Нүүр Чөлөөт Татах хэсгийн төмөр замчид яруу найрагчидтай уулзлаа
Чөлөөт

Татах хэсгийн төмөр замчид яруу найрагчидтай уулзлаа

G.Press 2 жилийн өмнө 58 үзэлт 0 сэтгэгдэл

 

    Улаанбаатар татах хэсгийн ҮЭ-ийн хорооноос МЗЭ-ийн УБТЗ дахь салбартай хамтран татах хэсгийн төмөр замчдаа яруу найрагчидтай уулзуулж, шүлэг сонсголоо. Уулзалтад МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаа, МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч С.Начин, МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Билигсайхан, МЗЭ-ийн шагналт, энэ оны “Болор цом” наадмын гутгаар байрын шагналт яруу найрагч Э.Гантулга, МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Наранболд, МЗЭ-ийн УБТЗ дахь салбарын гишүүн М.Отгонбаяр нар оролцсон юм. Ингэхдээ яруу найрагчид дөрвөн өдрийн турш Улаанбаатар татах хэсгийнхний өглөөний хурлын дараа уулзалт зохион байгуулж, шүлэг яруу найргийн дээжээсээ толилуулав. Уулзалтад ойролцоогоор нийт 800 орчим төмөр замчин хамрагдлаа. Энэ үеэр Нэгдсэн аж ахуйн цехийн эрхлэгч Ж.Сэргэлэн “Монгол Улсын Гавьяат тээвэрчин Ю.Идэрчулуун даргын үед олон сайхан яруу найрагчийг тогтмол урьж шүлэг уншуулдаг байлаа. Тухайлбал, АУЗ П.Бадарч, Д.Цоодол гуай тэргүүтэй олон яруу найрагчидтай манайхан дотно танил болсон. Тэд тайзан дээр бие биенээ шоглон инээлдэж, маш гоё халуун дулаан уур амьсгалыг бий  болгодог байлаа. Дандаа л ажил ярьдаг манай хурлын дараа ийм гэгээн сайхан уулзалт хийх нь тун зүгээр байдаг. Олон жилийн өмнөх энэ сайхан уламжлалыг ҮЭ-ийн хорооны дарга А.Сүрэнжав, манай засварчин яруу найрагч М.Отгонбаяр нар маань дахин сэргээсэнд баяртай байна” гэв. Түүнчлэн, ҮЭ-ийн хорооны дарга А.Сүрэнжав “Цаашид бид хамтран ажиллаж, олон сайхан яруу найрагчийг татах хэсгийнхэнтэйгээ уулзуулна. Уулзалтад оролцсон манайхан ч сэтгэл нь их өндөр байна. Урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн яруу найрагчдадаа маш их баярлалаа” гэсэн юм. Үнэхээр ч уулзалт бүр халуун дулаан уур амьсгалтай болж, машинч, засварчдын төлөөлөл ч шүлэг уншиж, сонирхсон асуултаа асууж, яруу найрагчдаас өөрийн дуртай шүлгээ захиалан сонсож, хамт дурсгалын зураг татуулж байлаа.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.