Тансаг зэрэглэлийн бугуйн цаг үйлдвэрлэгч “Swatch” компани хоёрдугаар сарын нэгнээс эхлэн “Omega”, “Longines”, “Tissot” зэрэг хэд хэдэн алдартай брэнд цагныхаа үнийг нэмлээ. Тухайлбал: “Omega Speedmaster”-ийн үнийг Их Британи болон Европт долоон хувиар өсгөжээ. Ингэснээр “Omega Speedmaster” автомат ажиллагаатай бугуйн цагны үнэ Их Британид 13 мянган ам.доллар орчим болж байгаа аж. Мөн энэхүү цагны үнэ Италид долоон хувиар, АНУ-д хоёр хувиар нэмэгдэх юм байна. “Swatch” компани зарим брэндийнхээ үнийг өсгөсөн нь Швейцарын тэргүүлэх бугуйн цаг үйлдвэрлэгч “Rolex” компани бүтээгдэхүүнийхээ үнийг Их Британи болон Европт 2.5 хувиар өсгөсөнтэй холбоотой аж. Ам.долларын ханш чангарч, евро, фунт стерлинг, франкийн ханш суларч буй нь бугуйн цаг үйлдвэрлэгчдийг үнээ нэмэхэд хүргэж байна. “Swatch” компани алдартай брэндүүдийнхээ үнийг нэмсэн нь эдийн засгийн хүндрэлээс үл хамааран бугуйн цагны эрэлт тогтвортой байгааг харуулж байна. Тухайлбал: “Rolex” болон “Omega” брэндүүд Их Британи, Европ, БНСУ-д цагныхаа үнийг хамгийн өндөр дүнгээр өсгөжээ. Ингэснээр валютын ханшийн уналтын нөлөөгөөр улс орнуудад үнэ харилцан адилгүй байхаас сэргийлж байгаа аж. “Swatch”-ийн Гүйцэтгэх захирал Ник Хайек 2023 онд тус компанийн борлуулалт 9.8 тэрбум ам.доллар давах төлөвтэй байгааг “Bloomberg”-т өгсөн ярилцлагынхаа үеэр онцолж байсан юм.
Эх сурвалж: bloombergtv.mn