Өмнө нь “Сэлгээ ур чадвар” нэрийн доор зохион байгуулдаг байсан тэмцээний хамрах хүрээг өргөтгөж, энэ жилээс “Онц хөдөлгөөнчин” нэрийн доор зохион байгуулахаар болжээ. Ингэснээр зөвхөн Тээвэр зохион байгуулалт, Зүтгүүрийн аж ахуйн албаны хэмжээнд бус төмөр замын үндсэн албад болох Дохиолол холбоо, Тээвэр зохион байгуулалт, Зам, Зүтгүүрийн аж ахуйн албад нэг баг болж оролцох боломж бүрдэж буй аж. Энэ жилийн тэмцээнийг Тээвэр зохион байгуулалтын албаны санаачилгаар зохион байгуулж буй юм. Тэмцээн гурван үе шаттайгаар өрнөх бөгөөд эхний шат нь аж ахуйн нэгжийн хэмжээнд зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодруулжээ. Харин хоёрдугаар шатыг энэ сарын 8-нд урд хэсэглэлийнхэн Сайншандад, төвийн хэсэглэлийнхэн Толгойтод, хойд хэсэглэлийнхэн Дарханд гэсэн гурван бүсээр нэгэн зэрэг зохион байгууллаа. Төвийн бүсийн тэмцээнд Багахангай, Багануурын нэг, Амгалан, Толгойт, Улаанбаатар өртөөний нийт дөрвөн баг ур чадвар, эрдэм мэдлэгээ сорин өрсөлдөв.
Тээврийн хяналтын албаны урд, хойд, төвийн бүс хариуцсан хяналтын байцаагч бөгөөд албаны орлогч дарга Ц.Лувсан тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ тус тэмцээнийг зохион байгуулснаар төмөр замчдын залуу халааг бэлтгэх, чадварлаг төмөр замчдыг алдаршуулах, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зэргээр олон давуу тал бий болно гэдгийг онцлоод, “Цаашид энэхүү тэмцээнийг Замын даргын тушаалаар жил бүр уламжлал болгон зохион байгуулна. Төвийн хэсгийн тэмцээн явуулах хувилбарыг сонгохдоо бид сэлгээний ажлын ачаалал өндөр, хамгийн олон сэлгээний зүтгүүр, бригадтай, мөн зам, сум, холбоо дохиоллын чиглэлээр нэгдсэн ээлжинд ажилладаг технологийг сонгон авч вагон үзэгч, ачаа вагон хүлээлцэгч, замын мастер гэсэн бүрэлдэхүүнтэйгээр хамгийн шилдгүүдийг тодруулсан. Тиймээс тэмцээнд оролцогчид шударгаар, ур чадвараа гарган, баг хамт олон болж оролцоно гэдэгт илтгэлтэй байна. Хамгийн гол нь, энэ тэмцээнд оролцож байгаа хүмүүс хувийн аюулгүй байдлаа маш сайн хангаж ажиллах хэрэгтэй” гэв. Түүнчлэн, энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулахад Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэнгийн дэмжлэг туслалцаа өндөр байсныг дурдсан юм.
Хоёрдугаар шатны тэмцээнийг онолын мэдлэг сорих, ур чадвараараа өрсөлдөх гэсэн хоёр үе шаттайгаар өрнүүлсэн бөгөөд онолын хэсэгт мэдлэгээ бататгах зорилгоор 50 асуулттай тест бөглөхөөс гадна IQ мэдлэгээ уралдуулах хувилбарыг ч оруулсан нь илүү шинэлэг байлаа. Энэ удаагийн тэмцээний шүүгчээр Тээврийн хяналтын албаны Ачаа тээвэр хариуцсан байцаагч Д.Гантулга, Тээвэр зохион байгуулалтын албаны IV хэсэглэлийн байцаагч Г.Амарсайхан, Холбоо дохиолол хариуцсан байцаагч Д.Жигжид, Ачаа тээвэр хариуцсан I хэсэглэлийн байцаагч В.Ванчинхүү, Дохиол холбооны II ангийн ашиглалт хариуцсан орлогч дарга О.Насанбат, Вагоны аж ахуйн албаны ахлах байцаагч А.Пүрэвбаатар нар ажилласан юм. Мөн төвийн хэсэглэлийн хөдөлгөөнтэй шууд холбоотой аж ахуйн нэгжийн ҮЭ-ийн хороодын дарга нар салбар нэгж, байгууллагаа төлөөлөн хяналтын шүүгчээр оролцлоо.
Дээрх тэмцээний талаар Улаанбаатар өртөөний дарга Ц.Төрмөнх “Тэмцээнд амжилттай оролцохын тулд өртөөний хэмжээнд сэлгээний бригадаасаа хоёр хүн, Вагон ашиглалтын депогийнхон вагон үзэгч нараасаа нэг хүн, Замын II ангийнхан нэг мастераа шалгаруулсан гэхчлэнгээр бид эртнээс бэлтгэл хийсэн. Өнөөдрийн тэмцээнээс шилдгээр шалгарсан баг удахгүй Дархан зангилаанд зохион байгуулагдах III шатны тэмцээнд оролцож, “Замын аварга”-ын төлөө өрсөлдөх юм. Зөвхөн зангилааны хүрээнд хоёр албаны хэмжээнд зохион байгуулдаг байсан тэмцээнийг ийнхүү өргөн цар хүрээгээр зохион байгуулсан нь тээврийн ажилд оролцдог хүмүүс мэдлэгээ бататгах, бие биеэсээ харилцан туршлага судлах, ажил мэргэжилдээ дурлах гээд олон талын ач холбогдолтой. Ялангуяа, залуу төмөр замчид энэ тэмцээнд оролцох юмсан гэх хүсэл эрмэлзэл нь улам өндөрсөнө. Товчхондоо энэ тэмцээн бол төмөр замчдаа ажил мэргэжилд нь дадлагажуулах, туршлагажуулах томоохон сургалт болж буйгаараа онцлогтой” хэмээн ярилаа.
Ийнхүү төмөр замчид тээврийн ажлыг гүйцэтгэхийн тулд ямар зохион байгуулалтаар, хэрхэн баг болж, гар нийлэн ажилладгаа тэмцээний талбарт тольдон харуулж, ур чадвар, эрдэм мэдлэгээ мэргэн шүүгчдээр дүгнүүллээ.
Б.Дэлгэрхишиг
