Хамтын гэрээний баталгаажуулалт, хэрэгжилт

 

2022-2023 оны хамтын гэрээний хэрэгжилтийг 97.3 хувьтай дүгнэж, 2024-2025 оны шинэ хамтын гэрээг хэлэлцэн баталлаа.

Шинэ хамтын гэрээний төслийг бэлтгэж, хэлэлцээр хийх ажлын хүрээнд нэг өргөтгөсөн ажлын хэсэг, хоёр дэд ажлын хэсэг байгуулж ажиллалаа. Шинэ хамтын гэрээнд оруулахаар анхан шатны хороодоос ирүүлсэн 326 санал, холбооны даргын 2023 оны найм, ес дүгээр сард шугам замынөртөө зөрлөгүүдэд ажиллахдаа нийт ажилчдаас цуглуулсан 3000 гаруй санал, дэд ажлын хэсгээс гаргасан саналуудыг үндэслэн 2024-2025 оныхамтын гэрээний төслийг боловсруулж, 2023 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр ажил олгогч талд гардуулсан. Хамтын гэрээний хэлэлцээрийн хугацаанд дэд ажлын хэсгийн хуралдааныг тав, өргөтгөсөн ажлын хэсгийн хуралдааныг хоёр удаа хийж “УБТЗ” ХНН болон МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны удирдлагууд 2024 оны хоёрдугаар сарын 08-ний өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан.

Энэхүү хамтын гэрээ нь 11 бүлэг 186 заалттай. Нийт 43 заалтад нэмэлт өөрчлөлт оруулж, 12 заалтыг шинээр орууллаа. Эдгээрээс дурдвал:

  • УБТЗ-ын санхүүгийн чадвар, инфляцынтүвшинг харгалзан жил бүрийн гуравдугаар улиралд багтаан үндсэн цалинг 10-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхээр тохиролцсон бөгөөд 2024 оны зургадугаар сарын 01-ний өдрөөс эхлэн УБТЗ-ын нийт ажилчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлнэ.

  • Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг 3-3.5 дахин, ахлахын нэмэгдэл, шинжлэх ухааны болон,боловсролын доктор, мэргэшсэн нягтлан бодогч, мастер тогооч, эмнэлгийн ажилтны нэмэгдлийг 2-5 дахин, томилолтын зардал, хоол, унааны хөнгөлөлтийг 10-40 хувиар тус тус нэмэгдүүлж, инфляцынтүвшинтэй уялдуулан 2025 онд дахин нэмэгдүүлэхээр тохиролцож, мэргэшсэн инженер, сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр ажиллаж байгаа багш нарт нэмэгдэл олгох заалтыг шинээр орууллаа.

  • Улсаас болон төмөр замаас байр хувьчилж аваагүй, анх удаа өөрийн өмчлөлийн орон сууцтай болж байгаа ажилтанд үзүүлдэг дэмжлэгийг 20 хувиар өсгөж зургаан сая болгож, дэмжлэг авах ажилтны тоог жил бүр 10-аар нэмэгдүүлэхээр тусгасан.

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр зарцуулах хөрөнгийг 25 хувиар өсгөж 10 тэрбум төгрөгөөс багагүй байхаар тусгасан.

  • Үүнээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд манай ажилтан энэрэнгүй, хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж эрдэнэт хүний алтан амийг аврахад цусаа хандивласантохиолдолд дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговортойнэг өдрийн нэмэлтамралт олгож байхаар шинэ зохицуулалтыгорууллаа.

Эдгээр өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд жилд 70.9 тэрбум төгрөг шаардагдах урьдчилсан тооцоолол гараад байгаа.

Хамтын гэрээний биелэлтийг нэгтгэж хялбар болгох, үр дүнг тодорхой гаргах зорилгоор анхан шатны хороодоос Eoffice системд хамтын гэрээний заалт бүрээр биелэлтийг оруулах цэсийг хөгжүүлж байна.

 

Бусад хамтын гэрээ

 

2024 оны эхний улиралд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн ажилчдын хүсэлтийн дагуу МТЧ-чдын ҮЭ-ийн холбооноос томилогдсон ажлын хэсэг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн төв оффис, Цогтцэций, Гашуун сухайт өртөөдөд эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулах, үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулах талаар сургалт, уулзалтыг хоёр удаа зохион байгуулсан. Үүний үр дүнд 2024 оны гуравдугаар сард “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хороог байгуулж, гишүүдийн тоог нэмэгдүүлж, холбооны  үйл ажиллагааны хүрээг өргөжүүлсэн. Хоёр тал хамтын гэрээний хэлэлцээрийг эхлүүлэн, судалгааны шатанд явж байна.

 

Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа

 

Тэтгэмж тусламж

 

МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо оны эхний хагас жилийн байдлаар халамжийн сангийн журмаар 267 гишүүний тэтгэмж тусламж, амралт сувиллын хөнгөлөлтийн өргөдлийг шийдвэрлэлээ. Үүнээс тэтгэмж тусламжийн хөнгөлөлт 228, амралт сувиллын хөнгөлөлт 39, нийт 267 хүнд  42 576 000 төгрөгийг шийдвэрлэж олгосон байна. Мөн нийт 84 гишүүнийг 14 400 000  төгрөгөөр шагнаж урамшуулсан. 2023 онд үйлдвэрлэлийн ослоор осолд өртсөн найман гишүүний ар гэрт 3.6 сая төгрөгийг олгов.

 

Тэтгэлэгт хөтөлбөр

 

МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” зарласан билээ. Энэ хүрээнд болзол шалгуурыг хангасан Төмөр замын автоматик ба телемеханик холбооны IV ангийн оюутан С.Төгөлдөр, III ангийн оюутан Д.Дарханцэцэг, Н.Саранзаяа нарт тус бүр 15 кредит цагийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх батламж олголоо.

 

Төгсөгчдийн ажлын байрны сургалт

 

Ажлын байранд шинээр гарах гэж буй оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцоход анхаарах зарим асуудлууд” сэдэвт сургалтыг ТЗДС болон Политехник коллежийн төгсөх курсийн 150 гаруй оюутнын дунд зохион байгууллаа. Сургалтын хүрээнд МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дэд дарга Х.Тулга, "ҮЭ-ийн хөдөлгөөний танилцуулга",эрх зүй, сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.Тэмүүлэн “Хөдөлмөрийн гэрээний тухай ойлголт, анхаарах асуудал”, "Сэтгэл зүйн боловсрол үйлчилгээний төв” ТББ-ын үүсгэн байгуулагч, докторант, сэтгэл судлаач Д.Мөнхдэлгэр “Ажлын байрны сэтгэл зүй”, Сургалт, судалгааны Полиси төвийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэгэрэл “Хэрхэн үнэ цэнэтэй ажилтан болох вэ?”, “Ажлын байран дээр өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх арга техник” зэрэг сэдвээр тус тус илтгэл тавилаа.

 

ХАБЭА-н зөвлөлийн үйл ажиллагаа

 

МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн хурлын 2023 оны есдүгээр сарын 21-ний 33 тоот тогтоолоор МТЗ-чдын холбооны ХАБЭА-н зөвлөлийг байгуулсан. Тус зөвлөлийн эхний хариуцлагатай ажлуудын нэг нь ХНХ-ын сайдын 2004 оны А/77 тоот тушаалын шинэчлэлд шаардлагатай ажил, мэргэжлийг тусгуулах явдал байлаа.

Дээрх ажлын хүрээнд “УБТЗ” ХНН-ийн тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох "Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д хамаардаг нийт 8039 ажилтны ажил мэргэжлийн жагсаалтыг “Үндэсний ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолт”(ҮАМАТ-08)-д заасан нэр, нэршил, ЗТХ-ийн сайдын 2020 оны А/154 тоот тушаалд заасан ажил мэргэжлийн нэршилтэй уялдуулан судалгаа хийж, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны даргын 2023 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 136 тоотоор дөрвөн хавсралт албан бичгийг ХНХЯ-ны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргад шаардагдах бүх асуудлыг судлан, тооцоо, шинжилгээ, дүгнэлтийг хүргүүлж ажилалаа.

Үүний үр дүнд  ажлын байруудыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо”-ны хурлаар оруулж, төмөр замын салбарын таван ажил мэргэжлийн тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох "Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-д оруулахыг дэмжиж баталсан. Уг тушаалд Тээш түгээгч, Тасалбарын явуулын нярав, Мод хураагч-цавчигч, Ойн туслах ажилтангэсэн дөрвөн ажлын байр хөдөлмөрийн хүнд нөхцөлд шилжиж, Ачаа вагон хүлээлцэгч нарын ажил мэргэжил шинээр нэмэгдэж, ажлын байр, тогтсон байршил харгалзахгүйгээр тэтгэвэрээ хөнгөлөлттэй тогтоолгох эрхтэй болсон.

 

МҮЭ-ийн Эмэгтэйчүүдийн хорооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо

 

МҮЭ-ийн Эмэгтэйчүүдийн хорооны дарга Б.Энхтөгс энэ оны гуравдугаар сарын 06-ны өдөр "Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх-2024" үндэсний форумыг зохион байгуулсан. Энэхүү үндэсний форумд УИХ, ХНХЯ, ОУХБ, Жендерийн үндэсний хороо, ХЭҮК, Ажил олгогч эздийн холбоо, МҮХАҮТ зэрэг байгууллагын төлөөллүүд оролцож, илтгэл тайлан тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн.Форумаар “Жендерийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого, ажлын байрны дарамт хүчирхийлэл түүний илрэн гарах хэлбэр, асрахуйн эдийн засаг ба эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт” зэрэг сэдвийн хүрээнд үндсэн болон дэд илтгэлүүдийг хэлэлцүүлэн, Засгийн газар, УИХ, ажил олгогч эздийн холбоо, ХЭҮК-т сонордуулга хүргүүлэв.

 

Солонгос улсын тээврийн ажилчдын холбооны төлөөллийг хүлээн авлаа

 

МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо, Солонгосын төмөр замчдын ҮЭ-ийн холбоотой хамтран ажилладаг. Нийтийн үйлчилгээний тээврийн ажилтнуудын ҮЭ-ийн дэд дарга Жеон Донг Ки-гоор ахлуулсан баг энэ оны тавдугаар сарын 03-07-ны өдрүүдэд манайд ажиллалаа. Харилцан солилцооны хөтөлбөрийн хүрээнд Солонгосын төлөөлөгчдөд УБТЗ-ын үйл ажиллагааг танилцуулан, МҮЭ-ийн Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар нар бүс нутгийн төмөр замын тээврийг хөгжүүлэх асуудлаар санал солилцов. Мөн МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо, Солонгосын талын хамтарсан мэдээлэл солилцох хурлыг Зүтгүүрийн депогийн сургалтын танхимд зохион байгуулж, хоёр орны ҮЭ-ийн хөдөлгөөний түүх, өнөөгийн үйл ажиллагааг танилцуулав.Солонгосын талын төлөөлөгчид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, МТЗ-чдын ҮЭ-ийн холбоог дэмжин ажиллахаа илэрхийлж, шаардлагатай сургалт, техникийн тусламжийг үзүүлэхээр болсон.

 

ХЭМТК-ын гишүүд Солонгос улсад туршлага судаллаа

 

Олон улсын хөдөлмөрийн эв санааны нэгдлийн төвийн урилгаар УБТЗ-ын ХЭМТК-ын гишүүд Солонгосын нийтийн үйлчилгээ, тээврийн ажилчдын холбоо, Сөүл хотын Хөдөлмөрийн маргаан зохилцуулах хорооны төлөөлөл, хөдөлмөрийн хуулиар мэргэшсэн хуульч нарын хамруулсан уулзалтыг УБТЗ-ын дэмжлэгтэйгээр МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо болон Солонгосын төмөр замчдын ҮЭ-ийн холбоо хамтран зохион байгуулсан.

Уулзалтад Солонгосын талаас Солонгосын тээврийн ажилчдын холбооны ерөнхийлөгч, ОУ-ын Хөдөлмөрийн эв санааны нэгдлийн төвийн ерөнхийлөгч Вон ЖонгЛий, Солонгосын нийтийн үйлчилгээ, тээврийн ҮЭ-ийн Бодлогын хэлтсийн дарга, гадаад харилцааны захирал болон бусад албаны хүмүүсоролцов. Тус улсын нийтийн үйлчилгээ, тээврийн ажилчдын ҮЭ-ийн ерөнхийлөгч Сүөн Еом нээн үг хэлж, өөрсдийн зохион байгуулж буй ҮЭ-ийн хөдөлгөөн тэмцлийн талаар танилцуулсан юм. Монгол Улсын Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх журам, УБТЗ-ын ХЭМТК-ын үйл ажиллагааг танилцуулж, Солонгосын хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх журам, практик ач холбогдлын талаар холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл сонсож, харилцан асуулт асууж санал солилцлоо.

 

ОХУ-ын Зам барилга, төмөр замын ажилчдын ҮЭ-ийн холбооны хамтын ажиллагаа

 

Энэ оны нэгдүгээр сард Дорнод-Сибирийн төмөр замын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын урилгаар МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны төлөөлөл ОХУ-ын Эрхүү хотод зочиллоо. 2023 оны зургадугаар сард Оросын төмөр замчдын болон тээврийн барилгачдын үйлдвэрчний эвлэлийн холбоотой байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийг биелүүлэх зорилгоор түүний харьяа байгууллага болохДорнод-Сибирийн төмөр замын Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран ажиллах төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа. Уг төлөвлөгөөний дагуу талууд энэ онд нийт 18 арга хэмжээг хамтран зохион байгуулж хэлэлцэхээс эхний хагас жилийн байдлаар дараах ажлуудыг зохион байгуулаад байна.

  • Энэ оны нэгдүгээр сарын 25-31-ний өдрийн хооронд ОХУ-ын Эрхүү хотод МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны төлөөлөл зочиллоо.

  • Гуравдугаар сарын 07-ны өдөр талуудын эмэгтэйчүүдийн хорооны төлөөлөл цахим хурал хийж, “Эмэгтэйчүүдийн нийгэм-эдийн засгийн болон хууль, эрх зүйн хамгаалалт, тэдэнд үзүүлэх нийгмийн үйлчилгээ, дэмжлэг”  сэдвээр өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд хийж буй ажил, бодлогоо харилцан танилцуулж, мэдээлэл солилцлоо.

  • Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр талуудын залуучуудын хорооны төлөөлөл цахим хурал хийж “Залуучуудын хөгжлийг дэмжиж, үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх эрмэлзэл төрүүлэх” сэдвээр хуралдлаа. Уг хурлын үеэр Дорнод-Сибирийн төмөр замчдын ҮЭ-ийн холбооны зүгээс мөн оны долдугаар сард ОХУ-ын Иркутск мужид зохион байгуулагдах залуучуудын байгууллагын арга хэмжээний урилгыг хүргүүллээ.

  • Зургадугаар сарын 12-15-ны өдрүүдэд ОХУ-ын Дорнод-Сибирийн төмөр замчдын ҮЭ-ийн холбооны нэгдүгээр орлогч даргаар ахлуулсан зургаан төлөөлөгчийг Монгол Улсад хүлээн авч, УБТЗ-ын удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.

 

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хуралд оролцлоо

 

МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуяг Олон улсын хөдөлмөрийн бага хурлын 112 дугаар чуулганд 2024 оны зургадугаар сарын 03-14-ний өдрүүдэд МҮЭ-ийн холбоог төлөөлөн оролцлоо. Тус чуулган нь Швейцар улсын Женев хотод зохион байгуулагдаж, нийт 178 орны 5000 гаруй төлөөлөгчид оролцжээ. Монгол Улсыг төлөөлж Засгийн газар, МҮЭХ, МАОЭХ, МҮХАҮТ-ийн төлөөлөгчид оролцсон. ОУ-ын хөдөлмөрийн 112 дугаар чуулганаар “Зохистой хөдөлмөр, асрахуйн эдийн засаг”, “Хөдөлмөрийн хүрээний суурь зарчмууд ба эрхүүдийн тухай” “Биологийн хор хөнөөл” зэрэг хөдөлмөр, нийгмийн хүрээний олон чухал тулгамдсан асуудлыг хэлэлцсэн байна.