МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 70 жилийн ойн хүрээнд “Төмөр замчдын хөдөлмөрийн форум 2025” өнгөрсөн Баасан гаригт Блю Скай зочид буудалд боллоо. Форумд УИХ, Зам тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МҮЭХ, Ажил олгогч эздийн холбоо, Олон улсын тээврийн ажилчдын холбоо (ITF), ХНН УБТЗ, Монголын төмөр зам ТӨХК, Тавантолгой төмөр зам ХХК болон гадаадын түнш байгууллагуудын төлөөлөл нийт 200 гаруй зочид, төлөөлөгч оролцлоо.
Форумын нээлтэд УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат хэлэхдээ “Олон улсын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд гурван жилийн өмнө дэлхий нийтийн шинэ дэг журам буюу “Нийгмийн түншлэлийн шинэ гэрээ хэлэлцээр” гэсэн баримт бичгийг батлан гаргасан. Өнөөдөр дэлхий дахинд нийгмийн баялагийн ихэнх хэсгийг бүтээж байгаа 3.5 тэрбум хүнд хүртээж байгаа цалин хангамж, нийгмийн баялаг маш бага байгаа нь ард иргэдийн амьдрал, нийгэм, эдийн засгийн хөгжил, улс төрийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна. Энэ гажуудлыг засахын тулд хүний эрхийг дээдэлсэн хөдөлмөрийн харилцааны тэгш, шударга тогтолцоонд суурилсан хүний нөөцийг бүрдүүлж, сайн ажлын байр, сайн цалин хөлс, сайн нийгмийн хамгааллыг бий болгох зорилгоор “Нийгмийн түншлэлийн шинэ гэрээ хэлэлцээр”-ийг батлан гаргасан.
Манай улсын хувьд улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт,нийгмийн баялгийн хуваарилалт, цалин хөлсний өрсөлдөх чадварын хувьд тийм ч таатай бус байна. Ялангуяа, үйлдвэрлэлийн бүх салбар хүний нөөцийн дутагдал, эрсдэлд тулж ирээд байна. Энэ нь хамгийн түрүүнд хөрөнгө, санхүү, баялагт анхаарлаа төвлөрүүлээд хөдөлмөрийн хүний асуудал, хүний нөөцийн асуудлыг гурав, дөрөвдүгээрт тавьж ирсэнтэй холбоотой. Иймд энэ удаагийн УИХ-аас “Хүн төвтэй парламент” байх зорилт тавьж, аливаа салбарын хуулийг хэлэлцэн батлахдаа хүний асуудлыг тэргүүн зэрэгт авч үзэхээр болсон. Нийгмийн итгэлцлийн гэрээ болсон Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалаас давсан хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн 800 гаруй хууль эрх зүйн баримт бичгийг өөрчлөхөөр ажиллаж байна. Цаашид бид бүрэн итгэлтэйгээр ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нягт хамтран ажиллацгаая” гэв.
“Төмөр замчдын хөдөлмөрийн форум 2025”-д УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ирүүлсэн илгээлтдээ “Бид цалин хөлсийг хөдөлмөрийн бүтээмж, эдийн засаг, бизнесийн гүйцэтгэл, зах зээлийн төлөв байдалтай уялдуулах бодлогыг тодорхойлж, “Бүтээмжийн хувьсгал” хийх санаачилгыг өрнүүлж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх хөтөлбөрийг үндэсний, салбарын, аж ахуйн нэгж байгууллагын түвшинд хэрэгжүүлж, зохистой хөдөлмөрийг бий болгох шаардлагатай байна. Зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, чанартай, эрүүл, аюулгүй ажлын байр бий болгоход хувь нэмрээ оруулж, ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлыг өргөжүүлэхэд хөдөлмөр, нийгмийн түншлэлийн харилцаа чухал үүрэгтэй” гэж онцлон тэмдэглэжээ.
“Төмөр замчдын хөдөлмөрийн форум 2025” нь салбарын ажилтнуудын эрх ашиг, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, цаашдын хамтын ажиллагааны шинэ гарц, боломжуудыг тодорхойлсон "Монгол Улсын төмөр замын өнөөгийн байдал, хөгжлийн цаашдын хандлага " илтгэлийг Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт, "Зохистой хөдөлмөр, тогтвортой хөгжлийн зорилт – Төмөр зам" илтгэлийг МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуяг, "Ажил олгогчдын хайж буй ур чадварууд болон ажилтнуудад дутагдаж байгаа ур чадварыг уялдуулах хамтын ажиллагаа" илтгэлийг Ур чадварын хорооны дарга, Ажил мэргэжлийн стандартын шинжээч Г.Энхбат нар тус тус тавьж, форумд оролцогчод хэрэгтэй судалгаа мэдээллээр хангаснаар
1. Төмөр замчид цаашдын бүтээн байгуулалтад бэлэн үү?
2. Нийгмийн шинэ гэрээ хэлэлцээр, төмөр замчдад ирэх боломжууд
3. Төмөр замчдын цалин хөлсний өрсөлдөх чадварыг хэрхэн сайжруулах вэ? гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Ийнхүү төмөр замын салбарын хөдөлмөрийн харилцаа, аюулгүй байдал, хүний нөөцийн хөгжил, орчин үеийн технологийн нэвтрүүлэлт зэрэг өргөн хүрээний асуудлыг хөндсөн илтгэл, хэлэлцүүлэг өрнөж, оролцогчдын дунд туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал боломжийг бүрдүүлсэн форум амжилттай боллоо.
Хэлэлцүүлгээс гарсан санал сонордуулгыг форумын төгсгөлд танилцуулж, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргэхээр боллоо.
Г.Энхбаатар
