Нүүр Дугаарын сурвалжилга Төмөр замчдын зүрх сэтгэлд мөнхөрсөн эрхэм хүн
Дугаарын сурвалжилга

Төмөр замчдын зүрх сэтгэлд мөнхөрсөн эрхэм хүн

G.Press 6 сарын өмнө 134 үзэлт 0 сэтгэгдэл

 

Монгол Улсын Гавьяат тээвэрчин Д.Гэсэржавын нэрэмжит Улаанбаатар Татах хэсэгт өнгөрсөн Пүрэв гарагт хайр хүндэтгэл дүүрэн, халуун дотно уулзалт  боллоо. УБТЗ төдийгүй улс орон даяар нэр алдраа дуурсгасан домогт удирдагч Д.Гэсэржав агсныг дурсах энэхүү дурсамж уулзалтыг тус Татах хэсгийн захиргаа, Ахмадын хороо, ҮЭ-ийн хороо, Залуучуудын зөвлөл хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Уулзалтад Д.Гэсэржав агсны төрсөн дүү, ахмад төмөр замчин Д.Явшинцэрэн болон том хүү Г.Бямбадорж, охин Г.Баасанжаргал, Г.Даваасүрэн нар гэр бүл, үр хүүхдүүдийн хамт хүрэлцэн ирсэн байлаа. Мөн УБТЗ-ын Ахмадын холбооны гүйцэтгэх захирал Монгол Улсын Гавьяат холбоочин Ч.Цогтбаяр, зохион байгуулагч Ч.Ядамсүрэн, ЭХУХ-ийн I ангийн Ахмадын хорооны дарга С.Энхтайван болон хамт ажиллаж байсан ахмад төмөр замчид, депогийн залуус оролцсон юм. Уулзалтыг Улаанбаатар Татах хэсгийн дарга Батдэлгэр нээж үг хэлсний дараа оролцогчид нэг минут босож зогсон, эрхэм хүмүүний дурсгалыг хүндэтгэв.

УБТЗ ХНН үүсэн байгуулагдсан эхний он жилүүдэд эх орны өнцөг булан бүрээс төмөр замчин болох хүсэлтэй залуусыг элсүүлж, үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэсэн байдаг. Монголын төмөр замын анхны монгол ажилчид “шилбүүрээ орхисон малчид, шинелиэ тайлсан цэрэг эрс” байсан гэж ахмадууд ярьдаг. Д.Гэсэржав агсан тэдний л нэг байсан аж. Тэрээр, 1951 онд 17 настай Ховд аймгийн Зэрэг сумаас илгээлт өвөрлөн Улаанбаатарт ирж, одоогийн “Ган зам пресс” төвийн байр буюу Төмөр замын Удирдах газарт ирж, “Би вагоны жолооч болмоор байна” гэж хүсэл зорилгоо товч, тодорхой хэлж, төмөр замын босгоор анх алхсан гэдэг. Ингээд Зүүнхараагийн Уурын тэрэгний депод нүүрс ачигчаар хөдөлмөрийн гараагаа эхлүүлж, улмаар төмөр замчдын хайр хүндлэлийг хүлээсэн нэрт удирдагч болтлоо төмөр замд 41 жил тасралтгүй ажилласан түүхтэй. Д.Гэсэржавт 1978 онд Монгол Улсын Гавьяат тээвэрчин цолыг хүртээсэн бол Улаанбаатар Татах хэсгийг 50 жилийн ойгоор нь түүний нэрэмжит болгожээ.

Мөн 1999 онд “Гэсэр” сан байгуулагдаж анхны тэргүүнээр нь Ц.Сандууз агсан ажиллаж байжээ. Тус сангаас жил бүр “Шилдэг дарга”, “Гавшгай ажилчин” шагналыг олгодог байсан бөгөөд “Шилдэг дарга” шагналыг 2003 онд хүртэж байсан Толгойт өртөөний дарга асан Ч.Ядамсүрэнд ЭХУХ-ийн I ангийн Ахмадын хорооны дарга С.Энхтайван тухайн үед “Ган зам” сонинд гарсан зурагтай мэдээг нь жаазлан дурсгасан нь энэ сангийн үйл ажиллагааг идэвхжүүлээсэй гэсэн хүсэл байв бололтой.

Улаанбаатар Татах хэсгийн Ахмадын хорооны дарга Ц.Гантөмөр Д.Гэсэржав агсны намтар түүхийн тухай сонирхолтой илтгэл тавилаа. Д.Гэсэржав бага сургуулийн хоёрдугаар ангиас мал дээр гарч, эцэг эхдээ тусалж байсан ч аав нь хүүдээ гэрийн боловсролыг маш сайн эзэмшүүлсэн байж. Төмөр замд илгээлтээр ирж ажиллаж байхдаа өөрийгөө дайчлан долдугаар ангийн боловсрол эзэмшиж, улмаар Төмөр замын техникумд элсэн орж, зүтгүүрийн техникчээр “Онц” дүнтэй төгссөн байна. Мөн орос хэлийг бие даан сурч, зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хэлний бэрхшээлгүй харилцдаг байжээ. Тэрбээр, Улаанбаатар Татах хэсгийн даргаар ажиллаж байхдаа Хүүхдийн төлөө фондыг үүсгэн байгуулж, энэхүү фонд 16 жил Монголын хойч ирээдүй болсон хүүхэд багачуудад үр өгөөжөө өгсөн түүхтэй. Түүнчлэн, Замын захиргаанаас түүнд ажил сайжруулах хугацаатай үүрэг өгч, Зүүнхараагийн уурын тэрэгний депо, ЭХУХ-ийн I ангийн даргаар томилсон байна. Ажлаар хоцорсон гэгдэж байсан байгууллагыг төмөр замын шилдэг байгууллагуудын эгнээнд авчирдаг гарамгай удирдагч болохоо энд харуулсан гэдэг. Мөн УБТЗ-ын Ахмадын холбоо үүсэн байгуулагдахаас ч өмнө Улаанбаатар Татах хэсэгт 1968 онд ахмадын хороог зүтгүүрчдийн залуу үеийг сурган хүмүүжүүлэх, бэлтгэх зорилгоор үүсгэн байгуулсан гэдэг.

Мөн уулзалтад ирсэн ахмад төмөр замчид бүгд л Д.Гэсэржав агсны тухай гэгээн сайхан дурсамжаа хуучилсны заримаас сонирхуулъя.

 

Ахмадын холбооны гүйцэтгэх захирал, Монгол Улсын Гавьяат холбоочин Ч.Цогтбаяр “Би 1990 онд Сайншандын Дохиолол холбооны ангийн даргаар томилогдоод анхны Замын даргын үзлэгээр явж байлаа. Тухайн үеийн Замын нэгдүгээр орлогч дарга Р.Раш Даланжаргалан өртөөнд очоод надад нэлээд шаардлага тавьсан. Тэр үед дөнгөж ажил хүлээж авсан залуу дарга байж даргын өөдөөс “Энэ асуудлыг шийдэх боломжгүй ээ” гэх мэтээр янз бүрийн шалтаг шалтгаан тоочсон. Гэтэл үзлэгийн галт тэрэг Чойр руу хөдөлсөн. Тэгэхэд Д.Гэсэржав дарга намайг хүнээр дуудуулж байна. Купед нь яваад очтол Чойр ортол надад байгууллага, хамт олныг удирдах талаар, цаашид юунд анхаарч тухай, яаж ажиллах тухай зөвлөгөө өгч байсныг би огт мартдаггүй. Энэ тухай би залууст өнөө ч хэлж ярих дуртай. Өнөөдөр би өөрөө Ахмадын байгууллагыг авч явах үүргийг хүлээгээд явж байгаагийн хувьд ахмадууд бид залуу үеэ сургаж дадлагажуулах, чиглүүлэх нь бидний үүрэг гэж боддог” гэлээ. 

 

ЭХУХ-ийн I ангийн ахмад Б.Батмөнх “Би Гэсэржав даргын тухай ганцхан түүх ярья. Тухайн үед би ус хангамжийн цехийн мастер байлаа. Манай цехэд байнга хэл ам таталдаг нэг сахилгагүй нөхөр байсан юм. Нэг өдөр Гэсэржав дарга намайг нөгөө залуугаа дагуулаад ороод ир гэж байна. Хэлсэн ёсоор нь яваад орлоо. Манай өнөөх ажилтан даргын өөдөөс хэг ёг хийгээд таахалзах маягтай. Гэтэл дарга дуугаа өндөрсгөн хэдэн үг хэлтэл өнөөх залуу минь харин уйлж эхэллээ. Яав юу болов гэтэл “Ааваас минь хойш надад ийм үг хэлэх хүн байгаагүй” гээд нулимсаа арчихад нь дарга сейфээ онгойлгож атга чихэр авч өгөөд “Миний хүү одоо орлогч даргаас очиж уучлалт гуйгаарай. Ажлаа сайн хийнэ шүү” гээд гаргаж билээ. Өнөө залуу минь төдөлгүй үйлдвэрийн аврага ажилчин болж, бүр Замын мэргэжлийн аваргаар хүртэл шалгарч байлаа. Гэсэржав дарга бол хүнтэй ажиллах асар их арвин туршлагатай, ширүүн төрхтэй ч ажилчдаа их хайрладаг хүн байсан” гэж дурслаа.

 

Цэрэгжүүлсэн хамгаалах албаны дарга асан, ахмад төмөр замчин Д.Батхүү “Намайг 1979 онд Ленинградын Төмөр замын дээд сургуулийг төгсөөд ирэхэд депогийн даргаар Д.Гэсэржав, ашиглалт эрхэлсэн орлогч даргаар Б.Шаравжамц, засвар эрхэлсэн орлогч даргаар Ц.Сандууз гээд төмөр замын шилдэг дарга нар ажиллаж байлаа. Энэ гайхалтай хүмүүсийн гар дээр ирж ажлын гараагаа эхэлсэн би өөрийгөө их азтай хүн гэж бодож явдаг. Д.Гэсэржав даргыг ажилчид их хүндэтгэнэ. Орос мэргэжилтнүүд хүртэл түүнээс эмээж, их хүндэтгэлтэй ханддаг нь мэдрэгддэг байлаа. Нэг удаа Замын орос дарга “Би Гэсэржавыг арван инженерээр ч солихгүй” гэж хэлсэн тухай төмөр замчид ярьдаг байсан. Дарга маань хожим эрүүл мэндийн шалтгаанаар арай хөнгөн ажил хийе гээд Цэрэгжүүлсэн хамгаалах хэлтсийн даргын албыг хашиж байсан. Би бас ЦХА-ны даргаар 15 жил ажилласан хүн. Анх тэр албанд томилогдохдоо Д.Гэсэржав даргынхаа хашиж байсан албыг авлаа даа гэж дотроо их бэлгэшээж байлаа” гэж ярив.

Энэ удаагийн уулзалтыг угтаж депогийн Ахмадын хорооноос эссэ бичлэгийн уралдаан зарлажээ. Залуу зүтгүүрчдэд Д.Гэсэржав агсны намтар, түүхэн гавьяаг таниулахын тулд нэрт сэтгүүлч Ж.Нямдаш агсны бичсэн “Өгсүүр зам” номыг цахимаар унших боломжийг Залуучуудын зөвлөл нь бүрдүүлжээ. Ийнхүү эссэ бичлэгийн уралдааныг энэ өдөр дүгнэж, тэргүүлэгчдийн шагналыг Д.Гэсэржав агсны үр хүүхдүүд гардууллаа. Уралдааны тэргүүн байрт ашиглалтын IX цувааны машинч Б.Батсаруул, дэд байрт ахмад засварчин Н.Энхбат, гутгаар байрт химийн техникч З.Батчимэг, тусгай байрт эдийн засагч Н.Адъяа нар шалгарлаа.

Мөн уулзалтын үеэр Д.Гэсэржав агсны намтар түүхээр АХА тэмцээн зохион байгуулж, Цахилгаан машины цехийн засварчин Б.Баярзол, талбайн цэвэрлэгч Б.Бат-Эрдэнэ, Цахилгаан машины цехийн засварчин Г.Наранцэцэг нар эхний гурван байрт шалгарлаа. Энэхүү үйл ажиллагаанд Төмөр замын чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөж хөг нэмлээ.

Ийнхүү өдгөө бидний дунд  байхгүй ч төмөр замчдын зүрх сэтгэлд амьд, үйлс бүтээл нь үргэлжилж буй нэгэн эрхэм хүний гэгээн дурсгалыг хүндэтгэсэн сайхан уулзалт өндөрлөлөө.

 

Б.Гүнжинлхам

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.