"ТӨМӨР ЗАМ БА ЗАЛУУЧУУД- 2023" ОЛОН УЛСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ДЭЭР "УБТЗ" ХНН-ИЙН ДАРГА Х.ХЭРЛЭНГИЙН ХЭЛСЭН ҮГ
Эрхэм хүндэт төмөр замчин залуучууд аа!
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө!
“Төмөр зам ба залуучууд” олон улсын чуулга уулзалтад оролцож буй зочид төлөөлөгчид та бүхэнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэж мэндчилье.
Энэхүү олон улсын төмөр замчин залуучуудын чуулга уулзалтыг анх 2018 онд манай улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулсан нь хөрш болон бүс нутгийн орнуудын төмөр замчин залуучуудын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжих, мэдлэг, туршлагаа харилцан солилцоход чухал хувь нэмрээ оруулсан арга хэмжээ болсон билээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас энэхүү чуулга уулзалт 5 жилийн дараа дахин болж байгаа ч форумд оролцогч орнууд нь хөрш болон бүс нутгийн хэмжээнээс хальж шинээр Беларусь Улсын төмөр замчин залуучууд ирж оролцож байгаа нь чуулга уулзалтад улс орнууд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж ойлгож байна.
“Улаанбаатар төмөр зам” ХНН нь нийтдээ 16 мянга шахам ажилтантай Монгол Улсын хамгийн том ажил олгогч байгууллага бөгөөд нийт ажилтнуудынх нь 58.9 хувь нь 40 хүртэлх насны залуучууд байдаг тул тээврийн төлөвлөгөөт зорилтыг биелүүлэх, хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, шинэ технологи, инноваци нэвтрүүлэхэд залуучуудын оролцоо, манлайлал чухал үүрэгтэй юм. Тийм учраас УБТЗ-ын удирдлага залуучуудын байгууллагаа бүхий л талаар дэмжин ажилладаг юм. Өнөөдөр дэлхий дахинаа залуучуудын оролцоо, манлайлал улам өсөн нэмэгдэж байгаа цаг үед “Төмөр зам ба залуучууд” олон улсын чуулга уулзалт болж байгааг өндөр ач холбогдолтой үйл явдал гэж УБТЗ-ын удирдлага үзэж байна.
Олон улсын төмөр замчин залуучуудын энэ удаагийн чуулга уулзалт нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын дараа улс орнуудын амьд харилцаа сэргэж, харилцаа хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргахын төлөө чармайн ажиллаж байгаа цаг үед болж байгаагаараа онцлог юм.
Мөн Монгол Улсад төмөр замын тээврийн эрэлт хэрэгцээ улам өсөн нэмэгдэж, УБТЗ-ын тээврийн хэмжээ эрчимтэй өсч, тус нийгэмлэг маш амжилттай сайн ажиллаж байгаа цаг үед энэхүү чуулган болж байна. Тус чуулга уулзалтад оролцож байгаа манай залуучууд хөрш болон бусад орны төмөр замчин залуучуудтай мэдлэг туршлагаа хуваалцаж, олон шинэ зүйлийг сурч мэднэ гэдэгт итгэж байна
Хөрш болон бусад улс орнуудын төмөр замуудын хамтын ажиллагааг тал бүрээр хөгжүүлэхэд залуучуудын оролцоо, идэвх зүтгэл чухал үүрэгтэй бөгөөд энэхүү чуулга уулзалтаас олон чухал санал санаачилга дэвшин гарч эдгээр орнуудын харилцаа хамтын ажиллагааг улам баялаг агуулгатай, өргөн дэлгэр болгоно гэдэгт итгэж байна.
Олон улсын төмөр замчин залуучуудын энэ удаагийн чуулга уулзалтын арга хэмжээнд амжилт хүсээд, уулзалтад оролцож байгаа бүх зочид төлөөлөгчдөд ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсье.
Мөн Монголын залуучуудын өдрийн мэндийг чуулганд оролцогч бүх залуучууддаа өргөн дэвшүүлье.
Олон улсын төмөр замчин залуучуудын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжих болтугай!