Замын даргын үзлэгийн комисс Сүхбаатар зангилааны аж ахуйн нэгжүүдийн зуны тээвэрлэлт, үйлдвэрлэл, үйлчилгээний бэлэн байдлыг шалгалаа. Тус зангилаа замын даргын үзлэгт сайн бэлджээ. Тээврийн үзүүлэлтүүд ч оны эхний 4 сарын байдлаар сайн биелсэн байна. Тодруулбал, тус зангилаа 2023 оны эхний дөрвөн сард Сүхбаатар-Наушки өртөөгөөр 809 галт тэрэг хүлээж авч байсан бол энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 925 галт тэрэг хүлээн авчээ. Мөн хугацаанд 2023 онд 731 галт тэрэг хүлээлгэн өгч байсан бол 2024 онд 881 галт тэрэг хүлээлгэн өгөөд байна.
Ачилтын төлөвлөгөө ч 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар 102.4 хувиар давж биелсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1.7 хувиар илүү байна. Ийнхүү ачилт болон галт тэрэг солилцоо нэмэгдсэн нь тээврийн орлого нэмэгдэхэд нөлөөлжээ.
Энэ нь өнгөрсөн онд Эрхүү хотноо болсон гурван улсын хилийн төмөр замуудын төлөөлөгчдийн уулзалтаар Сүхбаатар-Наушки өртөөгөөр хоногт 10 ба түүнээс дээш галт тэрэг солилцож байхаар тохирсон нь бодит ажил хэрэг болж байгаагийн илрэл юм. Замын удирдлага төмөр замчдынхаа дундаж цалинг 15 хувиар нэмэгдүүлсний үр дүнд тус зангилааны 1нэг ажилтны дундаж цалин өмнөх оны мөн үед 2.3 сая төгрөг байсан бол энэ оны эхний улирлын байдлаар 2.8 сая төгрөг болж өссөн байна.
Үзлэгийн дүнгийн хурал дээр замын дарга үзлэгээр байцаагч нарын илрүүлсэн зарим зөрчлийг арилгаж, хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов. Мөн зарим тэргүүний төмөр замчдыг шагнав.