УБТЗ-ын техникийн агентууд өнгөрсөн сарын 15-наас Наушки өртөөнд ажиллан галт тэрэг, вагонуудад урьдчилсан хүлээн авалтын үзлэг хийж эхэлсэн байна. Энэ талаарх ажлын тайланг Вагон ашиглалтын депогийн хойд хэсэглэл хариуцсан орлогч дарга М.Ариунбаяр Замын даргад танилцууллаа. Наушки өртөөнд дөрвөн техникийн агент урьдчилсан үзлэгийг хийж, илэрсэн гэмтлийг ОХУ-ын ажилчдаар засварлуулж байгаа аж. Ингэснээр Сүхбаатар өртөөнд хийдэг байсан засварын ажил өнөөгийн байдлаар 52 хувиар буурч сэлбэг солигдох, тоормосны хөшүүргэн дамжуулгын тохируулга хийх зэрэг хүнд засварын ажил эрс багассан байна. Мөн хоёр улсын хооронд сэлбэг солилцох хүндрэл арилж, Сүхбаатар өртөөнд засварын ажил гүйцэтгэх их ачаалал буурч, хилээр хүлээн авах, хүлээлгэн өгөх галт тэрэгний техникийн байдал сайжирсан зэрэг давуу талууд үүсэж байгааг хэлэв. Үүний зэрэгцээ техникийн гэмтлээр буцах вагоныг Наушки өртөөнд салгуулж байгаа нь Сүхбаатар өртөөний галт тэрэг боловсруулалтад эергээр нөлөөлж эхэлснийг онцоллоо. Мөн хүндэрч буй зарим асуудлаа Замын удирдлагад танилцуулав. Тухайлбал, Сүхбаатар-Наушки-Сүхбаатар хоорондын ээлж солилцох зорилгоор техникийн агент тээвэрлэх хугацааг богиносгох, ажилчдын ХАБЭА-н эсрдлийг бууруулах, ажил амралтын дэглэмийг хангуулах, эдийн засгийн хэмнэлт гарах боломжтой зэрэг үндэслэлээр техникийн агентуудыг хил гаалиар жагсаалтаар /список/ нэвтрүүлэх, тэднийг 24/72 цагийн ээлжээр ажиллуулж болох талаар дурдлаа. Замын дарга уг асуудлыг судалж шийдвэрлэхийг чиглэл хариуцсан мэргэжилтнүүдэд үүрэг болгосон юм.