Саяхан болж өнгөрсөн “Дэлхийн эмч нарын өдөр”-өөр энгэртээ “Алтан гадас” одон зүүсэн “төмөр замчин-эмч”-ийг урьж ярилцлаа. Говийн төмөр замчдаас Мэндээ эмчийг асуувал андахгүй юм билээ. Тодруулбал, Төв эмнэлгийн харьяа Сайншанд дахь Их эмчийн тасгийн үйлдвэрийн эмч Хөхөөгийн Мэндсайхан юм. Харахад сүр бараатай том эр атал зөөлөн гартай, сайхан ааштайгаараа олонд хүндлэгдсэн эмч маань 60-аад хүүхэд эх барьж авсан “Хүйн ээж” гэнэ лээ. Тэрбээр, сүүлийн арван жилд Замын IV ангийнхны эрүүл мэндийг хариуцаж буй юм.
Х.Мэндсайхан эмч 1996 онд АУИС-ийг төгсөөд Чойр дахь Төмөр замын нэгдсэн эмнэлгээс ажлын гараагаа эхэлснээс хойш эрүүл мэндийн салбарт 30 жил ажиллажээ. Үүнээс 27 жилд нь төмөр замчдын эрүүл энхийг сахин хамгаалж, гурван жил л Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажилласан байна. Тийнхүү төмөр замчдаас хэсэгхэн хугацаанд хөндийрсөн нь Сайншанд дахь төмөр замын Нэгдсэн эмнэлэг татан буугдсантай холбоотой аж.
Бидний яриа эмч болсон эгэлхэн түүхээс нь эхэлж, урт хөвөрлөө. Та яагаад эмчийн мэргэжлийг сонгов гэхэд “Би эцэг эхээс наймуулаа. Аав ээж хоёр минь хоёулаа багш улс. Аав минь сумын сургуулийн багш, захирлаар насаараа ажилласан. Бидний багад “Айлд нэг эмч заавал байх ёстой юм байна” гэж аав маань ярьдаг байлаа. Ах дүүсээсээ би аавынхаа тэр хүслийг гүйцээж эмч болохыг зорьсон хэрэг. АУИС төгсөөд Чойрт Төмөр замын нэгдсэн эмнэлэгт эмэгтэйчүүдийн их эмчийн орон тоон дээр ажиллаж байгаад 1998 оны нэгдүгээр сарын 1-нээс эмнэлгийнхээ ерөнхий эмчээр томилогдон 2005 он хүртэл ажилласан. Эмнэлгийн даргаар ажиллаж байхдаа эмэгтэйчүүдийн эмч, эх барих эмчээр суралцсан. Тэгтэл “Булагтай” сувиллын даргаар гурван сар ажил сайжруулах үүрэгтэй томилогдож, тэндээсээ Сайншанд дахь төмөр замын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч, дараа нь дуудлагын их эмчээр ажиллаж байтал 2012 оны 11 дүгээр сард эмнэлэг маань татан буугдаж, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт шилжин ажилласан. Тэр үеэс эмэгтэйчүүд, эх барихын эмчийн мэргэжлээрээ ажилласан. Мөн Замын-Үүдийн сум дундын эмнэлэгт ч жил орчим ажилласан. Тэр гурван жил би төмөр замчдын дунд ажиллаж амьдарч байснаараа өөрийн эрхгүй бахархсан. Төмөр зам намайг хариуцлагатай, сахилгатай, хариуцсан ажилдаа эзэн байхыг, ажлын шаардлагыг зөвөөр хүлээн авч, үүрэг даалгаврыг биелүүлж чаддаг, хүнд шаардлага тавьж сургасан юм билээ. Энэ хүмүүжил төлөвшлийг аймаг, сум дундын эмнэлэгт ажиллаж байхдаа л ойлгосон доо. Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар 8-9 сар ажиллахдаа ажлын шаардлага тавихад хүмүүс нь хүлээж авах нь тааруу, үүрэг даалгавар биелүүлэх чадвар нь төмөр замчдаас сул юм билээ. Ер нь, ажлын шаардлага тавихад дургүйцэцгээнэ шүү. Би анх 1989 онд АУДэС-д орохдоо нэг жил Гэмтэл согогийн эмнэлгийн Сэхээний тасагт нэг жил асрагч-оюутан байсан. Тэр үед тэгж ажлыг багаас нь сургаж дадлагажуулах системтэй байсан хэрэг. Тэр бол үхэл амьдрал тэмцэлдсэн хүнд тасаг. Манай тасагт ирсэн өвчтөн нэг бол морг руу, эсвэл амь нас нь аврагдаж тасаг руу шилжих хоёрхон л замтай. Тэнд би шал, цонх угааж, ухаангүй өвчтнүүдийн цагаан хэрэглэлийг солих, угааж цэвэрлэх бүх ажлыг хийж сурсан. Асрагч, сувилагч нар ямар ажил хийдгийг мэдэж авсан. Өөрөө хийж үзсэн хүний хувьд ажлын шаардлагыг сайн тавьдаг байсан байх. Ер нь, надад төмөр замчдын маань сахилгатай, хариуцлагатай ажлыг яралзтал хийдэг зан чанар, чамбай орчин үгүйлдэж байсныг нуугаад яах вэ. Гэтэл Замын IV анги анх удаа үйлдвэрийн эмчийн орон тоотой болсноор надад дасаж дадсан сайхан хамт олон дунд эргэн орж ирэх зам нээгдсэн дээ” гэж чин сэтгэлээсээ хуучиллаа. Мэндээ эмч 2016 оноос хойш говийн замчдын эрүүл энхийн манаанд зогсож байгаа юм.
Түүний ярианаас төмөр зам, говь хоёртоо сэтгэл зүрхнээсээ хайртай нь илт. Уг нь арын сайхан хангайд төрж өссөн хүн гэдэг. Тодруулбал, Архангайн Хайрхан суманд төрж, Өгийнуурт өсөж, Хотонт суманд дунд сургууль дүүргээд оюутан болохоор нийслэлийг зорьжээ. Харин оюутан ахуйдаа насны ханьтайгаа танилцснаар говийн хүргэн болох үүд нээгджээ. Түүний гэргий Баасайн Цэнд төмөр замчин аав, ээжийн охин байсан нь залуу эмчийг төмөр зам руу хөтөлсөн хэрэг. Түүний хадам аав Замын III ангид насаараа мастер хийсэн хүн аж. Хүргэн хүү зуны амралтаараа хадамлан явахдаа төмөр зам, төмөр замчдын тухай “А”-тай болсон гэдэг. Түүнээс өмнө ямар ч төсөөлөлгүй явж. Тухайн үедээ “Зам дагаж хөгжил” гэдэг үнэн юм даа гэх бодол төрж, сургуулиа төгсөөд Чойр дахь Төмөр замын нэгдсэн эмнэлэгт гэргийтэйгээ хамт ажиллах болжээ.
Хангайн хүү говьд анх хөл тавихдаа нэг л эл хуль сонин мэдрэмж авсан гэдэг. Сайншандад ажиллахаар шилжин очихдоо бүр гайхаж, идэх өвс харагдахгүй байхад мал нь тонгойгоод юу иддэг байнаа гэж бодож байснаа нуусангүй. Говийн хаврын хавсарга, зуны аагим халуун гээд эхлээд дасахад амаргүй л байж. Тэгтэл нэг л мэдэхэд говьдоо дасаж хангай газар хүйтэн тухгүй оргих болсноо ярьж инээв. Говийн хүргэн хүү суугуул байтлаа уугуул мэт говьдоо хайртай гэлээ. Тэрбээр, “Говийн мах нь хүртэл амттай. Хавар эрт дулаарна. Говийн хамгийн сайхан нь намар шүү дээ. Хангайд сэрүү унаж анхны цас орсон байхад говьд налайж л байна. Говь сайхан шүү дээ” гэлээ.
Тэрбээр цааш ярихдаа “Төмөр замчдын халуун бүлд багтахад намайг их сайхан угтаж авсан. Ажил амьдралд минь тус дэм болсон олон сайхан хүмүүс бий. Төрийн хайр хишгийг хүртээд зогсож байхдаа би дотроо төрүүлж өсгөсөн аав ээж, ханьдаа, хадам аав, ээж, мөр зэрэгцэж ажиллаж байсан олон сайхан хүмүүст талархаж зогслоо. Намайг дэмжиж, өдий зэрэгт хүргэсэн олон сайхан хүн бий. Жишээ нь, Төв эмнэлгийн дарга Гэпил, мөн Хүний гавьяат эмч Бямбасүрэн дарга, Насанбуян, Энхтуяа дарга гээд сайхан хүмүүсийн ач тусыг мартах аргагүй” хэмээв.
Ингэхэд та яагаад эмэгтэйчүүд, эх барихын эмч болсон бэ гэхэд анх сургууль төгсөөд ирэхэд эмэгтэйчүүдийн эмчийн орон тоо байж таарсан. Дараа нь даргаар ажиллаж байхдаа нарийн мэргэжлээр суръя. Насаараа дарга хийх биш гэж бодсон. Эмэгтэйчүүд маань үзүүлэхээр ирэхдээ том биетэй эрэгтэй хүн зогсож байхад эхлээд ичиж эмээж байгаа нь анзаарагддаг байлаа. Харин надад үзүүлж, эмчлүүлсэн, хүүхдийг нь эх барьсан эмэгтэйчүүд намайг зөөлөн гартай, сайхан ааштай гэдэг. Төрөх гэж байгаа эхчүүдийг зарим эмч загнах, зандрах зэрэг таагүй харилцаа үүсгэхийг харж байсан. Харин би аль болох л эелдэг зөөлөн хандаж, тайшруулж төрүүлэхийг хичээдэг. Үхэх төрөх адилхан гэдэг үг бий. Бүхэл бүтэн хүн төрүүлнэ гэдэг том даваа шүү дээ. Хүүхэд эх барьж аваад ангир уургийг нь амлуулаад зогсож байхад сэтгэл тэнийгээд их сайхан мэдрэмж төрдөг. Яг тэр агшин бол миний мэргэжлийн гол бахархал юм даа. Би эх барих эмчээр цөөн жил, тэгээд аймаг, суманд ажилласан болохоор цөөн хүүхэд эх барьж авсан. Аймагт бол нэг ээлжинд олон эх төрлөө гэхэд 3-4, ердийн үед 1-2 эх л амаржина. Намайг Эх нялхаст дадлага хийж байхад нэг ээлжинд 40-50 эх амарждаг байсан даа. Эх нялхаст би маш их дадлага туршлага хуримтлуулсан даа” гэж даруухан өгүүллээ. Та эх барьж авсан хүүхдүүдтэйгээ уулзаж байв уу гэхэд “Аймаг, сумын эмнэлэгт би удаан ажиллаагүй. Нөгөө талаас сумдаас эхчүүд ирж төрдөг болохоор эргэж уулзах нь ховор. Одоо миний эх барьж авсан хүүхдүүд 14-15 нас хүрч байгаа” гэлээ.
Та сүүлийн 10 жил говийн замчдын эрүүл мэндийг хариуцаж байна. Замчдын эрүүл мэнд ямар байна гэхэд “Замын IV анги 516 ажилтантай. Замчдын дунд цусны даралт ихсэх өвчин буюу зүрх судасны өвчин өндөр байна. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд энэ өвчнөөр өвчлөгсөд залуужиж байгаа нь санаа их зовоож байна. Өмнө нь 45-аас дээш насныхны даралт ихэсдэг байсан бол одоо 35-36 настайгаас даралт нь хэлбэлздэг болсон. Мөн мэдрэлийн гаралтай өвчлөл орж байна. Ялангуяа, яс, үе холбоосын үрэвсэл, гэмтэл, нурууны суулт, үе мөчний өвчин давамгайлдаг. Мөн тамхидалттай холбоотой амьсгалын замын өвчин түгээмэл. Дөрөвдүгээрт, ахуйн гэмтэл нэлээд гарч байна” гэлээ. Тэрбээр, төмөр замчдынхаа эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, амьдралын хэв маягийг өөрчилснөөр өвчлөлийг бууруулах боломжтой гэж үзэж байна. Ялангуяа, артерийн даралт ихсэх өвчинд хувь эрүүл мэндийн боловсрол, амьдралын хэв маяг, дадал хэвшил маш их нөлөөлж байгаа гэлээ. Хоол хүнсний сонголт хэрэглээ хүний эрүүл мэндэд онцгой нөлөөтэйг онцолсон билээ. Мөн архи, тамхины хэрэглээ дорвитой буурахгүй байгаа нь нөлөөлж буйг дурдлаа. Эцэст нь тэрбээр, залуус минь амьдралын хэв маягаа өөрчилж, спортоор тогтмол хичээллэж, зохистой хоолловол аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бүрэн бий. “Эрүүл мэндээ алдвал бүхнийг алдсанд тооц” гэж үг бий. Хамгийн их эрхэмлэн хамгаалах зүйл бол эрүүл мэнд шүү дээ гэлээ. Түүний энэ захиас эмч хүний үг гэхээс илүүтэй замчдаа ах, аавын сэтгэлээр хайрлаж буйн илрэл байлаа. Түүнийг Чойр, Сайншандын эмнэлэгт ажиллаж байсан болохоор урд замынхан ер нь андахгүй. Түүнийг Чойр хэсэглэлийнхэн “Мэндээ дарга”, Сайншандынхан “Мэндээ эмч” гэнэ. Төв эмнэлэгт эмэгтэйчүүдийн эмч дутагдалтай үед “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны аялалд хойд замд ч хоёр жил дараалан ажиллаж хангайн бүсийн төмөр замчидтай танилцаад байгаа гэв.
Чойрын эмнэлэгт ажиллаж байхдаа хамт олон нь Замын болзолт уралдаанд хоёр ч удаа байр эзэлснийг дурсан, ажилч хичээнгүй сайхан хамт олныхоо буянаар нэр бүтэн явсан. Сайншанд эмнэлгийн 50 жилийн ойгоор “Тэргүүний төмөр замчин”, 2012 онд “Хүндэт төмөр замчин”, 2018 онд “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” тэмдгээр энгэрээ мялааж, саяхан “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа. Сэтгэл их өндөр байна” хэмээн талархал дүүрэн өгүүллээ.
Мэндээ эмчийнх хоёр хүүхэдтэй гэнэ. Том нь аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөн өдгөө Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт мэдрэлийн их эмчээр ажилладаг бол гэргий нь мөн аймгийн эмнэлэгт хүүхдийн их эмчээрээ өнөөг хүртэл ажиллаж байгаа аж.
Бага хүү нь Хаан банкинд ажилладаг аж. Ийм нэгэн эгэл даруухан эрхэм хүн төмөр замчдын эрүүл энхийн манаанд сэтгэл зүрхээ өгөн зүтгэж байна.
Б.Гүнжээ
