Нүүр Энэ сэдвээр Т.Цэндмаа: Хүмүүнлэгийн үйл ажиллагаа сэтгэл дээр тогтдог
Энэ сэдвээр

Т.Цэндмаа: Хүмүүнлэгийн үйл ажиллагаа сэтгэл дээр тогтдог

G.Press 1 сарын өмнө 42 үзэлт 0 сэтгэгдэл

 

УБТЗ-ын Улаан загалмайн хорооны дарга Т.Цэндмаатай уулзаж ярилцлаа.

 

-Сайн байна уу. УБТЗ-ын Улаан загалмайн хорооны бүтэц, хөгжлийн талаар товч танилцуулна уу?

-Манай хороо 1956 онд байгуулагдсан. Энэ жил 70 жилийн ойгоо тэмдэглэж өнгөрүүлнэ . Анх байгуулагдахдаа тухайн үеийн жишгээр Төмөр замын эмнэлгийн дэргэд үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. 1990-ээд оны эхэн үеэс бие даасан бүтэц, бүрэлдэхүүнтэй  байгууллага болсон. МУЗН 21 аймаг, есөн дүүргийн салбар хороодоор дамжуулан хүмүүнлэгийн үйл ажиллагаа шуурхай хүргэж ажилладаг. Үүнээс гадна тусгай чиг үүргийн байгууллагыг түшиглэсэн Дунд шатны улаан загалмайн хороотой. Үүнийг нэг нь УБТЗ ХНН-ийн дэргэдэх Улаан загалмайн хороо юм. Өнөөдөр УБТЗ-ын хэмжээнд Үндэсний хүмүүнлэгийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж, МУЗН-ийн хууль, дүрэм, бодлогын бичиг баримтын хүрээнд ажиллаж байна. Улаан загалмайн хорооны тэргүүн нь Замын дарга байдаг. Удирдах зөвлөл есөн хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн жилд нэг удаа чуулганаар сонгогддог. Харин үндсэн таван ажилтантай. Бид төмөр замаас цалинждаггүй, бие даасан баланстай хүмүүнлэгийн байгууллага. Хүмүүнлэгийн үйл ажиллагаа, байгууллага нь цалин, ашиг сонирхлоос илүү сэтгэл дээр тогтсон байгууллага. Хүмүүс ажлынхаа хажуугаар бусдад туслахын төлөө сайн дураараа ажилладаг нь хамгийн том үнэ цэн. Бидний зорилго бол тэр сэтгэлийг хадгалж, улам олон хүнд хүрч ажиллах явдал юм.

-Үйл ажиллагааны гол чиглэл нь юу вэ?

-Манайх МУЗН-ийн үндсэн дөрвөн хөтөлбөр буюу нийгмийн эрүүл мэнд, гамшгийн бэлэн байдал, хүүхэд, залуучууд, нийгмийн халамж, оролцооны хүрээнд ажилладаг. Төмөр замд хамгийн онцлог, “брэнд” болсон хоёр чиглэл бий. Нэгдүгээрт, нийгмийн эрүүл мэнд, хоёрдугаарт, гамшгийн бэлэн байдал. Ялангуяа анхны тусламжийн сургалт бол манай гол ажил. Жилдээ давхардсан тоогоор 5000 гаруй төмөр замчдад сургалт явуулдаг. Үүнээс гадна урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эрүүл мэндийн зөвлөгөөг тогтмол зохион байгуулдаг. Жил бүр бид бүх тайлан, тоон мэдээллээ гаргаж, Удирдах зөвлөл болон холбогдох байгууллагуудад танилцуулдаг. Хэдэн хүнд сургалт хүрсэн, хэдэн хүн үзлэгт хамрагдсан гэх мэт бүх үзүүлэлт тодорхой байдаг. Энэ нь бидний ажлын үр дүнг харуулдаг.

-УБТЗ-ын Улаан загалмайн хорооны гишүүдийн оролцоог хэрхэн хангаж ажилладаг вэ?

-УБТЗ нийтдээ 16 мянга гаруй ажилтантай. Үүнээс 13 мянга гаруй нь Улаан загалмайн гишүүн. Жилд 12 мянган төгрөгийн гишүүний хураамж тогтмол төлдөг. Энэ нь манай байгууллагын нэг онцлог. МУЗН-ийн хэмжээнд гишүүнчлэл, татварын тогтвортой байдлаараа онцлог үзүүлэлтэд тооцогддог. Төмөр замын байгууллагын босоо удирдлагын тогтолцоо нь энэхүү тогтвортой байдлыг хангахад чухал нөлөө үзүүлдэг. Манай гол хүч нь гишүүд, дэмжигчид, сайн дурын идэвхтнүүд. Тэдэнд чиглэсэн хүмүүнлэгийн өдөрлөг, сургалт, соён гэгээрүүлэх, анхны тусламжийн чиглэлээр олон ажил тогтмол зохион байгуулдаг. Хэрэв бид идэвхтэй ажиллахгүй бол гишүүдийн оролцоо буурах эрсдэлтэй. Тиймээс бид байнгын үйл ажиллагаагаараа дамжуулан итгэл, оролцоог нь хадгалж байдаг. Үе үеийн залгамж холбоог бэхжүүлж, хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх зорилготой ажилладаг. Ахмадын туршлага, залуу үеийн идэвх санаачилгыг хослуулж, төмөр замчдынхаа нийгмийн хамгаалал, хүмүүнлэгийн үйлсэд бодит хувь нэмэр оруулсаар байх болно.

-Гишүүдийн хураамжийн  талаар буруу ойлголт байдаг уу?

-Жилд 12 мянган төгрөг буюу сард 1000 төгрөгийн хураамж гэдгийг хүмүүс заримдаа буруу ойлгоод сар бүр 12 мянгыг өгч байна гэж боддог. Зарим хүмүүс хураамж  “надад шууд ашиг өгөх ёстой” гэж ойлгодог. Гэтэл энэ бол хүмүүнлэгийн хандив. Таны өгсөн 12 мянган төгрөгөөр зөвхөн нэг хүнд биш, олон хүнд, заримдаа олон улсын хэмжээнд тусламж хүрдэг. Энэ ойлголтыг л бид илүү сайн түгээх хэрэгтэй байна. Харин салбар нэгж бүр дээр анхан шатны хороод ажилладаг. Тэдний дарга, нарийн бичгийн дарга нар нь тухайн байгууллагадаа сайн дурын үндсэн дээр ажиллаж, Улаан загалмайн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Тэдэнд тогтмол цалин байхгүй, ихэнхдээ сэтгэлээрээ ажилладаг хүмүүс.

-Байгууллага, хамт олноороо сайн дураараа нэгдсэн сүүлийн үеийн жишээ дурдана уу?

-Улаан загалмайн үйл ажиллагаанд байгууллага, хамт олноороо сайн дурын үндсэн дээр нэгддэг. Хэнийг ч албадан оролцуулдаггүй. Байгууллага, хамт олноороо сайн дураараа нэгддэг. Энэ жил Кейтеринг зочлох үйлчилгээний хэлтсийн 117 хүн МУЗН-ийн ивээн тэтгэгч  гишүүнээр элсэж, тус бүр 50 мянган төгрөгийн хандив өгсөн. Нэг байгууллагаас ийм олон хүн нэгдэнэ гэдэг бол үнэхээр өндөр үзүүлэлт. Гэхдээ бид тэр хандивыг төвдөө авч үлддэггүй. Ивээн тэтгэгч  гишүүний хураамийн  тодорхой хувийг буцаагаад тухайн байгууллагад нь өгдөг. Энэ нь тухайн хамт олон өөрсдийн дотоод нийгмийн үйл ажиллагаанд зарцуулах боломжийг бүрдүүлдэг.

-Тодруулбал, яаж буцаан дэмждэг вэ?

-Кейтерингээс нийт 5.0 сая төгрөгийн хандив өглөө гэж бодъё. Түүнээс 20-30 хувийг буцаагаад тухайн байгууллагад нь олгодог. Тэгээд тэр байгууллага дотооддоо  ярилцаад, ар гэрийн гачигдалтай эсвэл өвчтэй ажилтандаа тусламж үзүүлэх зэрэгт зарцуулж болно. Энэ нь нэг талаараа Улаан загалмайд хандив өргөх соёлыг дэмждэг, нөгөө талаараа тухайн байгууллага дотроо нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх боломжийг давхар олгодог. Өөрөөр хэлбэл, өгсөн зүйл нь эргээд хүмүүстээ хүрч байна гэсэн үг.  Мөн анхны тусламж, гамшгийн бэлэн байдлын сургалтаа УЗХ-тойгоо холбоод өгчихвөл байгууллагад ч хэрэгтэй. Хүмүүнлэгийн байгууллагыг тодорхой хэмжээгээр дэмждэг учраас уялдаа холбоо сайн байдаг юм байна гэж ойлгосон байгууллагуудын үйл ажиллагаа тогтмол, татвараа жил бүр өгдөг.

-Танай хорооны давуу тал юу вэ?

-Манайх эмнэлгийн дэргэд байрладаг, мэргэжлийн эмч нартай ойр байдаг нь давуу тал. Зарим тохиолдолд Төв эмнэлэгт дараалал ихтэй үед төмөр замчид манай эхо үйлчилгээ рүү ханддаг. Байнгын үйлчилгээндээ харьцангуй хямд төлбөртэй, харин “Улаан загалмайн нэг өдөр” арга хэмжээний үеэр үнэ төлбөргүй үзүүлдэг. Манайхтай хамтарч ажилладаг байгууллагууд зарим үйлчилгээн дээр хөнгөлөлт эдэлдэг. Жишээлбэл, шүдний эмчилгээ, үзлэг оношилгоог 20-30 хувиар хөнгөлдөг. Энэ нь харилцан ойлголцол, хамтын ажиллагааны үр дүн юм.

-“Улаан загалмайн нэг өдөр” арга хэмжээний талаар тодруулж ярина уу?

-Манай онцлог ажлуудын нэг. Бид баг болж байгууллага дээр очоод анхны тусламжийн сургалт, дотрын эмчийн үзлэг, эхо оношилгоо, шүдний эмчилгээ зэргийг нэг дор үзүүлдэг. Бүх үйлчилгээ үнэ төлбөргүй. Жишээлбэл, эхо оношилгоо гэхэд л нэг хүн 30-40 мянган төгрөгийн үйлчилгээ авдаг. Зарим тохиолдолд хиймэл шүд хүртэл хийж өгдөг. Ажилчид ажлын байран дээрээ ийм үйлчилгээ авах боломжтойгоороо давуу тал болдог.

-Анхан шатны хороод байгууллагууд дээр хэрхэн ажилладаг вэ?

-ААНБ-ууд дээр тухайн байгууллагын дарга нь манай Улаан загалмайн анхан шатны хорооны даргаар ажилладаг. Харин өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулахад идэвхтэй, олон нийттэй ажиллах чадвартай хүнийг бид санал болгож, нарийн бичгийн дарга буюу сайн дурын идэвхтнээр ажиллуулдаг. Энэ хүн нь тухайн байгууллагад Улаан загалмайн бүх ажлыг зохион байгуулдаг гол холбоос болдог.

-Сайн дурын идэвхтэн гишүүн ямар үүрэгтэй вэ?

-Улаан загалмайн аливаа арга хэмжээнд манай багтай хамтран оролцож, зохион байгуулалтад дэмжлэг үзүүлдэг хүмүүсийг хэлнэ. Мөн сургалт, сурталчилгаанд оролцож мэдлэгээ бусдад түгээдэг. Идэвхтнүүдийг зөв сонгох нь маш чухал. Олон нийтийн ажилд идэвхтэй, бусдад нөлөөлж чаддаг хүмүүсийг сонгож бэлтгэх хэрэгтэй. Бид жил бүр анхны тусламж, гамшгийн бэлэн байдал, донорын чиглэлээр идэвхтнүүдийг тогтмол бэлтгэдэг.

-Эдгээр хүмүүс цалин, урамшуулал авдаг уу?

-Анхан шатны хороод дээр дарга, нарийн бичиг нь бүгд сайн дурын идэвхтнүүд байдаг, цалин авдаггүй. Манай байгууллага зөвхөн гишүүдийн татвар, хандив дээр тулгуурладаг учраас анхан шатны хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт ҮЭ шиг тусдаа цалин олгох боломжгүй. Тэд үндсэндээ сэтгэлээрээ, сайн дурын үндсэн дээр ажилладаг. Харин бид жилдээ нэг, хоёр удаа боломжийн хэмжээнд урамшуулал олгодог. Улаан загалмайн үйл ажиллагаа бол цалин, ашиг сонирхлоос илүү сэтгэл дээр тогтдог. Сайн дурын идэвхтнүүд, байгууллагуудын дэмжлэгээр бид энэ ажлыг хийж байна. Хамгийн гол нь хүмүүс “би бусдад тусалж байна” гэдэг ухамсрыг ойлгож, дэмжиж явах нь чухал юм. Ер нь энэ ажил бол мөнгөнөөс илүү сэтгэл дээр тогтдог. Хүмүүс ажлынхаа хажуугаар бусдын сайн сайхны төлөө цаг гарган ажиллана гэдэг нь өөрөө үнэ цэнтэй. Манай анхан шатны хороодын дарга, идэвхтнүүд ямар нэгэн зүйл нэхдэггүй, харин ч сэтгэлээсээ зүтгэдэг нь байгууллагын хамгийн том давуу тал.

-Олон улсын төслүүдэд хэрхэн хамрагддаг вэ?

-Манайх үндсэндээ гишүүдийн татвар, хандив дээр тулгуурладаг. Улсаас тусгай төсөв байдаггүй. Энэ татвараараа үндсэн ажилтнуудынхаа цалин, сургалт сурталчилгаа, явуулын үйл ажиллагааны бүх зардлаа шийддэг. Тиймээс олон улсын байгууллагын төслүүдэд хамрагдах нь бидэнд чухал боломж болдог. Олон улсын төслийг зүгээр нэг олдчихдоггүй. Бид өөрсдөө хэрэгцээгээ тодорхойлж, төсөл бичиж, шалгарч байж авдаг. Тухайлбал, эхо аппаратаа авахдаа “Манайд эмч байна, орчин байна, хэрэгцээ байна” гэдгээ нотолсон. Ийм байдлаар бид үйл ажиллагаагаа өргөжүүлдэг. Манайх төслөөр явуулын эхо оношилгооны үйлчилгээг нэвтрүүлсэн. Энэ төхөөрөмжийг Австралийн Улаан загалмайн нийгэмлэгийн төслийн хүрээнд авсан. Сүүлийн үеийн, чанартай тоног төхөөрөмж учраас төмөр замчид их ам сайтай байдаг. Шугам зам дагуу явж, ажлын байран дээр нь очиж үйлчилгээ үзүүлдэг.

-Танай байгууллагын үйл ажиллагаанд хамтын ажиллагаа хэр чухал вэ?

-Маш чухал. Манайх дангаараа бүхнийг хийж чадна гэж байхгүй. Ялангуяа, байгууллагуудын удирдлага, хүний нөөц, инженер техникийн ажилтнуудын оролцоо их нөлөөтэй. Тэд Улаан загалмайн үйл ажиллагааг ойлгож, дэмжвэл анхны тусламжийн сургалт, гамшгийн бэлэн байдлын ажлууд байгууллагад бодит хэрэгцээтэй болж, илүү үр дүнтэй болдог. Энэ уялдаа холбоо маш чухал.

-70 жилийн ойн хүрээнд ямар ажлууд төлөвлөж байна вэ?

-Ойн хүрээнд хэд хэдэн томоохон арга хэмжээг зохион байгуулахаар  төлөвлөсөн. Үүнд, ахмад, дунд, залуу үеийн уялдаа холбоог бэхжүүлэх зорилготойгоор “Гурван үеийн уулзалт”-ыг зохион байгуулна. Мөн шугам зам дагуух бүсчилсэн уулзалтуудыг зохион байгуулж, гишүүд, сайн дурын идэвхтнүүдийг идэвхжүүлэх,  ахмад улаан загалмайчдын туршлагыг залуу үед өвлүүлэх зэрэг ажлууд багтаж байна. УБТЗ-ын Улаан загалмайн хорооны түүх, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор “Ган зам” сонин болон төвийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэхээр төлөвлөөд байна. Төмөр замд үндэсний хүмүүнлэгийн байгууллага хэрхэн ажилладгийг олон нийтэд таниулах нь чухал гэж үзэж байна.

-Цусны донорын үйл ажиллагааны талаар ярина уу?

-Улаан загалмайн нэг чухал чиглэл нь сайн дурын цусны донорыг дэмжих явдал. Бид Цус сэлбэлтийн үндэсний төвтэй хамтарч донорын өдөрлөг зохион байгуулдаг. Төмөр замчдын дунд идэвхтэй донор олон, бүр хүндэт донор болсон хүмүүс ч бий. Гэхдээ сүүлийн үед донорын шаардлага өндөр болсон. Нэг удаагийн өдөрлөгт 80-100 хүн шаарддаг. Мөн төмөр замчдын ажлын онцлогоос шалтгаалаад (шөнийн ээлж, ядаргаа гэх мэт) бүх хүн хамрагдах боломжгүй байдаг. Ажлын онцлогоос шалтгаалаад зарим хүмүүс хасагддаг. Тиймээс жилдээ 4-6 удаа л зохион байгуулж байна. Оюутнууд илүү идэвхтэй оролцдог.

-Хүүхэд, залуучууд руу чиглэсэн ажил бий юу?

-Байгаа. Бид  УБТЗ-ын эцэг эхийн зөвлөлтэй хамтарч хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн боловсролын сургалтуудыг тогтмол явуулдаг. Ажилчид ажлын ачааллаас болоод хүүхдэдээ цаг гаргах нь бага байдаг учраас энэ чиглэлд анхаарч байна. Мөн хүүхэд залуучуудын хүмүүнлэгийн хүмүүжилд чиглэсэн сургалтыг ч зохион байгуулдаг.

-Одоо үеийн хүмүүсийн хандлага өмнөхөөс хэр өөр болсон бэ?

-Өмнө нь хүмүүс илүү шууд, сэтгэлээсээ ханддаг байсан. Одоо мэдээлэл их болсон, сошиал орчин нөлөөлж байна. Гэхдээ зөв чиглүүлж чадвал залуучууд маш хурдан ойлгож, оролцож чаддаг.

-Жилийн үйл ажиллагаа, сургалтаа хэрхэн төлөвлөгддөг вэ?

-Жил бүр төлөвлөгөө гаргаж, сургалт сурталчилгааг чиглэл чиглэлээр нь зохион байгуулдаг. Манай үйл ажиллагаа МУЗН-ийн үндсэн дөрвөн хөтөлбөрт тулгуурладаг. Тухайлбал, нийгмийн эрүүл мэндийн хүрээнд халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, үзлэг оношилгоог зохион байгуулдаг. Төмөр замын эмнэлэгтэй хамтран ажиллаж, хүрч чадахгүй байгаа хэсэгт нь бид дэмжлэг үзүүлдэг. Манай брэнд ажил бол анхны тусламжийн сургалт. Жилд давхардсан тоогоор 1000 гаруй төмөр замчдад сургалт ордог. Мөн байгууллага бүр дээр анхны тусламжийн булан, заримд нь тусгай танхим байгуулсан. Бид сургалтыг маш их зохион байгуулдаг. Гэхдээ хамгийн чухал нь сургалтад суусан хүмүүс эргээд байгууллага дээрээ мэдсэн зүйлээ түгээх хэрэгтэй. Сураад орхих биш, хамт олондоо дамжуулж байж үр дүн гарна.

-Танай хороо улс орны хэмжээнд томоохон гамшгийн үед хэрхэн оролцож байсан бэ?

-Ер нь олон тохиолдол бий. Жишээлбэл, зудын үед төмөр замчид бүгдээрээ нэгдэж хандив өгч байсан. Мөн Японд болсон цунамигийн үеэр ч гэсэн манайхан Улаан загалмайгаар дамжуулж тусалсан. Үер усны үед ч адилхан. Ер нь “Нэгдье” гэсэн уриалга гарвал төмөр замчид маш идэвхтэй оролцдог. Ковидын үед ч Улаан загалмай маш идэвхтэй ажилласан. Хүмүүс гэртээ тусгаарлагдаад хоол хүнс, эм тариа хэрэгтэй үед идэвхтнүүд маань өдөр, шөнөгүй явж тусламж хүргэж байсан. Тэр үед хүмүүс Улаан загалмай ямар чухал байгууллага гэдгийг илүү ойлгосон гэж боддог.

-Та энэ байгууллагад олон жил ажиллах болсон шалтгаанаа хуваалцвал?

-Би Улаан загалмайн хороонд нийтдээ 20 жил ажиллаж байна. Анх арга зүйчээр орж байсан бол одоо даргаар ажиллаж байна. Миний аав С.Түдэвдорж Холбооны яамны Үйлдвэрчний хорооны даргаар 40 орчим жил ажилласан. Хүмүүсийн төлөө чин сэтгэлээсээ ажилладаг байсан нь надад их үлгэр болсон. Аав маань бараг гэртээ байхгүй, дандаа ажилчдынхаа төлөө явдаг, тэдний сайн сайхны төлөө ажилладаг байлаа. Тэр хандлага, хүмүүжил нь надад их нөлөөлсөн. Хүнд тусалчих юмсан, хүний төлөө юм хийе гэсэн бодол багаасаа суусан. Тэр л нөлөөгөөр Улаан загалмайд олон жил ажиллаж байна. Тийм болохоор энэ ажлыг сэтгэлээрээ хийдэг. Улаан загалмай нь зүгээр нэг тусламж өгдөг байгууллага биш. Харин хүмүүсийг бусдад тусалдаг, оролцдог болгох зорилготой. Хамгийн чухал нь сэтгэл. Хүмүүсийн сайн сайхны төлөө, сэтгэлээрээ нэгдэж хийдэг үйлс. Тийм учраас Улаан загалмайн ажил хамгийн түрүүнд хүний хандлага, сэтгэлгээг өөрчлөхөд чиглэдэг гэж боддог. Хүмүүст тусалж байна гэдэг өөрөө л хамгийн том урам болдог.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Цаашдын ажил үйлсэд тань өндөр амжилт хүсье.

 

 

П.Түмэндэмбэрэл

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.