Нүүр Цаг үе Толгойт ТҮГ-ынхан эдийн засгийн хэмнэлттэй ажиллажээ
Цаг үе

Толгойт ТҮГ-ынхан эдийн засгийн хэмнэлттэй ажиллажээ

G.Press 2 жилийн өмнө 124 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Толгойт ТҮГ-ын дарга Н.Мөнхдоржоос тус хамт олны өнгөрсөн оны ажлын үзүүлэлтийг тодрууллаа.

 

-Манай ТҮГ-ын хувьд өнгөрсөн онд хүлээн авсан, явуулсан болон үзсэн бүх вагоны тоог 2022 онтой харьцуулахад 0.2-16.5 хувиар өссөн байна.

Харин техникийн ачилтад үзэж, бэлтгэсэн вагоны тоо өмнөх оноосоо 11.5 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Энэ нь вагоны үзлэгийг захиалгын дагуу хийх болсноор бодит ажлын гүйцэтгэл гарч байгаатай холбоотой. Өмнө нь, хэзээ ачилтад орох нь тодорхойгүй вагонуудыг бүгдийг нь үзээд явдаг байсан бол одоо захиалгын дагуу үзсэнээр цаг хугацаа хэмнэсэн сайн үр дүн гарч байна гэж ойлгох хэрэгтэй.

Суурин хийн төхөөрөмж дээр галт тэрэгний тоормос турших ажил 27.5 хувиар нэмэгдсэн. Энэ нь, аялалд гарах гэж байгаа галт тэргийг суурин хийн төхөөрөмж дээр нь урьдчилж шалгаж, тоормос турших хугацаанаас тус бүр 15 минутыг хэмнэх болсон гэсэн үг. Илчит тэрэг асаалттай байх нэг минутын хугацаанд нэг литр дизелийн түлшийг шатаадаг гэж үзвэл эдийн засгийн ихээхэн хэмнэлт гарч байгаа. Өөрөөр хэлбэл, илчит тэрэгний халуун зогсолт их байх тусам үргүй зардал гардаг. Өнгөрсөн онд нийт 691 галт тэргийг суурин хийн төхөөрөмжөөр туршихад, зүтгүүрийн халуун зогсолтоос 15 минут хэмнэж, жилийн хугацаанд дизелийн түлшний зарцуулалтыг 36.2 сая гаруй төгрөгөөр хэмнэсэн гэх тооцоо гарч байна.

 

-ГТХАБ-ыг хангах чиглэлээр хэр үр дүнтэй ажиллав. Далд ноцтой гэмтлийн илрүүлэлт гэх мэт...?

 

-Өнгөрсөн онд далд ноцтой гэмтэл 20-ийг илрүүлж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлсэн. 2022 онд далд ноцтой гэмтэл 10-ыг илрүүлж байсан.

2023 онд ГТХАБ-ыг хангах хүрээнд нэг зурмагийн тасалдалтай ажилласан. Тасалдал гарсан шалтгааныг тодорхойлоод тухайн чиглэлээр үзлэг шалгалтыг чанаржуулах чиглэлээр тодорхой ажил зохион байгуулсан. Зурмагийн нэг тасалдлыг эс тооцвол манай хамт олон сайн ажилласан.

 

-Шинэ онд танай хамт олон ямар зорилт дэвшүүлж байна вэ?

 

-2024 онд Замын захиргаанаас дэвшүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх жилийн хүрээнд вагоны үзлэг, засварыг чанартай хийж, баталгаат мөрөндөө ГТХАБ-ыг бүрэн хангаж ажиллах нь бидний эн тэргүүний зорилт.

Мөн өмнөх онуудад  ISO9001, ISO14001, ISO45001 стандартуудыг хэрэгжүүлэх хүрээнд өнгөрсөн онд тодорхой ажлуудыг хийсэн. Энэ онд эдгээр ажил үргэлжлээд явна. Наад зах нь ISO14001 стандартын хүрээнд байгаль орчинд хаягдах хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ISO45001 стандартыг ажлын байранд хэрэгжүүлж байна. Ажлын байрны эмх цэгцийг сайжруулах 5С хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.  

2024 онд манай ТҮГ-ын 20 жилийн ой тохиож байгаа. Ойн жилийн хүрээнд хамт олны дунд бүтээлч ажлын аян өрнүүлнэ. Ажлын байрны нөхцөлийг сайжруулах ажлууд төлөвлөсөн. Энэ өвөл гэхэд ТҮГ-ын байр нэлээд хүйтэн өвөлжлөө. Дулаан тохитой орчинд ажиллавал ажилчдын сэтгэл зүйд ч эерэг нөлөөтэй.

Ажилчдыг урамшуулах, идэвх санаачилгыг өрнүүлэх олон талт ажил зохиохоор төлөвлөж байна. Ойгоо амжилт ололтоор дүүрэн угтахыг зорьж байна.

 

Б.Гүнжинлхам 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.