Нүүр Дугаарын сурвалжилга Төмөр замаар олон улсад зорчих гарц гурван жилийн дараа сэргэлээ
Дугаарын сурвалжилга

Төмөр замаар олон улсад зорчих гарц гурван жилийн дараа сэргэлээ

G.Press 2 жилийн өмнө 214 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Эрхэм хүндэт зорчигчид оо!!! Улаанбаатар-Эрээн чиглэлийн 22 дугаар галт тэрэг 20 минутын дараа тавцан талыг гуравдугаар замаас хөдлөх тул зорчин явагчид тус тусын суудлаа эзлээрэй...” хэмээн зарлан мэдээлэгчийн уянгалаг хоолойгоор зарлахад ойр орчимд нь явсан хүмүүс эрхгүй сортосхийв. “Хүүе олон улсын аялал эхэлчихсэн юм уу?”, “За “Эрээнэнград”/Эрээн/ руу зорчиж бараа даръя даа”, “Ашгүй дээ, өргөн хэрэглээний барааны үнэ бага ч атугай буурах биз...” гэхчлэнгээр өөр хоорондоо нэг сэдвээр хүүрнэлдэх нь сонсогдоно... Энэ бол УБТЗ-ын хамт олон удаан хугацаанд зогсоод байсан Улаанбаатар-Эрээн чиглэлийн зорчигч тээврийн аяллаа албан ёсоор нээж буй анхны аялал.

    Дэлхий нийтэд тархсан “Ковид19” вирусийн дэгдэлттэй холбоотойгоор дэлхийн улс орнууд тус бүрдээ хорио цээр тогтоож, ялангуяа хилийн боомтууддаа өндөр зэрэглэлийн дэглэм мөрдүүлж эхэлсэн. Монгол Улсын хувьд ч мөн адил дотоодын хууль, дүрэм хийгээд олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу дээрх дэглэмүүдийг даган мөрдөж, олон улсын зорчигч тээврийн галт тэрэгний аяллуудаа зогсоогоод байсан.  Эдүгээ харин цар тахлын түгшүүрт жилүүд ард хоцорч, дэлхий нийтээрээ энгийн горимд шилжиж, бараг бүх салбарын үйл ажиллагаа жигдэрч байна. Ялангуяа, 2023-2025 оныг Монгол Улсын Засгийн газраас “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор зөвхөн дотоодын төдийгүй гадаадын аялагчдын тоо эрс нэмэгдэж буй. Тэд мэдээж тав тухтай, аюулгүй, хамгийн хямд үнэ өртөгтэй тээврийг хүснэ. Ийм хүсэлтэд нь “Улаанбаатар-Эрээн”, “Эрээн-Улаанбаатар” чиглэлийн галт тэрэгний аялал яв цав нийцэх нь дамжиггүй юм.

 Олон улсын галт тэрэгний анхны аяллын үеэр Зорчигч тээврийн албаны үйлчилгээ хариуцсан орлогч дарга Н.Баттулга “УБТЗ Хөх хотын төмөр зам хоорондын хамтын ажиллагаа, олон удаагийн уулзалт хэлэлцээрийн үр дүнд Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэгний аялал амжилттай нээгдлээ. Биднийг Эрээн өртөөний хамт олон найрсгаар угтан авч, цаашид хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлсэн. Мөн тэд Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэгний аяллаа жигдрүүлсний дараа Хөх хот болон Бээжин чиглэлийн галт тэрэгний аяллыг шат дараалалтайгаар эхлүүлэхэд бэлэн байгаагаа  дурдаж байна. Олон улсын галт тэрэг аялж эхэлснээр Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Монголд зочлох жил” зорилтыг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний түлхэц болно гэж харж байгаа” хэмээн ярилаа.  Мөн энэ үеэр 22 дугаар галт тэргэнд зорчсон хүмүүсийн сэтгэгдлийг сонссон юм

Д.Бодбаатар: Зорчигчид ам сайтай байна

Галт тэрэгний дарга

-Цар тахалтай холбоотойгоор сүүлийн гурван жилд Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэг болон олон улсын зорчигч тээврийн галт тэрэг аялаагүй. Одоо харин дэлхий нийтээр энгийн горимд шилжсэнтэй холбоотойгоор тус галт тэрэг анхны аяллаа албан ёсоор нээж, амжилттай аялаад ирлээ. Аяллын хугацаанд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон ХАБЭА-н чиглэлээр зөрчил дутагдал гараагүй. Зорчигчдын хувьд тухайн галт тэргийг аялж эхэлсэнд сэтгэл өндөр байна. Цаашид энэхүү галт тэрэгнийхээ аяллыг тогтмолжуулаарай гэсэн хүсэлтийг ч аялах явцад бидэнд хандан ирүүлж байлаа.

 

Ж.Нацагдорж:Би төмөр замын байнгын үйлчлүүлэгч

Зорчигч

    - Би олон улсын галт тэрэгний байнгын үйлчлүүлэгчийн хувьд энэхүү аялал албан ёсоор эхэлсэнд сэтгэл өндөр байна. Сүүлийн жилүүдэд хувиараа бизнес эрхлэгч бидний хувьд хүндхэн цаг үе байлаа. Хил дээр өргөн хэрэглээний бараа гацсантай холбоотойгоор бүх бүтээгдэхүүний үнэ өсөж, ард иргэдийн маань амьжиргааны түвшин, худалдан авах чадвар ч буурсан. Хэдийгээр хилийн хорио цээрийн дэглэм суларсан ч олон улсын галт тэрэг аялахгүй байсан нь Эрээн-Замын-Үүд хооронд өдөр тутам зорчдог миний хувьд хүндрэлтэй байлаа. Авто тээврийн тариф хямд байж болох ч ачаа бараагаа олон дахин зөөж, бууж суух нь үнэхээр хүндрэлтэй шүү дээ. Одоо харин ингээд галт тэргэндээ нэг суусан бол дахин бууж, суух шаардлагагүйгээр зорчих боломж нээгдсэнд үнэхээр баяртай байна. Галт тэрэг бол тав тухтай, найдвартай, аюулгүй сайхан унаа шүү дээ. Өмнөх үетэй нь харьцуулахад Улаанбаатар-Эрээн чиглэлийн тасалбарын үнэ нэлээд нэмэгджээ. Харин Эрээнээс Замын-Үүд рүү галт тэргээр зорчиход авто тээврээс 16 юанийн л зөрүүтэй байна.

С.Юмсүрэн:Олон улсын галт тэрэгнийхээ дотоод үзэмжид ч шинэчлэлт хийсэн

Вагоны  үйлчлэгч

-Эрээн-Замын-Үүд чиглэлийн галт тэрэг гурван жилийн дараа сэргэлээ. Олон улсын галт тэрэгнийхээ анхны аялалд ажилласандаа баяртай байна. Зорчигчид маань энэ аяллаар явахдаа дахин бууж, сууж ачаа бараагаа шалгуулах шаардлагагүй галт тэргэндээ нэг суусан бол шууд хилээр гарч ирдэгтээ хамгийн тааламжтай байдаг. Зорчигч тээврийн хамт олон олон, улсын галт тэрэгнийхээ дотоод үзэмжид давхар анхаарч зөөлөн хэрэглэлээс эхлээд шинэчлэн сайжруулсан учраас илүү тав тухтай болсон. Үүнд зорчигчид ч сэтгэл хангалуун байна. Суусан өртөөнөөсөө буух хүртлээ бүгд галт тэрэгний бүрэлдэхүүнд ажиллаж байгаа хүмүүст талархал илэрхийлж байсан нь бидэнд илүү их эрч хүч бэлэглэлээ.

   Иргэд, худалдаачдын нөхөрлөл улсын хөгжилд тустай

    Эрээн өртөөнд галт тэрэг хөлөглөн очсон зорчигчдыг хятадын талынхан найрсгаар угтан авсан. Төмөр замын мэргэжил нэгтнүүдээс эхлээд хувиараа бизнес эрхлэгчид хүртэл хэзээний танилын хувиар мэндчилж, цаашид бүх талаар хамтран ажиллах хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлцгээж байв. Гурван жилийн өмнөхөөс өөрчлөгдсөн зүйл гэвэл Эрээний худалдаачид гар дээрх худалдаанаас илүүтэйгээр онлайн худалдааг чухалчилдаг болсон нь илэрхий. Тэд Монголчуудаас wechat, WhatsApp зэрэг цахим холбоосыг нь юун түрүүнд асууж байсан. Мөн жин, тонн хамаарахгүйгээр ачаа тээврийг Монгол руу илгээх боломжтойг таксины жолоочоос эхлээд илэрхийлж байна билээ. Товчхондоо Эрээн хотын иргэд өмнөхөөсөө илүү соёлч, боловсон харилцааг өнгөрсөн гурван жилийн хугацаанд өөрсдөдөө бий болгожээ. Монголчууд бидний хувьд ч тэднээс сурах зүйл, хамтран ажиллах гарц олон байна. Цаашид олон улсын галт тэрэгний аялал жигдрэхийг дагаад хоёр улсын иргэд хоорондын харилцаа улам гүнзгийрэх нь илэрхий. Энгийн иргэд, худалдаачид хоорондын нөхөрсөг хамтын ажиллагаанаас чухамдаа хоёр улсын найрамдалт харилцааны гүүр улам батжиж, худалдаа эдийн засгийн тогтвортой үйл ажиллагаа өргөжин тэлдгийг ганцхан өдрийн үйл явдлаас анзаарч болохоор байлаа.

Ийнхүү галт тэрэг хөлөглөн олон улсад тав тухтай зорчиж, мөн олон улсаас дэлгэр Монгол оронд айлчлан ирэх гарц наран ургах зүгээс өргөн үүдээ нээлээ. Тухайн галт тэрэгний аяллыг сурвалжилж буйн хувьд аяллын сайн талыг нь харахын зэрэгцээ саад бэрхшээл учруулж болзошгүй өнцгийг нь ч уншигч та бүхэндээ хүргэхийг зорьсон. Ингээд тухайн тээвэр төмөр замчдын цалин хөлс болоод улс орны эдийн засагт гол хөшүүрэг болдог ачаа тээврийн чиглэлд сөрөг нөлөө үзүүлэх үү гэдгийг холбогдох албаны хүнээс нь мөн тодруулсан юм.

Б.Ууганбаяр: Зорчигч тээврийн галт тэрэг ачаа эргэлтэд сөргөөр нөлөөлөхгүй

 Замын-Үүд өртөөний шуурхай ажил хариуцсан орлогч дарга

    -Замын-Үүд өртөөний ачаа эргэлт 2022 оны мөн үеийнхээс эрс нэмэгдсэн. Тухайлбал, өнгөрсөн оны мөн үед өргөн царигаар бид Эрээн өртөөнд 2467 галт тэргийг хүлээлгэн өгч байсан бол энэ оны наймдугаар сард 3521 галт тэрэг  буюу 1054 галт тэргээр илүү гүйцэтгэлтэй ажиллаж байна. Манай хамт олон Монгол Улсын эдийн засгийн түүчээ болж явдаг хилийн ангигүй өртөөнд хамаардгийн хувьд галт тэрэг солилцоог хоногт 14-15 галт тэргэнд тогтмол барин ажиллаж байна. Эдгээрээс 7-8 галт тэрэг нь нүүрс, зэс, жонш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэсэн, 6-7 нь ОХУ-аас шууд дамжин өнгөрдөг нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэсэн болон транзит чингэлгийн галт тэрэг байна. Мөн нарийн царигийн өртөөгөөр, өнгөрсөн наймдугаар сарын байдлаар 1624 галт тэрэг хүлээн авч байсан бол энэ оны мөн үед 1750 галт тэрэг буюу 66 галт тэргээр нэмэгдүүлсэн үзүүлэлттэй байна.

     - Замын-Үүд өртөөний хувьд ачаа тээврийн гүйцэтгэл ямар хэмжээнд байна вэ?

-Гурван улсын төмөр замуудын хамтын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс БНХАУ хооронд зөвшилцсөн гэрээний дагуу Замын-Үүд өртөөний хамт олон Эрээн өртөөтэй өргөн царигаар хоногт 16, нарийн царигаар найман хос галт тэрэг солилцож байна. Ачаа тээвэр үлэмж хэмжээгээр нэмэгдсэнтэй холбоотойгоор манай хамт олны ачаалал өндөр байна. Дээр нь энэхүү ачаалал дээр зорчигчийн галт тэрэгний аялал нэмэгдлээ. Тухайн тээврийг наймдугаар сарын 29-нөөс туршилтаар Эрээн-Замын-Үүд хооронд аялуулсан. Улмаар есдүгээр сарын 1-нд ийнхүү хоёр дахь  галт тэргийг Замын-Үүдээс Эрээн боомт руу аялууллаа.

   - Улаанбаатар-Эрээн чиглэлд зорчигчийн галт тэрэг аялж эхэлсэн нь ачаа тээвэрт сөргөөр нөлөөлөх үү?

-“УБТЗ”-ын хамт олон Замын даргын баталсан хатуу зурмагийн дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг.  Үүнтэй нь холбоотойгоор бүх ажилчдын хоорондын уялдааг хангасан нэгдсэн технологийг мөрддөг учраас зорчигчийн галт тэрэг аялаж эхэлсэнтэй холбоотойгоор ачаа тээврийн галт тэрэгний тоо ямар нэгэн байдлаар буурахгүй. Зорчигчийн галт тэрэг батлагдсан хуваарийнхаа дагуу аялна. Ачааны галт тэргийг ч хилийн хэлэлцээрийн дагуу хоногт 16-г солилцож ажиллана. Бид зорчигчийн галт тэрэг аялж байгаатай холбогдуулан Эрээн өртөөнийхөнтэй хэрхэн хамтарч ажиллах төлөвлөгөөгөө боловсруулаад зөөврийн илчит тэрэгний тоог нэмэгдүүлэх зэрэг дотоод зохион байгуулалтыг хийгээд явна. Товчхондоо зорчигчийн галт тэрэг олон улсад аялж эхэлсэнтэй холбоотойгоор УБТЗ-ын ачаа тээвэр буурах, галт тэрэг солилцоо тасалдах зэрэг асуудал огт гарахгүй.

  - Манай уншигчдад Тяньжинь боомтын талаар цаг үеийн мэдээлэл хүргэнэ үү?

-Тус боомтоос манайх руу чиглэсэн 3600 чингэлэг байна. Үүнээс 1600 нь Эрээн өртөөгөөр дамжин орж ирсэн. Манайх нарийн царигаар транзит чингэлгийн зургаа, импортын чингэлгийн хоёр галт тэрэг гээд нийт найман галт тэргийг Эрээн өртөөнөөс хүлээн авна. Импортын чингэлэг байгаа тохиолдолд транзит чингэлэг тав, импортын чингэлгийг гурваар авч байгаа учраас Монгол Улсад нийлүүлэгдэх ёстой ачаа бараа удааширсан, гацсан тухай мэдээллийг бидэнд ирүүлээгүй. Тиймээс УБТЗ-ын ачаа тээвэр хэвийн үргэлжилж байгаа гэж ойлгож болно.

 

Б.Дэлгэрхишиг

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.