Эрхэм хүндэт төмөр замчид та бүхэндээ Улсын их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.
Улсын эдийн засаг хүндхэн байгаа хэдий ч Ган замчдын ажил үйлс тогтвортой урагшилж байна. Замын санхүүгийн нөхцөл байдал тийм ч лут биш байгаа боловч тээврийн ажлын хошуу дээшээ байна. Замын захиргаа замчдын хөдөлмөрийн хөлсийг 15 хувиар нэмлээ. Энэ бол одоо цагт маш чухал шийдвэр болов. Төмөр замын хэмжээнд ерөнхийдөө ажил хэрэгч уур амьсгал идэвхжиж байна. Замын захиргаа, санхүү эдийн засгийн мэргэжилтнүүд идэвхтэй ажиллаж, төр засаг дэмжин, нийгэмлэгийн хөрөнгөнд Оросын талтай ярилцаж, талуудын дүрмийн санд тэгшитгэл хийлээ. Түүхийг сөхвөл, 1949, 1968, 1986, 2002, 2023 онуудад Хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн капиталд тэгшитгэл хийж ирсэн юм. Ингэж 1990-ээд онд Япон улсаас авсан зээл тусламж нийгэмлэгийн үндсэн хөрөнгөнд нэвт шингэв. Манай зүтгүүрийн аж ахуйд Дэлхийн орчин үеийн техник технологийн ололт нэвтрэх боломж бас олдож байна.
Хур бороо элбэгшиж, нар ээж байгаа учраас Ган замчдын баяр наадмын бэлтгэл хангагдаж байна.
Төмөр замчдын морь хурдан, бөх нь бяртай сум шагай нь мэргэн байх болтугай.
МУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ ТЭЭВЭРЧИН Р. РАШ