Энэ сарын 4-ны Баасан гарагт Төмөр замчдын мэргэжлийн баярын хурал Удирдах газрын А зааланд боллоо. Замын дарга Х.Хэрлэн хурлыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсад төмөр замын тээврийн салбар үүсэж хөгжсөний 85, УБТЗ ХНН-ийн 74 жилийн баярын мэндийг нийт төмөр замчдадаа хүргэе. УБТЗ-ын хамт олон 74 жилийнхээ түүхэнд байгаагүй хүндрэл бэрхшээлийг амжилттай даван туулж, мэргэжлийн баяраа тэмдэглэж байна. Сүүлийн нэг жил гаруй хугацаанд тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх, тээх нэвтрүүлэх хүчин чадлаа өсгөх, төмөр замчдын нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр томоохон ажлуудыг амжилттай хэрэгжүүлж чадлаа” хэмээн онцлон дурдав. Тэрбээр хилийн боомтуудын галт тэрэг солилцоог нэмэгдүүлсэн нь тээврийн хэмжээ өсөх үндсэн нөхцөл болсны зэрэгцээ ачаа болон зорчигч тээврийн тарифыг нэмэгдүүлж, алдагдлыг бууруулж, ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүллээ гэв. Мөн нийгэмлэгийг их өрнөөс чөлөөлсний зэрэгцээ дүрмийн сангаа 167 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж чадлаа. Эдгээр чухал шийдвэрүүдийн үндсэн дээр төмөр замчдын цалин хөлсний системийг шинэчлээд зогсохгүй төмөр замчдын баярын өмнө шагнал урамшууллын системийг журмыг шинэчлэн баталснаа танилцууллаа. УБТЗ ХНН-ээс олгодог бүх мөнгөн шагналыг гурав дахин нэмэгдүүлж, тэмдгүүдийн загварыг шинэчлэн баталсан байна.

Тодруулбал, “Хүндэт үнэмлэх”-ийг 500 мянган төгрөг, “Онц хөдөлгөөнчин” тэмдгийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр мөнгөн шагнал дагалдах, “Тэргүүний төмөр замчин” тэмдгийг нэг сая төгрөг,  “Төмөр замчны алдар” хүндэт тэмдгийг дагалдах мөнгөн шагналыг 1.5 сая төгрөг, “Хүндэт дэвтэр”-т нэрийг нь бичихэд 3.0 сая төгрөг тус тус дагалдахаар болсон байна. Түүнчлэн, Замын захиргааны мөнгөн шагналыг ч өсгөжээ.

Түүнээс гадна УБТЗ-д тогтвор суурьшилтай ажилласны шагналыг шинээр бий болгожээ. Уг шагналыг УБТЗ ХНН-т таваас дээш жил ажилласан ажилтнуудад таван жил тутамд олгох бөгөөд 500 мянган төгрөгөөс 3.5 сая төгрөгийг ажилласан жилд нь харгалзан олгож байхаар шийдвэрлэсэн байна.