Нүүр Цаг үе С.Шижирбаяр: Нүүрсийг зах зээлээс бага үнээр нийлүүлж байгаа
Цаг үе

С.Шижирбаяр: Нүүрсийг зах зээлээс бага үнээр нийлүүлж байгаа

G.Press 2 жилийн өмнө 65 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

   УБТЗ ХНН-ийн  Худалдан авалт борлуулалтын албаны мэргэжилтэн С.Шижирбаяраас   өнөө жилийн өвөлжилттэй холбоотой зарим асуудлыг тодрууллаа.

 

     - Төмөр замчдын  өвлийн хувцасны түгээлт хэдэн хувьтай байна? Ямар компаниас нийлүүлж байгаа вэ?

     -Нийгэмлэгийн хэмжээнд 2023 оны өвлийн 6900 ажлын хувцасны, 7138 хос гутал авах захиалга ирсэн. Захиалгын дагуу “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулж, “Их газрын чулуу”, “Дамэн”, “Тэс-Эрдэнэ” ХХК-уудтай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 80 хувийг нийлүүлээд байна. Энэ сарын 11-ний өдрийн байдлаар өвлийн ажлын хувцасны түгээлт 60 хувьтай байна.

     -Өмнөх жилүүдэд ажлын хувцасны чанар, үзэмжийн талаар нэлээд шүүмжлэл гарч байсан. Энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллав?

    -Нийгэмлэгийн 2016 онд баталсан БС-7:2016, БС-08:2016, БС-10:2016, байгууллагын стандартын дагуу өвлийн хувцасны худалдан авалтыг хийж ирсэн. 2023 оны өвлийн ажлын 6900 хос хувцасны нийт захиалгын 3150 хосыг инсулейт буюу хиймэл ноолууран дотортой мөн бомбер куртикэн, салдаг дотортойгоор худалдан авч байна. Бомбер куртиктэй шинэ загварын хувьд хавар намрын улиралд салгаж өмсөх боломжтой. Энэ нь өвлийн хувцасны эдэлгээг уртасгах давуу талтай.

 -Нэмэлт захиалга авах уу?

    -Бууршгүй нөөц бүрдүүлэх зорилгоор судалгаа хийж, өвлийн хувцасны нэмэлт худалдан авалтыг хийнэ.

    -Түлээ нүүрсний хангамж хэр байгаа вэ? Ажилтнуудын болон албан байгууллагуудад нүүрс түгээлт хэдэн хувьтай байна вэ?

    -Ажилтнуудын нүүрсийг энэ жил “Шарын гол” ХК-аас гэрээ байгуулан худалдан авч байгаа. Нүүрсний ачилт хуваарийн дагуу явж байна. Өнгөрсөн есдүгээр сарын нүүрс  тараалт 110 хувьтай, аравдугаар сарынх  30 хувьтай байна. Шугам зам дагуух халаалтын уурын зуухны хэрэгцээнд “Монкоул Петро Майнинг” ХХК-аас нүүрс худалдан авч байгаа. Энэ оны  есдүгээр сарын гүйцэтгэл 100 хувь, аравдугаар сарын нүүрс тараалт 20 хувьтай байна. Нийлүүлэгч компани нь салбар зам дээрээ вагон пүү суурилуулж байгаагаас шалтгаалан ачилт бага зэрэг хоцрогдолтой байгаа юм. Хоцрогдлыг энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нөхөж ачихаар төлөвлөн ажиллаж байна. Уурын зуухнуудын нөөц хангалттай байгаа. Мөн гадаа дулаахан байгаа тул халаалтын нүүрсэн дээр хүндрэл гараагүй.

-Нүүрсний үнэ, чанарын хувьд ямар байна вэ?

    -Бид шууд үйлдвэрлэгч буюу нүүрс олборлон гаргаж буй компанитай гэрээ байгуулсан тул ямар нэг нэмэгдэлгүй уурхайн үнээр нь төмөр замчдадаа нүүрс худалдан авч өгч байгаа. Зах зээлийн үнээс бага үнээр нийлүүлж байгаа. “Шарын гол” ХК-ийн нүүрсний чанар дээр анхаарч манай албанаас уурхайд нь очиж ажиллаж байгаа учир чулуу болон нунтаг ачигдах асуудал цаашид багасна.

    -Замын хэмжээний том худалдан авалтуудаасаа нэрлээч. Тухайлбал, Чулуун завод болон  Замын – Үүдийн Шилжүүлэн ачих ангид техник тоног төхөөрөмж худалдан авах ажил юу болж байна вэ?

     -Энэ оны хөрөнгө оруулалтаар төлөвлөсөн худалдан авалтуудаас чухал ач холбогдолтой хоёр худалдан авалтыг хийж байна. Нэгдүгээрт, Чулуун заводын хэрэгцээнд чулуу бутлан ангилах иж бүрэн шугамыг худалдан авахаар 2021 онд төлөвлөсөн ч ковид-19 цар тахлаас шалтгаалан удааширч зогсонги байдалд орсон байсан. Үүнийг шийдвэрлэн энэ оны арваннэгдүгээр сард багтаан ашиглалтад өгөхөөр төлөвлөн ажиллаж байна. Хоёрдугаарт Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу чингэлэг ачигч хоёр техникийг худалдан авахаар гэрээ хийсэн. Энэ нь БНХАУ-аас орж ирж буй чингэлгийг шилжүүлэн ачих, ачаа хүлээгдэх асуудлыг шийдвэрлэхэд том ач холбогдолтой юм.

    -Дээрх бүх худалдан авалтын тендерт оролцох компаниуд хэр олдож байна вэ. Тендерт тавигддаг шалгуур?

    -“УБТЗ” ХНН-д чанар стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн худалдан авахын тулд манай алба тендерийн шалгуур үзүүлэлтийг өндөр тавьж байгаа. Монгол Улсад тогтвортой үйл ажиллагаа явуулдаг туршлагатай компаниуд олон болсон байгаа тул тендерт маш олон компани өрсөлдөж байна.

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.