Дохиолол холбооны III ангийн ерөнхий инженер С.Түмэнбаяртай ярилцлаа.

 

-Танай ангийнхан сүүлийн жилүүдэд төмөр зам дагуу хоёрдогч шилэн кабель тавьж байгаа шүү дээ. Энэ ажил чинь дууссан уу. Хаанаас хаана хүртэл хэчнээн км шилэн кабель хийв?

 

-1999-2000 онд УБТЗ Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Япон улсын хөнгөлөлтэй зээлийн дагуу МОНП-2 төслийг авч хэрэгжүүлсний дотор төмөр замын дагуу үндсэн шилэн кабель суурилуулах, тоон дамжуулах байгууламж болон электрон АТС тавих зэрэг ажлыг хийсэн. Ингэснээр УБТЗ-ын технологийн холбооны дамжуулах системийг аналогиос тоон системд  шилжүүлж өгч байсан. Түүнээс хойш 2013 онд 857 дугаар км-ийг УБТЗ-ын анхны МПЦ-ийн алсын удирдлагатай буюу 36 дугаар зөрлөг болгон ашиглалтад оруулах үед Сайншандаас–36, 36-гаас Агьсүмбэт зөрлөг хооронд 24 корын багтаамжтай хоёрдогч шилэн кабелийг анх суурилуулан ашиглалтад өгч, гол замдаа хоёрдогч шилэн кабель суурилуулалтын эхлэл болж байлаа. Хоёрдогч шилэн кабельтай холбоотой хийсэн ажлуудыг он дарааллаар нь дурдвал,

  • 2013 онд Сайншанд-Агьсүмбэт зөрлөг хооронд 31 км шилэн кабелиар холбосон.

  • 2014 онд Айраг-Агьсүмбэт зөрлөг хооронд 99, Сайншанд-Өргөн өртөө хүртэл 66.5, нийт 165.5 км хийсэн.

  • 2019 онд Өргөн-Улаан-Уул хооронд 49 км шилэн кабель.

  • 2020 онд 554 дүгээр км-Оорцог-Энгэр хооронд 44 км шилэн кабель.

  • 2021 онд Оорцог-Энгэр-Чойр өртөө хооронд 50.1 км шилэн кабель гүйцээж хийсэн.

  • 2022 онд Айраг холбооноос Шивээговь зөрлөг хооронд 71.3 км.

  • 2023 онд Шивээговь-Чойр өртөө хүртэл 36.7 км шилэн кабель гүйцээж хийсэн.

  • 2023 онд Замын-Үүд-Авгын гол зөрлөг хүртэл 68.5, Улаан-Уул-Сумангийн зоо зөрлөг хүртэл 47.3 км шилэн кабель хийсэн.

  • 2024 онд Авгын гол-Сумангийн зоо хооронд 14.4, 1049 дүгээр км-ийн Замын хэсгийн оруулалтын 3.5, нийт 17.9 км шилэн кабель хийсэн.

Ангийн хэмжээнд 2013, 2014, 2019-2024 онуудад нийт 578 км газрыг хоёрдогч шилэн кабелиар холболт хийж дуусгалаа.

 

-Төлөвлөсөн хугацаандаа энэ ажлаа амжуулж чадсан уу?

 

-Манай ангийн 2023 оны их барилгын төлөвлөгөөнд Улаан-Уулаас Замын-Үүд хүртэл хоёрдогч шилэн кабелийг суурилуулах төлөвлөгөөтэй байсан. Гэвч Цагаанхад-Сумангийн зоо-Авгын гол-Нартын хошуу хоорондын хад чулуу ихтэй газар шуудуу ухах тендер зарлуулаад оролцогч байхгүйгээс хугацаа алдсан. Мөн материал нь наймдугаар сард хангагдаж, 2023 оныхоо 9-12 дугаар сар хүртэл ажиллан Улаан-Уулаас Сумангийн зоо, Авгын гол зөрлөгөөс Замын-Үүд хүртэл хийгээд байтал хүйтэрч техникүүд ажиллах боломжгүй болсон. Тиймээс Сумангийн зоо-Авгын гол зөрлөг хооронд хийж чадалгүй үлдээсэн юм. Хоёрдогч шилэн кабель суурилуулах дээрх үлдсэн ажлыг төлөвлөсөн хугацаандаа энэ оны тавдугаар сарын 22-ны өдөр дуусгаж, УБТЗ-ын гол замын хэмжээнд хоёрдогч шилэн кабелийг бүрэн холбож дуусгасандаа бид баяртай байна.

 

-Замын даргын хаврын үзлэгийн үеэр шилэн кабелийн нүх ухахад хад чулуу ихтэй байгаа талаар ярьж байсан. Хад чулуутай газарт ажиллахад хүн хүч, хөрөнгө мөнгө, хугацаа их зарцуулав уу?

 

-Өмнө нь бид Өлзийт-Олон-Овоо-Цомог зөрлөг хооронд хэсэгчилсэн хад чулуу ихтэй газруудад 6-8 хүний бүрэлдэхүүнтэй бригад гарган гараар ухаж байсан. Энэ жилийн хувьд их барилгын ажил хийж байгаа газарт Их барилга, хөрөнгө оруулалтын албаны инженерээр ахлуулсан комиссыг ажиллуулж хад чулуу ихтэй, ухах явц хүндрэлтэй байгаа нөхцөл байдлыг газар дээр нь танилцуулсан. Тэгээд нэмэлт ажлын актыг тогтоож шилэн кабелийн залгааны машин, экскаваторууддаа газар хөндийлөн татах молдок, соёо нэмэлтээр авч тоноглосон тулдаа гараар ухах ажлыг бага хийсэн.

 

-Хоёрдогч шилэн кабель хийж дууссанаар төмөр замд ямар ашиг, үр дүнтэй вэ?

 

-УБТЗ-ын хэмжээнд хоёрдогч шилэн кабелийг суурилуулснаар төмөр замын технологийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа шилэн кабелийн СИРДП-Е систем, радио хориглол, технологийн дамжуулах байгууламжууд гэх мэт тоног төхөөрөмжүүдэд халуун нөөцөд автоматаар шилжин ашиглах кабельтай болж, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг дээшлүүлснээр галт тэрэгний тээж, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж чадаж байна. Мөн “Жемнэт” ХХК-тай шилэн кабелийн харилцан хамгаалалтын корын ашиглалтыг багасгаж, одоо энэ суурилуулсан кабелиараа буцаад “Жемнэт” ХХК-иас бид кор ашигласны төлбөр авч эхэлсэн. Хоёрдогч шилэн кабелийн 24 короос ашиглалтаас үлдсэн коруудыг нь бусад байгууллагад түрээслүүлэн ашиг орлого нэмэх боломжтой боллоо. Цаашид өсөн нэмэгдэх их хэмжээний дата мэдээллийг нэвтрүүлэх боломжийг бүрдүүлсэн дэд бүтцийг бий болгосон байна.

 

-Одоо танай байгууллага их засвар, бүтээн байгуулалтын ямар ажил хийж байна даа?

 

-Манай байгууллага өнгөрсөн сард Замын-Үүд-2-Шаргын-Овоо хооронд хоёр дахь гол замын Шаргын-Овоо зөрлөгийн дохиолол төвлөрүүлэлт хориглол ба холбооны байгууламжийн их барилгын ажлыг дуусгасан. Мөн хоёрдогч шилэн кабелийн дээр дурдсан Сумангийн зоо-Авгын гол зөрлөг хооронд үлдсэн ажлыг хийж дуусгалаа. Одоогоор Замын-Үүд-1 өртөөнд хилийн шалгалт хамгаалалтын заставд өргөн царигийн дохиолол төвлөрүүлэлт хориглол ба холбооны байгууламжийг цахилгаан төвлөрүүлэлтэд холбох их барилгын үлдэгдэл ажлыг хийж байна.

 

-Дэлгэрэнгүй  мэдээлэл өгсөнд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!

 

М.Наранболд