх нүүрс хүлээж авчээ. Одоо 107876.5 тонн нүүрс татаж авах дутуу байгаа аж. Мөн Цогтцэций өртөөнөөс 59 галт тэрэг /1343 вагон/ 91439.56 тонн мидлинг тээвэрлэж Баян өртөөнд буулгасан байна.
Мөн хурлаар ХАБЭА-н албаны дарга Н.Намжилдорж ажлаа танилцуулав. Тэрбээр, өнгөрсөн онд тус алба дөрвөн бүлэг, 83 бүлэгтэй төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлсэн нь 100 хувь биелснийг дуулгалаа. Мөн “ХАБЭА-г сайжруулах 2020-2025 хөтөлбөр” дуусаж, 95.8 хувиар дүгнэгдсэн байна. Өнгөрсөн онд Замын хэмжээнд 14 осол бүртгэгдсэн нь өмнөх онтой ижил боловч хоёр хүний амь эрсэдсэн нь илүү ноцтой болохыг тэр онцоллоо. Мөн ихэнх салбар нэгжийн ачаа өргөх байгууламжийн 50-100 хүртэл хувь нь ашиглалтын хугацаа хэтэрчээ. Тодруулбал, БАҮ-ний I анги, Замын I, IV анги, ТБДҮ, Мод боловсруулах үйлдвэр, Эрдэнэт, Дархан, Сүхбаатар өртөөний ачаа өргөх байгууламжийн ашиглалтын хугацаа 100 хувь хэтэрсэн байна. Замын хэмжээнд авч үзвэл 65 хувь нь шаардлага хангахгүй байгааг тэр хэллээ. Түүнчлэн, Замын хэмжээнд ашиглаж буй 129 хоппер-дозатор вагоны зарим нь даралтат нөөц савгүй явж буй аж. Энэ мэтчилэн цөөнгүй асуудал байгааг дурдаж, цаашид энэ талд хөрөнгө оруулалт хийж, төмөр замчид ХАБЭА-г мөрдөж, илүү анхаарал болгоомжтой ажиллахыг санууллаа.
Мөн үеэр Замын даргын зөвлөх Р.Раш орон нутгийн нүүрс тээврийн гол зам болох Багахангай чиглэлд цас их унаж байгаа учир цас цэвэрлэгч ажиллуулах, Хонхор-Бумбат хооронд зам дээр буга олноор гарч ирж, галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулж буй тул цаашид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх бодлого хэрэгтэйг анхааруулав.
Хурлын төгсгөлд Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков ирэх долоо хоногт Монгол-Оросын хамтарсан Шалган байцаах комиссын ажил эхлэх учир холбогдох алба, хэлтсүүд бэлтгэл ажлаа хангахыг үүрэг болгож, “Төмөр замчид ХАБЭА-г маш сайн мөрдөж, хуучин ийм л байсан гэж ярилгүй аливаа асуудлыг олон талаас нь авч үзэж, шийдвэрлэх хэрэгтэй” гээд шинэ оны ажилд нь амжилт хүслээ.
М.Наранболд
