Улаанбаатар татах хэсэг, ҮЭ-ийн хороо хамтран “2ТЭ25КМ илчит тэрэгний цахилгаан схем хэн сайн мэдэх вэ?” уралдааныг энэ сарын 22-нд зохион байгууллаа. Уг тэмцээнийг ажилтнууд мэдлэг чадвараа бие даан дээшлүүлэх, шинэ залуу ажилтанд зааж сургах, багаар хамтран ажиллах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор зохион байгуулсан төдийгүй мэдлэгт түшиглэн ашиглалт, засвар, үйлчилгээний ажлын технологийн мөрдөлтийг сайжруулахыг чухалчилжээ. Тэмцээн хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж, баг тус бүр цех, цувааны удирдах ажилтан буюу мастер, зааварлагч машинч, I-II зэрэгтэй машинч эсвэл V, VI зэрэгтэй засварчин, III, IV зэрэгтэй машинч эсвэл адил зэрэгтэй засварчин, туслах машинч эсвэл I, II зэрэгтэй засварчинг хамруулсан таван хүний бүрэлдэхүүнтэй оролцов.
Уг тэмцээний эхний шатанд цахилгаан аппарат, техник үзлэгийн цехийн болон ашиглалтын 11 цувааны баг оролцсоноос сүүлийн шатанд шалгарсан сэлгээний I цуваа, гол замын III, IV цуваатай өрсөлдсөн юм. Багууд гэрийн даалгавартаа видео хичээл бэлтгэснээс гадна цахилгаан схем тайлбарлах, уг схемийн тэмдэглэгээ нэрлэх болон хөдөлмөрийн аюулгүй байдал. эрүүл ахуйн чиглэлийн асуулт хариултаар өрсөлдөв. Мөн биетээр ур чадварын даалгавар гүйцэтгэжээ. Үүнээс гадна үзэгчдийн дунд асуулт хариултын тэмцээн явуулав.
Тэмцээний тэргүүн байрт Техник үзлэгийн цех, дэд байрт Ашиглалтын III цуваа, гуравдугаар байрт Цахилгаан аппаратын цехийн баг тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо. Шилдэг оролцогчоор Техник үзлэгийн цехийн засварчин Э.Осор, IV цувааны машинч Г.Лхагвасүрэн, I цувааны туслах машинч Б.Энхжин, Цахилгаан аппаратын цехийн засварчин Д.Сумъяабазар нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Мөн үзэгчдийн дундах тэмцээнд Техник үзлэгийн цехийн засварчин Б.Мөнхтулга, Цахилгаан аппаратын цехийн засварчин Ж.Рэнцэндаваа нар хамт олноо манлайлан оролцож, мөнгөн шагналаар шагнагдлаа.