Баянтүмэн тасгийн орлогч дарга-ерөнхий инженер С.Батбадартай Пүрэв гарагт утсаар холбогдож, түймрийн дараах сэргээн босгох ажлын явцын талаар тодруулахад “Тавдугаар сарын 11-ний өглөөний 08.00 цагийн байдлаар Баянтүмэн тасгийн гол замын 104 дүгээр км-ийн нэгдүгээр зуутаас 146 дугаар км-ийн 10 дугаар зуут дуустал нийт 919 ширхэг төмөр бетон дэр, 2503 ширхэг модон дэр сольж, галт тэрэгний хөдөлгөөнийг 25 км/цагийн хурдтайгаар нээсэн. Тухайн өдрийнхөө 22.00 цагаас галт тэрэг хуваарийн дагуу аялж эхэлсэн. Галт тэрэгний хөдөлгөөн хаалттай байх хугацаанд Соловьевск өртөөнд 40 хагас вагон, 11 цистерн, нийт 51 вагон хуримтлагдсан байна. Холбооны шугамын сэргээн босголтын ажил үргэлжилж байна. Уг ажилд Дохиолол холбооны I, II, III ангиудын ИТА-чид ажиллаж байна. Сэргээн босголтын ажилд нийт 150 орчим төмөр замчин ажилласан” хэмээн мэдээллээ.
Холбооны шугамын сэргээн босгох ажлын явцыг Баянтүмэн тасгийн Дохиолол холбооны хэсгийн ахлах инженер П.Адилхүүгээс тодрууллаа. Тэрбээр, “Тавдугаар сарын 11-ний байдлаар холбооны шугамын сэргээн босгох ажил 70 орчим хувьтай явж байна. Сэргээн босгох ажилд Дохиолол холбооны I, II, III ангиудаас 14 хүн, манайхаас найм, нийт 22 хүн ажиллаж байна. Түймэрт холбооны 373 шон, 153 хөндлөвч мод шатсан. Бид үлдсэн ажлаа 3-4 хоногт багтаан дуусгах зорилготой ажиллаж байна” хэмээв.