Т.Нямсүрэн: Замчид амь нас, аюулгүй байдлаа дохиочинд даатгаад ажилладаг учир бид алдах эрхгүй
Замын II ангийн 2023 оны аварга дохиочин, 12 дугаар хэсгийн замчин-дохиочин Тогтохын Нямсүрэн өөрийн ажил мэргэжлийн талаар ийн ярилаа.
-Та дохиочноор хэдэн жил ажиллаж байна вэ?
-Миний хувьд 2011 онд замчны курсэд сурч, Замын II ангийн 17 дугаар хэсгээс ажлын гараагаа эхэлсэн. Замчин болоод 13 жил болсон байна. 2021 онд Замын аж ахуйн албаны харьяа Толгойт дахь Сургалтын төвд дохиочны 14 хоногийн сургалтад хамрагдаж, шалгалт өгч тэнцээд, үнэмлэх авсан. Түүнээс хойш дохиочноор ажиллаж байна. Манай хэсэгт надаас гадна хэд хэдэн замчин-дохиочин бий. Бид ээлжлээд ажилладаг. Ер нь, хэсгүүдэд 6-8 дохиочин байдаг.
-Дохиочны ажлын онцлог, үүргийн талаар тайлбарлаж өгнө үү?
-Дохиочин бол зам дээр ажиллаж байгаа замчдын амь нас, аюулгүй байдлыг бүрэн хангах үүрэгтэй. Тиймээс маш сонор сэрэмжтэй байж, өртөөний жижүүртэй байнга харилцаж, мэдээлэл авч ажилладаг. Аль талаас ямар галт тэрэг ирж байгаа мэдээллийг авч замчдаа замаас гаргаж, аюулгүй байдлыг нь хангах үүрэгтэй.
-Дохиочин замчдаа дагаад явдаг гэж бодтол заримдаа бүр хол зайтай байрлаж үүргээ гүйцэтгэдэг гэж сонссон. Эзгүй хээр эмэгтэй хүн ганцаараа ажиллах нь хэцүү санагдлаа?
-200 метрээс дээш урттай талбайд засвар хийх бол хоёр дохиочинтой ажиллана. Тийм үед дохиочин засвар хийж байгаа замчдаас 1000-1500 метрийн зайд байрлаж, үүргээ гүйцэтгэх журамтай. 200 метрээс дотогш зайд засвар хийх бол нэг л дохиочин замчдынхаа хажууд ажилладаг.
Хоорондын замд томоохон засвар хийх бол бид 1000-1500 метрт очоод шар шитний хажууд зогсоод тетра станцаар өртөөний жижүүртэй холбогдож, галт тэрэг ирж байгаа эсэх мэдээллийг авдаг. Галт тэрэг ирж байвал ажил удирдаж буй мастер, бригадын даргадаа мэдээлж, замчдыг замаас гарахыг анхааруулдаг. Хэрэв дохиочин анхаарал сэрэмж алдвал галт тэрэг ирэхэд замчид замаас гарахгүй байснаар галт тэрэг зогсоох, улмаар осол эндэгдэл гарах аюултай. Тиймээс дохиочин бол маш хариуцлагатай ажиллах ёстой.
Ялангуяа, тахир тойруу, даваа гүвээ, уул ихтэй үзэгдэх орчин хязгаарлагдмал орчинд бол галт тэрэг ирж байгаа нь харагдахгүй. Тиймээс тетра станцаа маш сайн сонсож замчдынхаа нүд чих болох учиртай. Нэгэнт энэ ажлыг хийж чадна гээд гарсан бол хээр хөдөө ганцаараа хэцүү байна гэх эрх байхгүй шүү дээ.
-Өртөөний жижүүрээс хэдэн минут тутамд мэдээлэл авч байх ёстой вэ?
-Тухайн үеийнхээ байдлаас шалтгаална. 10-20 минутын давтамжтай мэдээлэл солилцдог. Дохиочин тухайн өдрийн галт тэрэгний хуваарийг дэвтэртээ бичиж аваад ажилдаа гардаг. Тэгсэн ч өртөөний жижүүртэй байнга холбогдож аль талаасаа галт тэрэг ирж байна, зөрөх галт тэрэг байгаа эсэхийг мэдэж, замчдынхаа аюулгүй байдлыг хангана.
-Тээврийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр галт тэрэгний хөдөлгөөн улам нягтарч байгаа. Хоёр галт тэрэг хоорондоо хэдэн минутын зайтай аялдаг вэ?
-Янз бүр. Нэг мөрөнд ар араасаа аялж байгаа радио галт тэрэгнүүд хоорондоо 10 орчим минутын зайтай явдаг. Мөн хоёр галт тэрэг зөрөх тохиолдол маш их. Бусад үед хоёр галт тэрэг хоорондоо ихэвчлэн 30-40 минутын зайтай явдаг.
-Хоорондын замд засварын ажилтай үед дохиочин хэр удаан үүрэг гүйцэтгэдэг вэ?
-Тухайн засварын ажил дуусан дуустал зогсоно. Өөрөөр хэлбэл, хэдэн цагийн цонх авсан байна тэр хугацаанд ажиллана. Өдөржин зогсох ч үе бий. Цайны цаг боллоо гээд дохиочин явах эрхгүй. Өглөө ажилдаа хувийн бэлтгэлээ маш сайн базаагаад гардаг.
-Жишээ нь, ямар бэлтгэл хангадаг вэ?
-Нэгдүгээрт, ажлын багаж хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгана. Дохиочны ажлын багаж гэвэл тетра станц, бялт, бүрээ (шүгэл), дарцаг зэрэг байдаг. Үүнээс гадна тухайн өдрийнхөө цаг агаарыг харж байгаад ажлын хувцсаа тохируулж өмсөнө. Удаан хугацаанд ажиллах бол өдрийн хоол хүнсээ бэлтгэж авна. Мөн өөрийн биеийн эрүүл мэндэд ч анхаарах ёстой. Ажлаа хийж байтал гэнэт бие эвгүйцэх, ямар нэгэн асуудал үүсвэл анхаарал сарнина. Тиймээс бүх талаар бэлэн байдлаа хангаад ажилдаа гардаг.
-Тетра станц дохиочны ажлын гол багаж гэж ойлголоо?
-Яг тийм. Тетра станц нь бидний хувьд хамгийн чухал. Тиймээс станцаа их ариглан гамнаж, байнга цэнэглэнэ. Замчдын амь нас, аюулгүй байдлыг хангах гол хэрэгсэл учраас дохиочдод хамгийн сайн станцыг өгдөг.
-Замын их засварын үеэр дохиочин ажилладаг уу?
-Тиймээ, их засвараар машин механизмуудаа дагаад явна. Замын засварын машин механизмууд овор гаргаж зогссон эсэх, вагон ирэхэд ямар нэгэн саад байгаа эсэхэд хяналт тавина. Замын их засвараар олон тооны машин механизм, техник ажилладаг учраас дуу чимээ ихтэй. Биднийг анзаарахгүй, шүгэлийн дуу дуулдахгүй үе бий. Заримдаа гараараа даллаад, орилоод гүйх ч үе гарч л байлаа.
-Та дохиочин болохдоо өөрөө саналаа өгсөн үү, эсвэл таныг томилсон уу?
–Удирдлагууд маань дохиочин болох боломжтой хүмүүсээсээ саналыг нь асуудаг. Тэгээд өөрөө зөвшөөрвөл сургалтад хамруулаад, шалгалтаа өгч тэнцэж, үнэмлэх авсан бол ажиллуулдаг.
-Анх дохиочин болчихоод дэмий ч юм хийчихэв үү дээ гэж бодсон үе бий юу?
-.../инээгээд/ Тийм үе байсан. Анх дохиочин болоод тэр олон хүний амь нас, аюулгүй байдлыг хангана гээд зогсож байхад юм юм л бодогдоно. Халширмаар үе гарч л байсан. Хаврын хавсарга, өвлийн хүйтэн шуурга, бороо, цастай аль ч үед зам дээрээ ажиллаж байдаг замчдын ажил маш хэцүү. Тэр хүнд хүчир ажил хийж байгаа хүмүүсийн амь насыг хамгаалж, ажлаа аюулгүй хийх боломжийг бүрдүүлнэ гэдэг миний үүрэг. Энэ ташрамд замчдаараа бахархаж явдгаа хэлье. Үнэхээр хүндэлмээр сайхан хүмүүс шүү.
-Ингэхэд таны нөхөр замчин уу?
-Миний хань Б.Хачинбаяр замын хэсгийн жолооч. Хань маань 23 дахь жилдээ ажиллаж байна. Би уг нь тогооч мэргэжилтэй. Нөхрөө дагаад л мэргэжлээ сольсон доо.
Замын II ангийн дарга Д.Алтангэрэл дохиочдын талаар “Тээврийн хэмжээ нэмэгдэж, хөдөлгөөний эрчим өссөн энэ үед дохиочин ажиллуулах зайлшгүй шаардлагатай. Манай ангийн хувьд 330 орчим замчин-дохиочны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ аваад ажиллаж байна. Энэ маш хариуцлагатай ажил учраас бид хамгийн туршлагатай замчдаа дохиочноор ажиллуулдаг. Гэвч сайн замчдаа дохиочноор ажиллуулахаар нөгөө талд нь засварын ажил дээр хүн хүч дутагддаг хүндрэл байна. Тиймээс цаашид дохиочны орон тоог шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Энэ асуудлыг шийдвэрлээгүйгээр дохиочноор томилогдсон хүнээр ажил үүрэг гүйцэтгүүлэх дутагдал гарч байна” хэмээн ярилаа.
Б.Гүнжинлхам
