УБТЗ ХНН-ийн Ерөнхий инженер С.П.Старцевтэй Төмөр замчдын мэргэжлийн баярын өмнөхөн ярилцлаа.
-Танд Төмөр замчдын мэргэжлийн баярын мэнд хүргэе?
-Баярлалаа. Энэ ташрамд, “Ган зам” сониныхоо хамт олонд баярын мэнд хүргэе. Танай хамт олон төмөр замчдын ажил үйлс амжилт бүтээлийг сурталчилж, нийгэмд хамгийн бодитой үнэн мэдээллийг хүргэхийн төлөө хичээн ажилладагт талархдаг шүү.
-Баярлалаа. Төмөр замчдын мэргэжлийн баярыг хамгийн анх 1896 онд Орост тэмдэглэсэн гэдэг. Энэ нь Орост төдийгүй Европт тэмдэглэсэн хамгийн анхны мэргэжлийн баяр гэж сонссон. Та энэ баярыг тэмдэглэх болсон түүхээс манай уншигчдад тодруулж өгч болох уу?
-Маш сонирхолтой асуулт. Эндээс төмөр замчид бидний мэргэжил бол маш олон жилийн өмнө бий болсон эртний мэргэжил гэдэг нь ойлгогдож байгаа байх. Энэ баярыг анх төмөр замын салбарыг нээсэн Оросын I Николай хааны түүхэн гавьяаг тодотгож, төрсөн өдрөөр нь тэмдэглэж байх зарлигийг түүний гуч II Николай хаан гаргасан байдаг. Тийнхүү 1896 оны зургадугаар сарын 25-нд анх удаа тэмдэглэсэн түүхтэй. Түүнээс хойш жил бүр энэ өдрөөр мэргэжлийн баярыг тэмдэглэж байгаад Октябрийн хувьсгалын цаг үе ороо бусгаа байсан он жилүүдэд хэсэг хугацаанд завсарласан. Тэгээд 1936 оноос сэргээн тэмдэглэж эхэлсэн. Харин 1980 онд тухайн үеийн төр засгийн удирдлагаас тогтоол гарган “Төмөр замчдын баяр” хэмээн албан ёсоор зарласан байдаг. Түүнээс өмнө “Мэргэжлийн баяр” гэдэг л байсан. Одоо ч Төмөр замчдын мэргэжлийн баярыг ОХУ болон Монголоос гадна хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Казахстан, Беларусь, Армян, Киргизстан, Узбекстанд тэмдэглэдэг. Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөр бүгд нэгэн зэрэг тэмдэглэдэг. Энэ баяр бол ямар ч улс төр, нийгмийн нөлөөг үл хайхран бидэнд уламжлагдан ирсэн мэргэжлийн маань үнэт зүйл. Цаашид ч бидний хойч үеийнхэнд уламжлагдан үеийн үед тэмдэглэнэ гэдэгт итгэлтэй байна.
-Оросын төмөр замчид баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Орос, Монгол төмөр замчид аль аль нь мэргэжлийн баяраа заавал шинэ амжилт, ололтоор угтдаг уламжлалтай. Баярынхаа хүрээнд спортын тэмцээн болон нийгэмд чиглэсэн олон сайхан арга хэмжээг зохион байгуулдаг. Мөн сайн ажилласан ажилтнуудаа шагнаж урамшуулдаг. Зохион байгуулах үйл явцын хувьд Орос, Монголын төмөр замчдын хооронд бараг ялгаагүй. Төмөр замчид бусад хүмүүсийг бодоход тусдаа кастын системтэй юм шиг өөрийн гэсэн үнэт зүйлстэй, онцлог уламжлал, ёс жаягтай хүмүүс. Бид үйлчлүүлэгчид, зорчигчдынхоо өмнө том үүрэг хариуцлага хүлээдэг. Тэр ч утгаараа хувь хүнээс өндөр хариуцлага, дэг журам, сахилга бат шаарддаг мэргэжил. Төмөр замчдыг нийгмийн хариуцлагатай хүмүүс гэж ойлгож болно. Түүнээс гадна ҮЭ-ийн байгууллагатай нягт хамтран ажилладаг. Замын захиргаа, ҮЭ-ийн байгууллагатайгаа байгуулсан “Хамтын гэрээ” нь ажилтнууддаа маш өгөөжтэй сайн гэрээ байдаг. Мэргэжлийн болон нийгмийн чиглэлийн асуудлууд Орос, Монголын төмөр замчдыг хооронд нь маш сайн холбож өгдөг.
-Одоо хоёулаа ярианыхаа сэдвийг ажил хэрэг рүү хандуулъя. Энэ оны эхний хагас жилд төмөр замын тээврийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд давж биелсэн. Төмөр замчид бүхий л боломжоороо хичээн ажиллаж байна. Таны хувьд УБТЗ-д нөөц боломж хэр байна гэж хардаг вэ?
-2022 онд 20.6 сая тонн ачаа ачиж, ачаа эргэлт 14.9 сая тонн, нийт тээвэрлэсэн ачааны хэмжээ 27.7 сая тонн болсон. Энэ маш өндөр үзүүлэлт. Ковидоос болж үүссэн хөл хорио, зарим хязгаарлалтууд байсан ч сайн ажилласан. УБТЗ-ын үндсэн нөөц бол хөрөнгө оруулалт, модернизаци шинэчлэл юм. Техникийн болон технологийн шинэчлэл тээврийн хэмжээ, үр ашгийг нэмэгдүүлэхэд голлох нөлөө үзүүлнэ. Ашиг орлогоо нэмэгдүүлснээр төмөр замчдынхаа цалинг нэмэх боломж олгодог. УБТЗ-ын хөгжлийн 2030 үндсэн хөтөлбөр бий. Үүний хажуугаар бид жил бүр их барилга, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гарган ажилладаг. Энэ жил Цайдам, Хангай, 36 дугаар зөрлөгийг өргөтгөхөөр ажиллаж байна. Ногоонтолгой зөрлөгт бид гүүр барьж байгаа. Мөн 27 км замд их засвар хийнэ. Найдвартай ажиллагаагаа дээшлүүлэхийн тулд СИРДП-Е-гийн 30 төхөөрөмж худалдан авахаар болсон. Эдгээр төхөөрөмж манай тээх нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлнэ. Үүний үндсэн дээр жилд 34.1 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой болно. 2018 онд хоногт 14.4 хос галт тэрэг солилцож байсан бол цаашид хоногт 21 хос галт тэрэг солилцож, нэвтрүүлэх, тээх чадвараа өсгөх боломжийг бүрдүүлнэ. 2018 оны үзүүлэлттэй харьцуулахад энэ нь 45.8 хувийн өсөлт юм. Төмөр замын хөгжил бол зөвхөн техник, технологиос шалтгаалахгүй. Хүний нөөцийн бэлтгэл бидний анхаарлын төвд байгаа. Үүний тулд ТЗДС, Политехник коллеждоо олон зүйлийг хэрэгжүүлж байна. Мэргэжлийн боловсон хүчний нөөц УБТЗ-ын хөгжилд голлох хувь нэмрийг оруулах учир энэ чиглэлээр байнга урагш тэмүүлж байна. Энэ жил Замын хэмжээнд Менежментийн нэгдсэн тогтолцоог баталгаажуулах зорилт дэвшүүлсэн. Төмөр замын бүх салбар нэгжид дэлхийн урдаа барьдаг тэргүүлэх стандартуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Эдгээр стандартыг хэрэгжүүлснээр аюулгүй байдал болон УБТЗ-ын өрсөлдөх чадварт ч дэвшил гарна. Бид төмөр замынхаа түвшинг дэлхийн зах зээлд өрсөлдөх хэмжээнд хүргэхийг зорьж байна. Энэ нь цаашлаад Монгол Улсын эдийн засагт эерэгээр нөлөөлнө. Төмөр замчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхээс гадна нийгмийн дархлаа буюу амьдралын баталгааг сайжруулах юм. Миний хувьд техник, технологийн чиглэлийн болон МТЗ-чдын ҮЭ-ийн холбоотой хамтарч хурал хийхдээ нийгэм рүүгээ чиглэж ажиллах хэрэгтэй гэж байнга хэлдэг. Оросын төмөр зам ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд хүүхдийн цэцэрлэг зэрэг зарим татаасын байгууллагаас татгалзсан. Харин УБТЗ-д хүүхдийн цэцэрлэг, Соёлын төвүүд, сургалтын байгууллагууд зэрэг нийгмийн чиглэлийн салбарыг аль болох хөгжүүлэхээр ажилладаг. Эдгээр байгууллагыг авч явах нь нэгдүгээрт УБТЗ-ын нийгмийн хариуцлага, нөгөө талаар төмөр замчдын нийгмийн дархлаа болж өгдөг. Манай хамт олон дунд гэр бүлээрээ төмөр замчин хүмүүс олон бий. Тэд бүхий л амьдралаа төмөр замд зориулдаг. Төмөр замчдын хувьд ажлын байр нь хоёр дахь гэр төдийгүй үнэт зүйл нь. Гэр бүлийнхэн нь ч зүрх сэтгэлээсээ бидний ажил үйлсийн төлөө сэтгэл зовнидог. Тиймээс энэ үүссэн бат бөх нэгдмэл байдлыг бид нийгмийн салбараараа дамжуулан дэмжих хэрэгтэй юм.
-Энэ зуны бороо хур, үер усны нөлөөлөл ГТХАБ-ыг хангахад багагүй хүндрэл учруулж байна. Цаашид ийм байгалийн хүчин зүйлээс үүдэн гарах хүндрэлийг яавал хохирол багатай давах вэ гэдэг төлөвлөгөөг та бүхэн боловсруулж байгаа болов уу?
-Маш чухал асуудал. Юуны өмнө зорчигч болон ачаа тээврийн галт тэрэгний аюулгүй байдалтай маш холбоотой. Дэлхий даяар өрнөж буй цаг уурын эрс өөрчлөлтөөс шалтгаалан энэ чиглэлээр мэргэжлийн талаас маш түргэн шуурхай арга хэмжээ авах шаардлага тулгарч байгаа. Бидэнд замын найдвартай ажиллагааг хангахын тулд ажлын хоёр чиглэл байна. Нэгдүгээрт, хөрөнгө оруулалт шаардлагатай. Мөн ашиглалтын ажил буюу замын арчилгаа үйлчилгээг сайжруулах. Өнөө жил Олон-Овоод ус зайлуулах 371 метр шуудуу барилаа. Долдугаар сард Ерөө-Орхон хоорондын замд 72 дугаар км-т 57 метрийн урттай гүүр барьсан. Нэг дор маш их хэмжээний ус хуримтлагдан гэнэт төмөр зам руу орж ирэх эрсдэл өндөртэй хэсгүүд хэд хэд бий. Тийм аюултай хэсгийн нэг болох Ногоонтолгойд 27 метрийн урттай гүүр барьж байна. Мөн эрсдэлтэй таван газарт ус зүйн шинжилгээ хийлгэсэн. Наймдугаар сард хоёр газар ус зайлуулах хоолой барихаар төлөвлөж байна. Урсгал арчилгаа буюу ашиглалтын зардлын хувьд ус зайлуулах хоолой, хиймэл төхөөрөмжүүдийн засвараар 62 хэсэг дээр ажил зохион байгуулсан. Энэ жилийн төлөвлөгөөний үзүүлэлтээр нь авч үзвэл 70 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Зам угаагдсан хэсгүүдэд их засварын ажил дээр нэмэлт өөрчлөлтөөр хийх ажлуудыг тусгасан. 917, 559, 569 дүгээр км-үүдэд нэмэлтээр ус зайлуулах шугам хоолойг төлөвлөж байна. 559 дүгээр км хамгийн аюултай цэг учраас бид тэнд гүүр барина. 600 метр газар ул шороог засварлах ажил хийсэн. Цаашид бид ямар нэгэн зүйл тохиолдоход нь биш түүнээс өмнө урьдчилж таамаглахын тулд холбогдох ажлуудыг төлөвлөж байна. Үүний тулд мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Тэдэнтэй хамтран өөрсдийн хиймэл төхөөрөмж, бусад объектууд дээр судалгаа шинжилгээ хийх юм. Энэ ажилд өөрийн ТЗДС болон Эрхүү хотын Зам харилцааны их сургуулийг оролцуулна. Зам угаагдахыг математик аргаар урьдчилан тооцоолох программыг хийж байгаа. Энэ бол маш том боломж олгоно. Өөрөөр хэлбэл, бид аюулыг урьдчилж харах юм. Түүнээс гадна одоо шуурхай арга хэмжээг хэрхэн яаж авах вэ? Эрсдлийг яаж бууруулах вэ гэдэг төлөвлөлтийг хийх нь чухал. Бид энэхүү хөтөлбөр дээр Монголд сурч байгаа болон Эрхүүгийн Зам харилцааны их сургуулийн авьяас чадвартай оюутнуудаас ч татан оролцуулахаар байгаа. Тэдний цаашдын өсөж дэвжих карьерт ч ашиг тустай. Инженер хүмүүсийн ажилд өдөр бүр шинэ санаанууд урган гарч байдаг. Бид өдөр бүр шинэ шийдвэр гарган түүнийгээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Долдугаар сарын 25-нд 559 дүгээр км-т дахин зам угаагдсан шүү дээ. Тэр хэсэгт уснаас хамгаалах далан хийх төлөвлөгөө гаргасан. Энэ хэсэгт ус хуримтлагдаж байгааг нь дроноор бичлэг хийсэн байгаа. Маш богино хугацаанд хуримтлагдсан усны урсгалыг салгаж, хиймэл төхөөрөмжид ирэх ачааллыг бууруулахаар ажиллаж байна. Мөн замын хэсэг тус бүр цаг агаарын найман төрлийн өгөгдөл цуглуулах станцийг суурилуулж, тэдгээрийн программыг боловсруулахаар ажиллаж байна. Үерийн процессын математик тооцоололд суурилсан программыг боловсруулж улмаар төмөр замын шугам усанд автах, зам угаагдах эрсдлээс урьдчилан сэргийлэх шуурхай болон төлөвлөгөөт арга хэмжээг авч хэрэгжүүлж хэвшихээр ажиллаж байна.
-Төмөр замын тээврийн аюулгүй байдлыг найдвартай хангахад хүний хүчин зүйлийн нөлөөллийг бууруулах, аюулгүй байдлын хяналтыг дэвшилтэт технологиор гүйцэтгэдэг болох шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа. Энэ чиглэлээр төлөвлөж байгаа ажил бий юу?
-Тусгай тоног төхөөрөмж худалдаж авах тендерийн ажил өндөрлөж байгаа. Энэ бол GPS дрон. Энэ нь гео аппаратурт холбогдож ажилладаг. Манай төмөр замын хөгжилд тэсрэлт хийсэн зүйл болох байх. Үүгээр төмөр замын ул шорооны болон бүх тоон үзүүлэлтийг гаргахад тустай юм. Энэ бүх мэдээлэлд үндэслээд хийх ажлыг оновчтой тооцоолоход туслах юм. Төмөр замынхаа дагуу дрон нисгэн мэдээллийг цуглуулж, тоон системд суурилсан зураглалыг гаргана. Энэ дрон хиймэл дагуулын төхөөрөмжтэй холбогдож ажиллах болохоор оновчтой байдал нь нэг см-ээр ч зөрөхгүй. Үүгээр ус хуримтлагддаг үерийн эрсдэлтэй цэгүүдийг ч нарийвчлалтай тооцож гаргах боломжтой. Дроноор хуримтлагдсан усны гүн, хэмжээ, хэвгий налуу, урсгалын хурд, төмөр замд ямар нөлөөлөл үзүүлэх гэх зэрэг бүх үзүүлэлтийг бид урьдчилж авах боломжтой болно. Үүний тусламжтай бид Замын хэмжээний эмзэг цэгүүдийг тодорхойлно. Үр дүнд нь ашиглалтын нөөцөө зөв оновчтой төлөвлөх болно. Үүнд үндэслэн хөрөнгө оруулалтын нөөц боломжийг тодорхойлно. Цаашид ухаалаг, тоон системд суурилсан төмөр зам болохоор төлөвлөж байна. Үүний тулд маш олон зүйлийг хийж байгаа. Зөвхөн замын аж ахуйн биш, бусад чиглэлээр ч гэсэн. Удирдлагын нэгдсэн төвд ч энэ чиглэлээр ажлууд эрчимтэй явж байгаа.Монгол Улсын Засгийн газраас ч цахим үндэстэн болно гэсэн зорилт дэвшүүлсэн. Бидний ажил энэ зорилттой ч уялдаж байгаа гэхэд болно.
-Замын хэмжээнд ХАБЭА-г хангах талаар хэр үр дүнтэй ажиллаж байгаа вэ?
-Маш чухал хүчин зүйл. Дэлхийн хэмжээний компаниудын туршлагаас авч үзэхэд ололт, амжилтынх нь суурь аюулгүйн хөтөлбөр байдаг. Аюулгүй байдал бол хөдөлмөрийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлдэг. Төмөр замын гол асуудал бол хөдөлмөрийн болон техникийн аюулгүй байдал. Сүүлийн гурван жил 10-аад тэрбум төгрөгийг ХАБЭА-д зарцуулсан. УБТЗ-ын хэмжээнд огт аваар осолгүй, хүн бэртсэн, гэмтсэн, аюулд өртсөн тохиолдолгүй ажиллахыг зорьж байна. Уг зорилгоо биелүүлэхийн тулд тодорхой төлөвлөгөө гаргасан.
2023 онд энэ чиглэлээр Замын даргын А-03, А-26 тоот тушаалууд гарсан. Өмнөх ажлын зохион байгуулалт систем тогтолцоог өөрчилсөн. Аваар осолгүй ажиллах зорилгодоо хүрэхийн тулд дан ганц удирдлагууд нь ажиллаад ямар ч үр дүнд хүрэхгүй. Зохион байгуулалтын ажилд бүх ажилтан оролцдог болох нь илүү чухал.
Өөрөөр хэлбэл, бид бүх ажилтны аюулгүй байдлын соёлыг дээшлүүлбэл аюул осол багасна. Ажилтан бүр зөрчил дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөлгүй заавал удирдлагадаа мэдэгдэж, ямар нэгэн арга хэмжээ авч ажиллах ёстой.
Би танд хэдэн тоо хэлье. 2020 онд хүнд, хөнгөн бэртсэн, амь нас хохирсон 24 хохирогч байсан. 2022 онд ес болж буурсан ч би маш их тоо гэж бодож байна. Хохирогч болгоны ард бүхэл бүтэн нэг айлын амьдрал бий. Тэгэхээр аваар ослыг 0 түвшинд аваачихын төлөө хичээх ёстой. Жижиг аюулыг ч бид анхаарлын гадна орхиж болохгүй. Яагаад аюултай болов гэдэг учир шалтгааныг нь олох ёстой.
Мөн энэ жил 288 ажлын байранд үнэлгээ хийх ёстой. Одоогоор 28 ажлын байранд үнэлгээ хийлгээд хоргүй нөхцөл рүү шилжүүлэхээр ажиллаж байна. Энэ ажлын гүйцэтгэл 56 хувьтай яваа. Ажилтны аюулгүй байдлын соёлыг түгээхийн тулд зөвхөн сургалтад суулгах биш ач холбогдлыг нь сайтар ойлгуулах хэрэгтэй. Оны эхнээс ХАБЭА-н чиглэлээр 12 удаагийн сургалтад ойролцоогоор 1240 ажилтныг хамруулсан. Мөн хойд болон өмнөд хөршийн төмөр замуудтай маш идэвхтэй хамтран ажиллаж байна. Манай дөрвөн мэргэжилтэн Хятадад, 10 ажилтан ОХУ-д сургалтад хамрагдсан.
Энэ жилийн Замын төлөвлөгөөнд Экологийн хэлтэс байгуулахаар тусгасан. Төмөр замын ажлын технологийг харгалзан үзээд Экологийн хэлтэс зайлшгүй хэрэгтэй гэж үзсэн. Энэ бол Монгол Улсын Экологийн тухай хуулийн хүрээнд хийж буй ажил.
-Монголчууд “Наадмын дараа намар” гэж ярьдаг. Одоогоор, өвлийн бэлтгэл ажил хэр явна вэ?
-Өвлийн ажлын нөхцөл зуныхаас их ялгаатай учир бэлтгэл маш чухал. Энэ ажлын технологи нь Замын даргын А-553 тушаалаар төлөвлөгдсөн. Бүх алба өвлийн бэлтгэл хангах төлөвлөгөөг тусгайлан гаргадаг. Сар болгон би өвлийн бэлтгэл ажлын явцын тайлангийн хурлыг хийж байгаа. Хамгийн сүүлд долдугаар сарын 25-нд хийсэн. Өнөөдөр өвлийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явж, биелэлт 33.8 хувьтай байна. Бүх ажил дардан замаар явдаггүй. Зарим асуудлыг шийдвэрлэхээр шуурхай хурал хийх хэрэг гардаг. Өвлийн бэлтгэлийнхээ явцыг бид тодорхой хугацаанд ЗТХЯ-нд тайлагнадаг. Аравдугаар сарын 1-ний дотор бүх ажил дууссан байх ёстой. Тусгай хувцас хэрэглэл, өвөл ажиллах хүний нөөцийн бэлтгэл дээрх хугацаанд дууссан байх ёстой.
Энэ жил анхны өвөлжигч 1034 ажилтанг сургалтад хамруулна. Зургаан уурын зууханд халаалтын шинэ зуух суурилуулж, бүх уурын зуухыг өвөлд бэлтгэж байна. Дулааны 680 метр шугамын ажил байна. Явцын дунд нэмэлт асуудлууд гарч ирдэг. Бид тухай бүрд нь шийдээд явдаг.
-УБТЗ энэ салбарт ганц тоглогч байхаа больсон. Шинэ төмөр замуудтай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
-УБТЗ 74 жилийн зузаан түүхтэй байгууллага. Товчхондоо, УБТЗ Монгол Улсын эдийн засгийг дэмждэг гол судас гэхэд болно. Монгол Улсын “Алсын хараа-2050” хөтөлбөрийн хүрээнд шинэ төмөр замууд байгуулагдаж байна. Бид тэдэнтэй нягт хамтран ажилладаг. Мөн Төмөр замын тээврийн тухай хууль шинэчлэн батлагдсан. Энэ хуульд бусад төмөр замуудтай хэрхэн яаж хамтран ажиллах талаар тусгай заалтууд бий. Ямар ч нөхцөлд Монгол Улсын эдийн засгийг тэтгэх гол салбарын хувьд төмөр замын сүлжээ нэг бие организм шиг хамтран ажиллах учиртай. Хамтын ажиллагаа, ойлголцол байвал энэ цаашдаа улам сайжирна.Төмөр замуудын хамтын ажиллагаа хэн хэнд маань ашигтай. УБТЗ-ын суурь бүтцийг бусад төмөр замын суурь бүтцүүдтэй холбох бичиг баримтуудыг боловсруулж байгаа. Ерөнхий хороогоор энэ бичиг баримтууд батлагдана.
-Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Бүх төмөр замчдадаа өөрийнхөө болон Замын захиргааны нэрийн өмнөөс Төмөр замчдын мэргэжлийн баярын мэнд хүргэе. Хамгийн их талархал илэрхийлэх хүмүүс бол ахмадууд юм. Тэдний өвлүүлж үлдээсэн туршлага, үлгэр дуурайлал бидэнд маш үнэтэй. Тэд хэдийгээр тэтгэвэрт гарсан ч бидэнд зааж зөвлөсөөр байдаг, мэргэжлээрээ амьдарсан хүмүүс юм. Мөн миний дээр хэлсэнчлэн бидэнтэй зүрх сэтгэлээрээ ямагт хамт байдаг төмөр замчдын гэр бүлийнхэнд энэхүү баярын мэндийг хүргэе.
Түүнчлэн, ЗТХЯ-ны хамт олон, “МТЗ” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “БТЕГ” ХХК зэрэг хамтран ажилладаг төмөр замынхандаа ч баяр хүргэе. Бүгдэд нь эрүүл энхийг, амьдралын эрч хүчийг, эерэг байдлыг, сайн сайхан бүхнийг хүсье. Төмөр замын салбарынхандаа илүү их ололт амжилтыг хүсэн ерөөе. Ерөнхий инженерийнхээ хувьд хэлэхэд нэг байрандаа хэзээ ч битгий зогсоорой. Байнга оргил өөд тэмүүлж амьдраарай!
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.