“Улаанбаатар төмөр зам” ХНН нийт ажилтнуудынхаа үндсэн цалинг ирэх зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 10 хувиар нэмэгдүүлэхээр болсон. Уг тушаалд “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Ирэх зургадугаар сарын 6-ны өдөр тэмдэглэх “УБТЗ” ХНН-ийн 75 жилийн ойг тохиолдуулан төмөр замчдынхаа цалинг ийнхүү нэмсэн юм. Цалингийн нэмэгдэлд УБТЗ-ын 16 мянган төмөр замчин бүгд хамрагдах юм. “УБТЗ” ХНН нь өмнө нь 2022-2023 онуудад нийт төмөр замчдынхаа цалинг 15 хүртэлх хувиар нэмэгдүүлж, 13 дахь буюу жилийн эцсийн үр дүнгийн шагналт цалинг нь 200 хувиар бодож олгож байсан.
УБТЗ ХНН нь төмөр замчдынхаа өрхийн орлогыг нэмэгдүүлэх талаар шат дараатай олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд тухайлбал “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд говийн бүсэд ажиллаж байгаа төмөр замчиддаа 200 мянган төгрөг хүртэлх нэмэгдлийг олгож байгаа юм. Мөн “Цалинтай ээж” тэтгэмжийг 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж, 0-2 насны хүүхэд асрах чөлөөтэй байгаа бүх эхчүүддээ сар бүр 220 мянган төгрөгийн тэтгэмж олгож эхлээд байна. Уг тэтгэмжид одоогийн байдлаар УБТЗ-ын 62 байгууллагын 560 эх хамрагдаж байна.
